Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 423

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Э.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Бадрал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө-,

шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Б.Халиун, шүүгч Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.А-д холбогдох 1711000000245 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э.А, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хх, хх дүүргийн хх дугаар хороо, хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  

 

Э.А- нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16 дугаар гудамжинд өөрийн хамтран амьдрагч Д.Ө-ийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Э.А-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсгүүдэд заасан хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсгүүдэд зааснаар Э.А-ыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А-д оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.А-ын цагдан хоригдсон нийт 107 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Э.А- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт зүйл, үс мэт зүйлийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэргийг анхнаас үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа билээ. Энэхүү байдлыг харгалзан үзэж оногдуулсан 15 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж, дэглэм өөрчилж өгнө үү...” гэв. 

 

Шүүгдэгч Э.А-ын өмгөөлөгч Д.Өлзийхишиг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг шийтгэх тогтоолоор Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар 15 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Э.А- нь хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 7,200,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болно. Анхан шатны шүүх Э.А-д ял оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, хэт нэг талыг барьж ял оногдуулсан. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм хорыг арилгаж хохирол барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү...” гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Э.А-д 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Э.А- оногдуулсан хорих ял хүнд, хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь надад хүнд тусаж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ цаазын ял байдаг бол амийг амиар солимоор байна...” гэв.

 

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хохирол төлөгдсөн гэж яриад байна. Оршуулгын зардал бол хохирол биш. Хүний амь нас хохирсон. Ямар нэгэн байдлаар төлөгдөх боломжгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг багасгах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Э.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

 

Хэргийн мөрдөн байцаалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Э.А-ын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 16 дугаар гудамжинд өөрийн хамтран амьдрагч Д.Ө-ийг зодож алсан үйлдэл нь амь хохирогчийн охин Ө.Э /хх-ийн 38-39 тал/, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө амь хохирогч Д.Ө болон шүүгдэгч Э.А- нартай цуг согтууруулах ундаа хэрэглэсэн Г.Сэлэнгэ /хх-ийн 40-41 тал/, гэрч Т.Ууганбаатар /хх-ийн 50-51 тал/, М.Эрдэнэбаяр /хх-ийн 53-54 тал/, У.Хосбаатар /хх-ийн 56-57 тал/, Ч.Оюунсүрэн /хх-ийн 44-45 тал/, Е.Ганчимэг /хх-ийн 48-49 тал/ нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, амь хохирогч Д.Ө-ийн бие махбодид үүссэн гэмтлүүдийг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-65 тал/, Э.А-аар заалган хийсэн хэргийн газрын үзлэгээр хэргийн газраас бэхжүүлэн авсан татаж чангаах хүчний үйлчлэлээр унасан, үсний угийн булцуутайтай үснүүд /хх-ийн 18,84,85 тал/, газар дээр үүссэн цусны толбо /хх-ийн 18,91 тал/, амь хохирогч Д.Ө-ийн хэрэг болох үед өмссөн байсан өмд 3 ширхэг хатуу гадаргуутай зүйлийн харьцан үйлчлэлээр гарсан зулгаралттай, хөхний даруулганд 9x1 мм, 6x8 мм, 9х5 мм хэмжээтэй 3 ширхэг татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан цооролт үүссэн /хх-ийн 95-96 тал/, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Э.А-ын:

Д.Ө-ийг зодож, түүний бие махбодид “...баруун тал бөмбөлгийн зулайн орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн зулай, дагзны хэсэг, 2 тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, духны гол хэсэг, 2 хажуу хэсгийн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, хамар, 2 хацар, эрүү, дээд уруул, дээд уруулын дотор салст, 2 гарын шуу, 2 өвдөг, цээжинд цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1-р үүдэн шүдний булгарал, буйланд цус хуралт…” гэсэн гэмтлүүдийг учруулж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг,

 амь хохирогч Д.Ө-ийг хүнд зэргийн согтолтын улмаас өөрийгөө хамгаалах чадваргүй байхад нь алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж; ...алсан” гэсэн хүндрүүлэх шинжийг,

нэг гэрт хамтран амьдарч, эхнэр нөхрийн харьцаатай байсан Д.Ө-ийн бие махбодид халдан зодож алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж; ...алсан” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулжээ.

 

Анхан шатны шүүхийн Э.А-ын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба Э.А-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон хэмжээгээр ял шийтгэл оногдуулж, ял эдлэх дэглэмийг тогтоосон байх тул шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын давж заалдах гомдолд дурдсан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” үндэслэлээр Э.А-д оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах, дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ