| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0091/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/116 |
| Огноо | 2021-04-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.О-т холбогдох эрүүгийн 2125000080057 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ч.О
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.О-ийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 4-12 тоотод иргэн Л.Б-ын Хуавей Вай 6 загварын гар утсыг хулгайлан авч 386,100 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О-ийн мэдүүлсэн, урьд мэдүүлсэн бүгд үнэн. Гэм буруугаа хүлээж байна. 380.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
-Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Би 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зүс таних танилууд болох Даваадулам, Хүрэлчулуун нарын гэрт намайг дуудаад байхаар нь очиж 2 шил архи хувааж уучихаад гэртээ очих гээд явж байхад Оюунцэцэгийн хаалга онгорхой байхаар нь гэрт нь яваад ороход Оюунцэцэг, Төрсайхан 2 архи ууж байсан. Тэгэхээр нь би замдаа явж чадахгүй байсан болохоор эгч нь жоохон унтаж архиа гаргачихаад явъя гэж хэлээд гэрт нь ороод унтаад өгсөн. Тэгээд 19 цагийн орчим сэрээд бэр охиноо дуудаад гэртээ хүргүүлэх гэж гарах гэтэл миний гар утас нүдний шил гэх эд зүйлс байхгүй байхаар нь Оюунцэцэгээс асуухад та утасгүй орж ирсэн шүү дээ би тэгж хүний гар утас авдаг хүн биш гээд намайг түлхэж гаргах гээд байсан. Тэгэхээр нь би урдаас нь түлхэж байгаад гэр дотроос зурагтны ар талаас нь миний нүдний шилийг савтай нь хийчихсэн байхад нь олж аваад гараад явсан. Маргааш өглөө нь би Оюунцэцэгийн гэрт гар утсаа асууж очиход надад аваагүй гэж хэлээд байхаар нь би нөгөөдөр нь ахиж очоод эгчийнхээ утсыг өгчихөө гэсэн чинь уучлаарай эгчээ би таны гар утсыг цүнхнээс чинь аваад Хаан банк дотор ороод эрэгтэй эмэгтэй 2 хүнд 30.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утсыг 381.000 төгрөгөөр үнэлсэн уг төлбөрийг төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/
-Гэрч М.Т мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Болороо эгч утас байхгүй байна гэхээр нь би Оюунцэцэгээс чи Болороо эгчийн утсыг авсан юм уу гэхэд тэгсэн гэж хэлсэн...Хаан банк руу Оюунцэцэг орохоор нь би араас нь ороход эрэгтэй эмэгтэй 2 хүнд утас зараад зогсож байхаар нь хажууд нь очиход 30.000 төгрөг авч байсан тэгээд бид хоёр буцаж гарч ирээд автобусанд суугаад Говилд ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
-Гэрч С.Х мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би ганцаараа гэртээ үлдээд ширээгээ цэвэрлэж байтал нэг утас байхаар нь би аваад далд хийсэн. Тэгээд би гордод хоночихоод өглөө гэр лүүгээ ирж явсан чинь Болор утсаар яриад миний утас байхгүй байна гэхээр нь ширээн дээр нэг утас байсан аваад далд хийсэн гэсэн. Тухайн үед би тэр утсыг хэнийх гэдгийг нь мэдээгүй байсан... Манай гэрт Даваадуламын утаснаас өөр утас байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
-Гэрч Ч.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа хамт архи ууж байсан хүнийхээ утсыг хамтран амьдрагч Төрсайхан гэх хүний хамт архины мөнгөнд 30.000 төгрөг өгчихсөн гэж ойлгож байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
-Алдагдсан “Huawaei Y6” маркийн гар утсыг 386.100 төгрөгөөр үнэлсэн гэх “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээ /хх-ийн 24-25 хуудас/,
-Шүүгдэгч Ч.О-ийн яллагдагчаар мэдүүлсэн”...Манай гэрийн хөнжил гудас хураасан байсны дээр нь бор өнгийн гэртэй маркийг нь мэдэхгүй гар утас байхаар нь би нууцаар аваад Төрсайханыг хоёуулаа город орчихоод ирье гэсэн чинь Төрсайхан надаас юу ч асуулгүйгээр намайг дагаад бид 2 автобусанд сууж Хүлэг захын эсрэг талын автобусны буудал дээр буусан. Автобусны буудал дээр буугаад “Хаан” банкны төв салбар руу би ганцаараа орж, харин Төрсайхан гадаа таньдаг хүнтэйгээ юм яриад үлдсэн. Би банк руу ормогцоо зүс болон хувцсыг нь санахгүй байна, 2 хүн дээр очоод гэрээсээ авч ирсэн гар утсыг үзүүлэн 30,000 төгрөгөнд худалдаж авах уу гэсэн санал тавьсан. Нөгөө 2 хүн уг гар утсыг үзэж байгаад миний тавьсан саналыг зөвшөөрөөд надад бэлнээр 30.000 төгрөг өгч уг гар утсыг худалдаж авсан....” гэх мэдүүлэг /хх 60 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 12 дугаар сарын 11-ий өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 4-12 тоот гэрээсээ иргэн Л.Бын эзэмшлийн “Huawaei Y6” маркийн гар утсыг нууцаар зөвшөөрөлгүй авч бусдад 30.000 төгрөгөөр худалдаж архи уусан ба Л.Бт 386.100 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Оийн үйлдэл нотлогдсон ба түүний үйлдлийн улмаас хохирогчид 386.100 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч энэ талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Ч.О нь бусдын өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 пүгэр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийг тодорхойлохдоо “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...”гэж заасан тул шүүгдэгчийн үйлдэл нь объектив шинжээрээ хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Ч.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2020 оны 12 дугаар сарын 11-ий өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 4-12 тоотод иргэн Л.Бын “Huawaei Y6” загварын гар утсыг хулгайлан авч 386.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт санал гаргахдаа: Хийсэн хэргээ хүлээж байна.Төлбөрийг төлсөн гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч эрхэлсэн ажилгүй болон түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Л.Бт 386.100 төгрөгийн хохирол учруулсныг шүүгдэгч Ч.О 380.000 төгрөг төлж барагдуулсан байх тул төлөх төлбөргүй гэж үзнэ. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгджээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,
тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ