Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0028

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Д ХХК-ийн төлөөлөгч О.Х, өмгөөлөгч Ш.Э

Хариуцагч Ч.Ц, Х.Б

Хариуцагч Ч.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х

Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах...

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д ХХК-ийн төлөөлөгч О.Х, өмгөөлөгч Ш.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э

Хариуцагч Х.Б

Хариуцагч Ч.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 119/2022/0032/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д ХХК нь Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 15 дугаар зүйлийн 15.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Татварын ерөнхий хууль /2008-05-20/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006-06-29/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийн хэмжээг нийт 29,868,532.50 төгрөг /хорин есөн сая, найман зуун жаран найман мянга, таван зуун гучин хоёр төгрөг, тавин мөнгө/ буюу нөхөн татвар 19,912,355.00 төгрөг /арван есөн сая, есөн зуун арван хоёр мянга, гурван зуун тавин таван төгрөг/, торгууль 5,973,706.50 төгрөг /таван сая, есөн зуун далан гурван мянга, долоон зуун зургаан төгрөг, тавин мөнгө/, алданги 3,982,471.00 төгрөг /гурван сая, есөн зуун наян хоёр мянга, дөрвөн зуун далан нэгэн төгрөг/ болгон багасгаж” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагч Ч.Ц, Х.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т “...НА-20220000086 тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв” гэж шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 106 дугаар зүйлийн 106.2, 106.5 дахь заалтуудыг зөрчиж үндэслэлгүй шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг гаргахдаа шүүхийн шийдвэрийн 10-т “Д ” ХХК-ийн Хаан банкны 51630028231 дүгээр дансаар “Э  үйлдвэр” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орсон 219.500.00 долларын гүйлгээг шууд орлого гэж дүгнэсэн нь дараах хууль, журам, стандартад зааснаар нотлох баримтыг үнэлэлгүй үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Сангийн сайдын 2007 оны 326 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар”-ын урьдчилж орсон орлогын буртгэлийн 4.59-т “төлбөртэй үйлчилгээний орлогыг урьдчилж хүлээн авахад дт нь мөнгөн хөрөнгө, кт нь урьчилж олсон орлого гэж бүртгэхээр журамласан байдаг. Харин урьдчилж орсон орлогыг дараа нь буюу бараа нийлүүлж дууссанаар орлогын дансанд шилжүүлж бүртгэхдээ дт урьдчилж орсон орлого, кт ажил, үйлчилгээний орлого гэж бүртгэдэг. Урьдчилж орсон орлого гэдэг нь хүлээн авсан тал буюу “Д ” ХХК нь санхүүгийн анхан шатны бүртгэлдээ өглөг талдаа бүртгээд гэрээний дагуу бараагаа нийлүүлээгүй, нийлүүлэх боломжгүй нөхцөл үүссэн үед буцаан төлөх агуулгатай байдаг. Гэрээний дагуу гэрээг дүгнэсэн акт үйлдсэнээр тус бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн эсвэл ажил үйлчилгээг үзүүлсэн гэж үзэж эцсийн гүйлгээг хийснээр орлогоор бүртгэн тайлагнаж, төлбөрийн баримтыг “Э  үйлдвэр” ХХК-ийн нэр дээр цахимаар үүсгэдэг.

3.2. “Э” ХХК гэрээний дагуу 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 219,500.00 долларын гүйлгээнд төлбөрийн баримт үүсгүүлэн “Д ” ХХК-иас аваагүй нь тус орлогыг урьдчилж шилжүүлсэн зарлага буюу санхүүгийн анхан шатны бүртгэлдээ авлага гэж бүртгэсэн гэдгийг харуулж байна. Гэрээг дүгнэсний дараа үлдэгдэл төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлж, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Д ” ХХК-иас Э  үйлдвэр ХХК-руу 761,235,497.00 төгрөгийн төлбөрийн баримт шивсэн байдаг нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн орлогыг урьдчилж орсон орлого гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг илтгэдэг. “Д ” ХХК-ийн 219,500.00 долларын гүйлгээний утга бүхий дансны хуулгыг тал бүрээс нь үнэлээгүй, нэхэмжлэгч, хариуцагч талаас тодруулаагүй болон энэ талаар шүүх хуралдаанд мэтгэлцээгүй байдаг.

            3.3. Тус гүйлгээний утга дээр “Д , Э -Ү ХХК ПЕР” гэж бичсэн байгаа нь “ПЕР” буюу “перед оплата” гэх урьдчилсан орлогыг илэрхийлсэн байдаг. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ шууд орлого гэж дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй болно. “Д ” ХХК-ийн Э  үйлдвэр ХХК-тай байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2016/09-60-2013 дугаартай гэрээнд “төлбөрийн нөхцөл 50 хувь урьдчилгаа төлбөр, үлдэгдэл төлбөрийг барааг хүлээн авсны дараа шилжүүлнэ” гэж тусгаснаар 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 219,500.00 долларын урьдчилгаа төлбөр шилжүүлсэн нь урьдчилж гарсан зардал гэдгийг нотолж байдаг. “Д ” ХХК нь гэрээгээр “Цахилгаан техникийн кабель шалгах хөдөлгөөнт лаборатори” гэх нэг бүхэл тоног төхөөрөмжийг “Э  үйлдвэр” ХХК-т нийлүүлсэн. Тус тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд урьдчилгаа төлбөрийг “Э  үйлдвэр” ХХК төлснийг шүүх орлого гэж үзсэн нь мөн Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын 15 дугаарт заасныг зөрчиж байна.

            3.4. Шүүх 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орсон 219,500.00 долларын гүйлгээг шүүхийн шийдвэрийн 10, 11, 12, 13, 17, 18, 19, 22, 24-т орлогыг олсон үед, зардлыг гарсан үед гэдэг агуулгаар шууд ойлгож Нягтлан бодох бүртгэл болон олон улсын стандартад заасан урьдчилж орсон орлого эсвэл орлого эсэхийг нягтлаагүй, шүүх хуралдааны нотлох баримтыг тал бүрээс нь, эргэлзээгүй байдлаар үнэлээгүй.

Мөн нэхэмжлэгч тус гүйлгээ нь хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй бөгөөд 2016 онд орсон орлого, тухайн онд тайлагнах ёстой байсан талаар маргаагүй, мэтгэлцээгүй байдаг. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаарт шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

            4. Нэхэмжлэгч Д ХХК-ийн төлөөлөгч О.Х, өмгөөлөгч Ш.Э нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. “Д ” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114.185.324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасныг шүүх хянан хэлэлцээд “...улсын байцаагч нь нөхөн ногдуулалтын актаар татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцсон нь шийдвэр гаргах хэлбэр болон шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, ...шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан” гэж дүгнээд “...татвар нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцох хөөн хэлэлцэх 4 жилийн хугацааг хэтрүүлсэн. Иймд 2018 оны 82.554.00 долларын орлогод нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцох нь зөв гэж үзээд 29.868.532.50 төгрөг болгон багасгаж шийдвэрлэсэн.        

4.2. Татвар нь “Татварын ерөнхий хууль”-ийн 5-р зүйлийн 5.1.2-т зааснаар тодорхой байх, 5.1.3-т зааснаар шударга байх зарчимд нийцсэн байхаар хуульчилжээ. Татварын улсын байцаагчид үйл ажиллагаандаа дээрх зарчмыг баримтлаагүй зөвхөн компаний анхан шатны санхүүгийн баримт дээр өөрсдөө 761.000.000 төгрөгийг баримт бичиж “Э  үйлдвэр” ХХК-д өгсөн гэсэн үндэслэлээр нөхөн ногдуулалт, торгууль, алдангийг тооцжээ. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Э  үйлдвэр” ХХК, “Д ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй хийгдсэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн тул хүчин төгөлдөр бус юм. Хуулийн дагуу хийгдээгүй гэрээний үндсэн дээр компаний дансанд орсон орлогод акт тавьсан нь илт хууль бус болжээ.

4.3. Татварын байцаагчид нь 761.235.497.00 төгрөгийн зөрчилд нөхөн төлбөр ногдуулахдаа зөрчлийг хэрхэн тогтоосон, нөхөн татвар, алданги, торгуулын тооцоолол гэх мэт хавсралтууд ирүүлээгүй, ямар орлого, ямар зарлагатай гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудас нь нэгдсэн бүртгэл дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна” гэсэн заалтыг болон Татварын хяналт шалгалтын үйл ажиллаганы журам, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийг зөрчсөн. Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн 21 дүгээр зүйлд татварын байцаагч мэдээ, мэдээлэл баримт цуглуулахад баримтлах журмыг тогтоожээ. Журмын 21 дүгээр зүйлийн 21.2“Татварын алба татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай магадлагаа, баримтын хуулбар, мэдээ, судалгаа, дансны хуулга, холбогдох бусад баримт бичиг, мэдээллийг татвар төлөгч, түүнтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авна” гэж, 21.4“Татварын алба татвар төлөгчийн борлуулалт, худалдан авалт, гэрээ хэлцэл зэрэг мэдээ, мэдээлэл, баримтыг гаргуулахаар татвар төлөгч болон түүнтэй хамтран үйл ажиллагаа явуулсан гуравдагч этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан. “Э  үйлдвэр” ХХК-тай байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг “Д ” ХХК-г төлөөлөх эрхгүй, компаниас итгэмжлэл олгоогүй байхад Ц.Б “Хөдөлгөөнт цахилгаан техникийн лаборатори” нийлүүлэх 439.000 ам.долларын гэрээг хийсэн байдаг. Татварын байцаагчид энэ гэрээг Ерөнхий удирдамжид заасны дагуу татвар төлөгч болон гуравдагч этгээд болох “Э  үйлдвэр” ХХК-иас шаардан авсан бол гэмт хэргийн шинжтэй байгаа үйлдэл байгааг эсэхийг харах боломж байсан.

4.4. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1“захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.2“захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгасан анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Д ” ХХК нь Орхон аймгийн Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Нэхэмжлэгчээс ...Татварын улсын байцаагчид нь НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар 761,235,497.00 төгрөгийн зөрчилд 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Тухайн зөрчлийг хэрхэн тогтоосон, нөхөн татвар, алданги, торгуулийн тооцоолол гэх мэт хавсралтууд ирүүлээгүй, ямар орлого, ямар зардалтай гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Э  үйлдвэр” ХХК-тай манай компанийг төлөөлж, иргэн Ц.Б  Хөдөлгөөнт цахилгаан техникийн лаборатори нийлүүлэх 439.000 долларын гэрээ байгуулсан байна. Тухайн гэрээ бүрэн биелэгдээгүй, зарим зүйлс хасагдсан, гэрээний дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдсон ч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш тул хасагдсан зэрэг өөрчлөлтүүд орсон. ... Манай компани уг гэрээний орлогоос ямар ч ашиг олоогүй ... мөртлөө татварын хяналт шалгалтын актаар төлбөр нөхөн ногдуулсан нь үндэслэлгүй... гэж,

2.3. Хариуцагчаас ... Д ” ХХК нь 2018 оны борлуулалтын орлогоо дутуу тооцсон бөгөөд хяналт, шалгалтаар нийт 761,235,497.00 төгрөгийн зөрчил илэрсэн. Д ХХК нь Э  үйлдвэрХХК-тай байгуулсан гэрээгээр гүйцэтгэсэн ажлын орлогыг Д ХХК-ийн нэр дээр төлбөрийн баримт үйлдсэн боловч тайлагнаагүй, мөн хяналт шалгалтын үед татварын улсын байцаагч руу цахимаар явуулсан Хаан банкны 5163028231 тоот дансны хуулгаар тус орлого нь орсон нь нотлогдсон зэргийг үндэслэн тогтоосон. ...Э  үйлдвэр ХХК-тай хийсэн гэрээний нэг тал нь Д ХХК тул тухайн гэрээний дагуу олсон орлого нь тус компаний орлогоор хүлээн зөвшөөрөгдөж төлбөрийн баримт үйлдсэн байсан. Гэвч нэхэмжлэгч нь төлбөрийн баримт үйлдэж, өөрийн дансаар орсон орлогыг өөр этгээдүүдэд шилжүүлсэн тул манай орлого бус гэж маргаж буй хууль зүйн үндэслэлгүй юм. Аж ахуйн нэгжийн орлогыг бусдад шилжүүлсэн, алдсан асуудал нь тус хянал шалгалттай огтхон ч холбоогүй... гэж тус тус маргасан байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Татварын улсын байцаагч нар нь дээрх татварын актыг ногдуулахдаа зөвхөн тус компанийн анхан шатны санхүүгийн баримт дээр өөрсдөө 761.000.000 төгрөгийн цахим баримт бичиж “Э  үйлдвэр” ХХК-д өгсөн гэсэн үндэслэлээр Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн акт ногдуулсан нь үндэслэлгүй байна.

2.5. Тус нөхөн ногдуулалтын акт нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулгын/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.2-т “тодорхой байх”, 5.1.3-т “шударга байх” гэж тус тус заасныг зөрчжээ.

2.6. Мөн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ”, 41.10.1-д “татвар төлөгч болон түүний харилцагч этгээдийг үндэслэл бүхий шалтгаанаар дуудан ирүүлж, тайлбар авах”, 41.10.3-д “татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, санхүүгийн бусад баримт болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй холбоотой тайлбар, лавлагаа гаргуулан авах” гэж тус тус заасан бөгөөд татварын улсын байцаагч нар нь дээрх хяналт шалгалтыг хийхдээ хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй байна.

2.7. Өөрөөр хэлбэл “Д ” ХХК нь “Гадаад худалдаа, модон эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа, цэцэрлэгжилт, ачаа тээвэр, Нано технологийн судалгаа, самар савлаж худалдаалах, автомашины түрээсийн үйлчилгээ” явуулах үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2015 онд нэг гишүүнтэйгээр Даваа овогтой Очхүүгийн нэр дээр байгуулагдаж, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.О нь өөрийн хүү О-н Х-т компаниа шилжүүлж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000084515 дугаар гэрчилгээнд өөрчлөлт оруулжээ.

2.8. Гэтэл Орхон аймгийн Татварын улсын байцаагч Ч.Ц, Х.Б нар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар “Д ХХК-нд торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн татварыг ногдуулахдаа орлого, зарлагыг тодорхойгүй, 2016 онд Э үйлдвэртэй худалдах худалдан авах гэрээг байгуулсан Ц.Б ээс тайлбар авах, тус гэрээнд заагдсан НӨАТ-тэй дүн болох 439.000 ам.доллар нь  Д ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаатай шууд холбоотой эсэх, Д ХХК нь тус гэрээ байгуулахад оролцсон эсэх, хуулийн этгээдийн тамга тэмдэг ашиглан, хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан эсэхийг бүрэн тодруулаагүй байна.

2.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, энэ тохиолдолд маргаан бүхий акт хууль зөрчсөн нь тогтоогдсон буюу орлого олсон этгээдэд татвар оногдуулаагүй, татвар төлөх үүрэгтэй этгээдийг зөв тогтоосон эсэх нь тодорхойгүй, шүүхээс энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.

2.10. Нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж Э  үйлдвэр ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан этгээдээс мэдүүлэг тайлбар авах замаар тодруулан маргаан бүхий гүйлгээнд Хувь хүний орлогын албан татварын хууль, эсхүл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн аль нь хэрэглэгдэхийг тодорхой болгох, орлого олсон этгээдийг тогтоож, татварын хяналт шалгалтын ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, актыг дахин үйлдэх шаардлагатай байх тул шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж дүгнэн маргаан бүхий актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 5.1, 5.1.2, 5.1.3-д тус тус заасныг баримтлан Татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-20210000086 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 114,185,324.55 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг татварын улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсгийн 2Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Д ХХК-ийн төлөөлөгч О.Х, өмгөөлөгч Ш.Э, хариуцагч Ч.Ц, Х.Б, хариуцагч Ч.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ