Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0754

 

 

 

 

 

 

 

 

 

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Нэхэмжлэгч “Б” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 701 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М

Хэргийн индекс: 128/2022/0427/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас шүүхэд хандан “... Б” ХХК-ийн эзэмшдэг МҮ-018764 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас 223,47 гектар талбайг хассан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 629 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгуулах”-аар маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 701 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.7, 30.8, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6, 55 дугаар зүйлийн 55.5, 55.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “... “Б” ХХК-ийн эзэмшдэг MV-018764 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас 223,47 гектар талбайг хассан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 629 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч нь MV-018764 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Бөөрөлжүүтийн гол-1 нэртэй талбайг эзэмшдэг ба уг тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 223,47 гектар талбайг хассан Ашигт малтмалын газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 629 дүгээр шийдвэрийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хассагдсан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг дурджээ. Үүнд:

-Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий талбайн зарим хэсгийг нэхэмжлэгч өөрөө сайн дурын үндсэн дээр буцаан өгсөн гэх,

-Гол мөрны урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, уг хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тотоолыг үндэслэн дээрх буцаан өгсөн талбайд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх,

Дээрх үндэслэлүүд нь хоорондоо харилцан шууд хамааралтай зүйлүүд болно. Учир нь дээрх нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр буцаан өгсөн гэх 223,47 гектар талбай нь Засгийн газрын 2012 оны 194-р тогтоолын үйлчлэлтэй давхацсан гэдэг нь илэрхий байх ба нэхэмжлэгч тухайн үед ийнхүү давхацсан нөхцөл байдал үүсээгүй бол буцаан өгөхгүй байх байсан гэдгээ илэрхийлдэг. Гэтэл Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Төрийн мэдээлэл эмхэтгэлд, хууль Улсын Их Хурлын бусад шийдвэр, хуулийн талаархи Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, яам агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй буюу уг хуульд заасанчлан Төрийн мэлээлэл эмхэтгэлд нийтлэгдээгүй байсныг мэдсэн.

3.3. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол нь албан ёсны нийтлэл хийгдээгүй учраас хүчин төгөлдөр болоогүй талаар хожим мэдээд энэхүү нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан болно. Иймд давж заалдах гомдлыг хангаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:

 

3. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас “... Баярсгоулд” ХХК-ийн эзэмшдэг МҮ-018764 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайгаас 223,47 гектар талбайг хассан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 629 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, үндэслэлгүйгээр хассан талбайг нэмж олгосон захиргааны акт гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

4. Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай” 629 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн 350.91 гектар ашиглалтын талбайгаас 223.47 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлд хамааралгүй.

 

5. Учир нь нэхэмжлэгчээс 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хуулиар үйл ажиллагаа явуулахыг хориглосон талбайг буцаан өгөх талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандаж, улмаар хариуцагчаас тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх хуульд заасан зохицуулалтын хүрээнд MV-018764 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг оруулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6 дахь заасанд нийцсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх журмын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. 

 

6. Мөн маргаан бүхий актыг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “... Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Хилийн зааг тогтоох тухай 194 дүгээр тогтоолыг хуульд зааснаар Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ гэх шаардлагыг хангаагүй, ... эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус тул түүнд үндэслэн гарсан маргаан бүхий акт нь ... илт хууль бус захиргааны акт” үндэслэлээр илт хууль бус үндэслэлд хамааруулах боломжгүй.

 

7. Тодруулбал, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол нь Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэгдээгүй нь тухайн тогтоолыг хүчин төгөлдөр бус гэх үр дагаврыг үүсгэхгүй, хариуцагч шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгчээс ирүүлсэн өргөдөлд үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хүсэлтээр буцаан өгсөн гэх 223,47 гектар талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын үйлчлэлтэй давхацсан гэдэг нь илэрхий байх ба нэхэмжлэгч тухайн үед ийнхүү давхацсан нөхцөл байдал үүсээгүй бол буцаан өгөхгүй байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

8. Түүнчлэн маргаан бүхий акт нь нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар илт хууль бус байх эрх зүйн алдааг агуулсан захиргааны акт байх ёстой, нэхэмжлэгчээс “илт хууль бус болохыг тогтоолгох болон түүнтэй холбоотойгоор дагалдах” шаардлага гаргаж байгаа энэ тохиолдолд шүүхээс захиргааны актыг илт хууль бус байх тохиолдлуудын хүрээнд хянаж шийдвэрлэх тул “... Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол нь албан ёсоор нийтлэгдээгүйн улмаас хүчин төгөлдөр болоогүй талаар хожим мэдээд энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргасан” гэх гомдлоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй юм.

 

9. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН