| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0292/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/306 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/306
2020 08 07 2020/ШЦТ/306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг, Н.Эрдэнэбилэг,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанзаяа, түүний өмгөөлөгч Н.Баяр,
хохирогч Ш.Өнөжаргал, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн,
шинжээч Д.Батсайхан,
иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Г.Н холбогдох эрүүгийн 1934006130375 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овгийн Г.Н
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төв аймгийн Сэргэлэн сумын Долоон гэх газар 58-77 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалт болох 3.7 А тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 11 дүгээр бүлгийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх хориглосон заалтуудыг зөрчсөний улмаас Д.Даариймаагийн жолоодож явсан 62-25 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Д.Даариймаагийн амь насыг хохироож, Ш.Өнөржаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Н:
...2019 оны 07 дугаар сарын 26-нд 19:30 цагийн үед осол болсон. Хөшигтийн хөндий гэх хонхорхой газар болсон. Явж байтал гэнэт цагаан машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тоормоз гишгээд зогссон. Талийгаач охин руугаа ярих боломжгүй байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээч нар 21:30 минутад ирсэн. Дуудлагын цагдаа нар 19:50 минутад ирсэн байсан. Түргэний тэрэг маш удаан ирсэн. 21:30 минутад ирсэн. Дуудлага өгөх боломжгүй сүлжээ байгаагүй. Хажуугаар явж өнгөрсөн машины жолооч нар сүлжээ орохоор дуудлага өгье гэсэн. Дуудлагын цагдаа ирээд талийгаачаас охиных нь дугаарыг авсан. Уулын орой дээр гарч ярьсан. Ээж чинь аваарт орчихлоо Төв аймгийн эмнэлэг дээр ирээрэй гээд ярьсан. Бид хэд нэг поргонд бүгд чихэгдэж явсан. Талийгаач Дариймаа тэр үед ухаантай байсан. Охин луу минь залгаад өгөөч гэхэд би залгаж өгсөн нэгж хүрэлцэхгүй байна гэсэн. Төд удалгүй талийгаачийн ар гэрээс нь хүүхдүүд нь хар машинтай ирсэн. Бид хэд араас нь гэмтэл явсан. Охин нь ,хүргэн нь, бас нэг ач хүү нь байсан. Өө юу болсон бэ, яасан, намайг чи гайгүй юу гэсэн. Тэгээд танай ээж зүгээр үү гэсэн зүгээр ээ гэсэн. Манай ээж зүгээр нүхэнд амьтан байхаар нь эсрэг урсгал руу дараад чамтай мөргөлдсөн байна лээ гэж ярьсан. Өнөжаргалийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ариунболдод хөнгөн, нэг хүний амь нас хохирсон... гэж
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанзаяа:
...07 дугаар сарын 26-ны оройны 21:30 минутад би усанд орж байсан болохоор ээжийн дуудлагыг сонсоогүй. Гарч ирээд дуудлага ирсэн байхаар нь би 21:40 минутад ээж рүүгээ залгасан. Ээж дуу нь сулхан “ээж нь аваарт орсон” гэж хэлсэн. Хаана байгаа юм бэ гэсэн “Төв аймаг” гээд тасалсан. Нөхөртэйгөө хамт хүү рүүгээ хэлсэн. Хүүтэйгээ нисэх дээр уулзаад Төв аймаг руу явсан. Цаг орчим явсан байх. Төв аймагт ирээд зөрөөд явчаагүй байгаа гээд эмнэлэг дээр ирэхэд дөнгөж сая түргэний машинтай гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан гэсэн. Гэмтлийн эмнэлэгт ирээд яаралтай рентгенд харна гээд эмч нар нь сандралдаад рентгенд хараад, хохирогч Өнөжаргал бас түшүүлчихсэн ухаангүй шахуу ирсэн. Ээж минь тэр үед ухаантай байсан. Рентгенд харсан. Тэгээд эмч нарын амыг харсан хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Рентгенд харахад хэвлий дотор битүү цус хуралттай байна яаралтай хагалгаанд орохоос өөр аргагүй хүлээн зөвшөөрч байна уу гэхэд нь би оруулна гээд оруулсан. Хагалгаанд орох хугацаанд Н байсан. Хамт явж байсан ах гээд хөгшиндүү настай ах, ахиад нэг эмэгтэй хүн байсан. Бид нараас байцаагч ирээд газар дээр нь мэдээлэл авсан гэж хэлж байсан. Хагалгаанд шөнийн 3 цагт оруулаад өглөө болоход гарч ирсэн. Хагалгааны эмч намайг тусдаа өрөөнд дуудсан. Бид нар чадах бүхнээ хийлээ. Амьдарна гэсэн 100 хувь итгэлтэй битгий байгаарай гэж надад хэлсэн. Хэвлий дотор бүдүүн гэдэс нь хөвөөд яваад байгаа СД нь надад байгаа. Залгах боломжгүй учраас гэдсээр нь гуурс гаргаад баас шээс бүх юм нь тэрүүгээрээ гарна, битүү цус алдалттай учраас бид нар хаанаас цус алдаж байгааг тогтоох боломжгүй учраас амьд гарна гэдэгт итгэлгүй байна, ухаан орох хэрэгтэй байна. Өглөө гэхэд ухаан орчвол бид нар сэхээний тасгаас авах арга хэмжээ авна гэж хэлсэн. 100 хувь битгий итгээрэй гэж хэлсэн. Тэр өдөртөө бүтэн ухаан ороогүй. 2 дох өдрийн хэсэг хугацаанд ухаан ороод нөгөө машины хүмүүс яасан гэж надад хэлсэн. Эмч нар сандралдаж ирээд ухаан орлоо гээд рентгенд оруулсан. Тэр өдөр энэний ах нь байсан. Яаж байна гээд ирэхээр нь ухаан ороогүй байна гэж хэлсэн. Ах нь ойлгож байна. Танай ээж ухаан орчихвол болно гээд платны гадаа явж байсан. Тэрний маргааш өглөө нь миний ээж ухаан орохгүй байсаар байгаад оройны 22 цагт зүрх нь зогслоо гээд би өөрөө ухаан алдсан болохоор цагийг нь мэдэж чадаагүй. Эдний ах нь өглөө манай нөхөр лүү утсаар ярьсан. Танай хүн яаж байна гэхээр нь ээж минь өнгөрчихлөө гэсэн утсаа тасалсан. Нэг ч удаа харамслаа илэрхийлээгүй. Надад юу ч хэлээгүй. Үхэхийг нь хүлээж байсан юм шиг. Эмнэлэг дээр яваад байсан байж бурхан боллоо гэсэн нэг ч удаа яриагүй. 8 сарын дараа над руу ярьсан. Надад бичлэг нь байгаа. Тантай уулзах хэрэгтэй байна гэхээр нь ямар хэргээр юм гэхэд би 20 саяыг төлж чадахгүй гэж хэлсэн бичлэг нь байгаа. Би энэ хүнээс зөвхөн машины бодит үнэлгээ 9 сая 500 мянган төгрөг, оршуулгын зардал нийлээд 19 сая төгрөг л нэхэмжилсэн. Бүтэн жил наашаа цаашаа явсан бензины мөнгө, сэтгэл санааны, амь насны хохирол, би чамаас юу ч нэхэмжлээгүй. Яагаад харамсал илэрхийлэхгүй байгаа юм. Миний ээж 1952 онд Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн Дундговийн уугуул хүн. Бүтэн 40, 50 жил урлагт амь амьдралаа зориулсан, эрүүл саруул хүн. Эрүүл саруул олон шавь нартай урлагт бүх насаараа ажилласан хүн. 2020 оны 7 сарын 6-ны орой над руу мессеж бичсэн. Би тань руу 7 саяыг шилжүүллээ. Өмгөөлөгч намайг битгий ярь гэсээр байгаад байдлыг хүндрүүлчихлээ гэж бичсэн мессеж байгаа. Би шүүх хурлын өмнө төлсөн болж байгаа юм байхдаа гэж бодсон. Би хүн чамаас зөвхөн харамсал илэрхийлчих гэж, миний ээжийн үхэл харамсалтай байна, надад гомдол харуусал илэрхийлэх байх гэж бүтэн жил хүлээсэн. Миний ээж ухаан ороогүй байж байгаад нас барсан. Нэг удаа хэсэгхэн зуур ухаан орсон. Ямар ч эмнэлгийн эмч нарыг буруутгахааргүй, эмнэлэг даяаараа хөдөлсөн. Чи эмнэлэг дээр байсан. Бүх эмч нар хөдөлж байсан. Эмнэлэг даяараа тэр шөнийг зөвхөн манай ээжийн төлөө бүгд анхаарлаа хандуулсан. Надад харамсалтай байна. Би айлын ганц охин. Ээж минь надад хэрэгтэй. Миний амьдралын ганц түшиг тулгуур минь байсан. Энэ хүнийг харамсахгүй байгаад нь, өмгөөлөгч нар нь шалтаг шалтгаан хайж энэ хүний толгойг эргүүлж байгаад нь би өнөөдрийг хүртэл сэтгэлдээ гомдоод байна. Хохирол гэж төлөөд байгаа нь зөвхөн оршуулга, тээврийн зардал...
Шинжээч Д.Батсайхан:
...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 580 дугаартай дүгнэлтээ дэмжиж байна... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934006130375 дугаартай хэрэгт хохирогч Ш.Өнөжаргал /хх-ийн 50-51, 52 дугаар хуудас/, хохирогч Х.Баатарчулуун /хх-ийн 54-55 дугаар хуудас/, хохирогч Л.Сувд-Эрдэнэ /хх-ийн 57-58, 60 дугаар хуудас/, хохирогч Д.Ариунболд /хх-ийн 62-63 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Итгэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, хохирогч Д.Алтанзаяа /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 73 дугаар хуудас/, иргэний хариуцагч Л.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 75 дугаар хуудас/, гэрч Д.Багахүү /хх-ийн 76 дугаар хуудас/, гэрч Г.Н /хх-ийн 77 дугаар хуудас/, гэрч Л.Сувд-Эрдэнэ /хх-ийн 78 дугаар хуудас/, гэрч Д.Алтантуяа /хх-ийн 79 дүгээр хуудас/, шинжээч Э.Эрхэмбаяр /хх-ийн 102 дугаар хуудас/, яллагдагч Г.Н /хх-ийн 145-146, 147 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаартай дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-87 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4336 дугаартай дүгнэлт /хх-ийн 89-90 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 592 дугаартай дүнгэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 544 дугаартай дүгнэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 606 дугаартай дүгнэлт /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 597 дугаартай дүгнэлт /хх-ийн 100-101 дугаар хуудас/,
Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
“Хан Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19/71 дугаартай дүгнэлт /хх-ийн 116-123 дугаар хуудас/,
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14657940 дугаартай дүгнэлт /хх-ийн 125-129 дүгээр хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 580 дугаартай дүгнэлт /хх-ийн 236 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-19 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23 дугаар хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Итгэлийн хохирлын баримтууд /хх-ийн 25-30 дугаар хуудас/, хохирогч Ш.Өнөжаргалын хохирлын баримтууд /хх-ийн 31-48 дугаар хуудас/, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, хохирогч Д.Ариунболдын хохирлын баримтууд /хх-ийн 241-246 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 148-153 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримтын дүгнэлт:
Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Долоон гэх газар 58-77 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалт болох 3.7 А тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 11 дүгээр бүлгийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх хориглосон заалтуудыг зөрчсөний улмаас Д.Даариймаагийн жолоодож явсан 62-25 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Д.Даариймаагийн амь насыг хохирч, Ш.Өнөржаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Ш.Өнөжаргалын ...Төв аймгийн Сэргэлэн сум Долоон уул гэх газар өнгөрөөд явж байтал миний сууж байсан машин мөргөлдсөн юм. Би яг мөргөлдөж байх үеийг санахгүй байна. Жолоочийн хажууд сууж явсан хүн жолоочид зөөлөн яв гэж хэлэхийг санаж байна юу болсон талаар би бусдыг нь санахгүй байна... ...Осол болох үед хэдэн километр цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй байна. Намайг харахад лав 80-100 километр цагийн хурдтай явж байсан харагдсан... ...Миний зүүн талын гар хоёр хугарч баруун талын гар нэг хугарсан, шүд суларч хөдөлгөөн орсон, духан дээр оёдол тавиулсан, цээжний хэсэг хөхөрч хавдсан хэвлийг ЭХО-д харуулж амжаагүй байна. Мөн баруун талын зузаан гуя дотор дотор талаараа хөхөрч хавдсан байсан... ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардал сэтгэл санааны хохирлыг барагдуулмаар байна... /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
...миний зүүн талын гар хоёр хэсэг хугарсан, баруун талын гар 1хугарсан, нүүрний баруун талын яс хугаралтай, нүдний ухархайн яс цөмөрсөн бүх бие хөхөрсөн. Одоогийн байдлаар баруун талын нүдний хараа байхгүй болсон. 2020 оны 05 дугаар сард АНУ-аас эмч нар ирж нүдний хагалгаанд дахиж орно гэж эмч хэлж байсан... ...Би одоогийн байдлаар 7450000 төгрөг зарцуулсан үүнд замын зардал, эмчилгээний зардал, такси унаа, айлд байсан хөлс, гэх зүйлүүд орсон цаашид дахиж хагалгаанд орно. Мөн Дундговь аймаг Сайхан овоо суманд сургуулийн үйлчлэгч ажилтай байсан зам тээврийн ослын улмаас 2019 оны 07 дугаар сарын 26-ний өдрөөс ажилдаа явж чадахгүй сард 450000 төгрөг авдаг байсан энэ мөнгөнүүд зарцуулсан... ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардал 7450000 төгрөг болон цаашид гарах эмчилгээнд зарцуулах мөнгө, ажилгүй байгаа үеийнхээ цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжилж байна... /хх-ийн 52 дугаар хуудас/,
хохирогч Х.Баатарчулуунын ...Би 2019 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот явах гээд зарын дагуу 6535 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эхнэр Өнөржаргал, охин Хишигжаргалын хамт суусан юм. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын Долоон уул гэх газар өнгөрөөд явж байтал машин далбилзаад зам уруу хартал замын нүх хонхрыг тойрох гээд зүүн гар тийшээ дарж эсрэг урсгалд ороход өөдөөс машин ирээд мөргөсөн юм. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна... ...Би тээврийн хэрэгслийн жолоочийн ард талын суудал дээр сууж явсан... ...Би хамгаалах бүс зүүгээгүй, жолоочийг хамгаалах бүс зүүснийг мэдэхгүй байна... ...Жолооч 60-80 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна... ...миний мөр мултарсан, зөөлөн эдийн гэмтэл авсан, толгой өвдөж байна... ...би гомдолтой байна... /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
хохирогч Л.Сувд-Эрдэнийн ...Би 2019 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Улаанбаатар хот Нарантуул захаас Дундговь аймаг руу нөхөр Г.Н хамт 4 том хүн нэг хүүхэд аваад Дундговь аймаг руу явсан юм. Төв аймаг Сэргэлэн сум Долоон уул гэх газарт явж байсан чинь өөдөөс цагаан өнгийн машин урсгал сөрөөд ороод ирсэн юм. Тэгээд жолооч тоормос гишгээд машины урдаас ирж мөргөсөн... ...Би тээврийн хэрэгслийн ард талын голын суудал дээр зорчиж явсан... ...Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... ...Тухайн тээврийн хэрэгсэл нь 70-80 км цагийн хурдтай явж байсан... ...Би сэтгэл санаа, цаг зав, бие махбодоороо хохирсон учир гомдолтой байна. Эмчилгээний зардалд зарцуулах мөнгийг нэхэмжилж байна... /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
...6235 УБЯ тээврийн хэрэгслийн жолооч Д.Даариймаа нь нас барсан учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 60 дугаар хуудас/,
хохирогч Д.Ариунболдын ...Улаанбаатар хот руу явах зам их эвдрэлтэй байсан талийгаач Д.Даариймаа замын эвдрэлийг тойрохыг нь тойроод явж байсан өөрийнх нь тэрэг их намхан байсан болохоор тойрч явж байсан. Тэгээд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Долоон уул гэх газар засмал зам дээр явж байтал засмал замын эвдрэлийг тойроод эсрэг урсгалд ороод буцаад өөрийн урсгалд орох үед өөдөөс машин ирж мөргөсөн тэгээд цааш юу болсон талаар мэдэхгүй байна... ...Би өөдөөс машин байхыг хараагүй цонхоор харж яваад зам уруу хартал өөдөөс гэрэл тусаад хүүе гэхийн завдалгүй мөргөлдсөн... ...Үгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Дараа нь бас тоглолттой байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх шаардлагагүй байсан... ...Би тэр үед хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна... ...Би эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилж байна... ...хавирга хугарсан, биеийн зөөлөн эд үүд, нуруу гуя гээд эрхтэн гүүд хөхөрсөн одоо хүзүү эгэмний хэсгүүд хөндүүрлэж толгой дагзаар өвдөж байна... ...Би Даариймааг ядарч байгаа болов уу гэж бодоод замд би машин барих уу гэж асуутал яах юм бэ би руль сольж барьдаггүй гэж хэлж байсан... /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Итгэлтын ...Би 2019 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Улаанбаатар хот БЗД-ийн 7-р хороо 1-р байранд гэртээ байсан... ...Над руу 2019 оны 07 дугаар сарын 25-ний орой 21 цаг 39 минутад фесбүүк чатаар эмээ нь маргааш өглөө очно майхан хэрэг болно миний хүүгийн майхан байгаа биз дээ машинаа авсан уу гэж чат бичсэн тэгээд холбоо барихгүй байж байгаад 2019 оны орой 22 цагийн үед манай ээж Алтанзаяа надруу эмээ нь аваарт орчихлоо Төв аймаг явъя гээд Төв аймаг уруу явсан юм... ...Манай эмээ Долгорын Даариймаа нь Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд сэхээнд ухаангүй байгаа... ...6235 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Долгорын Даариймаагийн нэр дээр байдаг юм... /хх-ийн 66 дугаар хуудас/,
хохирогч Д.Алтанзаяагийн ...Намайг 2019 оны 07 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минутад манай ээж Д.Дариймаа миний утас уруу залгасан байсан тэгээд 21 цаг 40 минутад утас уруу нь залгатал ээжийн дуу нь гарахгүй ээж нь аваарт орчихлоо гээд уйлаад байсан тэгээд хаана байгаа юм бэ? гээд асуутал Төв аймгийн зам дээр байна гэж хэлээд утасаа тасалсан. Тэгээд би нөхөртэйгөө цуг Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд асуутал Улаанбаатар хот уруу түргэний машинтай явсан гэж хэлсэн тэгээд Улаанбаатар хотын ГССҮТ-рүү буцаж явсан. Улаанбаатар хот ГССҮТ-д очтол яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэж хэлээд хагалгаанд орсон. Тэгээд хагалгаанд орсон эмчтэй нь уулзтал маш хүнд хагалгаанд орлоо, ухаан орох юм бол сэхээний тасгаас өөр тасагт шилжүүлнэ тэгэхээр уулзах боломжтой ухаан орохыг хүлээж байна гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар 29-ны өдөр оройны 22 цагийн үед нас барсан. Би ээжийгээ 3 өдөр сахиж хэвтсэн. Манай ээж д.Дариймаа нь надад хэлэхдээ зорчиж явсан хүмүүсийн биеийн байдлыг асуугаад өөдөөс ирсэн машин чигээрээ явах юм байх гэж бодсон чинь надруу дарчихдаг юм даа гэж сулхан хэлж байсан. Бас машины ард мах байсан яасан юм бол гэж асууж байсан... ...Их олон жил тээврийн хэрэгсэл барьж байна. 1998 оноос хойш жолоо барьж байгаа байх... ...Би гомдолтой байна. Талийгаачийг нас барснаас хойш Forester маркийн тээврийн хэрэгслийн жолооч надтай ерөөсөө холбогдоогүй, мөн манай ээж Д.Дариймаа нь настай хүн тээврийн хэрэгсэлтэй хурд хэтрүүлж явах хүн биш. Мөн 110 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би хавтаст хэрэгт оршуулганд зарцуулсан баримтуудыг өгсөн нийт 20000000 /хорин сая төгрөг нэхэмжилж байна... ...Ээжийн машинд зорчиж явсан Өнөжаргалд тус болох зорилгоор эмчилгээ хагалгаандаа хэрэглээрэй гээд нэг сая төгрөг өгсөн. Мөн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнийн ...Хүргэн Г.Н манай дүү охин Сувд-Эрдэнэтэй хамтран амьдардаг юм. Миний дүү Сувд-Эрдэнэ эмнэлгийн хяналтад байдаг учраас байнгын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг. Хотод эмнэлгээр явах ажил гараад хоёр дүү минь машингүй тул 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр машинаа өгч явуулсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр машинтай явж байгаад зам тээврийн осолд орсон гэж сонссон юм... ...Миний нэр дээр байдаг юм... ...Би 2013 онд 7000000 төгрөгөөр авч байсан... ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 73 дугаар хуудас/,
иргэний хариуцагч Л.Мөнх-Эрдэнийн ...Хүргэн Г.Н манай дүү охин Сувд-Эрдэнэтэй хамтран амьдардаг юм. Миний дүү Сувд-Эрдэнэ эмнэлгийн хяналтад байдаг учраас байнгын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг. Хотод эмнэлгээр явах ажил гараад хоёр дүү минь машингүй тул 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр машинаа өгч явуулсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр машинтай явж байгаад зам тээврийн осолд орсон гэж сонссон юм... ...Миний нэр дээр байдаг юм... ...Би 2013 онд 7000000 төгрөгөөр авч байсан юм... /хх-ийн 75 дугаар хуудас/,
гэрч Д.Багахүүгийн ...Төв аймаг Сэргэлэн сум Долоон уул орох замд гэнэт урсгал сөрөөд машин орж ирээд мөргөлдсөн юм. Өөдөөс ирсэн машин замын хонхорхой хэсгийг тойроод баруун дархад машин зүүн тал уруу мөргөсөн байсан тэгээд би хэсэгхэн ухаан алдаж эхнэр Алтантуяа хүүхдээ аваарай гэж хашхирахад ухаан орж сэрсэн. Тэгээд босож хүүхдээ аваад буух гэтэл миний сууж байсан талын хаалгаа онгойж өгөхгүй ард талын хаалгаар гарсан юм... ...үгүй байхаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж мэдэгдээгүй... ...Жолооч бид хоёр хамгаалах бүс зүүж осол гарсны дараа хамгаалах бүсээ тайлж чадахгүй байсан... ...Жолооч хэдэн километр цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна... ...Бөөр доргисон байж магадгүй жоохон өвдөж байна... /хх-ийн 76 дугаар хуудас/,
гэрч Л.Сувд-Эрдэнийн ...Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Нарантуул захаас нөхөр Н хамт Дундговь аймаг явах гээд 4 том хүн нэг хүүхэд аваад Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд Төв аймаг Сэргэлэн сум Долоон уул орох гээд явж байтал урсгал сөрөөд өөдөөс машин орж ирсэн тэгээд мөргөлдсөн юм. Тэгээд би хамгийн түрүүнд машинаас гарч хүмүүсийг буулгасан юм... ...Үгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй... ...Би тээврийн хэрэгслийн ард талын голд сууж явсан... ...Би хамгаалах бүс зүүгээгүй байсан... ...Жолооч хэдэн километр цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй байна. Ойролцоогоор 70-80 километр цагийн хурдтай явж байсан юм... /хх-ийн 78 дугаар хуудас/,
гэрч Д.Алтантуяагийн ...Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Нарантуул захаас нөхөр Багахүү, хүү Энхболд нарын хамтаар Дундговь аймаг явах гээд Дундговь аймаг явах 5877 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан юм. Намайг суухад 4 том хүн байсан. Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шөнө нойргүй хоносон тухайн үед унтаж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна тас хийсэн чимээгээр чимээгээр сэрж машин мөргөлдсөн гэдгийг мэдэж байна... ...Би тээврийн хэрэгслийн ар талын жолоочийн арын суудал дээр зорчиж явсан... ...Би хамгаалах бүс зүүгээгүй байсан... ...Би унтаж байсан болохоор тэр талаар мэдэхгүй байна... /хх-ийн 79 дүгээр хуудас/,
шинжээч Э.Эрхэмбаярын ...Тиймээ би 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 597 дугаартай дүгнэлтийг гаргасан... ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж байгаа тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ...Уг гэмтлийг авснаас хойш 14 хоногийн дотор ясны бороо үүсч эдгэрэх боломжтой... /хх-ийн 102 дугаар хуудас/,
яллагдагч Г.Н ...Би энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй байна... ...Би Замын цагдаагийн шинжээчийн 1, болон 3 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би 2019 оны 07 дугаар сарын 26-ний орой 19 цаг 30 минутаас 19 цаг 50 минутын орчимд Улаанбаатар хотоос Дундговь аймаг уруу чиглэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндий гэх газарт машин жолоодоод явж байсан. Би 70-80 километр цагийн хурдтай явж байхад миний эсрэг урсгалаас цагаан өнгийн машин эсрэг урсгалаар явж байгаад гэнэт миний явж байсан урсгал уруу сөрж орж ирээд миний машины зүүн урд талаас мөргөсөн. Би өөдөөс урсгал сөрөхөөр нь тоормос гишгэсэн боловч нөгөө машин өөдөөс ирээд мөргөсөн... ...Яах ийхийн зуургүй л өөдөөс ирээд мөргөчихсөн би тоормос гишгэсэн, тоормосны мөр 3-4 орчим метр зам дээр гарсан байсан. Би өөрийнхөө машины хурдыг яаж мэдээд байгаа вэ гэхээр манай эхнэр зүрх, уушгины хүнд өвчтэй учир би хурдыг дүрмийн дагуу барьж явдаг юм.Өөдөөс ирж байгаа машиныг хараад би жолоогоо зайлуулж дарсан болон эсрэг урсгал уруу орсон эсэхээ санахгүй байна, осол яах ийхийн зуургүй маш хурдан хугацаанд болж өнгөрсөн юм... ...Би дахин Улаанбаатар хотын тээврийн цагдаагийн албаны шинжээч нараар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна... /хх-ийн 147 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 115 дугаартай ...Д.Даариймаагийн биед бүдүүн гэдэсний урагдал, чацархайн урагдал, дотор эрхтний холбоосны няцрал, биед зулгаралт, цус хуралт бүхий цээж, хэвлийн эрхтний битүү гэмтлийн улмаас нас барсан... талаарх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 81-87 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн гарын дардас нь шинжилгээнд тэнцсэн... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 4336 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 60760319 серийн дугаартай хуруу шилтэй Г.Н гэх цусанд спиртийн агууламж илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 89-90 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 592 дугаартай ...Ш.Өнөржаргалын биед суурь яс, баруун зүүн нүдний ухархайн дээд хана, дух ясны хугарал, баруун зүүн атгаал ясны далд хугарал, духанд шарх, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүнгэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 544 дугаартай ...Л.Сувд-Эрдэнийн биед зүүн гуянд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 606 дугаартай ...Х.Баатарчулууны биед баруун мөрөнд зулгаралт бүхий гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 597 дугаартай ...Д.Ариунболдын биед баруун 4-р хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учирсан ... талаарх дүгнэлт /хх-ийн 100-101 дугаар хуудас/,
Замын цагдаагийн газрын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 91 дугаартай ...62-35 УБЯ улсын дугаартай TOYOTA AQUA маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Долгор овогтой Даариймаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн...
...58-77 ДУЭ улсын дугаартай SUBARU FORESTER маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Г овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) мөн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн 23.9 “Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан... талаарх дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/
Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 110 дугаартай ...хэрэгт танилцсан материалтай танилцахад 58-77 ДУЭ улсын дугаартай SUBARU FORESTER маркийн тээврийн хэрэгслийн Гантуяа овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
“Хан Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19/71 дугаартай ...Л.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн 58-77 ДУЭ улсын дугаартай SUBARU FORESTER маркийн тээврийн хэрэгслийг 5281000 /таван сая хоёр зуун наян нэгэн мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 116-123 дугаар хуудас/,
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 14657940 дугаартай ...Д.Дариймаагийн эзэмшлийн 62-35 УБЯ улсын дугаартай TOYOTA AQUA маркийн тээврийн хэрэгслийг 1971000 /нэг сая есөн зуун далан нэгэн мянга/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 125-129 дүгээр хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 580 дугаартай ...Жолооч Г.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. /а/ дахь заалт “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг, 11 дүгээр бүлгийн 11.3 дах заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, 23 дугаар бүлгийн 23.9, /а/ дахь заалт “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч, /12 нас хүртэлх хүүхэд гэсэн тайлбар хасагдсан/,” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Жолооч Д.Даариймаа нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 236 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-19 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-23 дугаар хуудас/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Итгэлийн хохирлын баримтууд /хх-ийн 25-30 дугаар хуудас/, хохирогч Ш.Өнөжаргалын хохирлын баримтууд /хх-ийн 31-48 дугаар хуудас/, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, хохирогч Д.Ариунболдын хохирлын баримтууд /хх-ийн 241-246 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 148-153 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Н нь “SUBARU FORESTER” маркийн 58-77 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалт болох 3.7 А тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 11 дүгээр бүлгийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх хориглосон заалтуудыг зөрчсөний улмаас Д.Даариймаагийн жолоодож явсан “AQUA” маркийн 62-25 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Д.Даариймаагийн амь нас хохирч, Ш.Өнөржаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ.
Тэрээр энэхүү өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгсэлтэйгээ эсрэг урсгал руу орж байгаа үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, хүний амь нас хохирох, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон хөнгөмсөгөөр найдсаны улмаас хохирол, хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд учруулсан хүнд хохирол нь шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэйгээ эсрэг урсгал руу хөнгөмсөгөөр найдан орсон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн тухайн гэмт хэргийн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Г.Н нь мөрдөн байцаалтын шатанд маргаж байсан хэдий ч гэм буруутай болох нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүдээр,
мөн шинжээчийн дүгнэлтүүд, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Итгэлийн хохирлын баримтууд, хохирогч Ш.Өнөжаргалын хохирлын баримтууд, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, хохирогч Д.Ариунболдын хохирлын баримтууд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч Г.Н Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Н болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Д.Даариймаагийн амь нас хохирч, Ш.Өнөжаргалын эрүүл мэндэд хүнд, Д.Ариунболд, Л.Сувд-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, амь хохирогч Д.Дариймаа, иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнэ нарын эд хөрөнгөд хохирол, тус тус учирсан байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанзаяа нь оршуулгын зардал 10.489.785 /арван сая дөрвөн зуун наян есөн мянга долоон зуун наян тав/ төгрөг, эд хөрөнгийн хохирол 9.496.000 /есөн сая дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөг, бүгд 19.985.785 /арван есөн сая есөн зуун наян таван мянга долоон зуун наян тав/ төгрөг, хохирогч Ш.Өнөжаргал нь эмчилгээний зардал 3.747.969 /гурван сая долоон зуун дөчин долоон мянга есөн зуун жаран ес/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.731.000 /нэг сая долоон зуун гучин нэгэн мянга/ төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн зардал 742.756 /долоон дөчин хоёр мянга долоон тавин зургаа/ төгрөг, бүгд 6.221.725 /зургаан сая хоёр зуун хорин нэгэн мянга долоон зуун хорин тав/ төгрөг, хохирогч Д.Ариунболд нь эмчилгээний зардал 965.000 /есөн зуун жаран таван мянга/ төгрөг, нийт 26.950.510 /хорин зургаан сая есөн зуун тавин мянга таван зуун арав/ төгрөг нэхэмжилжээ.
Үүнээс шүүгдэгч Г.Н нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанзаяад 7.000.000 /долоон сая/ төгрөг, хохирогч Ш.Өнөжаргалд 2.050.000 /хоёр сая/ төгрөг, хохирогч Д.Ариунболдод 965.000 /есөн зуун жаран таван мянга/ төгрөг, нийт 10.015.000 /арван сая арван таван мянга/ төгрөг тус тус төлсөн байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Г.Н гэм буруутайд тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанзаяад үлдэх 12.985.785 /арван хоёр сая есөн зуун наян таван мянга долоон зуун наян тав/ төгрөгийг, хохирогч Ш.Өнөжаргалд үлдэх 4.171.725 /дөрвөн сая нэг зуун далан нэгэн мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг, нийт 17.157.510 /арван долоон сая нэг зуун тавин долоон мянга таван зуун арав/ төгрөгийг шүүгдэгч Г.Н гаргуулахаар шийдвэрлэсэн.
Гэтэл шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан үлдэх хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоног буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ны 12 цаг 00 минут хүртлэх хугацаагаар завсарлуулсан тухай шийдвэр гаргасан.
Шүүгдэгч Г.Н нь шүүх хуралдааныг завсарлуулсан ажлын 5 /тав/ хоногийн хугацаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтанзаяад 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг, хохирогч Ш.Өнөжаргалд 4.172.000 /дөрвөн сая нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийг тус тус төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байна.
Харин хохирогч Л.Сувд-Эрдэнэ нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хавтас хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан хохирогч Л.Сувд-Эрдэнээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, тайлбараар, иргэнийн нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнэ нь эд хөрөнгийн хохирол болох 5.281.000 /таван сая хоёр зуун наян нэгэн мянга/ төгрөг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болох түүний мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн иргэний хариуцагч Л.Мөнх-Эрдэнээс гаргуулах хохирол төлбөргүй болно.
Иймд шүүгдэгч Г.Н энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх ба түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Н хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Г.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба гурав /3/ жилийн хугацаагаар эрх хассан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн 1934006130375 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Л.Сувд-Эрдэнэ, Д.Ариунболд, иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнэ нар нь шүүгдэгч Г.Н гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2.,36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Г.Н замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Н шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Н хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1934006130375 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Сувд-Эрдэнэ, Д.Ариунболд, иргэний нэхэмжлэгч Л.Мөнх-Эрдэнэ нар нь шүүгдэгч Г.Н гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Г.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Г.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН