| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0108/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/112 |
| Огноо | 2021-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Б.Ж
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-д холбогдох эрүүгийн 2125000000101 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Ч
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Ч-г 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч-н мэдүүлсэн, Тэр өдөр 27-ны орой нөхрийн утсан дээр байршил тогтоогч апплекейшн суулгасан байсан. Утсаа авахгүй байхаар нь апплекейшнээ харахад Дээдсийн тийшээ яваад гражын дунд зогссон. Би найзыгаа дуудаж араас нь явж байгаад гэрлэн дохион дээр таараад дагаад 3-8-р байрны дунд зогссон. Би машинд орж Ариунзулыг үсдэж зодсон. Гол нь нөхөр удаа дараа гадуур явж Ариунзултай ууж иддэг байсан. Байнга хамт явж байсан, уучихсан ирдэг байсан тул маш их уурласан, гомдсон. Миний үйлдлээс болж гэмтэл учирсан байх. Хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
-Хохирогч Ц.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...Одбаяр аюулгүйн тойрог дээр надтай зөрөөд явсан.Би тэгэхээрнь залгаад Үйлчилгээний төвийн тэнд хүрээд ир чамтай ярих зүйл байна гэсэн...3-24-ийн урд талын зам дээр зогстол шууд эхнэр Цээгий нь урд хаалга болон хойд хаалгыг онгойлгож хараад би ар талд суугаад явж байсан юм. Тэгээд л эхнэр нь намайг машины ар талын суудал дээр зодож эхэлсэн араас нь нэг бүдүүн найз нь ирээд хамт намайг зодсон, машинаас 2-уулаа намайг үсдэж гаргаад төв зам дээр зодсон. Хоёр талаас машин зөндөө явж байсан сигналдаад байсан болохоор намайг Цээгий нь чирээд машиндаа суулгаад хойд суудал дээр зодсоор байгаад 3-8-ын гражны тэнд очоод намайг найзтайгаа машинаас үсдэж буулгаад зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн "... шууд ар талын суудал дээр суугаад Ариунзулыг үсдээд үсдсээр байгаад 3-8 дугаар байрны гадаа очоод машинаас үсдээд буусан юм. Би салгах гэж оролдоод дийлэхгүй тэгсэн чинь эхнэрийн найзын дүү нь тэвэрчихсэн зогсож байсан. Удалгүй эхнэрийн ах нь ирээд би Ариунзул эхнэр хоёрын голд нь байж байгаад ахтай уулзах гээд очсон. Тэр хооронд нэг цохисон. Би ахтай уулзаад байж байтал Мөнхтулга ирсэн Ариунзул хоёр найзыгаа дуудаад шууд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн "... Чимэдцэеэ миний машинаас буугаад нөрийнхөө машинд суусан тэгээд шууд 3-8 дугаар байрны гадаа очоод би машин дотор хүүхдийг нь хараад сууж байсан юм. Тэгээд 10-аад минутын дараа 2 хүүхдийг нь аваад буусан чинь Чимэдцэеэ тэр хүүхэнтэй барьцалдаад хашхиралдаад орлолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
Гэрч О.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн "... 10 минутын дараа 3-8 дугаар байрны ар талд байна тэнд хүрээд ир намайг зодоод байна гэсэн. Холоос харсан чинь Ариунзул хоёр хүнтэй байсан нэг охин нь цохиод байсан, нөгөөдөх нь зогсоод байж байсан. Би шууд очоод болиоч гэж хэлээд салгаад аваад явсан...”өмсөж явсан куртик нь урагдаад нүдний шил нь хагарчихсан, цамц нь цус болчихсон, зүүн хацар нь том хавдчихсан байсан хөл нь өвдөөд байна гээд доголоод байсан. Хоёр охин байсан, тэгээд нөхрүүд нь, хоёр жоохон хүүхэд байсан. Чимэдцэеэгийн нөхөр нь нэг хүүхдээ дахиад нэг хүүхдийг нь намхан охины нөхөр нь тэвэрчихсэн байсан яг хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/ хх-ийн 15-р хуудас/
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... яваад очтол Одбаяр хамт явж байсан хүүхэн Ариунзул Чимэдцэеэгийн найз Мягмар түүний нөхөр энэ хэд байж байсан. Одбаяр нэг хүүхдээ тэвэрчихсэн, Мягмар гэдэг найз нь нэг хүүхдийг нь тэвэрчихсэн, Ариунзул Чимэдцэеэ хоёр хэрэлдээд зогсож байсан. Би очоод Одбаяраас хүүхдийг нь аваад машиндаа суулгачихаад Одбаярыг нэг өшиглөж аваад юм яриад байж байтал Ариунзулыг нэг найз нь ирээд яваад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 121 дугаартай “... Ц.А-ын биед тархи доргилт, зүүн хацар, доод уруул, баруун болон зүүн гуяны зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, нүүрэнд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/
Шүүгдэгч Б.Ч-н яллагдагчаар мэдүүлсэн "... Ариунзулыг үснээс нь зулгаагаад хажууд нь би нөхөртөө замаа чөлөөлөөд зогсчих гээд тэндээсээ хөдлөөд 3-8 дугаар байрны урд талын зогсоол дээр очсон. Хөдлөөд 3-8 дугаар байрны зогсоол дээр очтол үснээс нь зулгаастай чигээрээ явсан. Машинаас үсдэж буулгатал өөдөөс тавиач гээд Ариунзул орилоод дайраад намайг үсдэх гээд байхаар нь нэг цохисон чинь уруулаас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн маргаан хардалтын улмаас нөхрийнхөө машинд сууж явсан Ц.Аыг үсдэж цохиж зодсоны улмаас биед нь тархи доргилт, зүүн хацар, доод уруул, баруун болон зүүн гуяны зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, нүүрэнд 1 тооны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцаг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн маргаан хардалтын улмаас нөхөр Одбаярын машинд сууж явсан Ц.Аыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 121 дугаартай “... Ц.Аын биед тархи доргилт, зүүн хацар, доод уруул, баруун болон зүүн гуяны зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, нүүрэнд 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгчийн гэм буруу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Чимэдцэеэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэх оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж байна. Ажилгүй, 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Зээл төлдөг учраас торгуулийн мөнгийг 6 сард хувааж төлөх саналтай байна. Хохирлыг төлнө гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Ц.А нь толгой, эрүүний зураг авахуулсан 40,000 төгрөгийн баримт, “Талим” оптик нүдний шилний 130,000 төгрөгийн баримт, эм худалдаж авсаны 25,300 төгрөгийн баримт, нийт 195,300 төгрөгийн хохирлын баримт шүүхэд гаргаж нэхэмжилсэн ба нэхэмжлэлдээ хохиролтой холбоотой гэрэл зургийн үзүүлэлтүүдийг хавсаргасан байна. Иймд шүүгдэгч Б.Ч-с 195,300 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд нүдний шилний баримт үндэслэлгүй тул төлбөрөөс хасах саналтай” гэсэн боловч хохирогчоос ирүүлсэн эвдэрсэн нүдний шилний зураг болон гэрч О.Туяацэцэгийн “...өмсөж явсан куртик нь урагдаад нүдний шил нь хагарсан, цамц нь цус болсон, зүүн хацар нь том хавдсан байсан ...”гэх мэдүүлгээр хохирогчийн нүдний шил нь эвдэрч гэмтсэн болох нь тогтоогдож байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-с 195,300 төгрөг гаргуулж, хохирогч Ц.А-д олгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ