| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01320/И |
| Дугаар | 102/ШШ2017/01146 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/01146
2017 оны 04 сарын 20 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/01146 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 99 дүгээр байр, 06 тоотод оршин байгаа, “Шигтгээ-Үүд” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 85а байр, 86 тоотод оршин суух, Монгол овогт Батдаваагийн Рагчаа /РД-ХК83040312/-д холбогдуулан гаргасан,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 238,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Рагчаа нь 8 сарын хугацаанд СӨХ-оос өөрсдийн ашигласан нийтийн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй, оршин суугчдын нийтлэг эрх ашгийг үл хүндэтгэж, СӨХ-ны тайлангийн хурлын шийдвэр, удирдах болон хяналтын зөвлөлийн тогтоол шийдвэрийг биелүүлэхгүй байна.
Хариуцагч Б.Рагчаа нь гэр бүлийн хамт байрны дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар үйлчилгээ хийсэн бүхий л үр дүнг амьдрал ахуйдаа ашиглаж байгаа. Мөн орцны цэвэрлэгээ, жижүүрийн ажил хөдөлмөрийн бүтээмж, лифтний техник ашиглалт, орцны гэрэлтүүлэг, орцны дулаан, сантехникийн магистраль шугамын засварууд, байранд хийгдсэн тохижилтын ажлууд, хог хаясан төлбөр гэх мэт СӨХ-ны нийтлэг үйл ажиллагааны өгөөжийг 8 сарын турш хэрэглэж байгаа боловч төлбөрөө төлөөгүйгээс 2016 оны 8-12 дугаар сар, 2017 оны 01-3 дугаар сарын төлбөрт нийт 238,400 төгрөгийн өр авлагыг үүсгээд байна.
Иймд хариуцагч Б.Рагчаагаас 238,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Рагчаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 238,400 төгрөгийг төлж барагдуулж, “Шигтгээ-Үүд” СӨХ-д төлбөргүй болсон гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ нь хариуцагч Б.Рагчаагаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 238,400 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 238,400 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,905 төгрөг, хариуцагч Б.Рагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 3,905 төгрөгийг тус тус гаргуулан “Шигтгээ-Үүд” СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.Рагчаад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,905 төгрөг, хариуцагч Б.Рагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 3,905 төгрөгийг тус тус гаргуулан “Шигтгээ-Үүд” СӨХ-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД