Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01149

 

2017 оны 04 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01149

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны төв албаны байранд оршин байгаа “Хас банк” ХХК /РД-2578697/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 301 дүгээр байр, 111 тоотод оршин суух, Боржигон овогт Сумъяагаравын Ариунсанаа /РД-ЧЖ64111616/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж, 64 байр, 32 тоотод оршин суух, Боржигон овогт Сумъягаравын Ариунаа /РД-ЧЖ73091600/ нарт холбуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,372,850.82 төгрөг гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтыннур, хариуцагч С.Ариунсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ариунсанаа анх 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хасбанктай 1010021520 дугаартай гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Уг зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 301 дүгээр байр, 111 тоот хаягт байрлах, 31.88 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг барьцаалуулсан бөгөөд С.Ариунаа нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.

Зээлдэгч С.Ариунсанаа, С.Ариунаа нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.

Зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачлага гаргалгүй өнөөдрийг хүрсэн.

Иймээс гэрээний 3.1.5, 3.1.6, 4.7, 4.8, 5.1.1, 5.1.4-т заасныг үндэслэн банкны санаачлагаар 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр гэрээг цуцалж байна.

Зээлдэгч нар нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 11,527,717.82 төгрөг, хүүний төлбөр 4,741,221 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 93,142 төгрөг, нийт 16,362,350.82 төгрөгийн төлбөртэй байна.

Иймд гэрээний 5.2-т заасны дагуу 16,362,350.82 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10,500 төгрөг, нийт 16,372,850.82 төгрөгийг хариуцагч С.Ариунсанаа, С.Ариунаа нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн зээлийн гэрээний 4.4-т заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд С.Ариунсанаа, С.Ариунаа нарын бусад эд хөрөнгөөр барагдуулахын шийдвэрт тусгуулах нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч С.Ариунсанаа, С.Ариунаа нар нь хугацаа хэтэрсэн төлбөр 10,800,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлж, зээлээ хэвийн болгосон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул гэрээг үргэлжлүүлэн хэдэн сар хариуцагч нарыг харах хэрэгтэй байна. Хэрвээ дахин зөрчил гаргавал шүүхэд нэхэмжлэл гаргана, хуваарийн дагуу төлбөрөө төлөөд явбал бид гаргахгүй гэв.

          Хариуцагч бөгөөд мөн хариуцагч С.Ариунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунсанаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хас банкинд 16,362,350.82 төгрөгийн зээлтэй байгаа нь үнэн. Хугацаа хэтэрсэн зээлийн 10,800,000 төгрөгийг төлж, 2018 оны 01 дүгээр сар хүртэл 6 сая төгрөгийг зээлийн хугацаандаа хуваарийн дагуу төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон гэв.

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:            

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь С.Ариунсанаа, С.Ариунаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,372,850.82 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна.

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаж, үндэслэлээ ....хариуцагч нар нь хэтэрсэн хугацааны төлбөрөө төлсөн, гэрээг үргэлжлүүлэхээр болж байгаа тул түр татан авч байна, хуваарь зөрчвөл дахин шүүхэд хандана... гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болохоор заажээ.

Иймээс шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Уг захирамж нь зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар дахин шүүхэд хандахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Ариунсанаа, С.Ариунаа нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД