| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0084/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/109 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************холбогдох эрүүгийн 2138000000111 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:Шүүгдэгч *************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Өлөнт гэх газраас 2021 оны 02 дугаар сард 0,7 метр куб модыг хууль бусаар бэлтгэж экологи эдийн засагт 718,472 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Өлөнт гэх газраас 2021 оны 02 дугаар сард 0,7 метр куб модыг хууль бусаар бэлтгэж экологи эдийн засагт 718,472 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000111 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2021 оны 02 дугаар сарын эхээр өөрийн гэр байрлах Хатгал тосгоны Өлөнт гэх газраас 4 ширхэг босоо мод унагааж өөрийн үхэр шараар уулнаас цагаалж бэлтгэсэн...Хатгал тосгоны Өлөнт гэх газраас мод бэлтгэхдээ зохих зөвшөөрөл гоожин аваагүй, босоо мод бэлтгэх эрх надад байхгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /11-12-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-17-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын дундуур Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Өлөнт гэх газраас хууль бусаар иргэн *************** мод бэлтгэсэн гэх хэргийг эргүүл хяналт шалгалтаар экологийн асуудал хариуцсан байцаагчийн хамт илрүүлэхэд иргэн *************** нь хууль бусаар 4 ширхэг босоо мод унагаасан байсныг илрүүлсэн...Байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” Сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай дүгнэлтэд:
1. Иргэн ***************ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 0,7 м3 хэрэглээний нойтон шинэс мод байв.
2. ***************ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ нь 718.472 төгрөгийн хохирол учирсан...гэх дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай:
1. Экологи эдийн засагт учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 2.155.416 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-44-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, малын А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62, 64-70-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ***************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000111 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *************** нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Өлөнт гэх газраас 2021 оны 02 дугаар сард 0,7 метр куб модыг хууль бусаар бэлтгэж экологи эдийн засагт 718,472 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ***************/хх-ийн 21-22-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /11-12-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-17-р хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэр мөрөн” Сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-44-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ***************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 71-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *************** нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 2,155,416 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо 3 хувааж төлөхөөр эвлэрийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч ***************аас 2,155,416 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 14,640 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгчээс нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх...болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 14,640 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *************** нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *************** нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000111 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны хашаа/ 0.7 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг, 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий нас гүйцсэн сарлагийн шарыг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ОХУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нэг ширхэгийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***************аас 2,155,416 (хоёр сая нэг зуун тавин таван мянга дөрвөн зуун арван зургаа) төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албанд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2138000000111 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 0.7 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод оруулахыг, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий нас гүйцсэн шарыг хурааж хохирол 2,155,416 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2138000000111 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ОХУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР