| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0488/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/453 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/453
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
хохирогч Д.Төмөрбаатар,
шүүгдэгч Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.М-д холбогдох 2034000000576 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ө.М, Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 10 дугаар хороо Зүүн наран 2 дугаар гудамж 16 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг сум дундын 2 дугаар шүүхийн 112 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 10400000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Д.Төмөрбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Ө.М нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Гүнжийн сүм” гэх газарт Д.Төмөрбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Д.Төмөрбаатарын: “ ...Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар нутаг дэвсгэрт кино зураг авалтанд явж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой 18 цагийн орчимд М ах Улаанбаатар хотоос ирээд Баатархүү ах , Мөөжиг буюу М ахтай нэг шил Gregus нэртэй архи хувааж уучихаад гадаа автомашин дотор маазарч байгаад чамайг ална шүү гэхээр нь тэгээч гэтэл М ах машин дотор жолооны хүрдэн дээр сууж байхдаа зүүн мөрний хэсэгт 2 удаа хуванцар хутгаар гэмтээсэн энэ асуудлыг найз Цэсэндорж нь сандраад Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Бид хоёр эхэндээ ах дүү болохоор тоглоом шоглоомоор маазарч байна гэж тоглоом юм байх гэж бодоод санамсаргүй Мөөжиг ах түрийвчнээс хуванцар зүйл гаргаж ирээд гэмтээсэн. Тухайн үед миний бие эрүүл байсан болохоор анзааралгүй яваад байсан тийм сүртэй шарх байгаагүй. Зүүн мөрөнд 2 удаа цохих шиг болсон жижигхэн шарх үүсгэгдсэн байсан. Баатархүү ах, Мөөжиг ах бид гурав нэг шил архи хувааж уусан өөр илүү дутуу зүйл хэрэглээгүй. Биеэ хянах чадвартай бүх зүйлийг санаж байсан” гэх мэдүүлэг/хх-14 тал/,
Гэрч Б.Баатархүүгийн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос кино зураг хийх гээд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зураг авалтын багтай ирээд 1 хоногийн дараа маргааш нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос М дүү эргэлтээр ирээд бид хоёр үдээс хойш 1 шил /Gregus/нэртэй архи хувааж уугаад би унасан. Тэрнээс хойш янз бүрийн юм болсон байсныг шөнө сэрээд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-16 тал/,
Гэрч Б.Жаргалсайханы: “ ... Тэгээд М нь жолоон дээр сууж байсан Төмөрөө хаалга онгойлгоод машины урд хаалган дээр очиход машин барьж байсан дүүг дуудаад архи олоод ир гээд байх шиг байсан. М нь дүүгээ өмөөрөөд түрийвчнээсээ нэг карт шиг зүйл гаргаж ирээд Төмөрөөгийн зүүн мөрөнд хатгачихсан би өөр тийшээгээ харж байсан болохоор харж амжаагүй Төмөрөө нь та чинь намайг яаж байгаа юм бэ гэхэд Мөнх-Эрдэнийн гарт нэг хар өнгийн хутга байхаар нь гарнаас нь шүүрч аваад кармандаа хийсэн. Тэгээд тэр хоёр машин гадаа муудалцаад байсан би цаашаагаа зурганд орсон” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Яллагдагч Ө.Мөнх-Эрдэнийн гэрчээр мэдүүлсэн: “ ... Түрийвчинд байдаг карт нь хэлбэртэй пиавар хэтэвчний хутгыг тухайн гаргаж ирсэн тэр хутгаар хатгасан юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №77 дугаартай “1.Д.Төмөрбаатарын биед зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4. Дээрх гэмтлийн байрлал ир, мөрний байрлалыг биечлэн үзээгүй тул тогтоох боломжгүй. 5.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-25 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.М нь 2020 оны 10 сарын 11-ний өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-47 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 10 сарын 16-ны өдөр 160 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-51 тал/ 2020 оны 10 сарын 16-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ө.М-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ө.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ө.Мөнх-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.М-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ө.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М 500/ таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.М нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ