Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 013

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий  сумын 11 дүгээр  багийн оршин суугч Бахат овогт  С.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “С.Ныг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд томилуулахаар нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг салбар зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч С.Н, түүний өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албан тушаалыг нөхөх сонгон шалгаруулалтад тэнцэж, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад, мөн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд тус тус бүртгэгдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дэс болон туслах  түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалыг нөөцөөс нөхөх зарын дагуу Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллах хүсэлтээ салбар зөвлөлд холбогдох бичиг баримтаа журмын дагуу бүртгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүртгүүлсэн. Тухайн үед уг ажлын байрны сул орон тоонд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс надаас өөр хүн бүртгүүлээгүй байсан.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “...Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна...” гэж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтын “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын Зургаадугаар зүйлийн 6.1-д “...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.15-д заасны дагуу төрийн албаны төв байгууллага нь төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна..." гэж тус тус заажээ.

Салбар зөвлөл нь энэхүү хууль журмын хүрээнд дээрх үйл ажиллагааг буюу нөөцөөс нөхөх ажиллагааг явуулах ёстой боловч миний ажиллахыг хүссэн албан тушаалтай холбогдуулан хуралдаанаараа авч хэлэлцүүлэлгүй нөөцөөс нөхөх ажиллагааг хийхгүй орхигдуулсан.

Үүнийг дээрх журмын 6.2.1-д "...Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг хуралдаанаараа хэлэлцэн сонгож, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлнэ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд нөөцөөс бүртгүүлсэн хүн ганцхан би байсан бөгөөд ямар учраас тухайн албан тушаалд нөөцөөс нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүйг ойлгохгүй байна. Зүй нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт болон дээрх журамд зааснаар нөөцөөс нэр дэвшихээр бүртгүүлсэн С.Н миний нэрийг салбар зөвлөлийн хуралдаанд оруулж, нэр дэвшүүлэх ажиллагааг зохих хүрээнд явуулах ёстой байсан.

Гэтэл ямар нэгэн шалтгаангүйгээр тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй миний асуудлыг авч хэлэлцээгүйд гомдолтой байна, миний хувьд “ТЗ-З”, “ТЗ-5” зэрэглэлийн албан тушаалын аль алинд  ч шалгалт өгч тэнцсэн юм.

Иймд төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа С.Н намайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд томилуулахаар нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс ирүүлсэн тайлбартаа:

Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалын сул орон тоог төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс нөхөх тухай зарыг хуулийн хугацаанд цахим хуудсаар дамжуулан сурталчилж, бүртгүүлэх өдрийг зарласнаар иргэн С.Н дээрх орон тоонд журмын дагуу бүртгүүлсэн боловч Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас тухайн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, энэ орон тоог дахин зарлахаар санал оруулсан юм. С.Ны нэрийг нөөцөөс дэвшүүлэхгүйгээр нэр дэвшүүлэх ажиллагааг түр хугацаагаар хойшлуулсан байгаа.

Одоогоор тухайн албан тушаалд томилуулахаар ямар ч хүний нэрийг дэвшүүлээгүй бөгөөд уг орон тоонд түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байгаа. Хэрэв ажил олгогчоос төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтыг дахин боловсруулж сул орон тооны захиалга ирүүлсэн тохиолдолд энэ орон тоог дахин зарлаж зохих хууль журмын дагуу нөхнө гэсэн бодлого баримтлан ажиллаж байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг орон тоонд анх Х.Ы гэдэг  ажиллаж байсан бөгөөд төрийн албан тушаалын аль зэрэглэлээр ажиллуулж байсныг тухайн үед бид  мэдээгүй. Дараа нь холбогдох материалыг судалж үзэхэд Х.Ы нь төрийн албан тушаалын “ТЗ-5” зэрэглэлээр ажиллаж байсан нь тогтоогдсон. Тийм учраас  ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, дахин сул орон тооны захиалга өгнө гэсэн ажил олгогчийн хүсэлт үндэслэлтэй гэж үзээд салбар зөвлөлөөс нөөцөөс нэр дэвшүүлэх ажиллагааг хойшлуулсан гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчийн сул орон тоо гарсантай холбогдуулан ажил олгогчоос 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3/659 тоот албан бичгээр тухайн ажлын байрны тодорхойлолтын хамт захиалгыг салбар зөвлөлд хүргүүлсэн байна. Ингэхдээ ажлын байрны тодорхойлолтод зааснаар уг албан тушаал нь ангиллын хувьд туслах түшмэл, зэрэглэлийн хувьд “ТЗ-3”-аар хүргүүлсэн.

Хариуцагч талаас тухайн ажлын байрны тодорхойлолтыг хянаж үзээд Төрийн албаны зөвлөлийн веб сайтаар дамжуулж нийтэд мэдээлсэн гэжээ. Ингээд төрийн сангийн төлөөлөгчийн сул орон тоог нөөцөөс нөхөх зар нийтэд тавигдсанаар үндсэн дээр нэхэмжлэгч С.Н нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж бүртгүүлсэн. Энэ нь хариуцагч талын тайлбар болон салбар зөвлөлийн ажлын хэсгийн тэмдэглэлээр тус тус нотлогдож байгаа юм. Гэтэл нөөцөөс нөхөх сонгон шалгаруулалт явагдаад бүртгэснээс хоёр өдрийн дараа салбар зөвлөлийн хуралдаан болсон гэж тайлбарлаж байгаа. Энэ хуралдаан болж дууссаны дараа ганцхан төрийн сангийн төлөөлөгчийн орон тоог нөөцөөс нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээгүй орхигдуулсан байсан. Энэ асуудлын талаар нэхэмжлэгч салбар зөвлөлийн даргаас тодруулж асуухад, ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орохоор болсон. Өөрөөр хэлбэл, төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалын зэрэглэл нь  “ТЗ-3” байсныг “ТЗ-5” болгож өөрчлөхөөр болсон тул сонгон шалгаруулалт хойшлохоор болсон гэсэн хариу өгснөөр  маргаан үүссэн. Төрийн албаны төв зөвлөлөөс нэгэнт бүртгүүлсэн хүнийг хуралдаанаараа хэлэлцэж нэн даруй шийдвэрлэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны дотор хариу ирүүлэхийг салбар зөвлөлд мэдэгдсэн байсан. Гэхдээ салбар зөвлөлөөс ямар нэгэн хариу өгөхгүй байгаа.

Сонгон шалгаруулалтыг хойшлуулах шалтгаан байгаагүй гэдэг байдлаар бид нар маргаж байгаа. Учир нь, Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах саналыг хүлээж авсан нь буруу байна. Ингэж үзэж байгаа үндэслэл нь, салбар зөвлөл тухайн ажлын байрны тодорхойлолтыг хянаж үзээд нөөцөөс нөхөх талаар веб сайтад зар тавьсан байсан. Хоёрдугаарт, ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагууд нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны төв байгууллагаас тогтоосон шаардлагад нийцсэн байсан. Тийм учраас ажлын байрны тодорхойлолтод ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага байгаагүй гэж үзсэн болно.

Хэрэв салбар зөвлөл төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаал нь зэрэглэлийн хувьд “ТЗ-5”  байх ёстой гэж үзсэн бол энэ асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд шийдвэрлэх ёстой байсан. Иймээс нөөцөөс нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар туслах түшмэлийн ангиллын “ТЗ-3”  зэрэглэлийн албан тушаалд сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах албан тушаал хамаарах юм.

Маргаан бүхий албан тушаал нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн тэдгээртэй адилтгах албан тушаал байх тул “ТЗ-3”  зэрэглэлийн  албан тушаалд хамаарна. Тиймээс албан тушаалын зэрэглэлийг  “ТЗ-5” болгож өөрчлөх санал нь хууль бус бөгөөд нэгэнт Төрийн албаны салбар зөвлөл зохицуулан зохион байгуулна гэсэн эрх, үүргийн дагуу тухайн албан тушаалын зэрэглэлийг өөрчлөхөөр ирүүлсэн захиалагчийн хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд энэ асуудлыг зохицуулах боломжтой байсан.

Ажил олгогчоос салбар зөвлөлд  хоёр дахь удаагаа ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтыг шинэ хуулиар төрийн албаны төв байгууллага хянаад баталгаажуулах ёстой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа тайлбарлаж байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг дур мэдэн өөрчлөх эрх сумын Засаг даргын Тамгын газрын даргад олгогдоогүй гэж үзэж байна.

Түүнчлэн төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтын чухал шаардлагатай гэсэн хэсэгт “төрийн сангийн төлөөлөгчөөр 6 сараас доошгүй хугацаанд ажилласан байх ёстой” гэж нэмж оруулсан байдаг. Энэ нь хэн нэгэнд зориулан ажлын байрны тодорхойлолт боловсруулахгүй гэснийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Засаг даргын Тамгын газрын дарга гэрчийн мэдүүлэг өгөхдөө ажлын байрны тодорхойлолтын чухал шаардлагатай гэсэн хэсэг нь зайлшгүй байх ёстой асуудал биш, төрийн сангийн төлөөлөгчөөр туршлагатай хүн ажиллуулах үүднээс би өөрөө өөрчилсөн гэдэг асуудлыг тавьж байгаа. Тийм учраас томилох эрх бүхий этгээдийн анх өгсөн захиалга нь өөрөө хуульд нийцсэн байсан. Харин нэхэмжлэгч С.Н нь одоо нөөцөд бүртгэлтэй, ажлын байрны бүх шаардлагыг хангасан учраас тухайн үед нөөцөөс нэр дэвшүүлэх ажиллагааг хууль журмын дагуу явуулах ёстой байсан. Ийм байдлаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд хамаарах[1] төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрны сул орон тоо  гарснаар томилох эрх бүхий этгээдээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  сул орон тоог нөхөх  захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд[2] хүргүүлжээ.

 Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 17.8-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2009 онд батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”[3]-ын Тавын 5.1-д “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг үндэслэн нөөцийн сангаас тухайн сул орон тоог  нөхөх тухай захиалгаа ...харьяаллын дагуу ...аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд ирүүлнэ.” гэж, 5.3-т захиалга нь ажлын байрны тодорхойлолт болон сул орон тоо гарсныг нотлох шийдвэр зэрэг материалаас бүрдэхээр заасан ба Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргаас дээрх байдлаар маргаан бүхий сул орон тоог нөхөх захиалгыг салбар зөвлөлд хүргүүлсэн нь хуулийн эдгээр  зохицуулалттай нийцсэн байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.15-д Төрийн албаны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна гэж зааснаар салбар зөвлөлөөс маргаан бүхий сул орон тоог нөөцөөс нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс уг сул орон тоог нөхөх талаарх  зарыг  ажлын байранд тавигдах шаардлагын хамтаар тус зөвлөлийн цахим хуудсаар дамжуулж нийтэд мэдээлжээ.

Мөн  уг албан тушаалд ажиллахыг хүссэн иргэдийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр холбогдох материалын хамтаар  салбар зөвлөлд биечлэн ирж  бүртгүүлэхийг нийтэд мэдэгдсэнээр нэхэмжлэгч С.Н бүртгүүлсэн байх ба бүртгэлийн хугацаанд нэхэмжлэгчээс өөр иргэн бүртгүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

            Салбар зөвлөлөөс журмын  Зургаагийн 6.2.2-т зааснаар  нэхэмжлэгчийг маргаан бүхий орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцээгүй байх ба хариуцагч талаас энэ талаарх үндэслэлийг “...сул орон тоог төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс нөхөх тухай зарыг хуулийн хугацаанд нийтэд мэдээлсэн, тус албан тушаалд ажиллахыг хүсэгчдийг бүртгүүлэх өдрийг зарласнаар иргэн С.Н журмын дагуу бүртгэгдсэн. Гэтэл томилох эрх бүхий этгээдээс ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах талаар хүсэлт ирүүлсэн тул уг орон  тоог нөөцөөс нөхөх боломжгүй болсон. Ажил олгогчоос ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулахдаа маргаан бүхий албан тушаалын зэрэглэл “ТЗ-3” байсныг “ТЗ-5” болгож өөрчилсөн байх тул уг орон тоонд салбар зөвлөлөөс дахин сонгон шалгаруулалт явуулна.” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд томилох эрх бүхий этгээд болох Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргаас анх салбар зөвлөлд сул орон тоог нөхөх захиалга өгөх үед хамт хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баталсан  маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтод[4] албан тушаалын зэрэглэлийг “ТЗ-3” гэж тусгасан байх ба 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/674 дугаар албан бичгээр[5] салбар зөвлөлд хандаж төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтод зарим нэгэн өөрчлөлт оруулах болсноо мэдэгдэж, сонгон шалгаруулалтыг хойшлуулахыг хүсжээ.

Улмаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтын “Танилцуулга” хэсгийн албан тушаалын зэрэглэлийг  “ТЗ-3” гэснийг “ТЗ-5” гэж, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын туршлагын хэсэгт ...төрийн сангийн төлөөлөгч, төрийн сангийн нягтлан бодогчоор 6 сараас дээш ажилласан байх гэсэн нэмэлт шаардлага оруулж баталсан байх ба энэхүү ажлын байрны  тодорхойлолтыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн огноогоор дахин гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/59 дугаартай албан бичгээр салбар зөвлөлд хүргүүлж, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг дахин явуулах талаар хандсан зэрэг үйл баримтууд  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах болсон үндэслэлээ Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бахатжанаас шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх замаар тайлбарлахдаа “... Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчийн өмнөх ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын зэрэглэл нь “ТЗ-3”- аар тусгагдсан. Үүний дагуу би салбар зөвлөлд анх захиалгын дагуу уг тодорхойлолтыг  хүргүүлж байсан. Гэтэл тухайн албан тушаалд өмнө нь ажиллаж байсан Х.Ыийг ажилд томилсон тушаалд албан тушаалын зэрэглэлийг “ТЗ-5”-аар тусгаж байжээ. Иймд би төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалын зэрэглэл нь “ТЗ-3” биш “ТЗ-5” юм байна гэж үзэж өөрчлөлт оруулсан. Ажлын байранд тавих ерөнхий шаардлагын туршлагын хэсэгт өмнө нь мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан гэдэг шаардлага байсан дээр нь нэмж төрийн сангийн төлөөлөгч, төрийн сангийн нягтлан бодогчоор 6 сараас дээш ажилласан байх гэсэн шаардлагыг нэмсэн зэрэг өөрчлөлт оруулсан. Төрийн сангийн ажил нь маш ачаалалтай учраас тухайн ажлын талаар сайн мэддэг бол зүгээр болов уу гэсэн үндэслэлээр дээрх шаардлагыг тавьсан. Гэхдээ туршлагын хэсэгт нэмж оруулсан энэ шаардлага нь  гол шаардлага биш бөгөөд өөрчлөлт оруулсан гол үндэслэл нь албан тушаалын зэрэглэлийг ... өөрчилсөнтэй холбоотой юм.” гэжээ.

 Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-д зааснаар  яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоох юм.

Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал болохын хувьд  Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дугаартай “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай”  тогтоолын “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийг баталсан 1 дүгээр  хавсралтад зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах албан тушаалд хамаарах, туслах түшмэлийн ангиллын, “ТЗ-3” зэрэглэлийн албан тушаал байна.

Иймд  Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 7.10 дахь хэсэг  болон Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолыг зөрчиж, төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалын зэрэглэлийг “ТЗ-5” болгож, ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн нь  хууль бус байна.

Түүнчлэн  анх томилох эрх бүхий этгээдээс  дээрх байдлаар хуульд заасан журмын дагуу сул орон тооны захиалгыг өгсөн, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөхтэй холбоотой зарим ажиллагааг Төрийн албаны төв болон салбар зөвлөлөөс зохих журмын дагуу зохион байгуулсан буюу сул орон тоог  ажлын байранд тавигдах шаардлагын хамтаар нийтэд мэдээлж, үүний дагуу 1 иргэн буюу  нэхэмжлэгч уг орон тоонд ажиллахыг хүсэж бүртгүүлсний дараагаар томилох эрх бүхий этгээдээс ажлын байрны тодорхойлолтын туршлагын хэсэгт нэмэлт шаардлага оруулж өөрчилсөн нь мөн үндэслэлгүй байна.

Сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй тохиолдолд 17.4-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авна гэж заасан. Нэхэмжлэгч С.Н нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн байх ба дээрх байдлаар маргаан бүхий сул орон тоог нийтэд мэдээлж, нөөцөд бүртгэлтэй иргэдээс уг орон тоог нөхөх ажиллагааг салбар зөвлөлөөс  зохион байгуулсны дагуу нэхэмжлэгч уг орон тоонд бүртгүүлсэн нь хууль, журмын дагуух ажиллагаа байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн гэж заасан ба нэхэмжлэгчийг тухайн үед маргаан бүхий ажлын байранд тавих шаардлагыг хангаснаар салбар зөвлөлөөс түүнийг бүртгэсэн буюу нэхэмжлэгчээс өөр иргэн бүртгүүлээгүй байна.

Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын Зургаагийн 6.2.2-т ...төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг ...хуралдаанаар хэлэлцэж, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхээр заасны дагуу тухайн үед нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх асуудлыг салбар зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлээгүй нь хууль бус буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь дээрх байдлаар томилох эрх бүхий этгээдээс анх маргаан бүхий сул орон тоог нөхөх захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамтаар салбар зөвлөлд хүргүүлсэн, үүний дагуу  тус ажлын байрыг тавигдах шаардлагын хамтаар  нийтэд мэдээлсэн,  ингэснээр уг орон тоонд ажиллахыг хүсэж 1 иргэн буюу нэхэмжлэгч бүртгүүлсэн, нэхэмжлэгчийг салбар зөвлөлөөс уг ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж бүртгэсэн зэрэг төрийн                                                                                                             жинхэнэ албаны уг сул орон тоог нөхөхтэй холбоотой тодорхой ажиллагааг салбар зөвлөлөөс зохих журмаар явуулж дууссан. Үүний  дараагаар томилох эрх бүхий этгээдээс ажлын байрны тодорхойлолтын туршлагын хэсэгт дахин нэмэлт  өөрчлөлт оруулахаар хандсаныг холбогдох хуульд нийцсэн гэж үзэхгүй бөгөөд энэ нь  үндэслэлгүй, түүнчлэн туршлагын хэсэгт оруулсан нэмэлт шаардлага нь чухал шаардлага биш болохыг томилох эрх бүхий этгээдээс  мэдэгдсэн, албан тушаалын зэрэглэлийн хувьд энэ нь хууль журмын дагуу “ТЗ-3” зэрэглэлийн төрийн албан тушаалд хамаарч байхад  эрх хэмжээгээ хэтрүүлж албан тушаалын зэрэглэлийг “ТЗ-5“ болгон өөрчилсөн нь  хууль бус байхад үүнийг үндэслэн уг сул орон тоонд дахин сонгон шалгаруулалт явуулна гэж үзэж, нэхэмжлэгчийг маргаан бүхий орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэхээс татгалзсан салбар зөвлөлийн эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хууль, холбогдох журмын дээрх зохицуулалтуудтай нийцээгүй, нэхэмжлэгчийн  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан заасан болзлыг хангасан  Монгол Улсын иргэний хувьд түүний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах нь  үндэслэлтэй  гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд түүнийг маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг салбар зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба дээрх байдлаар уг сул орон тоог нийтэд мэдээлэх, сул орон тооны захиалга өгөх, уг ажилд  ажиллахыг хүсэгчдийг бүртгэх үйл ажиллагаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн дагуу явагдаж дууссан, одоо 2017 оны Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ дагаж мөрдөгдөж байгаа тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхөх талаарх болон 27.3-т заасан энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд холбогдох албан тушаалд томилуулахаар нэр дэвшигчийг томилох эрх бүхий этгээдэд төрийн албаны төв байгууллагаас санал болгох агуулга бүхий зохицуулалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Ныг Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

 1. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж, С.Ныг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА

 


[1] Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/04 дугаартай “Орон тоо, ажил албан тушаалын жагсаалт цалингийн сан батлах тухай” тушаал

[2] Төрийн албан зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл/цаашид “салбар зөвлөл” гэх/

[3] Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан журам /цаашид “журам” гэх/

[4]Хэргийн 28-29 дүгээр хуудас

 

[5]Хэргийн 43 дугаар хуудас