| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0439/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/423 |
| Огноо | 2020-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Онон,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н-д холбогдох 2034000000509 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт О Н, Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймаг Баяннуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сум Үдлэг 4 дүгээр баг хөдөө оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, хохирогч Б.Чимгээгийн гаргасан өргөдөл/хх-02 тал/, хохирогч Б.Чимгээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-06-08 тал/, шүүгдэгч О.Нын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/хх-09-10 тал/, гэрч Ц.Сэржмядагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11 тал/, гэрч П.Отгонбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №442 дугаартай дүгнэлт/хх-14-15 тал/, О.Нын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-25-29 тал/, О.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-30 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/хх-32 тал/, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал/хх-34 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Н нь Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багын Өртөө мухар Бургалдайн гол гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн харилцаа хамаарал бүхий эхнэр Б.Чимгээг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Чимгээгийн: “ ... Би нөхөр О.Нтай гэр бүл болоод 9 жил болж байна. Хоёр хүүхэдтэй, 6, 8 настай хүүтэй. О.Н гэрээсээ гараад 2-14 хоног хэл чимээгүй алга болоод араас би хайгаад явахаар хуучин найз охинтойгоо хамт байж байдаг. Тэрнээс болоод бид хоёр дунд хэрүүл болдог. 2019 оноос хойш намайг учир утгагүй зодож гэмтэл учруулж байгаа тэр болгонд би хадам ээж Ц.Сэржмядаг, аав П.Отгонбаатар нарт удаа дараалан хэлсэн боловч гэр бүлийн асуудлаа шийдэж чадахгүй гадагшаа ярьлаа гээд нөхрийн аав, ээж нь хэл амаар доромжилж манай нөхөртэй нийлж зоддог. 2018 оны 10 сарын 28-ны өдөр хадам ээж Ц.Сэржмядаг намайг үсдэж аваад усны саваар нуруу цохиж зодож байсан. 2018 оны 04 сард манайх ямаа самнаж байх үед нөхөр О.Н говь руу явсан хойгуур нөхрийн дүү О.Наранбаатар ямаа саагаадах гэхээр нь би сонсоогүй байсан чинь хадам аав Отгонбаатар уурлаад чамд юм хэлээд байна гэхээр нь би сонсоогүй чанга хэлээч гэсэн чинь мах идэж байгаад яснуудаа шидэхээр нь би “өвдөж байна ш дээ, та ч гэсэн гар хүрэн гэж юу байдаг юм бэ? гэсэн чинь хадам аав Отгонбаатар “Энэ муу дандаа ингэж өөдөөс ярзагнаад байх юм” гээд гараараа нүүр лүү цохиж байсан. Тэгээд би нөхөр лүүгээ утсаар яриад хэлсэн чинь нөхөр Н “битгий худлаа хуцаад бай” гээд тогоогүй. 2019 онд манай хадам аав ээж хоёр миний бага хүүтэй чицуу охинтой юм аа тэр охиныхоо үсийг самнасангүй гээд хадам аав Отгонбаатар гүйж ирээд өшиглөсөн. Тэр болгонд би цагдаад хандаж байгаагүй. 2019 оны 11 сарын 10-ны үед Булган аймгийн Баяннуур суманд өвөлжөөд идэш хийж байхад нөхөр Н оторын хүмүүстэй нийлж архи ууж намайг орхиж яваад хамаатны хүмүүсийн идэш хийгээд 2 хоноод ирнэ гээд явах гээд машинд суухаар нь жолоочийн талын хаалгаар очоод түлхүүрийг нь авах гэтэл хөдлөөд зүүн хөлийг дайрсан тэгээд зөлөн эдийн гэмтэлтэй байна гээд хөлөө гипстүүлсэн. Тухан үед яагаад бэртсэн талаар гэмтлийн эмнэлэгийн эмч асуухад нь би “хадам ээж аав 2 мотоциклоос явж байгаад унасан, тугалын араас явж байгаад мөсөн дээр халтираад унасан гэж хэл” гээд байхаар үгэнд нь орж хэлсэн. Тэгээд сая 2020 оны 07 сарын 28-ны өдөр гэрээсээ гараад 2 хоног ирэхгүй болхоор би араас нь яваад 8км-н зайтай 3,24 гэдэг газар хуучин найз охин Зулаа дээр нь очсон чинь гэрт нь байж байсан. Тэгээд нөхөр Ныг дагуулаад гэртээ ирээд чи тэнд юу хийж байгаа юм бэ? Гэсэн чинь чамд хамаагүй шүү гичий минь гээд зодоод унасан. Эхлээд хүрзний ишээр бугуй руу нэг удаа цохихоор нь яаж байгаа юм бэ өвдөж байна ш дээ гэсэн чинь зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд доош тонгойсон чинь баруун нүд рүү өшиглөсөн. Зодсоны дараагаар манай нөхөр Н хоёулаа салья гэхээр нь би тэгье гэж хэлээд хадам дүү Наранцогтын гэр лүү явж очоод өөрийн төрсөн аав Батсайханы гэр лүү хүргүүлж очоод хот руу би өөрөө унаанд суугаад явсан. Нөхөр араас ирээд янз бүрээр дарамтлаад байж магадгүй гэж бодоод хот руу өөрийн ээж дүү нарынх руу явсан. Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн нүдний хөмсөг хэсэгт яс цуурсан, баруун нүдний солонгон бүрхүүл гэмтсэн байна. Би жирэмсэн учраас үзүүлээгүй хортой гэсэн. Би удаа дараа хадам ээж, аав нөхөртөө зодуулсанд үнэхээр их гомдолтой байна хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэх мэдүүлэг/хх-17-18 тал/,
Гэрч Ц.Сэржмядагийн: “ ... Н нь миний төрсөн хүү байгаа юм. Харин Чимгээ нь манай бэр байгаа юм. Н, Чимгээ хоёр 2011 оноос хамт амьдарч байгаа. Н, Чимгээ нар нь ер нь хэрэлдээд муудалцаад байдаг юм. Би нээх айхтар зодолдсоныг нь мэдэхгүй байна. Энэ хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэг юм. Би нөхөр Отгонбаатарын хамт Булган аймгийн Баяннуур сум руу явах үед Чимгээ үхэрээ саагаад, Н адуундаа явчихсан байсан. Тэгээд нөхөр бид хоёр маргааш нь ирсэн чинь Чимгээ сүүний автомашинд суугаад явчихсан гэж хэлсэн. Яг нарийн зүйлийг нь мэдэхгүй байна./хх-11 тал/
Гэрч П.Отгонбаатарын: “...Н нь миний төрсөн хүү, Чимгээ бол миний бэр байгаа юм. Манай бэр маань жоохон ааш муутай байдаг юм. Тэрнээс болоод л Н, Чимгээ нар хэрэлдэж муудалцаад байдаг юм. Би тэрийг нь мэдэхгүй. Би бол зоддоггүй. Би бол хааяа л нэг загнадаг юм. Эрүүлдээ л маргалдаж муудалцдаг юм. Би тэр үед байгаагүй болхоор мэдэхгүй байна. Чимгээ сүүг нь асгачихаар нь Н уурлаад Чимгээг алгадчихсан юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-12 тал/,
Шүүгдэгч О.Нын гэрчээр мэдүүлсэн: “ ... 2020 оны 07 сарын сүүлээр би адуугаа хайгаад явж байгаад 20 цагийн орчимд гэр рүүгээ явсан чинь эхнэр Чимгээтэй тааралдсан. Тэгээд намайг ууланд хэнтэй хэвтэж байгаад ирэв гээд уурлаад байсан. Бид хоёр айлд сууж байгаад архи ууж байгаад Чимгээ бид хоёр гэр рүүгээ орж унтчихаад өглөө босоод би Чимгээг дуудсан чинь босохгүй байсан. Тэгэхээр нь би үхэртээ гараад үхрээ саагаад байж байтал Чимгээ гэрийн хаяанд байсан сүүг өшиглөж асгачихаад үхэрийн зэл нь дээр гүйгээд ирсэн. Тэгээд зэлэн дээр байсан савтай сүүг асагчхаар нь чи яаж байгаа юм бэ? гэсэн чинь чиний сүү юм байгаа биз дээ гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би уурлаад гараараа нүд рүү нь нэг удаа алгадсан юм. Тэгсэн чинь 09 цагийг орчимд замын унаанд суугаад явчихсан.Би малдаа ийшээ тийшээ яваад ирэхээр уурлаад хардаад байдаг юм. Би Чимгээгийн нүүр лүү нэг удаа алгадсан. Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг Өртөө ам Бургалтайн гол гэдэг газарт байдаг гэрийнхээ гадаа үхрийн зэл нь дээр алгадсан” гэх мэдүүлэг /хх-9-10 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №442 дугаар “Б.Чимгээгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн шууны цус хуралт, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-14-15 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч О.Н нь Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багын Өртөө мухар Бургалдайн гол гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн харилцаа хамаарал бүхий эхнэр Б.Чимгээг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алим, зүүн шууны цус хуралт, зулайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч О.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч О.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн улмаас 1 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь сум дундун шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт О.Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ыг 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-ын цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15000 төгрөгт дүйцүүлэн түүнд оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялаас хасаж шүүгдэгч О.Нын торгох ялыг 435000 төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан 435 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 435000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Н нь 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Н-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ