| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0472/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/448 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Б.Д, Ш.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Ш.У нарт холбогдох 2034000000521 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.Д, Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, газар тариалангийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг Эрдэнэсант сум 5 дугаар баг Улаанхудаг гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.
А овогт Ш.У, Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Төв аймаг Эрдэнэсант сум 4 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Баяндавааны ар гэх газарт байх Б.Чингэсбаатарын гэрт согтуурсан үедээ хохирогч Ш.Утай маргалдаж түүний биед тархи доргилт зүүн хацар, зүүн шууны шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн шанаа эрүү зулайн оройн хуйх, баруун эгэм цээж аюулхай, зүүн бугалга, хоёр өгзөг, баруун гуя, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд хөнгөх хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Ш.У нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Баяндавааны ар гэх газарт байх согтуурсан үедээ хохирогч Б.Дтай маргалдаж түүний биед тархи доргилт зүүн хацар, зүүн шуунд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөх хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Баяндавааны ар гэх газарт байх Б.Чингэсбаатарын гэрт согтуурсан үедээ хохирогч Ш.У-тай маргалдаж түүний биед тархи доргилт зүүн хацар, зүүн шууны шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн шанаа эрүү зулайн оройн хуйх, баруун эгэм цээж аюулхай, зүүн бугалга, хоёр өгзөг, баруун гуя, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд учруулан эрүүл мэндэд хөнгөх хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Д-ын гэрчээр мэдүүлсэн: “ ... Тэгтэл У нь нөхрийгөө согтуу ирлээ гэж уурлаж нөхрөө загнасан тэгээд нөхөр нь унтаад өгсөн тэгтэл нөхрөө тасарчихсан унтаж байхад нь сандлаар хэд хэдэн удаа цохиж авсан тэгтэл би Уг нөхрөө зодож болохгүй шүү зүгээр унтуул гээд салгатал гартаа барьж байсан сандлаар миний зүүн шуун хэсэг дээр нэг удаа зүүн талын мөр хэсэг рүү нэг удаа, зүүн талын хөлийн шилбэ хэсэг дээр нэг удаа цохихоор нь би сандлыг нь булааж авбал тогооныхоо тагийг авч над руу шидэхээр би зүүн гараараа хаасан тэгээд би гэрийнх нь баруун хойд хэсэгт газар завилаад сууж байтал том толиор миний нуруу хэсэг рүү цохиход толь нь хагартал толиныхоо хагархайг барьж аваад зүүн гарынхаа шуу руу өөрийгөө У хатгасан тэгтэл хажууд нь байсан Мөнхжаргал, Ганбат нар У боль гэцгээж тэр хавиарх тольны хагархайг хум цэвэрлэж авсан тэр үед У над руу дайраад байхаар нь би гараараа Угийн зүүн талын эрүү хэсэг рүү нэг удаа алгадаж нэг удаа цохиход авдарныхаа урд талаар газар очихоор нь би цээж нь тохойгоороо дараад байж байтал Мөнхжаргал намайг салгаж гэрээс нь авч гарсан тэгээд би яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Хохирогч Б.Дын хохирогчоор мэдүүлсэн: “ ... Миний шилбэ, бугуй, нүүрний хэсэгт сандал болон тогооны тагаар гэмтэл учруулсан толиор мөн нурууны хэсэгт цохисон” гэх мэдүүлэг/хх-05 тал/,
Хохирогч Ш.Угийн: “ ... 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант сум Баяндавааны ар гэх газар гэртээ байж байтал Д согтуу ирж надад агсан тавьж миний нүүр лүү гараараа хоёр удоо цохисон. Тэгээд намайг ална гэж заналхийлээд мотоциклио асаагаад зугтсан. Тэгээд би маргааш нь хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгөх гээд очиход ажил дээрээ байгаагүй хөдөө ажлаар явж байна гэж хэлсэн тэгээд өргөдлөө нилээд хэд хоногийн дараа өгсөн юм” гэх мэдүүлэг/хх-08 тал/,
Хохирогч Ш.Угийн гэрчээр мэдүүлсэн: “ ... Тэгээд Д манай нөхөр хоёр яг юунаас болсонг мэдэхгүй гэрт орж ирээд хоорондоо хэрэлдээд нэг, нэгнээ пиздаа наахуугаар нь дуудаад байхаар нь би нөхрийг унтасны дараа Д нөхрийг сэрээн гээд дайраад нөхрийг унтаж байхад нь татаж чангаагаад байхаар нь боль гэж болиулаад хориод түүнийг яв, харь, наад хүнээ унтуул эрүүлдээ уулз гэж хэлтэл Д “нөхрийгөө сэрээлгэхгүй бол би чамайг ална” гэж хэлээд над руу дайрч эхлээд гараараа миний нүүрний зүүн талын хэсэг рүү 2 удаа дарааллан цохиход нь би газар унасан тэгтэл миний дээрээс сууж намайг хоолой боосон тавь, болиочээ гэж хэлэхэд чамайг алнаа гээд тавингуутаа хөлөөрөө миний толгойн хэсэгт нэг удаа өшиглөж намайг түүнд цохиулж газар унахад манай авдран дээр байдаг толь газар унаж хагарсан байсан тэгтэл Д тэр тольны хагархайгаар миний зүүн талын гарны шуу хэсэг рүү хатгаж намайг бас гэмтээсэн. Тухайн үед нөхөр маань сэрэхгүй согтуу болохоор нам унтсан байсан тэгээд би маш их айж гэрээс гүйж гараад зугтааж харанхуй байсан болохоор гэрийн ойролцоо нуугдаж байгаад явахаар нь гэртээ орж ирсэн. Манай нөхөр Чингисбаатар согтуу унтаж байсан 4 настай миний хүү Тэмүүжин тэгээд Д бид 4 байсан. Намайг Д гэдэг манай нөхрийн хамаатны хүн миний нүүрний зүүн талын хэсэг рүү 2 удаа дарааллан цохиход нь би газар унасан тэгтэл миний дээрээс сууж намайг хоолой боосон тавь, болиочээ гэж хэлэхэд чамайг ална аа гээд тавингуутаа хөлөөрөө миний толгойн хэсэгт нэг удаа өшиглөсөн, мөн тольны хагархайгаар миний зүүн талын гарын шуу хэсэг рүү хатгаж намайг бас гэмтээсэн” гэх мэдүүлэг/хх-10 тал/,
Гэрч Г.Ганбатын: “ ... Намайг яг гэрт нь орох үед У эгч Д ахад нүүр лүүгээ цохиулаад газар унаж байхыг нь би яг харсан. Намайг орсоноос хойш тэр хоёр Д ах, У эгч хоёр хоорондоо зодолдож цохилцоогүй тэгтэл үүднээс Чингисбаатар ах орж ирээд орон дээрээ хэвтээд өгсөн Д ах мотоциклоо унаад өгсөн төд удалгүй Мөнхжаргал бид хоёр ч гэсэн гэрлүүгээ орцгоосон. Тэр үед миний харснаар У эгч Чингисбаатар ахын зүүн талынх нь гар мөр хэсэг рүү хоёр, гурван удаа модон сандлаар цохисон Д ах У эгчийн зүүн талынх нь шанаа хэсэг рүү ямар ч байсан нэг удаа цохиж байсан би өөр зүйл хараагүй” /хх-14 тал/,
Гэрч Ж.Мөнхжаргалын: “ ... Тэгтэл Д ах У эгчийн нүүр лүү нэг удаа цохихоор нь би салгасан тэгтэл үүднээс Ганбат орж ирээд араас нь Чингисбаатар ах орж ирээд орон дээрээ хэвтсэн Д ах мотоциклоо унаад яваад өгсөн тэгээд Ганбат бид хоёр гарч манай гэр лүү орсон. Миний харснаар Д ах У эгчийн нүүрэн хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон би өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-15-16 тал/,
Гэрч А.Азжаргалын: “ ... Хоёр хоногийн дараа Улаанбаатар хотоос ирэхэд манай нөхөр нүүр, гар хуруугаа маажуулчихсан байсан тэгээд яасан юм бэ? гээд асуутал би Утай муудалцаад цаадах чинь нөхрөө зодоод байхаар нь салгах гээд очтол намайг эргэж хараад маажаад эд зүйлээр цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Шинжээч И.Ганболорын: “ Дээрх тархи доргилт гэмтлийн эдгэх цаг хугацааны хувьд хүний биеийн физилогийн онцлогоос шалтгаалж 10-14 хоногийн дотор эдгэрдэг тул тархи доргилт нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зодуулснаас хойш үүссэн байх боломжтой гэж үзсэн. Харин зулгаралт нь нөсөөжилттэй эдгэрсэн, зүүн хацарт учирсан гүн зулгаралт нь улаан хүрэн өнгийн байсан. Эдгээр зулгаралт гэмтлүүд нь тархинд доргилт өгсөн байна гэдгийг нотолж байгаа ул мөр юм. Бодит үзлэг, тархи доргилтын сорьлуудаар тархи доргилтын шинжүүд тод илэрсэн тул тархи доргилт гэмтэл гэж үзнэ. Бодит үзлэгээр тархи доргилт гэмтэл гэж үзсэн. Дээрх тархи доргилт гэмтлийн эдгэх цаг хугацааны хувьд хүний биеийн физилогийн онцлогоос шалтгаалж 10-14 хоногийн дотор эдгэрдэг” гэх мэдүүлэг /хх-80-81 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №490 дугаар “1. Б.Дын биед тархи доргилт, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-21-22 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №482 дугаар “1.Ш.Угийн биед тархи доргилт, зүүн шууны шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн шанаа, эрүү, зулайн оройн хуйх, баруун эгэм, цээж, аюулхай, зүүн бугалга, хоёр өгзөг, баруун зүүн гуя, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4.5. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд хэд хэдэн удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 6.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-25 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.У, Б.Д нь 2020 оны 10 сарын 09-ний өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-83-84 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 10 сарын 09-ний өдөр 161 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж/хх-85-86 тал/, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-87-88 тал/ 2020 оны 10 сарын 09-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ш.У, Б.Д нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ш.У, Б.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсанз, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ш.У, Б.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.У, Б.Д нарт холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.У, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Д, А овогт Ш.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Ш.У нарыг 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Ш.У нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сарын/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д, Ш.У нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эп мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д, Ш.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Ш.У нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д, Ш.У нар нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ