Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01194

 

   2017 оны 04 сарын 25 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01194

             Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11 дүгээр байр, 114 тоотод оршин байгаа “Эксимфинанс ББСБ” ХХК /РД-5785464/-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 64 дүгээр байр, 401 тоотод оршин суух, Сайхан-Онолт овогт Батаагийн Бадамханд /РД-ЧА60040107/-д холбогдуулан гаргасан,

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71,500,000 төгрөг гаргуулах, 6518 УБЦ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг хариуцагчаас гаргуулж эзэмшилдээ шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “Эксимфинанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Бадамханд нь анх 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Эксимфинанс” ББСБ-тай ЗГ-14908 дугаартай зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Б.Бадамхандын өмчлөлийн, 6518 УБЦ дугаартай, Lexus LX570 маркийн автомашиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу тус автомашины өмчлөх эрхийг “Эксимфинанс ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн билээ.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүгийн нийт төлбөр болох 69,100,000 төгрөг төлөх үүргээс зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зөвхөн хүүгийн төлбөр болох 9,100,000 төгрөгийг төлж, үндсэн төлбөр 60,000,000 төгрөгийг огт төлөөгүй.

Зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 3 сараар, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 3 сараар, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 3 сараар, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 6 сараар тус тус сунгасан бөгөөд эдгээр хугацаанд зээлдэгч зөвхөн тухайн сунгасан хугацаанд бодогдсон хүүгийн төлбөрийг төлж, үндсэн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Манай байгууллагын зүгээс зээлийн гэрээг дахин сунгахгүй, мөн зээлийн үндсэн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан мэдэгдлийг тухай бүр хүргүүлж байсан.

Зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх үүргээ удаа дараа зөрчиж өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 71,500,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна.

Мөн манай байгууллагын зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу шилжүүлэн авсан барьцааны зүйл болох автомашиныг хураах, гаргуулан авах гэж удаа дараа оролдсон боловч зээлдэгч нь санаатайгаар зугтах, автомашиныг өөрийн гараашид түгжих, автомашин хураах гэж очсон манай ажилчдыг сүрдүүлэх, хүч хэрэглэх зэрэг байдлаар өгөхөөс зайлсхийсээр байна.

Иймд Б.Бадамхандаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 71,500,000 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 2.6, 5.2, 5.5 дахь заалтуудыг үндэслэн 6518 УБЦ улсын дугаартай Lexus LХ570 маркийн автомашиныг Б.Бадамхандаас гаргуулж, “Эксимфинанс ББСБ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Эксимфинанс ББСБ” ХХК нь Б.Бадамхандад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш Б.Бадамханд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг биелүүлэн зээл төлбөрөө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Эксимфинанс ББСБ” ХХК нь Б.Бадамхандаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71,500,000 төгрөг гаргуулах, 6518 УБЦ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг хариуцагчаас гаргуулж эзэмшилдээ шилжүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бадамханд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 585,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 292,825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эксимфинанс ББСБ” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Эксимфинанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Бадамхандад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 71,500,000 төгрөг гаргуулах, 6518 УБЦ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг хариуцагчаас гаргуулж эзэмшилдээ шилжүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 585,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 292,825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эксимфинанс ББСБ” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

                                   

 

ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД