Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/113

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч С.Б

Хохирогчийн төлөөлөгч Л.Б

Өсвөр насны шүүгдэгч Е.А, Е.Б

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч К.М

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.А, Е.Б нарт холбогдох эрүүгийн 2125000000051 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Е.А

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Е.Б

 

Орхон аймгийн Прокуророос, өсвөр насны шүүгдэгч Е.А, Е.Б нарыг 11 настай Э.Мөнхболдын хамт 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд, Их Залуу багийн нутаг дэвсгэрт байрлах ус түгээх УБТ-12, УБТ-13 дугаартай 2 худгийн карт унших ухаалаг төхөөрөмжийг эвдэж устган “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д 1,409,198 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт : өсвөр насны шүүгдэгч Е.А-ын мэдүүлсэн “Бид 2 гэртээ байхад Мөнхболд ирж дуудсан, тоглоё гэсэн. Тоглохоор гараад явж байгаад худаг таарахад Мөнхболд карт уншдаг юмыг нь эвдлэе, энэ хавийн хүмүүс усгүй байж байгаа гээд чулуугаар цохиод байсан. Дараа нь Бекарыс бас цохисон. Тэгээд цаашаа явж байхад бас нэг худаг байсан. Мөн л цохиж хагалсан. Би цохиогүй, боль гэж хэлсэн гэх мэдүүлэг,

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: өсвөр насны шүүгдэгч Е.Б-ын мэдүүлсэн “Бид 3 тоглоод явж байхад Мөнхболд замд таарсан худгийг карт уншдаг юмыг нь эвдэлчих үү, энэ хавийн хүмүүс усгүй байг гээд чулуугаар цохисон. Би бас цохисон. Доошоо яваад бас нэг худаг дээр очоод бас хагалсан. Би чулуугаар цохисон. Машин ирэхээр нь бид цааш гүйж явсан. Уучлаарай дахин ингэхгүй гэх мэдүүлэг,

 

-Хохирогчийн төлөөлөгч Л.Б-н шүүх хуралдаанд мэдүүлсэн “2020 оны 12 дугаар сарын 25-нд 2 худгийн төхөөрөмжийг эвдэлж ашиглалтгүй болгосон байгаа. 2016 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтад орсон байдаг. Март гэдэг хүн 300,000 төгрөг, Мөнхболд гэдэг хүүхдийн ээж нь 200,000 төгрөг төлсөн байгаа. Үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Л.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Би ЭУДТС-ОНӨХК-ийн хуулийн зөвлөхөөр ажилладаг юм. 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагын харьяа Их залуу, Шанд багуудад байрлах УБТ-12, УБТ-13 дугаартай ус түгээх байрны гаднах карт уншдаг ухаалаг төхөөрөмжийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны оройн 21 цаг 45 минутын үед бага насны хүүхдүүд эвдэж сүйтгэж байгаа нь хяналтын камерын бичлэгт харагдаж байгаа юм. Дээрх хэрэгт байгууллагаа төлөөлөн хохирогчоор оролцож байгаа юм ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч К.М-н мэдүүлсэн, Би хүүхдүүддээ маш их хэлдэг. Уг нь гэрээс гардаггүй юм. Би өглөөнөөс орой болтол ажилтай байдаг. Хүүхдүүдийн хийсэн зүйлд харамсаж байна. 300,000 төгрөг төлсөн. Үлдсэн төлбөрийг төлнө гэх мэдүүлэг,

 

-Гэрч Х.П-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... тухайн 2 төхөөрөмжийн элэгдэл хорогдлын үнэлгээг нь хасаад нэг бүрийн үнэлгээ нь 704,599 төгрөг, нийтдээ 1,409,198 төгрөг болж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

 

-Гэрч Г.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “..Би “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” компанид ус түгээгчээр ажилладаг бөгөөд Их Залуу, Шанд, Рашаант багийн нутаг дэвсгэрт байх ус түгээх худгуудыг хариуцан ажиллуулдаг юм. Би хариуцсан багийн нутаг дэвсгэрт байгаа худгуудад байнга суудаггүй. Хаалга, төхөөрөмж, цэвэрлэгээ зэргийг хариуцдаг бөгөөд өнөөдөр 09 цагийн үед 2 худгийн карт унших төхөөрөмж эвдэрчихсэн байна гэж над рүү хүн ярьсан. Тэгэхээр нь очоод хартал гадна байх төхөөрөмж эвдэрсэн байдалтай байсан. 12 дугаар нь худаг нь хяналтын камертай, 13 дугаар худаг болохоор хяналтын камергүй юм. 12 дугаар худгийн хяналтын камерыг шүүж үзэхэд 10-12 насны 3 эрэгтэй хүүхэд байсан юм....” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р хуудас/

 

“Өсвөр насны яллагдагч Е.Б-ын мэдүүлсэн...Цохиод байсан чинь гадна талд байсан карт уншуулаарай гэсэн бичиг нь эвдэрчихсэн. Агарыс тухайн үед болиоч гэж байсан. Мөнхболд намайг чи цохиод үз дээ гэхээр нь би би түүний барьж байсан чулууг аваад ногоон бичиг рүү нь 2-3 удаа цохисон. Ингээд эхний худгаас холдоод явсан...Тэр худаг дээр очиход хчналтын камер байхаар нь Агарыс бид 2 больёо камерт бичигдэнэ гэхэд Мөнхболд камерын өөдөөс хэлээ гаргаад хэлээ саваад байснаа газраас атгасан гар шиг чулуу аваад карт унших төхөөрөмж рүү цохиод байсан. Цаанаас нэг машин ирж байхаар нь Мөнхболд чулуугаа хаяад холдоод гүйсэн...Бид 3 нөгөө худаг дээрээ дахин очоод Мөнхболд чулуу аваад дахин цохисон. Дараа нь би газраас эвдэрчихсэг гинж байхаар нь аваад төхөөрөмж рүү цохисон. Төхөөрөмжийн дэлгэц цуурсан. Дараа нь Мөнхболд чулуугаар цохисон. Тэр үед Агарыс зүгээр зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

-Өсвөр насны яллагдагч Е.А-ын мэдүүлсэн...би тухайн үед болиоч гэхэд тэр 2 тоохгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

 

-Насанд хүрээгүй гэрч Э.М-н мэдүүлсэн...нэг худаг байхаар нь очоод карт унших төхөөрөмжийг би түрүүлээд газраас чулуу аваад цохисон. Бекарыс бас цохисон. Өөр нэг худаг дээр очоод Бекарыс надаас түрүүлж чулуугаар цохисон. Бекарыс бид 2 ээлжлээд хэд цохиод явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р хуудас/

-Их залуу шанд багийн нутаг дэвсгэрт байх ус түгээх байрны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 07-р хуудас/

-Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 56, 72-р хуудас/

-Хохирол төлсөн баримт /хх-ийн 68-р хуудас/

-Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-ийн 105-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Е.А Е.Б нар нь 11 настай Э.Мөнхболдын хамт 2020 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 21:45 цагийн орчим гэрээс гарч явж байгаад Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд, Их Залуу багийн нутаг дэвсгэрт байрлах ус түгээх УБТ-12, УБТ-13 дугаартай 2 худаг дээр очиж карт унших ухаалаг төхөөрөмжүүдийг нь шүүгдэгч Е.Б болон 11 настай Э.Мөнхболд нар чулуугаар ээлжлэн цохиж устган ажиллагаагүй болгож “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-нд 1,409,198 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Их залуу, Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах ус түгээх худгийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, насанд хүрээгүй яллагдагч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нар гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Дээрхи нотлох баримтуудаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 21:45 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу,Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах ус түгээх УБТ-12, УБТ-13 дугаартай 2 худаг дээр болсон үйл баримт бүрэн, эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон ба 2 худгийн карт уншуулах төхөөрөмжийг 11 настай Э.Мөнхболдтой бүлэглэн өсвөр насны шүүгдэгч Е.Б чулуугаар цохиж устгасан болох нь нотлогдож байна.

 

Харин, өсвөр насны шүүгдэгч Е.А идэвхитэй үйлдлээр оролцоогүй болох нь камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, өсвөр насны яллагдагч Е.Бын мэдүүлсэн...Агарыс тухайн үед болиоч гэж байсан...Тэр үед Агарыс зүгээр зогсож байсан...гэх мэдүүлэг, өсвөр насны яллагдагч Е.Аын мэдүүлсэн...би тухайн үед болиоч гэхэд тэр 2 тоохгүй байсан...гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Мөнхболдын мэдүүлсэн...нэг худаг байхаар нь очоод карт унших төхөөрөмжийг би түрүүлээд газраас чулуу аваад цохисон. Бекарыс бас цохисон. Өөр нэг худаг дээр очоод Бекарыс надаас түрүүлж чулуугаар цохисон. Бекарыс бид 2 ээлжлээд хэд цохиод явсан...гэх мэдүүлгүүдээр нотлогдсон, мэдүүлгүүд зөрүүгүй, хэрэг шалгах ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Е.Б нь 11 настай Э.Мөнхболдтой бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай устгаж хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эд хөрөнгө устгах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Өсвөр насны шүүгдэгч Е.Б болон Э.Мөнхболд нарын үйлдлийн улмаас хохирогчид 1,409,198 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хэргээ хүлээн мэдүүлж байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Е.Б-ын гэм буруутай үйлдэл хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Е.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн 71-72-р хуудаст авагдсан нас тоолсон тухай тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар Е.Б нь 2006 оны 8 дугаар сарын 08-нд төрсөн, хэрэг үйлдэх үедээ 14 нас 5 сар 24 хоногтой байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байсан болох нь тогтоогджээ.

 

Харин хэргийг бүлэглэн үйлдсэн Э.М нь тухайн үед эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй байсан тул зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолоор /хх-ийн 105-р хуудас/ холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Е.А-ын идэвхитэй оролцоо тогтоогдоогүй тул яллах дүгнэлт үйлдсэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.              

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Өсвөр насны шүүгдэгч нар 11 настай Э.Мөнхболдын хамт 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд, Их Залуу багийн нутаг дэвсгэрт байрлах ус түгээх УБТ-12, УБТ-13 дугаартай 2 худгийн карт унших ухаалаг төхөөрөмжийг эвдэж устган Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд 1,409,198 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Агарыс нь хамтран оролцсон гэж үзсэн. Камерын бичлэгийн 21:52:23 цагийн бичлэгт үйлдэл тогтоогдож байна гэж үзэж байгаа. Агарыс дөхөж очиж харж гэрэл нь байна уу гэж харж байгаа. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж,

 

-Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд “шүүгдэгч Е.Б-ын хувьд маргах зүйлгүй, гэм буруутай. Харин Е.А-ын хувьд гэм буруугүй, чиглэсэн санаатай үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Энэ талаар шүүгдэгч нар болон Мөнхболд мэдүүлсэн. Бичлэг дээр Агарыс дөхөж очиж байгаа боловч цохиж байгаа үйлдэл харагдахгүй байна. Иймд Агарысийн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Бекарыс төлбөрийг Мөнхболдтой хувааж төлнө гэж мэтгэлцсэн.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт камерын бичлэгийг уншуулж судалхад шүүгдэгч Е.А-ийн төхөөрөмжийг цохиж байгаа идэвхитэй үйлдэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар болон Э.Мөнхболдын мэдүүлэгт Е.Аыг үйлдлээр оролцоогүй болохыг анхнаасаа зөрүүгүй мэдүүлсэн байх тул Е.Аын үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Е.Б-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлыг төлсөн хөнгөрүүлэн үзэх байдал, гэм буруугаа хүлээсэн, шүүгдэгчийн насны байдал зэргийг харгалзаж ял оногдуулахыг тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, гэм бурууг нь ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургах, бусдыг хайрлан энэрэх, хүндлэх, бусдын хөдөлмөр, хийсэн бүтээсэн зүйлийг хүндэтгэх сэтгэл зүй төлөвшүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь түүний гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдалд тохирно гэж шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт зааснаар “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх, асран хамгаалагч хариуцан арилгах” үүрэгтэй тул хохирогчийн нэхэмжилсэн 1,409,198 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Е.Б, Э.Мөнхболдын хууль ёсны төлөөлөгч-иргэний хариуцагч Т.О нараас тэнцүү хуваан /1,409,198:2=704,599/ төлүүлэх үндэслэлтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-н мэдүүлснээр шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч К.Март 300,000 төгрөг, Э.Мөнхболдын хууль ёсны төлөөлөгч Т.О 200,000 төгрөг төлсөн байх тул үлдсэн төлбөр 404,599 төгрөгийг К.М-с, 504,599 төгрөгийг Т.О-с гаргуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч К.М шүүх хуралдаанаас завсарлага авч 400,560 төгрөгийг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байх тул үлдсэн 4039 төгрөгийг гаргуулахаар заалаа.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,шүүгдэгчийг цагаатгасугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч Е.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Б-т ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Б-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйл засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Б-т оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тогтоож,биелэлтийг хангаж хэрэгжүүлэхийг Орхон аймгийн хүүхэд гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгаж, прокурор хяналт тавьж, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэрэгжил арга зүйн удирдлагаар хангахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.Б шүүхээс оногдуулсан тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Е.А-т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт зааснаар К.М-с 4039 төгрөг, Т.О-с 504,599 төгрөг тус тус гаргуулан “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д олгосугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууь ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ