Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/459

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,

улсын яллагч Т.Төмөртулга,

иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөр,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2034003460434 хэргийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Б А, Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Булган аймаг Хангал суманд хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 36 дугаар хороо Алтан-Овоо 40-20 тоотод оршин суух хаягтай,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар 07-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзсан,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар 01-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг Аргалант сумын “Хөшөөт”  2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “жирмийн цагаан нуур” гэх баазын хашааны гадна байрлуулсан байсан “Эрчим Өргөө” ХХК-ийн эзэмшлийн 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг машин механизм ашиглаж хулгайлж 8000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирлоо нэхэмжилж байна. Хохирол төлөгдвөл гомдол саналгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Төв аймгийн Цагдаагийн газарт Л.Отгонбаярын гаргасан өргөдөл/хх-07 тал/, хохирогч Л.Отгонбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11-12 тал/, иргэний нэхэмжлэгч Л.Отгонбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-15-17 тал/, иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-19-20 тал/, гэрч О.Төгөлдөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21-25 тал/, гэрч Д.Оюунчимэдээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-29 тал/, шүүгдэгч Б.Аын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/хх-30-31 тал/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/хх-36-38 тал/, Б.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-68 тал/, Б.Аын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-112-119, 123-126 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/хх-129-137 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг Аргалант сумын “Хөшөөт”  2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “жирмийн цагаан нуур” гэх баазын хашааны гадна байрлуулсан байсан “Эрчим Өргөө” ХХК-ийн эзэмшлийн 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг машин механизм ашиглаж хулгайлж 8000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонбаярын: “ ... 2020 оны 04 сард Төв аймгийн Цагдаагийн газарт 34-06УНМ улсын дугаартай автомашин Төв аймгийн Аргалант сумаас хулгайд алдчихлаа гэж өргөдөл өгсөн юм. 2018 онд байх Төгөлдөр, А хоёр миний автомашинаар Жирмийн цагаан нуур гэдэг газарт тог татаж өгөөд ахиж ажил хийнэ гээд тэндээ машинаа айлын хашаанд тавьсан. Тэгээд манай машинаар А халтуур хийнэ гэж авч яваад машины бензин дуусчихлаа шүү, энийгээ аваарай гээд манай хүү Төгөлдөр лүү залгасан байсан. Тэгээд Төгөлдөр очиж авалгүй 2-3 хоносон чинь над руу манай ажиллаж байсан хүн машин чинь хээр байна гэж хэлсэн. Төгөлдөр машин яваад байгаа газарт яваад очсон чинь өрөм нь байхгүй шланкуудыг нь тасдаад аваад явчихсан байсан. Тэгээд Төгөлдөр суудлын автомашинаараа чирээд айлын хашааны гадаа тавьсан. Тэгээд би 2020 оны 04 сард машинаа авах гээд Төв аймгийн Аргалант сумын Жирмийн цагаан нуур гэдэг газарт яваад очиход машин байхгүй байсан. Тэгээд би манаачтай уулзсан чинь хүмүүс ирээд аваад явчихсан надад 100000 төгрөг өгсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-11-12 тал/,

Иргэний нэхэмжлэгч Л.Отгонбаярын: “ ... Би “Эрчим Өргөө” ХХК-ийн захирал албан тушаалтай хүн байгаа юм. Манай инженер Төгөлдөр Төв аймгийн Заамар суманд ажиллаж байгаад ажлаа дуусгаад манай компаний эзэмшлийн 34-06 УНМ улсын дугаартай Киа Киринто маркийн тээврийн хэрэгслийг авч явж байгаа. Манай инженер Төгөлдөр Жирмийн цагаан нуурын амралтын баазын хашаан дотор гэрлийн шонгийн нүх ухаж шонгийн мод босгоод тэндээ орхиод явсан байсан. 2018 оны 06 сарын 12-13-ны хооронд манай инженер Төгөлдөрөөс “Дэд Өргөө” ХХК-ийн жолооч Б.А гэх хүн тэр хавьд нь шонгийн мод босгоод өгий гэж гуйгаад авч явсан байсан юм. Авч явсан өдрийн орой нь манай инженер лүү А утсаар Төгөлдөр лүү залгаад танай машины түлш дууссан шүү замын хажууд орхиод явлаа ирж машинаа аваарай гэж хэлсэн байдаг. Төгөлдөр хэд хоногийн дараа очоод машинаа авах гэсэн чинь нүх ухдаг өрөмийг хулгай аваад даралтын шланкуудыг тасдаад хаясан байна гэж надруу хэлсэн. Тэгээд Төгөлдөр машинаа чирч Жирмийн цагаан нуурын баазын хашааны үүдэнд орхиод Чимэд гэх хүнд машинаа захиад орхисон юм. 2018 оны 8-9 сарын хооронд манай ажилчид очоод асааж чадахгүй ирсэн байсан. Би сэлбэгийг нь олж аваад 2020 оны 04 дүгээр сарын 05-нд авах гээд очиход манай машин алга болсон байсан юм. Чимэд гэх манаачаас асуухад мэдэхгүй та нар ирж аваад явсан биздээ гэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг/хх-1617 тал/,

Иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрийн: “ ... 2020 оны 01 сарын 10-ны өдөр төмөр авдаг манай найз Энхбаатар над руу залгаад “хаягдал машин байна, энд нэг хүн машин хаягдал төмөрт өгнө гээд явж байна” гээд надад хэлсэн. Тэгээд миний 89838587 дугаарын утас руу тэр А гэх залуу над руу залгаж холбогдоод “ахаа хаягдал төмөр машин авах уу? Төхөөрөмжтэй юм байгаа юм” гэж хэлсэн. Тэр бас надад “Би нэг харрьер маркийн автомашин зээлээр авчихсан юм. Тэрнийхээ төлбөрийг төлөх гэсэн юм. Та авчаач хөдөө Төв аймгийн Баянцогт суманд байгаа, дугуйн хагарчихсан” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод кран авч явахаар болоод краныхаа ажлын хөлсийг хувааж өгсөн. Би 200000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр хаягдал төмөрт өгөх гэж байгаа автомашиныг нь 1300000 төгрөгөөр бодоод нийтдээ надаас 1700000 төгрөг гарсан. Тэгээд би Ааас “асуудалгүй юм байгаа биздээ бичиг баримт нь хаана байгаа юм бэ? гэж асуутал А надад “асуудалгүй, бичиг баримтыг нь олон жилийн өмнө хаячихсан, бичиг баримтгүй олон жил зогсож байгаа юм гэсэн. Иргэний үнэмлэхийн лавлагааг надад гаргаж авч ирж өгсөн. Бид нар кранаа аваад Төв аймгийн хуучин Баянцогт сум гэдэг газарт айлын гадаа байсан шаргал өнгийн толгойтой улаан өнгийн төхөөрөмжтэй тээврийн хэрэгсэл байсан. Би тэнд очоод тэнд байсан айлынх нь хүнд өгнө гээд надаас 200000 төгрөг А авсан. Харин яг тэр манаач хүнд өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Би тэр манаач хүнээс “энэ машин Аын машин мөн үү? гэж асуусан чинь манаач ах “Аын машин мөн” гэж хэлсэн. Тэгээд аваад Улаанбаатар хотын СХД-ийн 6 дугаар хороо Тоосгоны 24А-31А тоот хашаандаа аваачиж тавьсан. Одоо ч манай хашаанд байж л байгаа. Уг нь бол А надад асуудалгүй хаягдал төмөр гэж зараад надаас 1300000 төгрөг авсан юм. Би Ат мөнгөө Энхжингийн АТМ-ээс 1000000 төгрөгөөр, 700000 төгрөгөөр 2 салгаж аваад бэлнээр өгсөн юм. А өөрөө ахаа мөнгөө бэлнээр авчихъя гэж хэлсэн юм. Би тэрнээс хойш Атай уулзаагүй” гэх мэдүүлэг/хх-19-20 тал/,

Гэрч О.Төгөлдөрийн: “ ... Би тухайн машинаа асаагаад хот руу авч явах гэтэл миний машины газар өрөмддөг өрөм нь алга болсон  машин явах боломжгүй болсон байсан. Би тэгэхээр нь сэлбэг олох санаатай Жирмийн цагаан нуурын баазын манаачийг гуйж хашааны гадаа орхисон юм. Тэгж орхиод 2019 оны 07 сард хажуугаар нь харсан байж байсан. Тэгээд сэлбэгийг нь олоод авах гээд манай аав Отгонбаяр очтол манай компани эзэмшлийн  Киа Киринто маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байна гээд Цагдаагийн байгууллагад хандсан юм”  ...Надад Ат өгөх өр авалга байхгүй. Тэр нөхөр худлаа ярьж байна. Тэр машиныг ганц асааж мэддэг хүн нь А л байсан тэрнээс өөр хүн асааж чаддаггүй байсан юм. Манай машины өрөмийг авахын тулд заавал машин асаж байж өрөмөө өргөдөг байсан даралтын шланкууд хийгээд дүүрч байж өргөгдөж байгаад өрөм мултардаг. Тухайн машин, өрөмөө нэхэмжилмээр байна Ааас” гэх мэдүүлэг/хх-22-23 тал/,

Гэрч Д.Оюунчимэдийн : “ ...2020 оны 01 сарын 10-нд 15 цагийн үед 22-24 УНӨ гээд цагаан өнгийн крантай машин бас нэг мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 5 хүн ирээд ачаад явсан тэгээд би хэн гэдэг хүмүүс бэ гэтэл би эзэн нь байна намайг А гэдэг гэж хэлээд аваад явсан” /хх-29 тал/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан/хх-36-38 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг Аргалант сумын “Хөшөөт”  2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “жирмийн цагаан нуур” гэх баазын хашааны гадна байрлуулсан байсан “Эрчим Өргөө” ХХК-ийн эзэмшлийн 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг машин механизм ашиглаж хулгайлж 8000000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг Аргалант сумын “Хөшөөт”  2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “жирмийн цагаан нуур” гэх баазын хашаанны гадна байрлуулсан байсан “Эрчим Өргөө” ХХК-ийн эзэмшлийн 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг машин механизм ашиглаж хулгайлж 8000000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүхээс Б.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан 1.700.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт олгож, иргэний нэхэмжлэгч нь хохирлоо авсны дараа  хохирогч Л.Отгонбаярт 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхийг даалгаж, хянан шийдвэрлэсний дараа шүүгдэгч Б.А нь хохирол төлөх завсарлагыг хуульд заасан хугацаанд авч, завсарлуулсан хугацаанд  иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт 550000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 1150000 төгрөгийг нөхөн төлөхөө шүүхэд илэрхийлсэн байна..

            Хохирол бүрэн төлөгдөөгүй тул хохирогч Л.Отгонбаярт учирсан 8000000 төгрөгийн хохирлыг 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөр нь хүлээлгэн өгөөгүй байна.

        Иймд шүүгдэгч Б.Ааас 1150000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт олгож, иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт хохирол төлөгдсөний дараа хохирогч Л.Отгонбаярт 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхийг иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

           

           Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, шүүгдэгч Б.А нь 2 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М овогт Б А машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4  дэх хэсэгт зааснаар Б.А-ыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-т оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас  1150000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт олгож, иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөр нь хохирол 1150000 төгрөгийг төлөгдсөний дараа 36-06 УНМ улсын дугаартай Киа Кринто маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Л.Отгонбаярт хүлээлгэн өгөхийг иргэний нэхэмжлэгч Х.Гантөмөрт даалгасугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ