Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-т холбогдох эрүүгийн 2125000000112 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Б

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч А.Б-г 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн 1-4-61 тоотод хүү Б.М-н нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-н мэдүүлсэн “Манай найз утсаар яриад, цагаан сараа манайд ирээгүй гээд ирээд шатар нүүгээч гэсэн. Тэгээд эхнэртэйгээ очсон. 0.5 литрийн соёрхол нэртэй архийг задалсан. Тэр архинаас уучихаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд цай чанах гэтэл халуун тогоо болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь халуун тогоогоо янзлах гээд задлаад байж байтал Мөнх-Эрдэнэ шал согтуу гал зууханд орж ирсэн. Тэгэхээр нь уурлаад цохьсон. Гэтэл өмнөх сорвин дээр нь цохиод цус их гарсан. Манай хүү айлын бага. Дураараа өссөн. Манай эхнэр цагдаа дуудсан байсан.Гарынхаа араар нэг удаа л цохисон.Миний буруу гэм буруугаа хүлээж байна.Цаашдаа өөртөө дүгнэлт хийж амьдарна” гэх мэдүүлэг,  

 

 Хохирогч Б.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ” 2021 оны 02 дугаар

сарын 16-ны өдөр би 6-р микрт айлд архи ууж байгаад Зэст баг 1-4-61 тоот буюу өөрийн гэртээ харьсан цагаа сайн санахгүй байна. Намайг гэрт ортол аав Болдбаатар, ээж Бямбатуяа нар нь айл руу цай уухаар явсан байсан. Намайг унтаж байх үед аав, ээж хоёр ирсэн байсан. Аав Болдбаатар гаднаас нэлээн согтуу орж ирсэн болохоор надад уурласан чи яахаараа гадуур архи уудаг юм бэ гэж хэлээд намайг цохисон юугаар цохисонг нь санахгүй байна.Надад гэхдээ гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,

 

Гэрч Х.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн... “2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Болдбаатар бид 2 айлд цай уучихаад гэртээ иртэл манай хүү Мөнх-Эрдэнэ нь согтуу байсан. Тэгээд нөхөр Болдбаатар нь хүү Мөнх-Эрдэнийг чи яахаараа архи уудаг юм гэж хэлээд гарынхаа араар хүчтэй хөмсөг рүү нь цохисон Мөнх-эрдэнэ нь өмнө юм руу унаад хөмсөгөө гэмтээсэн байсан. Тэр хуучин сорвин дээр нь хүчтэй цохисноос болж задарсан. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

 

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...Б.Мнь гаднаас орж ирэхдээ зүүн нүдний хөмсөгний дээд хэсэгт шархтай, шархнаас нь цус гарсан байдалтай, согтуу орж ирсэн. Амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан. Шарханд нь цэвэрлэгээ хийж 3 ширхэг оёдол тавьсан. Шарх нь 2см орчим хэмжээтэй, 0.5см орчим гүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

 

Гэрч О.Г-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 02 дугаар сарын 16-ны 16 цагийн үед эхнэртээ хоол аваачих өгчихөөд буцаад гэртээ ороод  ирсэн чинь хадам аав А.Бдүү Б.Мөнх-Эрдэнэтэй зодолдсон байсан. Намайг гаднаас орж ирэхэд цагдаа нар ирсэн байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,  

 

Яллагдагчаар А.Б-н мэдүүлсэн “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна бас маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 157 дугаартай Б.М-н биед духанд зүүн хөмсөгний дунд шарх үүсчээ, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, үүссэн гэмтэл нь хатганы ар хэсгээр цохих үед үүсэх боломжтой, уг шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл ба 2021 оны 02-р сарын 16-нд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 хуудас/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай “Б.М-н биенээс авсан цусанд этилийн спирт 4.2 промиль процент илэрсэн болно, энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх-ийн 32 хуудас/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч А.Б нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн 1-4-61 тоотод гэртээ согтуурсан үедээ хүү Б.М-г “архи уулаа” гэсэн шалтгаар нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь духанд зүүн хөмсөгний дунд шарх үүсгэсэн хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 02 дугаар сарын 16-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэс багийн 1-4-61 тоотод болсон үйл баримт нотлогдож тогтоогдсон ба эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

 Шүүгдэгч А.Б нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны шөнө хүү Б.М-н нүүрэн тус газар цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 157 дугаартай Б.Мөнх-Эрдэнийн биед духанд зүүн хөмсөгний дунд шарх үүсчээ, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, үүссэн гэмтэл нь хатганы ар хэсгээр цохих үед үүсэх боломжтой, уг шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл ба 2021 оны 02-р сарын 16-нд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт, гэрч Х.Бямбатуяагийн ... хөмсөг рүү нь цохисон М нь өмнө юм руу унаад хөмсөгөө гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Мишээлбаярын...” Б.Мнь гаднаас орж ирэхдээ зүүн нүдний хөмсөгний дээд хэсэгт шархтай, шархнаас нь цус гарсан байдалтай, согтуу орж ирсэн...” гэх мэдүүлэг болон бусад хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч өөрийн үйлдэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн 1-4-61 тоотод хүү Б.Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байгаа учраас шүүгдэгч Аяахүүгийн Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна гэжээ.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт саналдаа,хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ийм алдаа гаргахгүй. Ялын тухайд өөр саналгүй гэжээ.

 

Шүүгдэгчийн үйлдэл, гэм буруутай байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугаа анхнаас нь хүлээсэн байх тул тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Болдбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.М хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад  төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5  цагаар ажиллуулахаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,

тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ