Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 006

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Дэлүүн сумын 9 дүгээр багийн оршин суугч Х.Гын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Улсын бүртгэгчид холбогдох,

            “Дэлүүн сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 99 тоот захирамжийн дагуу хүүхэд үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүүхэд үрчилсний бүртгэл хийхийг даалгах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч Дэлүүн сумын улсын бүртгэгч С.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Х.Г нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суудаг. 2013 онд нөхөр Х.Е бид хоёр 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн ач хүү болох Айдосыг үрчилж авахаар эрх бүхий албан тушаалтанд хандаж өргөдөл гаргаснаар Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 99 тоот захирамж гарч хүү Айдосыг үрчилж авсан билээ. Тухайн өдрөөс хойш Айдос нь нөхөр бид хоёроор овоглож ирсэн болно. Нөхөр маань 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан ба хүү Айдост тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор төрийн эрх бүхий байгууллагад хандсан боловч энэхүү асуудлыг хариуцсан улсын байцаагч хүүхэд үрчлүүлэх тухай Засаг даргын захирамж болон төрсний гэрчилгээ хэрэгтэй болохыг хэлсэн юм. Би эдгээр материалуудыг гэрээс хайж үзэхэд Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай захирамж олдож, төрсний гэрчилгээг олж чадаагүй юм. Тийм учраас төрсний бүртгэлийн лавлагаа авахаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Гэвч архивч надад 2013 онд Засаг даргын захирамж гарсан боловч үрчлэлтийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл архиваас гарахгүй байна. Та шүүхэд хандана уу гэж хэлсэн. Нэгэнт нөхөр маань амьд сэрүүн байхдаа ач хүү Айдосыг хууль журмын дагуу үрчилж авсан маань үнэн учраас эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирох ёсгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, жирийн иргэн хүний хувьд надад ямар ч буруу байхгүй юм.

Үүнээс болж насанд хүрээгүй хүү Айдосын хууль ёсны эрх, ашиг сонирхол нь ноцтойгоор зөрчигдөж байна. Миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хандаж хүсэлт гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШЗ2018/02771 дугаар захирамжаар ...үрчлэлт улсын бүртгэлийн байгууллагад ямар шалтгаанаар бүртгүүлээгүй эсэхийг болон бүртгэлтэй холбоотой гарсан маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байна... гэсэн үндэслэлээр хүсэлтийг минь татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд дээд шатны байгууллага болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж гомдол гаргасан боловч 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хариу бичгээр шүүхэд хандахыг зөвлөсөн юм.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын улсын бүртгэгчийн Дэлүүн сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 99 тоот захирамжийн дагуу хүүхэд үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүүхэд үрчилсний бүртгэл хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дэлүүн сумын оршин суугч Х.Г нь тус сумын улсын бүртгэгчид холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Дэлүүн сумын Засаг даргын захирамжийг тус сумын улсын бүртгэгч биелүүлэхгүй байгаатай холбоотой юм. 2013 онд нэхэмжлэгч Х.Г болон түүний нөхөр нь Едилхан нар нь холбогдох хууль журмын дагуу бүрдүүлбэр нотлох баримтуудыг хангуулан тус сумын улсын бүртгэгч болон Засаг даргад хандаж хүүхэд үрчлэн авах тухай өргөдөл гаргасан байдаг. Энэхүү бүрдүүлбэрийн дагуу сумын Засаг дарга 99 тоот “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж гаргасан ба энэ захирамжид хүү Е.А өвөө нь болох  Едилхан, эмээ нь Х.Г нарт үрчлүүлсүгэй гэж дурдсан байна. Нөгөө талаар хүүхэд үрчлүүлэгч болон үрчлэн авагч нарын бүгдийг нь байлцуулж бүртгэл хийх талаар журам гаргасан ба үүнийг улсын бүртгэгч баримталсан. Гэхдээ үрчлэн авагч болон үрчлүүлэгч 4 хүн зэрэг очих боломж гаргаагүй юм шиг байна. Ингэж явж байхад Едилхан гэдэг хүн нас барсан тул хүүхдийн эрх зөрчигдөөд эхэлсэн. Тодруулбал, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэхэд заавал энэ бүртгэлийг хийлгэн, гэрчилгээг нь шинэчлэн байж тэтгэвэр авах эрх нь үүсэх юм байна.

Тэгээд нэхэмжлэгч захирамжийг барьж улсын бүртгэгчид очоод хүүхдийн маань эрх ашиг нь зөрчигдөж байна, бүртгэл хийж өгөөрэй гэхэд, улсын бүртгэгч захирамжтай танилцаж, хугацаа хэтэрсэн байна, журамд зааснаар захирамж гармагцаа, хуулийн хугацаандаа бүртгүүлэх ёстой байсан, та нар дөрвүүлээ байж энэ  бүртгэлийг хийлгэх учиртай гэсэн тайлбарыг хэлсэн. Түүнчлэн нэхэмжлэгч Х.Г нь бүртгэлийн байгууллагад хандаад бүртгэл нь байгаа эсэхийг шалгуулахад бүртгэлийн байгууллагын архивч бүртгэл хийгдээгүй байна, шүүхэд хандана уу гэсэн зөвлөмж өгсөн байна. Үүний дагуу Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд холбогдох материалаа бүрдүүлээд нэхэмжлэл гаргахад, албан тушаалтан буюу захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой маргаан юм байна гээд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр 28-ны өдрийн 2771 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Тэгээд бид нар дээд шатны байгууллага болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өргөдөл гаргасан ба дээд шатны байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр “...нөхөн бүртгэл хийлгэхийн тулд яахын аргагүй шүүхэд хандах ёстой, хэрэв шүүхээс даалгасан шийдвэр гарвал бид нар бүртгэж, өгье” гэсэн агуулгатай хариу өгч байсан. Тэгээд бид зохих журмын дагуу материалаа бүрдүүлээд  шүүхэд хандсан байгаа. Иймд, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байх тул ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Дэлүүн сумын Улсын бүртгэгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус сумын 9-р багийн иргэн Х.Г нь 2018 оны 10 дугаар сарын үед надад ирж дээрх захирамжийг болон Е.А Г-166 дугаар төрсний гэрчилгээг үзүүлж захирамжийн дагуу төрсний бүртгэлийн гэрчилгээг шинэчилж авахыг хүссэн юм.

Иргэн Х.Едилхан, Х.Г нар 1999 онд батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу /хуучин/ зохих материалуудаа бүрдүүлээд хүүхэд үрчлүүлэх тухай Засаг даргын захирамж гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй боловч Хууль зүйн сайдын 2015 оны А/193 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын /хуучин/ 6.4 дэх хэсэгт зааснаар “Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө үрчлүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал байлцуулна” гэж заасны дагуу хүүхэд үрчлэн авагч болон хүүхэд үрчлүүлэгч нар бүгд нэгэн зэрэг биечлэн ирээгүйгээс болж тухайн үед үрчлэлтийн бүртгэл хийгдээгүй нь үнэн болно. Ер нь манай сум гэлтгүй аймгийн хэмжээнд ийм асуудал байнга шахуу гардаг бөгөөд уг бүртгэлийг нөхөж хийхийн тулд дээрх журмын 14.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс хүүхэд үрчлэгдсэн байдал тогтоосон тухай шүүхийн шийдвэр гаргуулдаг практик тогтоод нэлээн олон жил болж байна.

Хэрэв шүүхээс хүүхэд үрчлэгдсэн байдал тогтоосон тухай шийдвэр гарсан тохиолдолд дээрх бүртгэлийг хийхэд татгалзах зүйлгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэх болно гэжээ.

Хариуцагч Дэлүүн сумын улсын бүртгэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Г болон түүний нөхөр Е нар 2013 онд сумын Засаг даргад хандаж, хүүхэд үрчилж авсан захирамж гаргуулсан ба уг захирамж  нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эдгээр хүмүүс Иргэний хуулийн дагуу захирамжаа гаргуулсан боловч Хууль зүйн сайдын 2015 оны 193 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний бүртгэл хөтлөх журам”-ын 6.4-т зааснаар үрчлэн авагч болон үрчлүүлэгч дөрвүүлээ биечлэн ирэх ёстой байсан. Гэхдээ эдгээр хүмүүс хамтдаа ирээгүй, дараа нь хүүхэд үрчлэгчийн нөхөр нь нас барьсан. Тэгээд нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сард захирамжийн дагуу бүртгэл хийж өгнө үү гэж надад ирсэн. Тухайн үед 2015 оны журам хэвээр үйлчилж байсан учраас журам зөрчигдөх гэж байна, та нар шүүхэд хандаж, үрчлэлтийг хүчинтэйд тооцуулна уу гэсэн зөвлөмж өгсөн байгаа. Хэрэв шүүхээс бүртгэл хийхийг даалгасан шийдвэр гаргавал бүртгэж өгнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Гаас Дэлүүн сумын улсын бүртгэгч С.Рд холбогдуулан гаргасан “Ач хүү Айдосыг хүүхэд үрчилсний бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүүхэд үрчилсний бүртгэл хийхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Х.Г, түүний нөхөр Х.Е нар нь хүү Е.Е, бэр Х.М нарын дундаас 2011 оны  03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Айдосыг  үрчлэн авах тухай хүсэлтээ Дэлүүн сумын Засаг даргад гаргасныг үндэслэн Дэлүүн сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаар захирамжаар Е.А өвөө нь Х.Е, эмээ нь Х.Г нарт үрчлүүлжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна”, 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана”, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын дагуу  үрчлэн авагч Х.Г, Х.Е нарын хүсэлт, үрчлүүлэгч Е.Е, Х.М нарын зөвшөөрлийг тус тус үндэслэн сумын Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 99 дугаар “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар  Е.А өвөө нь Х.Е, эмээ нь Х.Г нарт үрчлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-т “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш  ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ”, 11.7-д “эрх бүхий байгууллага, үрчлэн авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, үрчлүүлсэн эцэг, эхэд үрчлэн авсан эцэг, эхийн зөвшөөрлөөр иргэний улсын бүртгэлийн лавлагаа гаргаж өгч болно”гэж тус тус заажээ.

Мөн хариуцагчийн үндэслэл болгож буй Хууль зүйн сайдын 2015 оны А/193 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалаар хүчингүй болгож, уг тушаалын хавсралтаар Иргэний улсын бүртгэл хөтлөх журмыг шинээр баталсан юм.

Уг журмын 12.1-т “Үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлах бөгөөд мөн хуульд заасан эрх бүхий этгээдийн шийдвэрт үндэслэнэ”, 12.2-т “Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхөд үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгийг, эсхүл асран хамгаалах байгууллагын ажилтныг байлцуулна” гэж тус тус заажээ.

Үрчлэн авагч эцэг Х.Е нь  хуульд заасан шаардлагыг хангаж, ач хүү А- үрчлэн авах тухай хүсэлтээ гаргасан, сумын Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэр гарсны дараа буюу 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар  тогтоогдож байна.

Үрчлэн авагч эцэг нь нас барсан, түүнчлэн  “...үрчлэн авагч эцгийг байлцуулах...” гэсэн  “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.4 дах заалт нь хүчингүй болсон, мөн  Сумын Засаг даргын “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж нь хуульд заасан журмын дагуу гарсан хүчин төгөлдөр шийдвэр, хуульд зааснаар уг шийдвэрийг үндэслэн  хүүхэд үрчилснийг бүртгэх ёстой байхад бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн эс үлдэхүй нь хууль бус гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Х.Гын ач хүү Е.А үрчлэлтийг бүртгэхийг  хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, шинэчилсэн найруулгатай Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ач хүү Е.Айдосыг үрчилснийг  бүртгэхгүй байгаа  үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүүхэд үрчилсний бүртгэл хийхийг   хариуцагч Дэлүүн сумын улсын бүртгэгч С.Рд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ГҮЛБАРША