Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00656

 

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00656

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 47 дугаар байрны 18 тоотод оршин суух, Мөнх овогт Жамцын Чинзориг /РД-ЧН61062872/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 47 дугаар байрны 18 тоотод оршин суух, Даваа овогт Намсрайн Ичинноров /РД-ЧН60010663/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол, МВС ХХК-ийн байр, ЭСБИ төвийн 305 тоотод оршин байгаа “МБҮ” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 16-104 тоотод оршин суух, Боржигон тойн овогт Бат-Эрдэнийн Баянмөнх /РД-ЙЖ82070518/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оргил шилтгээн хотхоны 1 дүгээр байр, 04 тоотод оршин суух, Даагат овогт Сэнгээгийн Бямбасүрэн /РД-ЙЮ82042612/ нарт холбогдох,

Үүргийн гүйцэтгэлд 300,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч нарын, үндэслэлгүй хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноровын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Бахархал, хариуцагч “МБҮ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн, хариуцагч Б.Баянмөнх, С.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноровын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  Ж.Чинзориг би “МБҮ”  ХХК-ийн захирал С.Бямбасүрэн, дэд захирал Б.Баянмөнх нартай 2008 оны 6 дугаар сарын 18, 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээнүүд байгуулж, тэдний барьж гүйцэтгэх гэж буй Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол, Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн баруун урд талд баригдах 98  айлын доороо зоорьтой, 11-н давхар орон сууцанд 400,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, үр дүнд нь тухайн орон сууцнаас тодорхой хэмжээний байрнуудыг шилжүүлэн авахаар тохиролцсон.

Гэрээний дагуу 400 сая төгрөг бэлнээр “МБҮ” ХХК-ийн захирал болон дэд захиралд хүлээлгэн өгч, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлсэн.

2009 оны эдийн засгийн хямралын үе эхлэхтэй холбогдон тус барилгын ажил 2010 онд бүрэн зогссон бөгөөд энэ үеийг далимдуулан С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар нь “Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 5.1.3 дахь заалтыг ноцтойгоор зөрчиж, хөрөнгө оруулагч Ж.Чинзориг миний хөрөнгөөр боссон байсан тухайн объектыг надад мэдэгдэлгүйгээр дур мэдэн бусдад 1 тэрбум 200 сая төгрөгөөр худалдан борлуулсан байсан

Ингээд бид хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгох талаар ярилцаад объектыг бусдад худалдсан үнэ болох 1,200,000,000 төгрөгөөс ашгаа 600, 600 сая төгрөгөөр хуваан авахаар тохиролцоод 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Гэрээ дуусгавар болгох тухай тэмдэглэл” үйлдэж 2 талын гарын үсгээр баталгаажуулсан.

2012 оны 8 дугаар сард миний дансанд 550,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс 50,000,000 төгрөг дутуу үлдсэн.

2 дахь гэрээний хувьд: С.Бямбасүрэн нь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилгоор нэхэмжлэгч Н.Ичинноровтой 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 05 тоот “Гэрээ” байгуулж, уг гэрээгээр 48.3 м.кв талбай бүхий байрны үнэ 38,300,000 сая төгрөгийг 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, 15 тоот 56 м.кв талбай бүхий байрны үнэ болох 39,575 ам.долларыг мөн оны 10 дугаар сард багтаан төлөхөөр, төлбөрийн хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үлдсэн мөнгөнөөс хоногт 0,5 хувийн алданги авахаар тохиролцсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймээс талууд 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 01/06 тоот гэрээ байгуулж, гарын үсэг зурцгаасан.

Энэхүү гэрээний үндсэн үүрэг нь 3 ширхэг зээлээр худалдаж авсан байрны үндсэн үнэ болох 150,000,000 төгрөг, мөн “Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг буюу нийт дүнгээр 200,000,000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар болж, хэрэв тухайн хугацааг хэтэрвэл төлөгдөөгүй үлдсэн мөнгөнөөс хоног тутам 0,08 хувийн алдангийг урьдчилан төлж байхаар тохиролцсон билээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл янз бүрийн шалтаг тоочин үндсэн төлбөрөө ч барагдуулаагүй, сүүлдээ утсаа ч авахгүй зугтааж байна.

Иймд 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 01/06 тоот үндсэн гэрээний үнийн дүн болох 200,000,000 төгрөгийг алдангийн хамтаар авах хүсэлтэй байгаа бөгөөд гэрээнд заасан “өр барагдуулж дуусах өдөр буюу 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 0.08 хувийн алданги тооцвол хэтэрхий их тоо гарах тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэснийг баримтлан алдангид 100,000,000 төгрөг, нийлбэр дүнгээр 300,000,000 төгрөгийг хариуцагч “МБҮ” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн, дэд захирал Б.Баянмөнх нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.

Гэрээнд С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар нь гэрээний хариуцлагыг ижил хэмжээгээр хариуцахаар тохиролцсон учир тэдгээрээс гаргуулж өгнө үү. Хариуцагч “МБҮ” ХХК-иас татгалзаж байна.

С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар нь “МБҮ” ХХК-ийн үйл ажиллагааг бултуулж эхэлсэн учраас сүүлийн 200 сая төгрөгийн гэрээг С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараар буюу хувь хүнээр нь байгуулсан. Учир нь компаниар гэрээ байгуулбал надад хоосон компаниас юу ч олдохгүй байх байсан. Үүнийг нотлох жишээ бол хариуцагч нар надаас мөнгө авсны дараагаар тендерийн барилга хэд хэдийг авсан боловч “МБҮ” ХХК-ийн нэр дээр аваагүй, дандаа өөр компанийн нэр дээр, эсвэл найз нөхдийнхөө компанийн нэр дээр авч байсан гэв.  

Хариуцагч “МБҮ” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “МБҮ” ХХК нь Ж.Чинзоригтой 2008 оны 6 дугаар сарын 18, 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ж.Чинзоригоос Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороололд баригдах 98 айлын орон сууцны барилгад нийт 396 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар тохиролцсон бөгөөд 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 3 жилээр сунгасан болно.

Нэхэмжлэгч нь барилгын ажилд дахин хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсний дагуу тус компани нь 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Ж.Чинзоригийн эхнэр Н.Ичинноровтой гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 06 тоот орон сууцыг 48,3 сая төгрөг, 15 тоот орон сууцыг 39,575 ам.доллар буюу 56 сая төгрөг төлөхөөр тохиролцсон. Мөн 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус байрны 01 тоот орон сууцыг 42 сая төгрөгөөр авах гэрээнээс 10 сая төгрөгийг суутгаж, 5 сая төгрөгийг 2009.10.01-нд дансаар, 10 сая төгрөгийг 2009.10.04-нд бэлнээр, 10 сая төгрөгийг 2010.09.21-нд бэлнээр төлж 7 сая төгрөгийн үлдэгдэлтэйг дүгнэж акт үйлдсэн болно.

Тус компани нь нэхэмжлэгч Ж.Чинзоригоос 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч, нэмэлт санхүүжилт болгон Н.Ичинноровоос нийт 136 сая төгрөгийн үнэ бүхий 3 байрнаас авч барилгын ажилд зарцуулсан. Ийнхүү тус компани нь нэхэмжлэгч талаас 536 сая төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 35 сая төгрөг төлж, 501 сая төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болсон.

Эдийн засгийн хямралаас шалтгаалж барилгыг цаашид барьж ашиглалтад оруулах боломжгүй болсон тул барилгыг бусдад худалдаж, төлбөрийг хүлээн авсан өдөр буюу 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ж.Чинзоригийн ХААН банкны 5034201985 тоот дансанд хөрөнгө оруулалт болон орон сууцны үнэд зориулж 550 сая төгрөг шилжүүлсэн, мөн 2015.02.12-ны өдөр 20 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн болно.

Бид Ж.Чинзоригийн хөрөнгө оруулалтын бүх мөнгийг өгсөн гэж бодож байтал нэхэмжлэгч нь дахин гэрээг хийнэ, 600 сая төгрөгийн гэрээ байгуулна гэж хэлсэн. Бид зөвшөөрөөгүй боловч биднийг шахан, ар гэрт очиж дарамталж байгаад гэрээнд тус тусд нь байхад гарын үсэг зуруулж авсан. Бид тухайн үед хаширлаад тамга тэмдгээ дараагүй.

Гэтэл нэхэмжлэгч Ж.Чинзориг нь 2013 оны 3 дугаар сард 200 сая төгрөгийн гэрээ авч ирээд би та хоёроос одоо 200 сая төгрөг л авна, заавал гэрээнд гарын үсэг зуруулна гээд байнгын шахалтанд биднийг оруулж байгаад мөн гэрээнд гарын үсэг зуруулж авсан.

Уг гэрээнд алдангийн талаар заасан байсныг зөвшөөрөхгүй гэхэд нэхэмжлэгч Ж.Чинзориг “гэрээнд алданги гэсэн боловч та хоёроос алданги авахгүй” гэж байсан. Энэ мэт залилан мэхлэх аргаар дарамталж байгаад гэрээндээ гарын үсэг зуруулчихаад одоо алданги нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нь тус компанийн удирдлагуудаар хууль бусаар хүч хэрэглэн гарын үсэг зуруулсан, компанийн тамгаар баталгаажаагүй гэрээг үндэслэн 300 сая төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Чинзориг нь тус шүүхэд хандан “МБҮ” ХХК, Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна. Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нар нь өөрсдийн нэрээр Ж.Чинзоригтой аливаа гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд бид тухайн үед “МБҮ” ХХК-д  захирал, дэд захирлын албан тушаал хашиж байсны хувьд 2008 оны 6 дугаар сарын 18, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “МБҮ” ХХК, Ж.Чинзориг нарын хооронд байгуулагдсан гэрээнд тус компанийг төлөөлж гарын үсэг зурсан болно.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт, Компанийн тухай хуулийн дагуу “МБҮ” ХХК нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах бие даасан хуулийн этгээд байтал нэхэмжлэгч нь “МБҮ” ХХК-д холбогдох асуудлаар иргэн Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нараас төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нар нь “МБҮ” ХХК болон Ж.Чинзориг нарын хооронд байгуулсан гэрээний оролцогч тал биш, тухайн гэрээний үр дагавар, хариуцлагыг хүлээх үүрэггүй, иргэнийхээ хувиар “МБҮ” ХХК-ийн өр төлбөрийг хариуцах үүрэг хүлээх батлан даалт, баталгааны гэрээ огт байгуулаагүй болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 Бидний хувьд нэхэмжилж байгаа 300 сая төгрөгийг төлөх боломжгүй. 2008 оноос эхэлсэн эдийн засгийн хямралаас болж хэн ч хожоогүй, бүгд алдсан. Одоогоор бид компанийнхаа ч үйл ажиллагааг сэргээж чадахгүй байна. Бид нэхэмжлэгчид 605 сая төгрөг өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Бид иргэн Ж.Чинзориг, Н.Ичинноров нартай 2008 оны 6 дугаар сараас хойш хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнүүдийн төлбөрөөс төлбөл зохих 585,000,000 төгрөгийг бүгдийг төлсөн. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ж.Чинзориг, Н.Ичинноров нар өөр 3 хүний хамт бид хоёрыг 4 дүгээр цахилгаан станцын хажууд аваачин дарамталж 100 сая төгрөг нэхсэн. Бид ярилцаж байгаад 50 сая төгрөг өгөхөөр болсон боловч боломжоороо 20 сая төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 605,000,000 төгрөгийг төлсөн тул илүү төлсөн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нараас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Н.Ичинноров сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар тус шүүхэд хандан “Гэрээний илүү төлбөр 20,000,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулж тус шүүхэд энэхүү тайлбарыг гаргаж байна. 2008 оноос хойш С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нартай миний нөхөр Ж.Чинзориг нар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-тэй хамтран ажиллаж байсан. Тухайн үед хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа тул надаас мөнгө зээлэхийг хүссэн. Би өөрийн нэр дээрх Баянгол дүүргийн  2 дугаар хорооны 43 дугаар байрны 2 өрөө 2 байрыг 2009 оны 9 дүгээр сарын 07-нд зээлээр худалдах гэрээ хийж худалдсан юм. Үүнд:

1. 48,3 м.кв талбай бүхий 2 дугаар давхарын 6 тоот байрыг 48,300,000 төгрөгөөр.

2. 56 м.кв талбай бүхий 4 дүгээр давхарын 15 тоот байрыг 39,575 ам.доллараар тооцож тус тус зээлээр худалдсан болно. Гэсэн хэдий ч эдгээр байрны үнийг тохиролцсон хугацаандаа төлж барагдуулалгүй явсаар 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уулзалдаж №01/06 тоот гэрээ хийгээд явцгаасан. Энэхүү шинээр үйлдсэн гэрээ бол дээрх хоёр байрны үнийн дүн, алданги болоод нөхөр Ж.Чинзоригтой хийсэн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрүүдийг хамтатгасан гэрээ болно. Надад мөнгө өгч байсан түүх байхгүй, авч ч байгаагүй. Ямар учраас сөрөг нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Чинзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ 20 сая төгрөг нь 200 сая төгрөгийн алдангид төлсөн төлбөр юм. Бусдаар хариуцагч нарыг хэлмэгдүүлж, дарамталж залилан мэхэлж авсан зүйл байхгүй.

Анхны хөрөнгө оруулалтын гэрээг дүгнээд тохирсон 600 сая төгрөгөөс 50 сая төгрөгийг дутуу өгсөн байсан.

2.Мөн барилгын ажилд нэмэлт хөрөнгө шаардлагатай байгаа гэж зээл авахаар ирсэн бөгөөд 2009 оны 9 дүгээр сарын 15-нд 06 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” хийж, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 6 давхар орон сууцны А блокын 1 давхарын 44.6 м.кв талбайтай 1 өрөө байрыг 42,000,000 төгрөгөөр тохиролцон зээлээр худалдан авсан юм. Тухайн үедээ мөнгө өгөөгүй Д.Мөнхнасангийн нэр дээр тус байраа шилжүүлж авсан. Энэ байрны төлбөрөө цувуулан 4 удаагийн үйлдлээр өгсөн боловч тус гэрээ бүрэн дуусгавар болоогүй юм. Үүнд:

1. 10,000,000 төгрөгийг бэлнээр

2. 10,000,000 төгрөгийг 2009 оны 10 дугаар сарын 04-нд

3. 5,000,000 төгрөгийг 2009 оны 10 дугаар сарын 01-нд

4. 10,000,000 төгрөгийг 2010 оны  9 дүгээр сарын 21-нд тус тус өгч нийт 35,000,000 төгрөгийг өгснөөр гэрээний ар талд үлдэгдэлээ тооцон гарын үсэг зурж, баталгаажуулсан болно. Энэ гэрээний дагуу 42,000,000 төгрөгөөс 35,000,000 төгрөгийг бүтэн жилийн турш цувуулан өгсөн бөгөөд үлдэгдэл 7,000,000 төгрөг дутуу, мөн тус гэрээний 4.2-т заасны дагуу “Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,08 хувь тооцож алданги төлөх” учир 2010 оны 9 дүгээр сарын 27-ны дотор бэлнээр 10,000,000 төгрөг өгч гэрээ дуусгавар болохоор хатуу тохироо хийгээд салцгаасан. Үүнээс хойш ор сураггүй алга болж явж байгаад 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уулзалдаж №01/06 тоот “Гэрээ” хийцгээгээд явцгаасан болно. Энэхүү шинээр үйлдсэн “Гэрээ” бол миний 2008 оны 6 дугаар сарын 18, 2008 оны 10 дугаар сарын 23-ны “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үлдэгдэл 50,000,000 төгрөг, мөн 2009 оны 9 дүгээр сарын 15-нд 06 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл 10,000,000 төгрөг, түүний алданги болон эхнэр Н.Ичинноровоос авсан 2 байрны үнийн дүн, алдангийг хамтатгасан гэрээ болно. Энэхүү гэрээний 2.5-д заасны дагуу “Б талаас төлбөр хийгдэх бүрт эхний ээлжинд хугацаа хэтэрсний алданги мөнгийг суутган тооцох”-оор тохиролцсоны дагуу 2015 оны 02 дугаар сарын үед 20,000,000 төгрөгийн алданги төлсөн  гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нар нь хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх, “МБҮ” ХХК-иудад холбогдуулж үүргийн гүйцэтгэлд 300,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдааны үеэр хариуцагч “МБҮ” ХХК-иас татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг тус компанийн хувьцаа эзэмшигч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас шаардаж байна.

 Хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч,  нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 20,000,000 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлэцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Чинзориг нь “МБҮ” ХХК-тай 2008 оны 6 дугаар сарын 18, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулж, гэрээгээр Ж.Чинзориг нь нийт 396,000,000 /300,000,000+96,000,000/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг “МБҮ” ХХК-д хийх, хариуцагч “МБҮ” ХХК нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороололд барьж буй барилгаас хэд хэдэн орон сууц болон машины зогсоолыг нэхэмжлэгчид өгөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу Ж.Чинзориг, “МБҮ” ХХК-д 400,000,000 төгрөгийг шилжүүлж тэдгээрийн хамтын ажиллагаа эхэлсэнээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

“МБҮ” ХХК нь хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээний 5.1.3 дахь заалтыг ноцтой зөрчиж барьж буй объектоо хөрөнгө оруулагч Ж.Чинзоригт мэдэгдэлгүйгээр бусдад худалдсаны улмаас талууд хамтран ажиллах гэрээнүүдээ дүгнэн, тухайн обьектыг худалдсан үнэ болох 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгөөс 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг Ж.Чинзоригт шилжүүлэн өгөхөөр тохиролцон, хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох тухай тэмдэглэл үйлдэн гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2, 480.1.4 дэх хэсгүүдэд нийцжээ. /хх-17 хуудас/

Нэхэмжлэгч Н.Ичинноров, “МБҮ” ХХК-тай 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 05 дугаартай гэрээ байгуулан нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байрны 6 тоот 48,3 м.кв орон сууцыг 48,3 сая төгрөгөөр /үүнээс 10 сая төгрөгийг 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний үлдэгдэлд суутгаад 38,3 сая төгрөг авахаар/, 15 тоот орон сууцыг 39,575 ам.доллараар худалдахаар тохиролцон, улмаар орон сууцыг “МБҮ” ХХК-д шилжүүлсэн өгч, “МБҮ” ХХК нь төлбөрийг тодорхой хугацаанд төлөх үүрэг хүлээжээ. /хх-14 дүгээр тал/

Мөн 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ж.Чинзориг нь хариуцагч С.Бямбасүрэнтэй 06 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 6 давхар барилгын 44 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг 42,000,000 төгрөгөөр түүнд худалдан борлуулахаар тохирсон байна. /хх 15, 71-72 дугаар хуудас/. 

Ингэснээр нэхэмжлэгч Н.Ичинноров, “МБҮ” ХХК болон С.Бямбасүрэн нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн ба дээрх гэрээний дагуу хариуцагч “МБҮ” ХХК болон С.Бямбасүрэн нар нь нийтдээ 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарт төлжээ.

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг хариуцагч тал өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй, дарамталж, сүрдүүлэн байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ, хамтран ажиллах болон худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад “МБҮ” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн, нөгөө талаас нэхэмжлэгч Н.Ичинноров, Ж.Чинзориг нар 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 01/06 тоот гэрээ байгуулж, гэрээний зорилгоо талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн үүрэг хариуцлагыг харилцан тооцон дуусгавар болгохоор тодорхойлж, гэрээний 1.2-т “уг гэрээнд талуудын хооронд байгуулсан 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05 тоот, мөн сарын 15-ны өдрийн 06 тоот худалдах-худалдан авах гэрээ, 2008 оны 6 ба 10 дугаар сард байгуулсан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гэрээг дуусгавар болгох тухай тэмдэглэл зэрэг хамаарах”-аар тусгажээ. /хх-5 дугаар тал/

Зохигчид тус гэрээгээр 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №05 тоот гэрээ, 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №06 тоот гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 150,000,000 төгрөг, 2008 оны 6 дугаар сарын 18, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ”-нүүд, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “гэрээг дуусгавар болгох тухай тэмдэглэл”-ийн дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийг “МБҮ” ХХК нь нэхэмжлэгч нарт 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээхдээ мөн гэрээний 3.1-д “ ... А тал буюу “МБҮ” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн, дэд захирал Б.Баянмөнх нарын хүлээх үүрэг хариуцлага ижил эрхтэй байхаар зааж, гэрээнд “МБҮ” ХХК-ийн захирал С.Бямбасүрэн, дэд захирал Б.Баянмөнх, нэхэмжлэгч Н.Ичинноров, Ж.Чинзориг нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-5-6 дугаар тал/

Иргэний хуулийн 189 дүгээр үйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээний агуулгаа чөлөөтэй тодорхойлох эрхтэй тул зохигчид өөрсдийн хооронд байгуулсан 5 гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар тохиролцож байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 01/06 тоот гэрээ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 буюу нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэсэн заалтад нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар уг гэрээг хүч хэрэглэн айлган сүрдүүлж хийсэн, гэрээний үүргээ биелүүлсэн гэх боловч уг үйл баримтаа баримтаар нотлоогүйн гадна хариуцагчийн 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний үүрэгт 2010 онд төлсөн 35,000,000 төгрөгийг талуудын 2013 онд байгуулсан үүрэг гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөн гэрээний дагуу төлсөн төлбөрт тооцох үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдааны үеэр хариуцагч “МБҮ” ХХК-иас татгалзаж, хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас үүргийг гүйцэтгэлийг шаардаж байгааг буруутгах боломжгүй байна.

Учир нь хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар нь “МБҮ” ХХК-ийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч нар бөгөөд талуудын хооронд үүссэн үүргийн харилцааг хүлээн зөвшөөрөхдөө өөрсдийн хүлээх үүрэг, хариуцлагыг ижил байхаар тодорхойлжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу аливаа этгээд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар  гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/06 тоот гэрээг байгуулснаас хойш 1 удаа буюу 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд өгснөөс өөрөөр төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

          Нэхэмжлэгч тал уг 20 сая төгрөгийг алдангид тооцон авсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасанд нийцэхгүй байх тул шүүх хариуцагч нарын үндсэн төлбөрийн үүрэг болох 200,000,000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

          Түүнчлэн талууд үүргийн гүйцэтгэлийг тохирсон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,08 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д харшлахгүй байхаас гадна нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар нэхэмжилж байгаа нь мөн зүйлийн 232.4-т нийцэж байна.

          Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “МБҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас тус бүр 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөг, нийт 280,000,000 /хоёр зуун наян сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 /хорин сая/ төгрөгт холбогдох хэсгийг, мөн хариуцагч “МБҮ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нар нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарт холбогдуулж 20,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлээ“...Ж.Чинзориг, Н.Ичинноров нартай 2008 оны 6 дугаар сараас хойш хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнүүдийн төлбөрөөс төлбөл зохих 585,000,000 төгрөгөөс 605,000,000 төгрөгийг төлсөн тул илүү төлсөн зөрүү мөнгө 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас буцаан гаргуулна” гэж, мөн шүүх хуралдаанд “...Ж.Чинзориг гуай биднийг байнга айлган сүрдүүлж, дарамталж гэрээнүүдэд гарын үсгийг зуруулдаг байсан”, “...шоронгийн хүнээр дарамтлуулсан”, “...бид өөрсдийн хүсэл зоригийн эсрэг гэрээнд хүчээр гарын үсгээ зурсан” гэж тайлбарлах боловч дээрх үйл баримтаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нарыг эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн өмнөх үүссэн харилцааг хүлээн зөвшөөрүүлж, үүрэг хүлээх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч тал, шүүх хуралдааны үеэр 2013 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/06 тоот “Гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсч байх бөгөөд уг хүсэлтээ “нэмэгдүүлсэн шаардлага биш, сөрөг нэхэмжлэлд гаргаж буй нэмэлт тайлбар” гэж байхаас гадна улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэмж төлөөгүй тул хариуцагч талыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзээгүй болно.

Хэрэгт авагдсан баримтаас харахад талууд хамтран ажиллах гэрээгээ дүгнээд хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Чинзоригт 600,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсны дагуу түүнд 550,000,000 төгрөг шилжүүлж, 50 сая төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.

Мөн хариуцагч С.Бямбасүрэн нь нэхэмжлэгч Н.Ичинноров, Ж.Чинзориг нартай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргээс 35 сая төгрөг төлсөн байдаг бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх гэрээнүүдийн үүргийг нэгтгэн дүгнэж, хариуцагч тал нь нийт 200,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээхээр хүлээн зөвшөөрч 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/06 тоот гэрээнд гарын үсэг зурсан байна.

Үүнээс хойш хариуцагч нар нь 1 удаа буюу 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг Ж.Чинзоригт төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө  хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэйг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заажээ.

Иймд нэхэмжлэгч Ж.Чинзориг нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нарын нэхэмжлэгч нараас 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,657,950 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас 1,577,950 төгрөгийг 50, 50 хувиар тооцон хувааж гаргуулан нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1, 243 дугаар зүйлийн 243.1, ,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “МБҮ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас тус бүр 140,000,000 /нэг зуун дөчин сая/ төгрөг, нийт 280,000,000 /хоёр зуун наян сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 /хорин сая/ төгрөгт холбогдох хэсгийг, мөн хариуцагч “МБҮ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баянмөнх, С.Бямбасүрэн нарын, нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нараас 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,657,950 төгрөгийг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бямбасүрэн, Б.Баянмөнх нараас 1,577,950 төгрөгийг 50, 50 хувиар тооцон хувааж гаргуулан нэхэмжлэгч Ж.Чинзориг, Н.Ичинноров нарт буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД