| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0105/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/111 |
| Огноо | 2021-04-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************холбогдох эрүүгийн 2138000000095 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 19-10 тоотод оршин суух иргэн *************ыг гэртээ унтаж байхад нь жижиг мөнгөн аяга, 32 инчийн телевизор зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч *************эд хөрөнгөнд 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн гэсэн малгүй, эхнэргүй атлаа хохирогч *************мал зарна, *************нь манай эхнэр гэж зохиомол байдлыг зориуд бий болгож 5895071555 дугаарын дансаар 900,000 төгрөг, 5902110446 дугаарын дансаар 2,000,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг нийт 3,400,000 төгрөгийг залилан мэхэлж авч залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************* нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 19-10 тоотод оршин суух иргэн *************ыг гэртээ унтаж байхад нь жижиг мөнгөн аяга, 32 инчийн телевизор зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч *************эд хөрөнгөнд 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн гэсэн малгүй, эхнэргүй атлаа хохирогч *************мал зарна, *************нь манай эхнэр гэж зохиомол байдлыг зориуд бий болгож 5895071555 дугаарын дансаар 900,000 төгрөг, 5902110446 дугаарын дансаар 2,000,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг нийт 3,400,000 төгрөгийг залилан мэхэлж авч залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000095 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Уламбаяр ахынд хүмүүс архи ууж байхаар нь би зурагт болон мөнгөн аягыг нь гэрээс нь аваад гарсан...Мал мах авдаг хүнтэй уулзаж 5 үхэр зарна гэж мөнгө авсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Мөрөн сумын Хөвсгөл зах дотор байж байтал миний хажуу талд зогсож байсан мал мах авдаг Бухаа гэж дууддаг нэртэй залуу хүнтэй уулзаж байснаа би унаа машин байхгүй. Машин тэрэгтэй хүнтэй явахгүй юу явбал энэ хүн явна даа гэж хэлээд намайг заасан. Тэгэхээр нь би Бухаатай уулзаж байсан хүнтэй уулзтал 5 үхэр зарах гэсэн юм гэж хэлэхээр нь хаана байгаа үхэр юм гэж асуутал Төмөрбулаг сумын Бүгдгээний адаг гэх газарт байгаа гэж хэлсэн. Тухайн зүс үл таних хүн та урьдчилгаа 500.000 төгрөг өгчихөөч гэж хэлэхээр нь би чамд юу гэж өгдөг юм гэж хэлтэл эхнэр хүүхэд Мөрөнд ирсэн байгаа. Хүүхдийн бие тааруу эмнэлгийн ажилтай орж ирсэн гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь эхнэрээ дагуулаад ир гэж хэлтэл удалгүй эхнэр хүүхдээ дагуулаад ирсэн. Тухайн хүмүүстэй мөн нэг эрэгтэй хүн хамт явсан. Тухайн эрэгтэй хүний дансруу буюу 5895071555 тоот дансанд 900,000 төгрөг, мөн 5902110446 дугаарын дансанд 2,000,000 төгрөг шилжүүлж авсан. Би тухайн хүмүүсийн бичиг баримтыг шалгаж үзээгүй. Мөн урд өмнө таньдаггүй байсан. Хөдөөний хүн эхнэр хүүхэдтэйгээ ирсэн болохоор итгэсэн...Гомдолтой байна...залилуулсан 3,400,000 төгрөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,
Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 сарын 25-ны өдөр гэрээсээ 32 инчийн шинэ зурагт алдсан. Тухайн өдөр буюу 2021 оны 01 сарын 25-ны өдөр би гэртээ хуурай дүү болох Д.Гэлэгдоржтой хамт хоёр шил Хараа нэртэй 0,75 литрийн архи уугаад гэртээ унтаж байсан. Тэгээд тэр өдрөө 17 цагийн үед сэрэхэд манай гэрийн зурагт байхгүй байсан. Архи ууж байсан мөнгөн аяга зэрэг зүйлүүд алдагдсан байсан. Д.Гэлэгдорж намайг сэрэхэд унтаж байсан. Тэгээд би гэрээсээ гараад манай гудамд байдаг Аагий гэж дууддаг хуурай дүүгээсээ асуухад Давга-Очир гэх хүнийг манай зурагтыг сугандаа аваад явж байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ************* надруу 88997363 дугаарын утсаар залгаж яриад ахынх нь цалин буучихлаа. Дансаа өгчихөөч чиний дансруу хийлгээд чамаас авчихъя гэж хэлэхээр нь би Хаан банкны 5902110446 тоот дансаа өгсөн. Тэгээд байж байтал миний дансанд 2.000.000 төгрөг орж ирсэн. ************* нь Төмөрбулаг сумын төвд Цэндээ гэж Хаан банканд теллер хийдэг эгчийнхээ гэрт хамт амьдардаг. Гэр бүл эхнэр хүүхэд байхгүй. Мал малладаггүй, өөрийн гэсэн мал миний мэдэхийн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 35-р хуудас/,
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Мөрөн сумын Хийтийн гол гэх газарт *************той хамт байж байтал ************* хүнээс мөнгө авах гэсэн хамт очоод эхнэр нь гэж өөрийгөө танилцуулаад хамт очоод орхиоч гэж хэлэхээр нь би хамт явж Баттогтох гэж нэртэй хүн дээр буюу Баттогтох гэж хүний гэрт 4-р хороонд очсон. Тэгтэл тухайн хүн намайг харчаад эхнэр нь юм уу архи уусан согтуу юм байхаар нь эхнэрээ дагуулж ирж мөнгө ав гэж хэлсэн юм гэж надад хэлсэн. Баттогтох гэж хүн Давга-Очирыг үхэр өгнө гэж мөнгө авч байгаа. Маргааш өглөө хөдөө хамт явна. Өглөө 07 цагт явна би машин тэргээ бэлдсэн байгаа гэж хэлээд явсан. ************* хүний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлж авч байсан. Баттогтох гэж хүн намайг уулзчхаад гарах гэж байхад нийт 3.400.000 төгрөг болсон шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************* гэдэг залуу манай эхнэр Нямжаргалыг манай бага хүүтэй хамт аймгийн төв рүү аваад явсан байсан. Тэгээд манай эхнэр 2 сар гаран гэртээ ирэлгүй *************той хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
Гэрч *************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Мөрөн сумын Далай ээж зах дээр алт мөнгөний дархан хийдэг. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед гэж санаж байна. Намайг ажлаа хийгээд сууж байтал нэг дээл өмссөн архи уусан халамцуухан залуу орж ирээд нэг жижиг мөнгөн бололтой аяга гаргаж ирээд энийг авчихаач гэж надаас гуйхаар хэдэн төгрөг юм гэж асуухад 10.000 төгрөгөөр авчих гэхээр нь би худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8-9-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-55-р хуудас/,
Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 87-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-95, 97-103-р хуудас/,
Хохирол 100.000 төгрөгийг хохирогч *************т нөхөн төлсөн тухай Төрийн банкны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000095 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ************* нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 19-10 тоотод оршин суух иргэн *************ыг гэртээ унтаж байхад нь жижиг мөнгөн аяга, 32 инчийн телевизор зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч *************эд хөрөнгөнд 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн гэсэн малгүй, эхнэргүй атлаа хохирогч *************мал зарна, *************нь манай эхнэр гэж зохиомол байдлыг зориуд бий болгож 5895071555 дугаарын дансаар 900,000 төгрөг, 5902110446 дугаарын дансаар 2,000,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг нийт 3,400,000 төгрөгийг залилан мэхэлж авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *************/хх-ийн 17-19-р хуудас/, хохирогч *************/хх-ийн 24-25-р хуудас/, гэрч *************/хх-ийн 27-35-р хуудас/, гэрч *************/хх-ийн 31-33-р хуудас/, гэрч *************/хх-ийн 37-38-р хуудас/, гэрч *************/хх-ийн 46-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8-9-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-55-р хуудас/,
Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 87-р хуудас/,
Хохирол 100.000 төгрөгийг хохирогч *************т нөхөн төлсөн тухай Төрийн банкны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах болон залилах гэмт хэргийг шүүгдэгч ************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ************* нь хохирогч *************3,400,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй, хохирогч *************т 550,000 төгрөгийн хохирол учруулснаас 32 инчийн телевизорыг буцаан өгч мөнгөн аяганы үнэ 100.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *************оос 3,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч *************олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 63.000 төгрөгийн зардал нэхэмжилж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн үнэлгээчний ажлын хөлс 60.000 төгрөгийн зардал гэх боловч 60,000 төгрөгийн нэхэмжлэх /хх-ийн 110-р хуудас/ нь хуулбар хувь тул нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн шинжээтэй байгуулсан хөлсөөр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ байхгүй байх тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.
Харин 3.000 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгчээс нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх...болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 3000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************* нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 95, 97-103-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ************* нь Эрүүгийн хуулинд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж хулгайлах гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ял, залилах гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 71 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2138000000095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч *************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож 30 (гуч) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************т оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************ын цагдан хоригдсон 71 (далан нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *************оос 3,400,000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *************олгосугай.
7. Эрүүгийн 2138000000095 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР