Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2023/0039

 

 

 

 

 

 

 

Р.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Р.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,

Нэхэмжлэгч Р.О

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга

Гуравдагч этгээд М.Б, И.Т

Нэхэмжлэлийн шаардлага: “М.Бын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000598429 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг, “Улаан зуух” гэх газар байршилтай малын хашааны 371,2 м.кв талбайг оролцуулан 700 м.кв газрыг Р.Од эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э,

Хариуцагч Н.Х,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 110/2022/0036/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.О нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан “М.Бын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000598429 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг, “Улаан зуух” гэх газар байршилтай малын хашааны 371,2 м.кв талбайг оролцуулан 700 м.кв газрыг Р.Од эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийдвэрээр:

2.1. “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.О-ийн “И.Ты 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0068118 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 29 дүгээр зүйлийн 29.1, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, М.Бын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000598429 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг, “Улаан зуух” гэх газарт байршилтай малын хашааны 185,6 м.кв талбайтай хэсгийг оролцуулан 700 м.кв газрыг Р.Од эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох ““Улаан зуух" гэх газарт байршилтай малын хашааны үлдсэн 185,6 м.кв талбайтай хэсгийг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Р.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх талаар сумын Засаг даргын захирамж, багийн Иргэдийн хурлын тогтоол иргэн И.Тд 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хууль бусаар бичиж өгсөн 000598429 дугаартай газар эзэмших газрын гэрчилгээг хүчингүй болгож, Улаан зуух гэх газар байршилтай өвөлжөөний газрыг иргэн надад эзэмшүүлэхгүй байгаа Буянт сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, И.Ты 0068118, М.Бын 000598429 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож Улаан зуух гэх байршилтай өвөлжөөний газрыг нэхэмжлэгч Р.От эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан юм.

3.2. Дээрх байршилд байгаа нэгдлийн хашаа, хороог тухайн үед 8 хүнд хувьчлалаар өгсөн ба эдгээрээс 6 хүн нас барсан болон өөр улс руу шилжээд явсан байдаг. Харин иргэн И.Т нь Судгийн үзүүр гэх газар Буянт сумын Засаг даргын 1997 оны 16 тоот захирамж нь хуурамч буюу гэрээний “Зарим заалтыг хариуцуулах тухай захирамж” байсан болох нь Аймгийн Засаг дарга Х.Бауржанаас ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1-01/116 тоотоор нотлогддог. Мөн Буян сумын Засаг даргын 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийдвэрээр мөн сумын иргэн М.Бад Улаан зуух гэх газар эзэмшүүлсэн нь хуурамч болох нь тогтоогдсон. Иймд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000598429 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлогдох болно.

3.3. Иргэн И.Т, М.Б нарт Буянт сумын 1 дүгээр багаас хоёр өөр газраас өвөлжөөний газар эзэмшүүлсэн гэх Засаг даргын шийдвэрүүд аль аль нь хуурамч үндэслэлтэй байсан тул миний хувьд хүний мөс чанар гаргаж нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагаас татгалзаад зөвхөн “Улаан зуух” хэмээх газраас өвөлжөө эзэмшихээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг буруугаар ашиглаж, дээрх байршилд давхцуулсан М.Бтай хамт газар эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус гэж үзэж эс хүлээн зөвшөөрч байна.

3.4. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Буян сумын Засаг даргын 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай шийдвэр илт хууль бус болох нь тогтоогдож байхад шийдвэр байхгүй байгаад иргэнийг буруутгах үндэслэлгүй ... шийдвэр одоо байхгүй байгаа нь тухайн үед уг шийдвэр гараагүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэж байна.

3.5. 1994 онд Буянт сумын Нармандах нэгдлийн өмч хувьчлалаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай Улаан зуух, Судгийн үзүүр гэх хоёр өөр байршилтай газарт байрлах модон дээвэртэй, чулуун хоёр хашааг Р.О нарын 8 хүнд эзэмшүүлсэн. Тэдгээрээс одоо Р.О, И.Т нар амьд сэрүүн байна. Харин энэ хоёр хашаанд хувьцаа нь ороогүй М.Б гэгчид хувьцаа нь ороогүй байхад Улаан зуухын чулуун хашааг надтай хамт хувааж эзэмшүүлж байгааг хууль ёсонд нийцэхгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтуудыг буруу зөрүүтэй үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт заагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0060 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, Улаан зуух гэх газар байршилтай модон дээвэртэй чулуун хашааг надад эзэмшүүлж, уг газар 700 м.кв газар олгож, гэрчилгээжүүлж өгөхийг хүсэж байна” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. ... “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ М.Бад “Улаан зуух”-д байгаа өвөлжөөний газарт 000598429 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй эсэхийг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1-01/116 дугаартай албан бичгээр хариу авсан үедээ мэдсэн хэмээн худлаа мэдүүлсэн бөгөөд Сум дундын шүүх хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Буянт сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлаар “Улаан зуухны” өвөлжөөний хашаа, хороо байршиж буй газрын довын цаад тал болох “Улаан зуухны амны хангал” гэдэг газрыг Р.От эзэмшүүлэх тухай тогтоол гарсаныг олж мэдээд тухайн үед аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Буянт сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “7” дугаар тогтоолын Р.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар шүүх бодит байдлыг тал бүрээс нь судалсаны эцэст 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШШ2018/0032 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг бөгөөд тухайн үед М.Б “Улаан зуух” 000598429 дугаартай эзэмшлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгч байсан. Тухайн үед нэхэмжлэгч Р.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О нар нэг бүрчлэн хавтаст хэрэгтэй танилцаж “Улаан зуух”-ын эзэмшлийн 000598429 дугаар бүхий гэрчилгээтэй эсэхийг 5 жилийн өмнө мэдсэн мөртлөө гомдол гаргаагүй эсэхийг шүүх буруу дүгнэж шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

4.2. Мөн нэхэмжлэгч 1994 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 25 дугаартай хашаа хороо эзэмшүүлсэн гэрчилгээнд М, Т, Т, Ж, Х Н, Р, О нарын нэр байгаа бөгөөд одоогоор амьд сэрүүн Т бид хоёроос өөр хүн байхгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд шүүх 25 дугаар гэрчилгээнд байгаа иргэдийн талаар ямар нэгэн бодит байдлыг тогтоогоогүй зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан зүйлээр л дүгнэлт гаргаж хэргийн бодит байдлыг тал бүрээс нь судлаагүй.

4.3. Учир нь гуравдагч этгээд И.Т, М.Б нар нь 25 дугаар гэрчилгээнд нэрс нь байгаа иргэдэд ногдох хувьцааг нь өгсөн байгаа хэмээн тайлбарласаар байхад Т, Ж, Х, Н нарын хэн алины хамаарал бүхий хүмүүсээс шүүх тодруулахгүйгээр шийдвэр гаргаж газрыг М.Б, Р.О нарт хоёр хувааж шийдвэр гаргасан нь буруу байна.

4.4. Т, Ж, Х, Н нарт ногдох хувьцааг нь төлсөн байсан учраас төлөгдсөн хэмжээний газрыг М.Б эзэмших ёстой байсан энэ талаар шүүх бодит байдлыг тогтоохгүйгээр шууд нэхэмжлэгчийн амыг нь дагаж шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

4.5. Мөн Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Р.О нэхэмжлэл гаргах хугацааг 5 жилээр хэтэрүүлсэн байгаа гомдлыг шүүхийн журмаар авч хэлэлцэж байгаа нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ноцтой зөрчсөн асуудал болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0060 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

5. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Р.О нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдуулан “М.Бын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000598429 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг, “Улаан зуух” гэх газар байршилтай малын хашааны 371,2 м.кв талбайг оролцуулан 700 м.кв газрыг Р.Од эзэмшүүлэх шийдвэр гаргахыг тус тус хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Баян-Өлгий аймгийн Буянт сумын Нармандах нэгдлийн захирлын 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Хашаа, хороо эзэмшүүлэх” 25 дугаар гэрчилгээгээр тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрийн “Улаан зуух” нэртэй газарт байрлах малын саравчтай чулуун хашаа 1, “Судгийн үзүүр” нэртэй газарт байрлах малын саравчтай чулуун хашаа 1, нийт 2 хашааг 24000 төгрөгөөр үнэлж М, Т, Т, Ж, К, Н, Р, Р.О нарын 8 хүнд дундаа эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.3. Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг үндэслэн М-ы Б-д “Улаан зуух” өтөг хаягт байрлах 700 м.кв газрыг өвөлжөө, хашаа байшин барих зориулалтаар 45 жилийн хугацаатайгаар, мөн сумын Засаг даргын 1997 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг үндэслэн И-н Т-д тус сумын 1 дүгээр баг, Судгийн үзүүр хаягт байрлах, нэгж талбарын 030600167 дугаар бүхий, 0,07 м.кв газрыг хашаа, байшин барих зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлжээ.

2.4. Гэтэл нэхэмжлэгчээс дээрх газрыг М.Бад эзэмшүүлэх шийдвэр гараагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн нь Газрын тухай хуулийг зөрчиж байгаа тул сумын Засаг дарга түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой гэж маргасан, харин хариуцагчаас “...маргаан бүхий газарт гуравдагч этгээдүүд 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жилийн хугацаанд амьдарч байгаа учир тэднээс тус сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд газрыг авч нэхэмжлэгчид өгөх эрх зүйн үндэс байхгүй...” хэмээн тайлбарлаж байна.

2.5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус зааснаар тухайн шатны Засаг даргаас гаргасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын хувьд газрын даамал нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний дагуу эзэмшүүлэх хуулийн зохицуулалттай.

2.6. Гуравдагч этгээд М.Бын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 000598429 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд Засаг даргын 1997 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 тоот шийдвэрийг үндэслэн эзэмшүүлсэн гэж заасан ба аймгийн архивт хадгалагдаж байгаа Буянт сумын Засаг даргын 1997 оны 19 дугаартай захирамж нь 3 дугаар сарын 14-ний өдөр гэсэн огноотой “Ажил хариуцуулах тухай” гэсэн агуулгатай захирамж болох нь архивын үзлэгээр тогтоогдсон байна.

2.7. Анхан шатны шүүхээс газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэр одоо байхгүй байгаа нь тухайн үед уг шийдвэр гараагүй гэж үзэх, эрх бүхий этгээдээс олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу тухайн газарт 25 жил амьдарч байгаа иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд нь үгүйсгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй хэдийч энэ тохиолдолд маргаан бүхий чулуун хашааны тал хэсэг болох 187,2 мкв газрыг оролцуулан нэхэмжлэгч Р.От эзэмшүүлэх нь бодит байдалд хэрэгжих боломжтой эсэх, эсхүл нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан боломжит газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг тодруулалгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2.8. Тодруулбал анхан шатны шүүх эрх бүхий албан тушаалтнаас газар эзэмших гэрчилгээг бичиж өгсөн байхад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн боловч хариуцагч захиргааны байгууллагаас өмч хувьчлалын гэрчилгээний дагуу газрыг хэнд ямар хэмжээгээр эзэмшүүлэх, захиргааны акт гаргасан эсэх нь тодорхойгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байдлыг өөрийн эрх үүргийн хүрээнд тодруулж, гуравдагч этгээд болон уг чулуун хашаанд хөрөнгө оруулсан иргэдийн эрх ашгийг хөндөхгүйгээр дахин шийдвэрлэх замаар өмнө гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

2.9. Харин “Нармандах” нэгдлийн өмч хувьчлалаар Улаан зуух, Судгийн үзүүр гэх газарт байрлах малын саравчтай 2 чулуун хашааг, 8 хүнд дундаа эзэмшүүлэхээр хуваарилсан бөгөөд тухайн 8 хүний нэг болох М-ы хүү гуравдагч этгээд М.Б нь уг хашааг өв залгамжлалаар эзэмшиж, улмаар уг хашааны газрыг оролцуулан 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан болох нь тогтоогдож байх тул М.Бад хувьцаа олгоогүй байхад Улаан зуухын чулуун хашааг хувааж эзэмшүүлж байгааг хууль ёсонд нийцэхгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтуудыг буруу зөрүүтэй үнэлж шийдвэр гаргасан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

2.10. Буянт сумын Засаг даргын захирамжаар иргэн И.Т, М.Б нарт газар эзэмших эрхийг 1997 оны шийдвэрийг үндэслэн олгосон гэж байгаа боловч маргаан бүхий актаар гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлээгүй болох нь архивын үзлэгээр нотлогдсон, мөн маргаан бүхий актын огноо, дугаар тодорхойгүй тул гомдол гаргах хугацаа хэтэрүүлсэн гэх гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм.

2.11. Буянт сумын Нармандах нэгдлийн өмч хувьчлалаар 8 хүн 24000 төгрөгөөр хувь нийлүүлж уг чулуун хашааг хувьчилсан бөгөөд бусад этгээдүүдтэй харилцан тохиролцож, хувь хөрөнгийг өгснөөр гуравдагч этгээд М.Б үе уламжлан энэхүү чулуун хашааг эзэмшиж, ашиглаж ирсэн бодит нөхцөл байдлыг тодруулаагүй гэсэн гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй тул шүүхээс Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын захирамжийн үндэслэл болсон шийдвэрүүд нь байхгүй байгаа энэ тохиолдолд  нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна.  

2.12. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс И.Тд газар эзэмшүүлэх гэрчилгээтэй маргахгүй гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлж, үлдэх шаардлагад дурьдагдсан “Улаан зуух” гэх газарт байрлах чулуун хашаанд өмч хувьчлалаар авсан М, түүний хүү Б нар 70 гаран жил амьдарч байсан, бусад этгээдийн оногдох хувийг өөрсдөдөө шилжүүлэн авсан гэх тайлбарыг өгсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.” гэж тус тус зааснаар захиргааны байгууллага, өмнө гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөх боломжтой.

2.13. Мөн нэгэнт өмч хувьчлалын 25 дугаар тогтоолыг үндэслэн хувьчилж авсан гэх этгээдүүдэд чулуун хашааг оролцуулан хамаарагдах газрыг эзэмшүүлсэн байхад уг хувьчлалаар нэхэмжлэгч Р.О (1800 төгрөг), түүний эцэг Р (3600 төгрөг) нарын оруулсан хувь нэмрийг үгүйсгэх боломжгүй учир энэ бүх ойлгомжгүй байдлыг тодруулах, хариуцагчаас өөрт олгогдсон эрхийн хүрээнд нөхцөл байдалд тохируулан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэр гаргах шаардлагатай гэж үзлээ.

2.14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг судалсны үндсэн дээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий “Улаан зуух” өтөг хаягт байршилтай, өвөлжөө, хашаа байшин барих зориулалтаар эзэмшүүлсэн 000598429 дугаартай газрын гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2 дахь заалтыг “...“Улаан зуух” өтөг хаягт байршилтай, өвөлжөө, хашаа байшин барих зориулалтаар эзэмшүүлсэн 000598429 дугаартай газрын гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актаас холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж, 4 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг “5” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА