Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 015

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Өлгий сумын  5 дугаар багийн оршин суугч Г.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гын   нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  Өлгий сум хариуцсан улсын бүртгэгч О.Ат холбогдох;

             “Овог, эцгийн нэр өөрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн  12.3.3-т заасны дагуу Д эцэг С.Е овог, нэрээр овоглон бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч О.А, орчуулагч А.Еркегүл,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хоёр хүүхэдтэй болно. Том охин Айгерим 1990 онд төрсөн. 2002 онд хүү Дийг төрүүлсэн ба төрсний гэрчилгээ авах үед гэрлэлтийн гэрчилгээ байгаагүйн улмаас хүү маань надаар овоглогдох болсон юм. Энэхүү баримт бичгийн зөрчлийг хожим засуулах боломжтой байсан боловч өөрийн буруугаас хайнга хандсаны улмаас засуулж чадаагүй юм. Гэхдээ хүү Д маань цэцэрлэгт явахдаа, дараа нь сургуульд орохдоо журнал дээр эцэг нь болох С.Еаар овоглодог. Сургуулийн багш, ангийн хүүхдүүд нь түүнийг Е,Д гэдгээр нь дууддаг. Гэтэл бичиг баримтаараа миний нэр дээр явдгаас болж зөрчил болж байна. Миний хүү Д 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 нас хүрч хуульд заасны дагуу иргэний үнэмлэхдээ эцгээр нь овоглохыг хүсэж холбогдох газарт хүсэлтээ өгсөн боловч үндэслэлгүйгээр татгалзаад ирсэн. Өөрөөр хэлбэл одоогийн иргэний баримт бичиг дээр байгаа хүү Ж.Б овогт Гын Дийн овог, эхийн нэрийг эцгийн овог, нэрээр буюу “Ш овогт Е Д” гэж өөрчлөн бүртгүүлэхээр улсын бүртгэлийн ажилтанд удаа дараа хандсан боловч бүртгээгүй.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.3.3 дахь хэсэгт “...эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох" гэж заасан эрхийнхээ дагуу хүү Д болон миний бие хууль, журамд заасны дагуу холбогдох материалуудаа бүрдүүлж овог, эхийн нэрийг өөрчлүүлэхээр Өлгий сумын улсын бүртгэгчид хандаж  хүсэлт гаргасан бол бүртгэл хийх ёстой байсан. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд дээд шатны байгууллага болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж гомдол гаргасан боловч 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  бичгээр татгалзсан хариу өгсөн байна.Тийм учраас хуульд заасан үндэслэлээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд хариуцагчид овог, эцэг /эх/-ийн нэрийн бүртгэл хийхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3 дахь хэсэгт заасны дагуу эцэг С.Еы овог, нэрээр овоглон бүртгэхийг даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 тоот тушаалын хавсралтаар “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг баталсан байдаг. Уг журмын 13.1-д “Улсын бүртгэгч овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг баримтална”, 13.3-т “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хөтлөхгүй” гэж тус тус зохицуулсан байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг дараах үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргаж болно” гэжээ. Үүнд 4 үндэслэлийг зааж өгсөн байх ба 12.3.3-т “эцгийн овог, нэрээр овоглож байсан иргэн эхийн овог, нэрээр овоглох, эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол” тухайн иргэн улсын бүртгэгчид хүсэлт гаргахаар зохицуулсан. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч улсын бүртгэгчид хүсэлт гаргасан боловч түүний хүсэлтийг хангахаас татгалзсан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.7-д “Иргэний овог, эцгийн нэр, нэрийг нэгээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө” гэж заасан байдаг. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 2018 оны шинэчилсэн найруулга дээр өмнөх хуулийн дээрх заалтыг задалж  “иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно” гэж заасан ба овог, эцгийн нэрийг өөрчлөх тухай зохицуулалтыг хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3-т зааснаар хуульчилсан гэж үзэж байгаа. Энэ нь хуучин хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь заалттай яг адилхан зохицуулалт юм. Иргэний бүртгэлийн тухай хуульд бага насны хүүхдийн овог, эцгийн нэрийг өөрчлөх бол хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг харгалзан өөрчлөхөөр хуульчилсан байгаа. Энэ зохицуулалтыг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ч гэсэн оруулж өгсөн. Энэ дээр ямар нэгэн хориглолт байхгүй бөгөөд хүү Д нь С.Е миний эцэг гэдгийг зөвшөөрч, эцгээрээ овоглохыг хүсэж байгаа. Хүүхдийн энэхүү хүсэлт нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэгчид гаргасан өргөдлөөр нотлогдож байгаа юм. Өнөөдрийг хүртэл 16 жилийн хугацаанд хүүхэд  сургуулийн бичиг баримтад өөрийнхөө эцэг гэж үзэж байгаа С.Еаар овоглогдсон байгаа ба гагцхүү төрсний гэрчилгээнд З.Г гэж овоглогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ дээр нэмж нэг зүйлийг хэлэхэд нийтийн эрх зүйн харилцаанд хориглосноос бусад зүйлийг зөвшөөрөх зарчим байдаг. Зөвхөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчлөхийг хуулиар хориглосон байх тул үүнээс бусдыг зөвшөөрсөн гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  Өлгий сум хариуцсан улсын бүртгэгч О.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэл гаргасан иргэн Г.Д нь ургийн овог, эцгийн нэрээ өөрчлүүлэхээр өргөдөл гаргасан боловч Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын дагуу шийдвэрлэх боломжгүй тул Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан үндэслэлийн дагуу улсын бүртгэгч овог, эцгийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлд хамруулах боломжгүй тухай Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот болон улсын бүртгэгчийн тайлбар зэргийг хамтатган хариуг иргэн З.Гт хүргүүлсэн. Нотлох баримт болох иргэн Г.Дийн төрсний гэрчилгээ, төрсөн тухай иргэний баримтын архивын лавлагаа, эх Гын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, овоглохыг хүссэн эцэг гэх иргэн С.Еы нас барсны бүртгэлийн талаарх иргэний баримтын архивын лавлагаа зэргийг үндэслэн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлд хамруулах хууль зүйн үндэслэлгүйг тогтоон хариуг өгсөн болно.

2002 оны 12  дугаар сарын 11-нд төрж, 2003 оны 01 дүгээр  сарын 21-ний өдөр төрсний бүртгэлийн 55 дугаарт бүртгүүлэн төрсний гэрчилгээ авсан **** регистрийн дугаартай иргэн Гын Дийн төрсний бүртгэлийг хөтлөхөд бүртгэлийн холбогдох ажилтан нь Гэр бүлийн тухай хууль болон Иргэний бүртгэлийн тухай хууль, холбогдох журмын дагуу эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ, эцгийн нас барсны бүртгэлийг үндэслэн эцгээр овоглон бүртгэх тухай заалтад хамруулах боломжгүй тул тухайн үед эх болох Закериягийн Гаар овоглон төрсний бүртгэлд бүртгэсэн нь нотлогдож байна. Нэхэмжлэгч  хүүдээ төрсний гэрчилгээ авах үед гэрлэлтийн гэрчилгээ олдоогүй учраас эхээрээ овоглосон гэсэн тайлбар хэлж байгаа. ХААТР-11 буюу хүүхдийн төрсний  бүртгэх маягтыг татаж үзэхэд гэр бүлгүй гээд хүүхэд эхээрээ овоглосон байсан.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар иргэний ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг өөрчлөх 4 үндэслэл байдаг. Үүнээс гадна нэмэлт хоёр заалттай байгаа ба нийлээд 6 үндэслэл байдаг. Нэхэмжлэлд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3 дахь хэсэгт “...эхийн овог , нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол ” гэж зааснаар бүртгэлд хамрагдахаар хүсэлт гаргасан гэж дурдсан байна. Харин Дийг С.Еаар овоглох нотлох баримт хангалтгүй учраас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан улсын бүртгэгчийн эрхийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан. Иргэн С.Еыг эцгээр тогтоон овоглох нотлох баримт хангалтгүй. Учир нь иргэний бүртгэлийн архивын нас барсны бүртгэлийн лавлагаагаар иргэн С.Е / рд:БЮ**** / 1993 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсныг 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсны бүртгэлийн 17 дугаарт бүртгэсэн нь тогтоогдсон. Иргэн Г.Дийн өргөдлийн хариуг өгөхдөө Улсын бүртгэлийн хэлтсийн  холбогдох албан тушаалтнуудтай хамтран шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг нухацтай судлан, зарим асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын ажилтнуудаас тодруулан лавлаж асуусан болно гэв.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн  шаардлагыг дараах  үндэслэлээр  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь  иргэн С.Етай 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  гэр бүл болсныг 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр   гэрлэлтийн бүртгэлд, С.Е, З.Г нарын гэр бүлд 1990 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр төрсөн Е.А 1990 оны 12 дугаар  сарын 19-ний өдөр  төрсний бүртгэлд, С .Ерлан нь 1993 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  нас барсныг 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр  нас барсны бүртгэлд тус тус бүртгэсэн байна.  З.Г нь  нөхөр болох С.Еыг нас барснаас хойш 9 жилийн дараа буюу  2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн  хүү Дийг өөрийн нэр дээр  Ж.Б  овогт Гын Д  гэж төрсний бүртгэлд бүртгүүлсэн, ингэхдээ төрсний бүртгэлийн журнал болон  “Төрснийг бүртгэх анкет” ХААТР -11/Б/  маягтад  хүүхдийн эх болох З.Г нь  гэр бүлгүй гэж  тусгагджээ.

 Г.Д нь  16 насанд хүрсний дараа 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эх З.Гын хамт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст  “Ж.Б овогт Гын Дийг Ш овогт Е, Д“ гэж овог, эцгийн нэр өөрчлөх тухай хүсэлт  гаргасныг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс овог, эцгийн нэр өөрчилсний бүртгэл хийх боломжгүй  гэж шийдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1176 дугаар албан бичгээр  хариу өгсөн байна. Эдгээр  үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.   

Нэхэмжлэгч талаас  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа  “2001 онд өөр хүнтэй хамт амьдарч байсан ба уг хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй  тул 2002 онд төрсөн хүү Дийг эхийн нэрээр овоглосон. Гэхдээ хүү маань цэцэрлэг, сургуульд Е Д гэж  явдаг, өөрийгөө  түүний  хүүхэд гэж  боддог, С.Еаар овоглохыг хүсэж байгаа тул  Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3-т зааснаар овог, эцгийн нэр өөрчлөхөөр хүсэлт гаргасан” гэжээ.  Хариуцагчаас “Иргэн С.Е  1993 оны  01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул 2002 оны 12  дугаар сарын 11-ний өдөр төрсөн   Дийг С.Еаар овоглох нотлох баримт хангалтгүй учраас бүртгэхээс татгалзсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн   үндэслэлээ тайлбарлажээ.  

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт  иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг  өөрчлөх хүсэлт гаргах үндэслэлүүдийг заасан ба  12.3.3-т  “эцгийн овог, нэрээр овоглож байсан иргэн эхийн овог, нэрээр овоглох, эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол” хүсэлт гаргаж болно гэжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр  сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалаар баталсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”–ын  “Арван гурав.Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хөтлөх” гэсэн хэсгийн  13.1-д “Улсын бүртгэгч овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг баримтална”, 13.3-т “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хөтлөхгүй” гэж  тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч тал дээрх  хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3-т “...эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн  эцгийн овог, нэрээр овоглох болох  бол” гэж заасныг үндэслэн Г.Дийн  овог, эцгийн нэр өөрчлөх  тухай хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү заалтын эцэг, эх  гэдгийг тухайн  овог, эцэг /эх/-ийн нэр өөрчлөх хүсэлт гаргаж байгаа  иргэний  эцэг, эх болох нь  тодорхой,  тогтоогдсон  тохиолдлыг ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл  хүсэлт гаргасан иргэний эцэг, эх биш, эсхүл эцэг, эх болох нь тогтоогдоогүй нөхцөлд дурын хүний овог,  нэрээр овоглох тухай  агуулга бүхий зохицуулалт биш  бөгөөд  Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол  гэрлэлтийн гэрчилгээг,  гэрлэлтээ бүртгүүлээгүй бол   хуульд заасны дагуу  захиргааны буюу шүүхийн журмаар  эцэг, эхийг тогтоосон  эрх бүхий байгууллагын  шийдвэрийг үндэслэн тогтоогдоно” гэж заасан байна.

Энэ тохиолдолд З.Гын нөхөр  С.Еыг нас барснаас хойш 9 жилийн дараа Г.Д  төрсөн  нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа, мөн түүний эх З.Г нь “2001 онд өөр хүнтэй хамт амьдарч байсан ба уг хүнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй  тул 2002 онд төрсөн хүү  Д эхээрээ овоглох болсон” гэж тайлбарласан, өөрөөр хэлбэл  Дийн  эцэг С.Е биш  гэдгийг хүлээн зөвшөөрч  байгаа тул  Дийг эцэг нь биш болох  Е овог, нэрээр овоглон бүртгэхийг даалгах  эрх зүйн үндэслэлгүй, энэ нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3, мөн дээрх журмын 13 дугаар зүйлийн 13.1,13.3-д заасантай  тус тус нийцэхгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.7-д “Иргэний овог, эцгийн нэр, нэрийг нэгээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө” гэж заасан. 2018 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд өмнөх хуулийн дээрх заалтыг задалж  “иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно” гэж заасан ба овог, эцгийн нэрийг өөрчлөх тухай зохицуулалтыг хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3-т зааснаар хуульчилсан гэж үзэж байгаа. Энэ нь хуучин хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь  заалттай яг адилхан зохицуулалт юм“ гэх  тайлбар гаргасан. 

Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн/ “Овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэл“-ийг зохицуулсан 18 дугаар зүйлд  иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх үндэслэлийн талаар заагаагүй байх бөгөөд 18.7-д “Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс  илүүгүй удаа  өөрчлөхийг зөвшөөрнө” гэж заажээ.

 2018 оны 06 дугаар сарын 21-ний батлагдсан  Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлээр “Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр  өөрчилсний бүртгэл”-ийг  зохицуулсан, ингэхдээ  12.3-т  овог, эцэг /эх/-ийн нэрийг өөрчлөх үндэслэлийн талаар заасан,  12.4-т “Иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно”  гэж  зохицуулсан байна. 

Эдгээр зохицуулалтуудаас үзэхэд өмнөх хуульд иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх  үндэслэлийг заахгүйгээр иргэнд овог, эцгийн нэр, нэрээ 1  удаа өөрчлөх эрхийг олгосон, харин 2018 оны 11  дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн   Иргэний  улсын бүртгэлийн тухай хуулиар  иргэн зөвхөн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болохоор зохицуулсан,харин овог болон эцэг/ эх/-ийн нэрийг өөрчлөх асуудлын хувьд  хуульд тодорхой үндэслэл заасан  байна. Өөрөөр хэлбэл нийтийн эрх зүйн хүрээнд үйлчлэх “зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн  зарчимтай уялдуулж үзвэл 2018 оны 11  дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн   Иргэний  улсын бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэлээр л  овог, эцэг /эх/-ийн нэр өөрчлөх боломжтой, үүнээс бусад тохиолдлыг хориглоно гэж ойлгох нь зүйтэй.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Д болон түүний эх З.Г нар нь Дийг 16 нас хүрсний  дараа  2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  овог, эцгийн нэр өөрчлөх тухай хүсэлт гаргасан ба  2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд уг асуудлыг дээрх байдлаар зохицуулсан тул   улсын бүртгэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т зааснаар овог, эцгийн нэр өөрчилсний бүртгэл хийхээс татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй  байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн   “Овог, эцгийн нэр өөрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн  12.3.3-т заасны дагуу Дийг эцэг С.Еы овог, нэрээр овоглон бүртгэхийг даалгах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3, Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг тус тус баримтлан  нэхэмжлэгч Г.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  З.Гын  “Овог, эцгийн нэр өөрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн  12.3.3-т заасны дагуу Дийг эцэг С.Еы овог, нэрээр овоглон бүртгэхийг даалгах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЕРКЕШ

 

 

 

 


[1] Хэргийн 6-10,31-33,36-37,42-р хуудас