Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

 

                   

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-эрдэнэ,

улсын яллагч М.Гансувд,

хохирогч Д.Мөнхбаатар/онлайн/

шүүгдэгч Ч.Э, Д.Г, Н.Д,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Э, Д.Г, Н.Д нарт холбогдох эрүүгийн 1834006160418 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овогт Д Г, Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, ээж дүү нарын хамт Архангай аймаг Төвшрүүлэх сумын 3 баг, Урантолгой 5 дугаар байр 1 тоотод оршин суух хаягтай,

урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн гэв.

 

Б овогт НД, Монгол улсын иргэн, 1986 оны 16 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо Алтан-Овоо 14-37 тоотод оршин суух хаягтай,

урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн гэв.

 

Бовогт Ч Э, Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хорих ял эдэлж байгаа, ам бүл 1, ганцаараа Архангай аймаг Төвшрүүлэх сумын 2 багт оршин суух хаягтай,

урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрнгө хураах, 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр 20-ны өдрийн 201/ШЦТ/1236 дугаартай шийтгэх тогтоолор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Э, Д.Г, Н.Д нар нь бүлэглэн, Д.Нандинцэцэгийн эзэмшлийн 78-48 УБГ улсын дугаартай Тоёото Марк-2 маркийн тэээврийн хэрэгслийг ашиглан 2018 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Ар уртын Овоот”-ын өвөлжөөнөөс Д.Мөнхбаатарын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж 3200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр Н.Д гээд байгаа нөхөр өчигдөр ганцаараа 2 515 000 төгрөг авчирч төлж өгсөн. Тэр Д.Г гээд байгаа нөхөр уг нь хамт төлөлцөнө гэж байсан ч нэг ч төгрөг өгөөгүй. Ирж уулзаагүй. Н.Д намар нэг ирж уулзаад энэ унаж яваа машин тэргээ барьцаанд үлдээгээд явья гэхэд нь би машин тэрэг авахгүй чи бэлэн мөнгө олж ир гээд буцаагаад явуулсан тэгээд өчигдөр бэлэн 2.515.000 төгрөг авчирч өгөөд. Надад өөр боломж байдаггүй. Нөгөө  хажууд байгаа хүмүүс бас мөнгө төгрөг өгдөггүй ийм байдалтай байна гээд өчигдөр ирэхээр нь шүүх хуралдаан дээр чинь үнэнийг хэлье гэсэн. Н.Д бол хэргээ хүлээгээд миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж хэлнэ гэсэн. Хоёрдугаарт нь Архангайд байсан Архангайн харьяат хүн Заамар сумыг мэдэхгүй нөхдүүд, намайг байхгүйд юманд явсан шөнө бэлчээрт зам дагуу биш хаа байсан хол үхрийг тууж аваачаад хол байсан уулын аманд байсан өвөлжөөнд аваачсан. Хэн ч мэдэхгүй өвөлжөөн дээр аваачаад тавьчихсан байсан. Тэгэхээр тэндээс гаргаж өгсөн хүн байх ёстой. Гар утасны бичлэг дээр морьтой хүнтэй уулзаж архи дарс ууж нэг нь билүү хоёр нь морь унаж байсан тийм бичлэг байна гэсэн. Хамгийн гол нь гаргаж өгсөн хүнээ хэлэх ёстой байна. Тэгэхгүй бол дахин дахин мал алга болоод байдаг нь тэр гаргаж өгөөд байгаа хүн нь авч ирээд л гаргаж өгөөд байгаа гэж ойлгоод байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-12 тал/, машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-13-17 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-18-22 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-23-26 тал/, хохирогч Д.Мөнхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-28 тал/, гэрч Д.Чулуунбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-31 тал/, гэрч Б.Амгаланбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-32 тал/, шүүгдэгч Д.Гөөс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-33-34, 39-40 тал/,  гэрч Д.Хүрэлбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-35-36 тал/, шүүгдэгч Н.Доос гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-37-38, 42-43 тал/, гэрч Д.Байгалмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-41 тал/, шүүгдэгч Ч.Эөөс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-44-45 тал/, гэрч С.Жигжидсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-46 тал/, гэрч Э.Номин-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-47 тал/, эд зүйлийн үнэлгээ/хх-49 тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого/хх-51-52 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №9003 дугаартай дүгнэлт/хх-53 тал/, №00912847 дугаартай 78-48 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ/хх-57 тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан/хх-60-61 тал/, шүүгдэгч Д.Г, Н.Д, Ч.Э нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-66-68, 71-76, 99-100, 105-1258 38-39 тал/, 99295499, 99639847, 95000869 дугаарын хэрэглэгчийн мэдээлэл болон ярианы, мессежний дугаарын жагсаалт/хх-77-89 тал/, 94262794 дугаарын ярианы болон мессежний дугаарын жагсаалт/хх-94-96 тал/, Д.Гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-101, 18 тал/, Ч.Эийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-102, 19 тал/, Н.Дийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-103, 20 тал/, эд зүйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл/хх-14 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Нандинцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16 тал/, гэрч Д.Мөнхцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-161 тал/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Ч.Э, Д.Г, Н.Д нар нь бүлэглэн, Д.Нандинцэцэгийн эзэмшлийн 78-48 УБГ улсын дугаартай Тоёото Марк-2 маркийн тэээврийн хэрэгслийг ашиглан 2018 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Ар уртын Овоот”-ын өвөлжөөнөөс Д.Мөнхбаатарын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж 3200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Мөнхбаатарын: “ ... Би 2018 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Ар Уртын Овоотын өвөлжөөнөөс өөрийн 3 тооны үхэрээ алдсан тэгээд 08 дугаар сарын 14-ний өдөр Мөнхөө гэх залуугийн өвөлжөөнөөс өөрийн алдсан 3 тооны үхрийг нядалсан байсныг олсон. Яагаан сувай бүдүүн үнээ, улаан халзан үнээ сувай бүдүүн үнээ, улаан халзан хязаалан гуна, нийт 3200000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Гэрч Б.Амгаланбаатарын: “ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би мал, мах авах төвийнхөө байранд унтаж байхад Төв аймгийн Цагдаа нар манай хажуу талын мал, мах түүхий эд авдаг төвийн эзэн Халиунаагийн портер машинаар үхрийн үхрийн мах авчираад манай зооринд хийсэн. Тухайн үед 11 цаг болж байсан ба 3 ширхэг 3 ширхэг үхрийн өвчүү, 1 сээртэй хаа, 2 дал хаа, 2 гуя, 2 нуруутай гуя байсан. Тухайн үед бол 3 үхрийн мах байсан юм байна , тал нь байхгүй юм байна гэж бодож байсан. Тэгээд орой нь Халиунаа ахаас юун үхрийн мах бэ гэсэн чинь хулгайн үхэр юм шиг байна. Машиныг нь манай хашаанд үлдээсэн гэж байсан.  Үхрийн мах тухайн үед харлаад үнэр орчихсон байсан ба манай зооринд 2 хоноод өмхийрч муудаад цагдаа нарт хэлсэн чинь байлгаж бай тэгж байгаад очиж авна гэсэн. Тэгээд ирж авахгүй манай зоорь хашаагаар нэг үмхий болчихоор нь тухайн махыг хог дээр хаячихсан” гэх мэдүүлэг/хх-33 тал/,

Гэрч Д.Хүрэлбаатарын: “  ... Тэр үед би Төв аймгийн Аргалант сумын цагдаа байсан тухайн өдөр шөнө 03 цагийн үед нэг хүн миний утас руу залгаж хуучин Баянцогтын энд сэжиг бүхий хүмүүс ногоон өнгйин тэрэгтэй байгаад байна яах вэ гэсэн. Тэгээд би наад хүмүүс ээ яаж ийж байгаад байлгаж байгаарай гэсэн тухайн үед манай хэсгийн төлөөлөгч ээлжийн амралттай байсан. Тэгээд зам зуур колонкоос баруун тийшээ 500 метр орчим зайтай замынхаа урд талд 100 орчим метрийн зайд дугуй нь хагарсан ногоон өнгийн марк 2 байсан. Намайг очиход машины эзэн нь зугтчихсан байсан. Дуудлага өгсөн хүнээсээ асуусан чинь гурван хүн байсан гэсэн. Машин нь онгорхой байсан тэгээд багажиндаа нилээн хүнд ачаатай тэгсэн мөртлөө багажных нь тумблүүр нь хугарсан, тросс нь тасарчихсан онгойхгүй байсан түгжээг нь төмрөөр хөшсөн чинь онгойгоод дотроос нь үхрийн гурван өвчүү бас нэг жижиг махнууд байсан тэгээд гурван үхэр байна даа гээд бодсон чинь гуя нь дутуу байна өөр машинд ачсан юм байхдаа гэсэн яриа гаргаад өнгөрсөн тухайн үед. Тэр хавиар нөгөө гурван хүнээ хайхад олдоогүй ба Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн утсанд дуудлага өгсөн байсан ба Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч Доржпалам, Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч Мэнд-Амар нар ирсэн. Ирээд машинд байсан утасны түгжээг нь гаргаад бил үү, эсвэл утсыг нь олчихоод байж байсан чинь манай найз залуугийн машин, утас та хараад байж байгаач гээд Доржпалам төлөөлөгчтэй яриад бид хэд машинаа өөр газар тавьж байгаад ирэхийг нь хүлээсэн тэгээд өглөө болоод хүмүүс ч ирээгүй. Тэгэхээр нь би машинд нь түлхүүрээ хийсэн чинь таараад асчихсан тэгээд ойрхон айлаас дугуй авчирч хийгээд ойрхон байдаг түүхий эд авах цэгийн хашаанд аваачаад та харж байгаарай гээд махыг нь бас агуулах гэх юм уу даа тийшээ нь буулгаж хийсэн.  Ямар ч байсан 3-н өвчүү байсан 3-н үхрийн бүтэн мах гэхэд дутуу байсан. Бас жижиг махнууд байсан. Өөр сайн санахгүй байна. Багажинд нь байхаар нь 8-н сард мах нь муудчихна. Хайж байгаад сэрүүн газар аваачиж хийе. Байцаагч нь ирээд  шийдэх байх гэж ярилцаад махыг нь муудгахгүйн тулд сэрүүхэн газар аваачсан. Шалгах ёстой хүмүүс нь ирж автал муудгахгүйн тулд л айлаас гуйгаад л байлгаж байсан. Тэгээд хүмүүс нь ирж махаа авахгүй айлын эзэн нь над руу залгаад байсан, би цааш нь Заамарын Цагдаагийн хэлтэс рүү утсаар махаа яаж шийдвэрлэх талаар асууж байсан, тухайн үед төлөөлөгч нь ямар нэг шийдтэй хариу хэлэхгүй байсаар бараг 8 хоносон байх. Тодорхой мэдэж байна. Төв аймаг Аргалант сум Хөшөөнт 2-р баг Акмоник түүхий эд авах цэг” гэх мэдүүлэг /хх-35-36 тал/,

Гэрч Д.Байгалмаагийн: “ ... 2018 оны 08 дугаар сарын дундуур ажлаа тараад орой гэртээ ирээд байж байхад Төв аймгийн Цагдаагийн газраас явж байна гээд цагдаа хувцастай 2 хүн орж ирээд Дийг малын хулгайн гэмт хэрэг хийсэн гэж хэлснэ тэгж л мэдсэн” гэх мэдүүлэг/хх-41 тал/,

Гэрч С.Жигжидсүрэнгийн: “ ... Би сүүлд цагдаа нар ирсэн хойно ирсэн хойно хулгай хийсэн талаар мэдсэн юм. Мэдсэн хойно Гийг их л загнасан” гэх мэдүүлэг/хх-46 тал/,

Шүүгдэгч Д.Гийн гэрчээр мэдүүлсэн: “ ... Би 2018 оны 08 дугаар сарын үед ажил дээрээ байж байхад Э, Дийн ногоон өнгөтэй, урд талын гүфер цагаан машинтай манай ажил дээр ирээд тэгээд намайг самаранд явъя гээд дагуулаад Сэлэнгэ явна гэж байсан тэгээд бид гурав замдаа явж байхад Э бид хоёр таван шарын автобусны ар талд байдаг нэг дэлгүүрээс 0,75 литрийн хараа архи аваад замдаа архиа уугаад явж байгаад Заамар сумын Сов гэдэг газарт очиж нэг хоночихоод өглөө нь нинжа нар шороонд явдаг газраас алтанд явж байгаад алт олдохгүй болохоор нь буцаж Сов ороод урд талд нь байдаг бензин колонгоос бензин авчаад Совоос хойшоо 26 гэдэг газрын “Монполимент” гэдэг уурхайн хажуу талын гол дээр очиж машинаа угаачаад орой 18 цагийн үед “Ар урт” гэдэг газар луу явж очиж байхад харанхуй болчихоор нь Сувраганы хажуу талд 10 гаруй үхэр явж байхаар нь дундаас нь 3 үхрийг тууж овоотын хажууд байдаг эзэнгүй өвөлжөөн дээр очиж гурван үхрийг Э нөгөө 3 үхрийг сүхээр толгойнд нь цохиж алаад бид гурав үхрийг шулаад машиндаа ачаад Улаанбаатар хот руу явж байгаад цанын бааз дээр дугуй хагархаар нь би дугуй засвар ажиллаж байгаа эсэхийг шалгах гээд очиход дугуй засвар ажиллаагүй байхаар нь буцаад машин руугаа явж байхад манай машины хажууд нэг цагаан жижиг тэрэг ирчихсэн байхаар нь буцаад төв зам руу явж очоод нэг портер маркийн тээврийн хэрэгсэлд суугаад эмээлтэд байдаг дүү Халиунаагийнд очсон. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад долоо хоногийн дараа Архангай аймаг Төвшрүүлэх суманд уулзаад цуг архи ууж байгаад Э, Д нар хоорондоо маргалдаж Э бид хоёр сумын төв рүү яваад, Д эгчийнхээ гэр лүү явлаа тэгээд бид гурав салсан. Д мал хулгайлж мөнгөөр нь там мосттой машин авъя гэж ярьсан тэгээд хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/,

Шүүгдэгч Н.Дийн гэрчээр мэдүүлсэн: “ ... 2018 онд би Г, Э нарын хамт анд явъя гээд бид хэд Булган чиглэж явсан, тэгсэн чинь чоно олдоогүй бензин дуусаад буцах болоод архи уучихсан байсан. Тэгээд байж байсан чинь намайг дээшээ очоод зогсож бай гэж Э хэлсэн, би тухайн газар нь очоод зогссон байсан чинь Г, Э хоёр үхэрнүүд туугаад ирсэн, тэгснээ дээшээ жоохон явъя гээд би машинтайгаа явсан Э, Г хоёр үхрээ туугаад явсан, би машинтайгаа зогссон чинь Г, Э хоёр өвөлжөөнд үхэрнүүдээ хашаанд янзалж эхэлсэн, би үхэр янзалж байхад нь тусалсан, тэгээд 3-н тооны үхэр ачаад бүгдээрээ явсан, эмээлт чиглэж яваад машин даахгүй цанын бааз хавьцаа яндан нь салж унасан, махныхаа талыг нь буулгаж үлдээе гээд би тэгж хэлээд Атрын сангийн хойхон талд махаа үлдэээгээд Гийг махан дээрээ үлдээгээд Э бид 2 цуг явж байсан чинь замдаа ямар ч хамаагүй авчихаар газар байвал өгчихье гээд тал махаа өгөөд бүтэн мөнгийг нь аваагүй буцаж яваад үлдсэн махаа аваад явж байгаад цанын бааз дээр дугуй хагараад зогссон, тэгээд машинтай хүмүүс ирээд тэгээд зугтаасан. Хулгай хийнэ гэж хэн ч ярилцаагүй байж байгаад гэнэт хийгээд эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-37-38 тал/,

Шүүгдэгч Ч.Эийн гэрчээр мэдүүлсэн: “ ... Орой нь буцаж явах болоод сумаасаа гараад зүүн зүгт явж байсан чинь хэдэн үхэр таараад эндээс хоёр үхэр аваад явчихъя гээд Д хэлсэн тэгэхээр нь чиний үхэр хүнээс авна гээд байсан гэсэн чинь бүтэхгүй юм шиг байна гэсэн тэгэхээр нь за за тэгье гээд дээд хэсэгт нь өвөлжөө шиг юм байсан тэнд нь тууж аваачаад хашиж байгаад гурвуулаа 2-ыг нядлаад одоо болно биздээ гэсэн чинь нэг мөсөн 3-ыг аваад явчихъя гээд нядалсан. Өвөлжөөний урд хэсэгт жалга шиг юм байсан. Тэрний цаана машинаа тавьсан байсан учир зөөж аваачаад хөдөлсөн, хотруу явж байсан чинь Атарын цаад талд явж байхад үүр цайсан, тэгээд явж байсан чинь машины яндан нь унаад тал үхрийн махаа замын доод усны хоолойд үлдээгээд талыг нь ачаад Гийг махаа харуулж үлдээгээд Д бид хоёр Эмээлтийн цаана ченжэд өгөөд яндангаа янзлуулаад ченжээс 100 000 төгрөг аваад үлдэгдлийг нь эргэж ирээд авъя гээд буцаад явсан, буцаж очоод махаа ачаад Гийгөө аваад цанын бааз хавьд арын дугуйн хагараад дугуй засвар хайгаад олдохгүй хайж явж байгаад хэдэн хүмүүст баригдаад Д цагдаа биш юм байнаа, хаячихаад явчихъя дараа нь учрыг нь би өөрөө олно оо гээд явсан. Тэгээд хотод ирээд 4 билүү 5 хоног яваад Архангай руу гурвуулаа явсан. Архангайд очоод Доос салсан. Нэг нь үнээ байсан байх, нэг нь шүдлэн насны үхэр, нэгийг нь сайн санахгүй байна. Тухайн үед хэрэг хийчихсэн байсан болохоор одоо энэ хүн амины хэрэгт хамааралгүй болохоор салчих болов уу гэж бодоод нэрээ худал хэлсэн” гэх мэдүүлэг /хх-45 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-06 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-12 тал/, машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-13-17 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-18-22 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-23-26 тал/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого/хх-51-52 тал/, Эд зүйлийн үнэлгээ/хх-49 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Ч.Э, Д.Г, Н.Д нар нь бүлэглэн, Д.Нандинцэцэгийн эзэмшлийн 78-48 УБГ улсын дугаартай Тоёото Марк-2 маркийн тэээврийн хэрэгслийг ашиглан 2018 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Ар уртын Овоот”-ын өвөлжөөнөөс Д.Мөнхбаатарын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж 3200000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Ч.Э, Д.Г, Н.Д нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ч.Э, Д.Г, Н.Д нар нь бүлэглэн, Д.Нандинцэцэгийн эзэмшлийн 78-48 УБГ улсын дугаартай Тоёото Марк-2 маркийн тэээврийн хэрэгслийг ашиглан 2018 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Ар уртын Овоот”-ын өвөлжөөнөөс Д.Мөнхбаатарын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж 3200000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүгдэгч нар нь 2018 оны 8 сарын 13-14-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн тул Төв аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдэх  үед мөрдөж байсан Эрүүгийн хуулиар тодорхойлж, зүйчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Д.Г, Ч.Э нарт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

          шүүгдэгч  Н.Дид гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэлээ.

         

         Шүүгдэгч Ч.Э нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/1236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ял шийтгүүлсэн байх бөгөөд тухайн хорих ялаас эдлээгүй үлдсэн 18 жил 6 сар 4 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 19 /арван ес/ жил 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад,

         Шүүгдэгч Д.Гт оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгуулагад тус тус эдлүүлвэл зохино.

              Хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Г, Ч.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Эийн цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Д.Г, Н.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

         Мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мөнхбаатарт учирсан  хохирлоос шүүгдэгч Н.Д нь 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн хохирогч Д.Мөнхбаатар нь шүүгдэгч Н.Доос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул Н.Доос гаргуулах хохирол төлбөргүй байна.

        Харин хохирогч нь үлдэх 800.000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч нараас нэхэмжилнэ гэж байх тул шүүгдэгч Д.Г, Ч.Э нараас тус тус 400.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Мөнхбаатарт олгох нь зүйтэй байна.

 

          Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 78-48 УБГ дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан талаар хууль ёсны эзэмшигч болох Н.Д мөн болох нь түүний мэдүүлгээр нотлогддог тээврийн хэрэгслийг Улсын орлого болгох эсэхэд маргаан гаргаагүй байх тул 78-48 УБГ дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож,  78-48 УБГ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг шүүгдэгч Д.Г, Ч.Э нараас /2000000 төгрөгийг 3 хуваахад нэг шүүгдэгч 666666 төгрөг төлөхөөр байна./ тус бүр 666700 төгрөг гаргуулан шүүгдэгч Н.Д-д олговол зохино.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ч.Э, Б овогт Д.Г, Боржигон овогт Н.Д нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б овогт Ч Э, Б овогт Д Г нарыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

       3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 18 /арван найм/ жил 6 /зургаа/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэх биечлэн эдлэх ялыг 19 /арван ес/ жил 4 /дөрөв/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Г-т оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

Шүүгдэгч Ч.Э-т оногдуулсан 19 /арван ес/ жил 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Э-н 2020 оны 9 сарын 23-ны өдрөөс 2021 оны 1 сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 126 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Ч.Э, Д.Г нарын ял эдлэх хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н.Д-д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Д нь шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэгт зааснаар Д.Г, Ч.Э нараас тус бүр 400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Мөнхбаатарт олгож, шүүгдэгч Н.Д-с гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ноосон цамц, тамхиын иш зэргийг устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 78-48 УБГ дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож,

  78-48 УБГ дугаартай тээврийн хэрэгслийн үнийн зөрүү болох 666, 700 төгрөгийг Д.Г, Ч.Э нараас гаргуулан шүүгдэгч Н.Д-д олгосугай.

 

11.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

13.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Э, Д.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Д-д авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ