Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00597

 

     2017 оны 02 сарын 23 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00597

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 51 дүгээр байр, өөрийн байранд оршин байгаа “Мандал Алтай групп” ХХК /РД-2023202/-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 55б байрны 01 тоотод /одоо үйл ажиллагаа явуулж буй хаяг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрнээс урагш Шунхлай ШТС-ын урд Бриджстоун дугуйн худалдаа/ оршин байгаа “Гурван шүтээн” ХХК /РД-5309166/-д холбогдуулан гаргасан

            Эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, эсвэл 3 ширхэг дугуйны үнэд 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Мандал Алтай групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хадбаатар, хариуцагч “Гурван шүтээн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Мандал Алтай групп” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хадбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Гурван шүтээн” ХХК-иас Тойо тайрис 285/50R маркийн дөрвөн улирлын 4 ширхэг шинэ дугуйг нэг бүрийг 620,000 төгрөгөөр буюу нийт 2,480,000 төгрөгөөр худалдан авсан. Гэвч 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буюу 15 хоногийн дараа 4 дугуйны 3 дугуй нь орон нутгийн замд дараалан хагарсан.

Дугуйг худалдаж авах үед нүдээр хараад мэдэх боломжгүй тул чанарын шаардлага хангаагүй доголдолтой эд хөрөнгө зарсан гэж үзэж байна.

            Бид хотод ирээд хариуцагч компанид гомдол гаргахад хагарсан дугуйнуудаас 1 ширхэг дугуйг нь авч үлдэн, дугуй үйлдвэрлэгч Тойо Тай Рус компани руу э-мэйлээр зургийг нь авч явуулан шинжлүүлээд сольж өгөх эсэхээ шийднэ гэж хэлсэн.

            Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй учир “Мандал Алтай групп” ХХК-иас албан бичгээр гомдлоо гарган, биечлэн уулзахад Тойо Тай Рус компаниас танай буруутай үйл ажиллагаанаас болж дугуй хагарсан гэсэн хариуг э-мэйлээр ирүүлсэн учир сольж өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн.

            Иймд биет байдлын доголдолтой Тойо тайрис 285/50R маркийн дөрвөн улирлын 3 ширхэг дугуйг шинэ дугуйгаар солих, эсвэл 3 ширхэг дугуйны үнэ болох 1,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч “Гурван шүтээн” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Японы Тойо тайрис /Toyo Tires/ брендийн дугуйг албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад худалдан борлуулдаг.

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Мандал-Алтай групп” ХХК манайхаас Тойо тайрис 285/50R размерын биет байдлын ямар нэг доголдолгүй 4 ширхэг дугуйг зах зээлийн ханшаар тус бүр 620,000 төгрөгөөр худалдан авсан.

Бид Лексус 570 маркийн машинд дугуйг угсарч хүлээлгэн өгсөн. Уг дугуй нь хотын дотор явах зориулалттай нимгэн дугуй юм.

Нэхэмжлэгч компанийн ажилчид дээрх 4 дугуй бүхий автомашинаар хөдөө орон нутгийн замд явж байх явцад 3 ширхэг дугуй нь хагарсан гэсэн гомдлыг бидэнд ирүүлсэн бөгөөд тэдгээр дугуйны хохирлыг барагдуулах шаардлагыг хүргүүлсэн байна.

            “Мандал Алтай групп” ХХК-иас ирүүлсэн гомдлыг аваад манай зүгээс Тойо Тай Рус компанийн техникийн мэргэжилтэнтэй холбогдож гэмтэл ямар учраас гарсан, дугуйг сольж өгөх боломжтой эсэхийг тодруулахад “дугуйн гэмтэл гадны нөлөөллөөс болж үүссэн бөгөөд үйлдвэрлэлийн гэмтэлтэй ямар нэг байдлаар холбоогүй учир хохирлыг барагдуулах боломжгүй” гэсэн хариуг и-мэйлээр болон албан бичгээр ирүүлсэн.

            Нэхэмжлэгч компанийн худалдан авсан дугуйнд гарсан гэмтэл нь стандарт хийн түвшинд дугуйг хийлээгүй, дугуйны буруу ашиглалт, хэт хурдтай явах, хэт их ачаа ачсан зэрэг шалтгаанаас үүсэн гардаг болохыг тайлбарласан гарын авлага мөн ирүүлсэн байгаа.

Иймд нэхэмжлэгчийн худалдан авсан дугуйны гэмтэл гадны нөлөөллөөс үүссэн, үйлдвэрлэлийн гэмтэлтэй ямар нэг байдлаар холбоогүй байгаа тул бид нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна.

            Хэрэгт авагдсан баримтаас харахад дугуй бөөрөөрөө хагарсан байсан учир доголдолтой гэдгийг зөвшөөрөхгүй. Өөрсдийн буруугаас болсон гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Мандал Алтай групп” ХХК нь “Гурван шүтээн” ХХК-д холбогдуулан биет байдлын доголдолтой Тойо тайрис 285/50R маркийн дөрвөн улирлын 3 ширхэг дугуйг шинэ дугуйгаар солих, эсвэл дугуйны үнэ болох 1,860,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал уг шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “... дугуйны гэмтэл үйлдвэрлэлтэй холбоогүй, ... ашиглалтын буруугаас болсон ...” гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “Мандал Алтай групп” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Гурван шүтээн” ХХК-иас Тойо тайрис брендийн 285/50R размерын 4 ширхэг дугуйг нэг бүрийг нь 620,000 төгрөгөөр нийт 2,480,000 төгрөгөөр худалдан авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсч, дуусгавар болсон байна. /хх-41-42 дугаар хуудас/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “худалдагч талыг худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанарын талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөх үүргээ биелүүлээгүй, доголдолтой эд хөрөнгө худалдсан” гэж, хариуцагч нь “зориулалтыг тайлбарласан, өөрсдөө дугуйгаа сонгож зах зээлийн ханшаар худалдаж авсан, машинд дугуйг суурьлуулан хүлээлгэж өгсөн” гэж мэтгэлцдэг.

            Зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлгээс харахад маргааны зүйл болох дугуйг гэрч А.Энхтамир нь “Мандал Алтай групп” ХХК-ийн ажилтантай хамт 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр очиж худалдан авахдаа хэд хэдэн үнийн санал бүхий дугуйнаас сонгон авсан байдаг төдийгүй уг дугуйг хариуцагч компанийн ажилтан машинд суурилуулж байхдаа асфальтан зам дээр сайн зуурдаг дугуй гэж тайлбарлаж байжээ.

            Түүнчлэн нэхэмжлэгч компани нь дугуйг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдан авснаас хойш хот дотор зориулалтын дагуу ашиглаж байгаад мөн сарын 22-ны өдөр орон нутгийн замд явж байхдаа 3 ширхэг дугуй нь хагарсан байдаг.

            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” мөн зүйлийн 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой эд хөрөнгө худалдсан гэх боловч талууд эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулахдаа түүний чанарын талаар заагаагүй, нэхэмжлэгч тал дугуйг өөрсдөө сонгон авсан байх тул худалдсан эд хөрөнгө буюу дугуйг биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Тойо Тай Рус ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн албан бичгээс харахад дугуйны гэмтэл нь үйлдвэрлэлийн эвдрэлтэй холбоогүй гэж үзсэн байна. /хх-22-26 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасны дагуу шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгч “Мандал Алтай групп” ХХК-ийн, “Гурван шүтээн” ХХК-д холбогдуулан гаргасан биет байдлын доголдолтой Тойо тайрис 285/50R маркийн дөрвөн улирлын 3 ширхэг дугуйг шинэ дугуйгаар солих, эсвэл дугуйны үнэ болох 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Мандал Алтай групп” ХХК-ийн, “Гурван шүтээн” ХХК-д холбогдуулан гаргасан биет байдлын доголдолтой Тойо тайрис 285/50R маркийн дөрвөн улирлын 3 ширхэг дугуйг шинэ дугуйгаар солих, эсвэл дугуйны үнэ болох 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД