| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0019/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч .. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..т холбогдох 2034000000726 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
..., Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймаг Баян-Өндөр сумын Өвөрзүлэгт 3 дугаар багт оршин суух хаягтай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч .. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч .. нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг “Авдрангийн ар” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Доржготовын өмчлөлийн алдуул саран дэвсгэртэй Чандмань тамгатай хар зүсний 1 тооны 2 настай охин даагыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Доржготов: “...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар ажиллаж амьдардаг юм манайх хэдэн тооны малтай тэгээд би сумын төвд амьдардаг болохоор өөрийнхөө төрсөн дүү Бахаамаа гэх залуугийнд миний хэдэн мал байдаг юм. Тэгтэл өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өглөө 10 цагийн орчимд манай дүү Бахаамаа манай гэрт орж ирээд надад “ах аа 11 дүгээр сарын 21-ны өдөр адуугаа услаад гаргахад танай адуу бүрэн байсан юм гэтэл өнөөдөр өглөө адуугаа бөөгнүүлэхэд танай адуунаас охин хар даага чинь адуундаа байхгүй байна яг л хулгайд алдчих шиг боллоо хар даага адуунаасаа хэзээ ч салдаггүй юм” гэж хэлсэн тэгээд дүү юу ч гэсэн гадуур адуугаа айлын адуу малаар хайгаадхъя гээд явсан юм. Тэгээд манай дүү Бахаамаа нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын гаралтай манай суманд .. гэдэг залуу хулгайлчихсан байж магадгүй гэж надад хэлсэн иймд би Цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн Авдрангийн ар гэдэг газраас 2020 оны 11 дүгээр сарын 21-23-ны өдрийн хооронд өөрийнхөө 2 настай саран дэвсгэртэй чандмань тамгатай хар зүсмийн охин даагаа адуун дотроосоо хулгайд алдсан. Миний алга болсон даага маань их тарган мөн унаган дэлтэйгээ байсан. Үгүй ээ миний адууг надаас өөр захиран зарцуулах хүн байхгүй ээ. Би .. гэдэг залууг сэжиглэж байна. Миний алдсан адуу маань их тарган адуу байсан. Би адуугаа 800.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг/хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Шүүгдэгч ..ын гэрчээр мэдүүлсэн: “...Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Өвөрзүлэгт 3 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй байдаг харин манайх гэр бүлээрээ Төв аймгийн Эрдэнэсант суманд ирж түр оршин суугчаар 2011 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. Би одоо Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд өөрийнхөө эхнэр Батчимэг болон 1 ойтой охин Алтансувдын хамтаар амьдардаг юм манай аав, ээж, хоёр маань Эрдэнэсант сумын Угалзат 4-р багийн Ссүл цохионы арын поолиноос олоход манай хонгор азаргатай адуунд танихгүй хар даага нийлчихсэн байсан тэгэхээр нь би тэр өдөр тэр даагыг өөрийнхөө адуутай хамт Авдрангйин ар гэдэг газар нутаглах өөрийнхөө аавын өвөлжөөн дээр аваачиж ганцаараа тэр даагыг барьж аваад уяж өөрийнхөө адууг хөөж явуулаад тэр адууг аавын гэрийн хойд талд ганцаараа тэр адууг махалсан. Тэгээд арьсыг нь эвхээд аавын гэрийн хойд талын амбаарт хийж мах гэдсийг нь идэхээр янзалж мөн махыг нь аавын гэрийн хойд талын амбаарт нь хийж үлдээчихээд сумын төв рүү харьсан. Би тэр адууг хэнийх болохыг нь мэдээгүй ээ. Өөрөө идэх махгүй болохоороо тэр адууг хийчихсэн юм. Надад тэр адууг хийх эрх байгаагүй. Харин өнөөдөр тэр адууг Доржготов ахын адуу гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Яллагдагч ..ын: “ ... Би хохирол төлбөрөө барагдуулсан тухайн адууны оронд бүдүүн сувай гүү өгсөн. Би эхнэр 1 нас 3 сартай хүүхдийн хамт мал маллаж амьдардаг уг асуудлыг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ/хх-ийн 18 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ..т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч .. нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч ..ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ..т холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч .. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н овогт ..ыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..ыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..т оногдуулсан 250/хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч .. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ..т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ