| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00447/и |
| Дугаар | 135/ШШ2017/00479 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2017/00479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00447/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, салхит ******** баг, ******** гудамж, ********тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-ын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Ж.******* нь Улаанбаатар төмөр замын Худалдааны 9 дүгээр конторт 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сав угаагчаар, Улаанбаатар төмөр замын Худалдааны 2 дугаар конторт 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бэлтгэл тогоочоор, Улаанбаатар төмөр замын Худалдааны 1 дүгээр конторт 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тогоочоор ажиллаж байгаад гарч Улаанбаатар төмөр замын Эрчим хүчний ангид орж ажилласан. Тэтгэврээ тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажилласан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тамга тэмдэг бүдэг, зарим нь тамгагүй, тушаал эх хувиараа олдохгүй байгаа учир нотлох баримтууд болон тухайн үед хамт ажиллаж байсан *******, ******* нарын гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дээрх байгууллагад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь тухайн үеийн нэрээр Улаанбаатар төмөр замын Худалдааны 9 дүгээр конторт 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл угаагч, тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Ж.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагад ажилд орсон тушаал болон ажлаас халагдсан тушаалын тамга бүдэг дарагдсаны улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.******* нь тухайн үеийн нэрээр Улаанбаатар төмөр замын Худалдааны 9 дүгээр конторт 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл угаагч, тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь 1977 оны 10 дугаар сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичигдсэн бичилтүүд /хх 6-8/, Улаанбаатар төмөр замын Дархан худалдааны төвийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 07 тоот тодорхойлолт /хх 9/, 7 дугаар 5 жилийн гавшгайч тэмдэгээр шагнагдаж байсан тухай үнэмлэх /хх 11/, Улаанбатар төмөр замын Худалдааны 2 дугаар конторын даргын 1987 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 127 тоот “Ажилд авах тухай” тушаал /хх 12/, Улаанбаатар төмөр замын ХНХ-ны 1 дүгээр конторын даргын 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 132 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх 13/, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 389 тоот лавлагаа /хх 14/, гэрч *******ын ... Г.******* нь намайг ажилд орсноос хойш 2-3 жил орчмын дараа Улаанбаатар төмөр замын 9 дүгээр конторт угаагчаар ажилд орж байсан, тэгээд ороод удалгүй тогооч болж байсан, 1989 онд өөр ажилд шилжихээр ажлаасаа гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 25/, гэрч *******ийн ... Г.******* нь намайг ажилд ороход бэлтгэл тогооч хийдэг байсан, 1989 онд Эрчим хүчрүү ажилд орох гээд ажлаасаа гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 27/ зэргээр тогтоогдож байна.
Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хүсэлт гаргагч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД: *******/-ыг тухайн үеийн нэрээр Улаанбаатар төмөр замын Худалдааны 9 дүгээр конторт 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл угаагч, тогоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ