Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01143

 

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01143

Улаанбаатар хот

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 4 байр, 10 тоотод оршин суух, Хар ямаат овогт Ядмаагийн Оюунгэрэл /РД-ТЗ64021807/-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний 82 тоотод оршин байгаа “Эрдэм транс” ХХК /РД-2619415/-д холбогдуулан гаргасан 

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,289,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантуяа, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Я.Оюунгэрэл шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантуяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Эрдэм транс” ХХК-ийн Хьюндай айросити маркийн 0610 УНИ улсын дугаартай автобусыг Г.Анхбаяр жолоодож яваад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам Яармагийн гүүрэн дээр хурд хэтрүүлэн “Алтай констракшн” ХХК-ийн Киа бонго маркийн 6024 УНВ улсын дугаартай С.Баярсайханы жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж Яармагийн гүүр болон тухайн автобусаар зорчиж явсан зорчигчдын биед гэмтэл учруулсан.

            Тухайн автобусаар миний бие зорчиж яваад осолдож зүүн хөлийн шилбэ, шагай, нуруу гэмтэж эмнэлэгээр урт удаан хугацаанд эмчилгээ сувилгаа хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд 2,289,350 төгрөгийг зарцуулсан.

            Уг хэргийг шалгаж 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэрэгсэхгүй болгосон бөгөөд миний хохирлыг “Эрдэм транс” ХХК болон жолооч Г.Анхбаяр нар барагдуулаагүй байгаа тул “Эрдэм транс” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо хариуцагчтай эвлэрч 1,500,000 төгрөг төлүүлэхээр эвлэрч байна.

            Хариуцагч “Эрдэм транс” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жолооч Г.Анхбаярын буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан бөгөөд Я.Оюунгэрэл болон компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан тул Г.Анхбаярыг байлцуулан хянан хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Я.Оюунгэрэлийн нэхэмжилсэн үндэслэлгүй төлбөр тооцоог компани хариуцах боломжгүй. Харин үндэслэлтэй учирсан хохирлын нөхөн төлбөрийг шийдвэрлэх болно гэжээ.

            Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар нар харилцан тохиролцож нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнгээс 789,350 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 1,500,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов гэжээ. 

                       

            Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Я.Оюунгэрэл нь, “Эрдэм транс” ХХК-иас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,289,350 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

            Шүүх хуралдааны өмнө талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,289,350 /хоёр сая хоёр зуун наян есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийн 789,350 /долоон зуун наян есөн мянга гурван зуун тавин/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч “Эрдэм транс” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлж браагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

            Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Оюунгэрэлд буцаан олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я.Оюунгэрэл нь Ц.Гантуяад, хариуцагч “Эрдэм транс” ХХК нь Д.Хатанбаатар эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул тэдгээрийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд гэж үзсэн болно. /хх-33, 49 дүгээр хуудас/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Я.Оюунгэрэрлийн нэхэмжлэлтэй, “Эрдэм транс” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,289,350 /хоёр сая хоёр зуун наян есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийн 789,350 /долоон зуун наян есөн мянга гурван зуун тавин/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч “Эрдэм транс” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөг гаргуулан Я.Оюунгэрэлд буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

                                      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД

                                                        ШҮҮГЧ                                        Ш.ОЮУНТУУЛ

                                                                                                            Н.ХАНГАЛ