Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч М.Гансувд,

хэлмэрч Д.Мөнхжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б Ш-т холбогдох 2130000000010 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б Ш., Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 40-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймаг Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг Д.Батнасанг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймаг Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг Д.Батнасанг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.Батнасангийн: “...би Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг. Номин дэлгүүт үйлчлэгч хийдэг. Би танина Штай хамт ажилдаг. Номинд бараа өрдөг ажил хийдэг. Би 2020 оны 12 дугаар сарны 22-ны 21 цаг 40 минутанд ажлаасаа тарах гээд байж байтал хамт ажилдаг Ш гэх залуу ажил дээр согтуу ирчихсэн байсан. Хишигээ гэх залуу гадаа ирээд Шыг авч явах гэж байсан. Би замд нь буух гээд машинд нь суусан юмаа. Хишигээ намайг аниа хамт Шыг хүргээд өгчихье гэж хэлсэн. Би за гээд хамт явж байтал Зуунмод сумын 6-р баг Мэргэжилийн хяналтын газрын баруун талын зам дээр явж байтал Ш машинаасаа буусан чинь Хишигээ гэх залуу та Шыг харж байгаарай би удахгүй ирнэ гээд үлдээгээд явсан. Гэтэл Ш намайг түлхэж унгаагаад зодоод эхэлсэн. Би туслаарай гээд орилсон чинь цагдаа нар ойрхон явж байгаад намайг ирж салгасан. Ш намайг түлхэж унагаагаад үснээс зулгаад гараараа атгаж байгаад гараараа атгаж миний толгой, хамар нуур, толгой хэсэг рүү аймар зодсон миний хамраас цус гарсан. Ш намайг түлхэж унагаагаад хөлөөрөө хавчиж байгаад миний толгой хэсэг рүү маш олон удаа цохисон би туслаарай гээд орилж байтал эргүүлийн цагдаа нар ойрхон явж байгаад намайг салгасан. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Миний толгой өвдөөд дүүрээд байна. Ш надад 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажил дээр бэлнээр 40 төгрөг өгсөн. Өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 450000 төгрөгийг хаан банкны данс руу өгсөн. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Ш миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 8-9 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Шын гэрчээр мэдүүлсэн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр оройны 19 цагийн үед ажлынхаа Оюунболдтой ажил тараад ажлынхаа хувцас солих өрөөнд би 4 ширхэг лаазтай 0,5 граммын хэмжээтэй нэрийг нь сайн мэдэхгүй пиво уусан. Оюунболд хэдэн ширхэг лаазтай пиво уусныг мэдэхгүй байна. Би уг нь архи пиво уугаад байдаггүй өчигдөр юм хоосон байсан болохоор амархан согтсон байна. Би ажлынхаа Оюунболдтой юм яриад сууж байсан. Хувцас солих өрөөнөөс хэзээ хэнтэй яаж гарснаа мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь хамаг хувцас тайлчихсан би шалдан нэг өрөөнд байж байсан. Би юу ч санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дугаар хуудас/,

Гэрч С.Хишигдоржийн: “... Би ажлынхаа бус цагаар таксинд явдаг юм. 2020 оны 12 дугаар сарын 21 цаг өнгөрчихсөн байсан цагийг тодорхой санахгүй байна. Манай камер хянагч Цогтбаатар гэх хүн миний гар утас руу залгаад Шыг гэрт нь хүргээд өгчих гээд дуудсан. Би ажил дээр очсон чинь Ш согтуу байсан. Би Шыг аваад гарах гэхээр Ш согтуу машинд суухгүй арай гэж манай ажлын Одончимэг эгч ажлаас гаргаж өгсөн. Шыг ажлын үүднээс аваад гарч байтал Батнасан эгч таарсан та хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд эгч харих гэсэн юм гэж хэлэхээр нь би төв рүү явах гэж байна гэж хэлсэн чинь би суугаад явчихъя гээд суусан. Би машинаа бариад Ш жолоочийн эсрэг талд суусан Батнасан эгч яг миний ард суугаад Номин супермаркетын үүднээс хөдлөөд явж байтал Ш зүгээр суухгүй намайг цохиж аваад, үрүүл булаацалдаа болохгүй би аваараа дараад зөөлөн явсаар байгаад Мэргэжлийн хяналтын баруун замд дээр очоод бүүр болохгүй сүүлдээ Ш өөрөө хаалга онгойлгоод буусан Би буцааж суулгах гэсэн боловч уурлаад ноцолдож байгаад Ш газар хэвтчихсэн. Би Батнасан эгчид бид хоёр гэрийн нь мэдэхгүй ингэж яваад бүтэхгүй юм байна. Та хараад байж чадах уу би яваад гэрийг нь мэдээд ээж нь эмнэлэгт ажилдаг гэж сонссон би ээжийг нь олоод ирье гээд явсан. Удаагүй Батнасан эгч рүү залгасан чинь утсаа таслаад над руу эргэж залгаад Ш намайг зодоод эргүүлийн цагдаа аваад явж байна гэж ярьсан би өөр зүйл мэдэхгүй. Ш согтуу байсан. Хэр зэрэг согтуу байсныг би мэдэхгүй байна. Ш хөгжлийн бэрхшээлтэй хэлгүй учраас юм бол ярихгүй гэхдээ ажил дээр их нарйсаг эелдэг харилцаатай байдаг” гэх мэдүүлэг/хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч О.Оюунболдын:  “... би 2020 оны 12 сарын 22-ны орой ажил тараад 19 цагийн үед Ш бид хоёр 0,5 граммын лаазтай пиво нэг нэгийг уугаад би гэртээ харьсан. Одончимэг эгч Шыг хүргээд өгчихнө гэсэн болохоор би харьсан. Намайг харьсны дараа 22 цаг өнгөрч байхад Хишигдорж над руу залгаад Шын гэр хаана байдаг юм бэ гэж асуусан. Удалгүй Ш Батнасан эгчийг зодсон гээд цагдаа дээр байна гэж хэлсэн. Би Шын утсыг харсан. Хар өнгийн IPHONE 7 маркийн утас байсан. Шын утас надад байсан. Би гарахдаа Одончимэг эгчид Шинээгийн утас шүү та Шинээг хүргэж өгөхдөө өгөөрэй гэж хэлсэн. Ш нилээн согтуу байсан. Шинээ их даруухан сайн залуу яагаад Батнасанг зодсон талаар гайхаж байна. Архи уугаад агсам согтуу тавиад хүн зодоод байдаггүй ажилдаа сайн залуу” гэх мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Э.Батцэцэгийн: “... би 2020 оны 12 сарын 22-ны орой 20 цагийн үед ажилчдын өрөөнд ороход Ш, Оюунболд хоёр пиво уучихсан. Ш нилээн согтуу Оюунболд гайгүй байж байсан. Би та хоёр яаж байгаа юм бэ? Би та хоёрыг гэрт нь хүргээд өгье гэхэд Оюунболд яах бэ би Шыг хүргээд өгчихье гэж хэлсэн болохоор би ажлаа хийгээд явчихсан. Номин супермаркет хаах 21 цагт хаах байж байтал Хишигдорж гээд манай цагийн ажилтан орж ирэхээр нь чи юу хийж яваа юм бэ гэхэд би Шыг авах гэж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би Шыг гэрт нь хүргэж өгөөрэй гээд Хишигдоржид өгөөд явуулсан. Би Шын ээж рүү яриад Шыг манай цагийн ажилтан аваад явлаа. Ш согтуу байна шүү та цонхоороо харж байгаад тосоод аваарай гэж хэлсэн. Ш ажилдаа маш сайн ажил таслахгүй хоцрохгүй өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийдэг. Архи дарс уугаад байдаггүй элдэв янзын зан гаргаж алдаа дутагдал гарагж байгаагүй” гэх мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч О.Хонгорын: “...би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ёндонжамц, Батнасан нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 30 минутын үед Мэргэжлийн хяналтын баруун талын асфальтан зам дээр Ш гэх залуу нэг эмэгтэйгээ газар унагаачихсан үсдээд чирээд цохиж байхад нь салгаж Шыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Ш тасарчихсан байх шиг байсан. Тэр эмэгтэй үсдээд тавихгүй бид нар арай гэж нэг юм салгаад эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгөхөд Ш нь драгерь багаж үлээх чадваргүй байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/ ,

Гэрч Ц.Батнасангийн:  “... би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Ёндонжамц, цагдаагийн дэд ахлагч Хонгорын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 30 минутын Мэргэжлийн хяналтын баруун талын асфальтан зам Ш гэх залуу нэг эмэгтэйгээ газар унагаачихсан үсдээд цохиж байхад нь салгаж Шыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг .../хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Б.Одончимэгийн: “... би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой Шыг унаанд суулгаж өгөхдөө Шт утсыг нь өөр нь өгсөн. Шыг би Хишигдоржийг машинд суулгаж өгөхдөө Шыг цамц, читоныг өгсөн. Шт өөрт нь утсыг нь өгсөн. Хишигдорж дараа нь ярихдаа Шыг утастай байсныг мэдээгүй гэж ярьж байсан. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Алтанцэцэг гээд манай ажлын хүүхэн бид хоёр Хишигдоржийг ажил дээрээ дуудаад машинд чинь Шын утсыг үзье чи яваад ир гээд дуудсан удалгүй Хишигдорж ирээд машин дотор утсыг нь хайж байгаад жолоочийн эсрэг талын суудлын шалавчны доороос Шын утас гарч ирсэн. Тэгээд Шт утсыг нь өгсөн” гэх мэдүүлэг/хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Б. Ёндонжамцийн: “... би Ш, Батнасан нарыг танихгүй. Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Хонгор, олон нийтийн цагдаа Батнасан нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 30 минутын Мэргэжлийн хяналтын баруун талын асфальтан зам Ш гэх залуу нэлээн согтуу нэг эмэгтэйг газар унагачихсан үсдээд тавихгүй арай гэж салгаад Ш гэх залууг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгсөн”/хх-ийн 27 дугаар тал/,

Яллагдагч Б.Шын: “...Би гэм буруугаа ухамсарлаж байгаа тэр өдөр би пиво уусан согтуу байсан болохоор юу ч санахгүй байна. Гэхдээ миний хийсэн үйлдэл буруу гэдгийг маш сайн ойлгож ухамсарлаж байгаа би дахиад ийм алдаа гаргахгүй гэж ээждээ амласан. Би Д.Батнасанд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 40 мянган төгрөг эм авч уугаарай гэж өгсөн. Дараа нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дансаар 450 мянган төгрөг шилжүүлж хохирлыг барагдуулсан. Намайг хүргэж өгөх гээд авч явсан Хишигдоржийн машинд байсан байна гээд хоёр хоногийн дараа Хишигдорж надад авч ирж өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна”/хх-ийн 53 дугаар хуудас/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний шинжээч “1.Д.Батнасангийн биед зүүн нүдний доод зовхи, хамрын зүүн тал, баруун гарын сарвуу, хүзүүнд цус хуралт, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-11-12 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өдрийн 22 цаг 30 минутын орчимд хамт ажилладаг Д.Батнасанг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь “биед зүүн нүдний доод зовхи, хамрын зүүн тал, баруун гарын сарвуу, хүзүүнд цус хуралт, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 06 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-40 тал/ 2021 оны 01 сарын 18-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Шт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Ш нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Шыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.Шт холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 550/таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000/таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Шт нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ