Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/447

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сүхням,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш-т холбогдох 2034000000563 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н овогт Б.Ш, Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймаг Заамар суманд төрсөн,  53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар багт түр оршин суух хаягтай, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээл 9 дүгээр гудамж 37 тоотод оршин суух хаягтай, Урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.Ш нь согтуугаар 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Бумбат гэх газарт өөрийн хүргэн дүү Л.Эрдэнэбатыг шалтгаангүйгээр хоолойн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Ш нь нь согтуугаар 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Бумбат гэх газарт өөрийн хүргэн дүү Л.Эрдэнэбатыг шалтгаангүйгээр хоолойн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч Л.Эрдэнэбат: “ ... Анх бол хүргэн ах Б.Ш ахтай Алтанхуяг ах ирсэн. Тэгээд гэрт байж байгаад явсаныг нь би урд өгсөн мэдүүлэг дээрээ намайг хутгалуулах үед байсан мэтээр буруу ойлгож мэдүүлэг өгсөн байна. Яг намайг хутгалуулах үед бол гэрт Б.Ш ах бид хоёроос өөр хүн байгаагүй болно. Тухайн хутга одоо байхгүй. Тэр хэрэг болсоны дараа манай гэрийнхэн болон хүүхдүүд сэжиглээд байсан болохоор гэрийн ойролцоо байдаг хайгуулын өрөмний гүн нүх рүү хийгээд хаячихсан. Тухайн нүхийг би зааж өгч чадна. Манай гэрээс холгүйхэн, чулуугаар таглачихсан гүнзгий, ёроол нь харагдахгүй нүх байгаа юм. Одоо миний биед ямар нэгэн зовиур шаналгаа алга байна. Надад цаашид эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл гомдол санал алга байна. Би өөрийн хадам ах Б.Шт ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг/хх-32 тал/, ... 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хадам ах Б.Ш нь намайг сууж байхад миний хоолойны доод хэсэгт хутгаар хутгалсан юм” гэх мэдүүлэг /хх-57 тал/, 

Гэрч Б.Тамирын: “...Эрдэнэбат нь шөнийн 01 цаг 43 минутад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Мөнхдөлийн хамт ирсэн. Ирэх үеийн зовиур нь арьсан доор хий хурах, хоолой гунашина гэсэн зовиуртай өдөр 13 цагийн үед Төв аймгийн Заамар суманд найзтайгаа муудалцаж хоолой руу хутгалуулсан гэх асуумжтай ирсэн. Үзлэгт биеийн байдал хүндэвтэр ухаан санаа саруул, биеийн байдал тогтвортой, өвчүүний сэтэрхийн дээд хэсэгт ам орчим зүсэгдэж шархтай, эрүүний өнцөгөөс доош 2 хавирга хүртэл арьсан доор хийтэй байсан. Цусны ерөнхий шинжилгээ, эмунологийн шинжилгээ авагдсан, чих, хамар, хоолойн мэс засал ерөнхий мэс заслын эмчид тус тус үзүүлж цээж хүзүүний хэсгийн тодосгогчгүй КТГ хийж чих хамар хоолойн эмчид давтан үзүүлэхээр үзүүлэхээр шийдвэрлэсэн. Эмчилгээнд хавсарсан антибиотик болон шинж тэмдэгийн эмчилгээ хийгдэж байна” гэх мэдүүлэг /хх-05 тал/,

Гэрч Т.Алтанхуягийн: “ ... Би тэр өдөр анх Б.Штай хамт манай гэрт 1 шил архи уусан. Тэгээд тэндээсээ Л.Эрдэнэбатын гэрт нь очсон. Тэгээд тэнд байж байгаад согтоод ирсэн болохоор удалгүй би буцаад гэр лүүгээ алхаад явчихсан. Намайг явсанаас хойш л хутганы асуудал болсон юм шиг байналээ. Би тэр асуудлаас 2-3 хоногийн дараа л Б.Ш нь Л.Эрдэнэбатыг хутгалсан гэдгийг мэдсэн. Би тасархаарай гэр лүүгээ гүйгээд явчихдаг юм. Тэр үед муудаад л гэрлүүгээ гүйгээд явчихсан байна лээ. Намайг Л.Эрдэнэбатын гэрт байж байхад Л.Эрдэнэбат болон Б.Ш нар хоорондоо маргалдаагүй зүгээр байж байсан. Л.Эрдэнэбат болон Б.Ш нар өмнө нь хоорондоо маргалдаж зодолдож байгаагүй байх гэж бодож байна. Ерөн бол хоорондоо хэвийн харилцаатай хүмүүс байгаа юм. Л.Эрдэнэбат нь Б.Шын төрсөн эмэгтэй дүүтэй нь суусан хүргэн нь байгаа юм. Аль аль нь л бусадтай нийтэч хэвийн харилцаатай мэнд устай явдаг хүмүүс байгаа юм” гэх мэдүүлэг/хх-23 тал/,

Гэрч Л.Оюунбаярын: “... Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Бумбат гэх газар төрсөн ах Лхагвасүрэнгийн Эрдэнэбатын гэрт үдээс хойш 16 цагийн орчимд мал гаргаж, мах бэлдэх ажилтай очиход ахын хүзүүний доод хэсэг цээжний дээд талаас бага зэргийн цус шүүрсэн, марл тавьж боосон байдалтай байсан. Тэгээд юм болсон талаар асуухад ах Л.Эрдэнэбат өөрөө согтуу мэдэхгүй, мэдэхгүй гээд надад юм хэлэхгүй болохоор нь хот хүрээ орж эмнэлэгт үзүүл гэж хэлээд би машинд суулгаад хот руу явсан замаараа Заамар сумын төвөөр орж өвчин намдаах тариа хийлгээд цааш Улаанбаатар хот орж ГССҮТ дээр очиж үзүүлсэн. Тэндээсээ улсын нэгдүгээр эмнэлэг рүү шилжүүлээд тэндээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд би маргааш нь өөрөө буцаад гэртээ ирсэн. Би ардаа жоохон хүүхэд үлдээгээд хүнээр харуулсан байсан болохоор яараад буцаж ирсэн юм. Эндээс аваачаад очсон шөнө нь Улаанбаатар хотын эмнэлэгт цагдаа нар ирээд уулзахад л Л.Эрдэнэбат ах хадам ах Б.Ш нь хутгалсан гэж цагдаа нарт хэлж байсан. Тэр 2 айл саахалт олон жил болж байгаа бөгөөд өмнө нь ийм асуудал болж байгаагүй болно” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

Яллагдагч Б.Шын гэрчээр мэдүүлсэн: “... 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ ганцаараа 1 шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архи уучихаад тэндээсээ адуунд яваад адуугаа хайж байгаад өдөр 12 цаг өнгөрч байхад хүргэн дүү Л.Эрдэнэбатын гэрт найз Алтанхуягтай хамт очсон. Тэгээд гэрт нь очиход жижиг гэртээ Эрдэнэбат байсан бөгөөд би адуу малаа асуугаад ямааны хорхог хийсэн байсныг идсэн. Би өвөрт байсан тал шил архиа гаргаад хамт очсон найзтайгаа хамт ууж байгаад нэг мэдэхэд би гартаа мах бариад мах идэж байсан хутгаараа Л.Эрдэнэбатын хүзүү орчимд чичсэн байсан. Би тэрнийгээ сүүлд нь хальт санаад байгаа юм. Дээрхи асуудал болоход Л.Эрдэнэбат бид хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд найз Аагий явчихсан байсан. Л.Эрдэнэбат нь миний төрсөн хамгийн бага дүү Отгонтунгалагтай гэр бүл болсон. Миний хүргэн дүү залуу байгаа юм. Би ямар учраас өөрийгөө Л.Эрдэнэбатыг хутгалсныг мэдэхгүй байна. Бид хоёрт маргалдах ямар нэгэн шалтгаан байхгүй бөгөөд намайг архи уугаад унтуулах гэж байхад нь л би гартаа бариад мах идэж байсан хутгаараа хүзүү рүү нь санамсаргүйгээр зүсчихсан байх гэж бодож байна. Өөрөөр бол ямар нэгэн шалтгаан байхгүй болно” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №561 дугаар “1.Л.Эрдэнэбатын биед хоолойд нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-35 тал/,

Яаралтай тусламжийн хуудас/хх-08-10 тал/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-42-46 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ш нь 2020 оны 10 сарын 13-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-64 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 10 сарын 16-ны өдөр 158 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-73 тал/ 2020 оны 10 сарын 16-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Ш-т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Ш нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Ш-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н овогт Б.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 550/таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ш нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ