Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Лхагвадорж,

улсын яллагч М.Гансувд,

насанд хүрээгүй хохирогч Т.Баяржаргал, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Туул/онлайн/,

шүүгдэгч С.Ж, түүний өмгөлөөгч С.Дангаасүрэн(0108 дугаарын үнэмлэхтэй)/онлайн/, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж-д холбогдох 2034006190694 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт С.Ж, Монгол улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Цэргийн хотхоны 201 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч С.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын төвд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд Т.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Т.Баяржаргалын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хагалгаанд орсны дараа хохирлоо төлнө” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Т.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ...  Хагалгааны зардлаа гаргуулмаар байна“ гэв.

 

Шүүгдэгч С.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын төвд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд Т.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Т.Баяржаргалын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

          Насанд хүрээгүй хохирогч Т.Баяржаргал: “... Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга байна. Уг гэмтэлийг Ж учруулсан юм. Гараа атгаж байгаад миний нүүр лүү цохичихсон юм. Цохих үед миний хамар хавдчихсан байсан. Би Жадамбыг цохиж зодолдсон зүйл бол байхгүй. Томографикийн зураг авхуулсан сувган эмчилгээний төлбөрийг хийлгэсэн тэгээд ямар ч холбоогүй болсон юм. Би  гомдолтой байна эмч 18 нас хүрээд хагалгаа хийлгэж янзлуул гэж хэлж байсан. Тухайн үеийн хагалгааны төлбөрийг нэхэмжилнэ. Тэгээд л эмнэлэг, цагдаа гээд л нэлээн  их явсан тухайн зардалуудыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг/хх-ийн 8 дугаар хуудас/

         Гэрч О.Болор-Эрдэнийн: “ ... Би Баяржаргалын ангийн багш байгаа юм. 2020 оны 09 сарын 16-ны өдөр манай анги 14 цагт спорт зааланд тоглохоор ангийнхаа хүүхдүүдийг оруулсан чинь Баяржаргал ирээгүй байхаар нь ангийнхнаасаа асуусан чинь Баяржаргал байрандаа зодолдсон юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгээд 16 цагийн орчимд Баяржаргал над руу залгаад “Багшаа миний толгой өвдөөд босч чадахгуй байна гээд утсаар ярьсан. Тэгэзд би дотуур байранд очоод Баяржаргалтай уулзсан чинь эхлаэд нуугаад дараа нь Жа өөрийг нь зодсон гэдгийг хэлсэн. Намайг Баяржаргалтай дотуур байранд нь орж уулзахад хамар нь хавдчихсан, духны баруун хэсэгт нь жижиг зулгаралт уусчихсэн байсан. Тэгэхзэр нь би зодсон Жа гэдэг хуүхдийг нь бусад хүүхүүдийг дуудаж байгаад уулзсан чинь Насанбаатар нь Баяржаргалтай нэг өрөөнд хамт амьдарч байсан. Тэгээд эхлээд Насанбаатар нь 315 тоот өрөө рүү орж 2 давхар руу утсаа өгч нэг охины дугаар авах гэж байсан чинь Энхбилэг Насанбаатар руу чи найз охины дугаар авах гэлээ гээд уурлах үед нь Насанбаатарыг хайгаад Баяржаргал орсон гэсэн. Тэгсэн чинь Билгүүндалай, Баяржаргал руу өрөөнд орж ирчихээд чи томорлоо гээд муудалцсан гэсэн. Тэгээд маргааш нь сум дээр Баяржаргал, Билгүүндалай хоёр зодолдоод эвлэрээд салсаны дараагаар Баяржаргальг дотуур байрны өрөөнд байж байхад нь Жа орж ирээд Баяржаргалыг цохиод салсан гэж хэлсэн. Тэрнээс хойш Баяржаргал хэвтэж байсан юм байна лээ. Баяржаргал, Билгүүндалай хоёр эхлээд маргалдаж муудалцаад зодолдсон. Билгүүндалайг өмөөрөөд Жа Баяржаргалыг зодсон гэсэн надад энэ гурав хэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/,

         Насанд хүрээгүй хохирогч Т.Баяржаргалын гэрчээр мэдүүлсэн: “...Би 2020.09.14-ны орой Гагнуурын ангийн Н.Насанбаатарыг тасгаар хайж явж байгаад 310 тоот өрөөнд орсон. Энхбилэг манай найз Насанбаатарыг түлхээд зандраад байхаар нь би Энхбилэгт хандаж "Нэгэндээ битгий ингэж дээрэлхүү зан гаргаж бай” гэж хэлсэн чинь Билгүүндалай "Өрөөнд орж ирчихээд битгий ингэж том бай, ална шүү” гэхээр нь би Билгүүндалайтай маргасан чинь хамт байсан хүүхдүүд салгаад өрөө өрөөндөө орсон. Тэгээд кордиорт нам жим болоод багш нар буусны дараа манай өрөөнд Билгүүндалай орж ирээд шууд Насанбаатарыг алгадаж "Чи их том болжээ" гээд гараад явсан. Тухайн үед би Насанбаатарын хажууд сууж байсан. Маргааш 2020.09.15-ны өдөр хичээл тараад сумын төвийн тоглоомын талбай руу явж байсан чинь Билгүүндалайтай таарсан. Тэгээд Билгүүндалай гипстэй гараараа намайг цохиод авахаар нь бид хоёр харилцан зодолдоод би Билгүүндалайг газар унагаагаад салсан. Тэр өдөр манай анги сургууль дээр заал авах ёстой байсан болохоор заалны хувцас авах гээд өрөө рүүгээ ганцаараа орсон чинь араас Жа 304 тоот өрөөд орж ирээд нэг ч хүүхэд оруулахгүй гээд хаалгаа түлхээд байхаар нь би онгойлгох гээд татаад байсан. Тэгсэн чинь Жа намайг тэврээд мөргөсөн, Жа намайг мөргөсний дараа нүүр лүү 4-5 удаа гараараа цохисон. Жаг би хаалга руу түлхээд байж байсан чинь Төгөлдөр хажуунаас нүүр лүү цохиод ороод ирсэн. Би болъё зүгээр эр хүн шиг ярилцая гэж хэлээд өрөөнд ор луу очтол Жа орон дээр сууж байгаад босож ирээд хамар луу цохисон. Тэрнээс хойш миний хамар сонин болоод өрөөндөө хэвтэж байхад ангийн багш Болор-Эрдэнэ орж ирээд мэдсэн. ... Үүдэн 4 дүгээр шүд хөдөлсөн. Жа эмчилгээний мөнгө гэж 95.000 төгрөг өгөхөөр нь би шүдээ янзлуулсан. .../хх-ийн 11 дүгээр хуудас/

        Насанд хүрээгүй гэрч Т.Билгүүндалай: “ ... Тэгээд өрөөндөө орж ирээд Жад Баяржаргал миний гар дээр өвдөглөснөөс болж гар өвдөөд байна гэж хэлсэн чинь Баяржаргалын өрөө рүү Жа, Төгөлдөр хоёр орж намайг өмөөрч Баяржаргалыг зодсон юм шиг байна лээ. Би гараа дүүргийн эмнэлэгт очоод үзүүлсэн чинь яс нь зөрсөн байна гээд дахин гипс тавьж өгсөн. Миний зүүн нүд хөхөрч, дух хавдсан. Баруун гарын чигчий хуруу хугараад гипстэй байсан Баяржаргалтай зодолдсны дараа яс нь зөрсөн байсан,  2020 оны 09 сарын 07-ны өдөр тоглож байгаад гараа хугалсан. Зодоонтой холбоогүй. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

           Гэрч Д. Тунгалагийн: “ ... Манай зээ хүү Т Баяржаргал ХУД-ын 11-р хороо 32-р сургуульд 9-р анги төгсөөд  өөрийн хүсэлтээр Баянчандмань сумын Политехникийн коллежид суралцхаар ирсэн. Тэгээд 2020.09.14-ны өдрөөс политехникийн коллежид орсон хүүхдүүд хоорондоо маргаад тэрний дараа өдөр 2020 09.15-ны өдөр Жа гэж цуг сурдаг хүүхэд нь мөргөж, шанаадаад зодсон. Тэгээд Баяржаргал тэр хүүхдийг эр хүн шиг яръя гээд ороод суусан чинь Жа би ч гэсэн зодолдвол зодолдож чадна ш дээ гээд нүүр лүү нь цохиод гэмтээсэн гэж хэлсэн. Би эвээр их ярьж үзсэн боловч эгч нь дүүгээ өмөөрөөд ойлголцоогүй. Хуулийн шалгаж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Бид нар эмчилгээний мөнгө гаргаагүй. Жа эмчилгээ үзлэгийн мөнгийг гаргасан “ гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

        Гэрч Б.Түмэнцацралын: “ ... Баянчандмань сумын Попитехникийн коллежид Монгол, англи хэлний багшаар сүүлийн 5 жилийн хугацаанд ажиллаж байна. 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс Авто машин засварчин 1Б ангийг даан ажиллаж байна. Манай ангийн Авто машин засварчин 1Б ангийн сурагч Ж КОМ 1A ангийн сурагч Баяржаргалыг зодсон байна гэж ангийн багш О.Болор-Эрдэнэ хэлэхээр нь дотуур байр луу очиж хүүхдүүдтэй уулзаж асуухад Билгүүндалай, Баяржаргал хоёр хоорондоо зодолдоод байрандаа байж байхад Баяржаргалын тасаг руу ороод Жа, Төгөлдөр хоёр тасаг руу ороод цохисон байсан. Баяржаргалын бие, толгой өвдөөд байна гэхээр нь орой хоолны дараа сумын эмнэлэг руү авч яваад эмч Булгантамирт үзүүлсэн чинь хамар хавдартай байна гэмтэл орж үзүүл гэхээр нь тухайн орой нь өвчин намдаах эм авч өгөөд зодолдсон 4 хүүхэдтэйгээ Нийгмийн ажилтан Урантуяа, багш Болор-Эрдэнэ бид 3 уулзаад ар гэрт нь мэдэгдсэн. Маргааш нь дотуур байрнаас 2020.09.16-ны өдөр Баяржаpгал, Төгөлдөр, Билгүүндалай нарыг аваад хот явсан. Жа хот руу урд өдөр нь орсон байсан. Гэмтлийн эмнэлэг, ар гэр, эцэг эхчүүд нь ирсэн байсан. Баяржаргалын эмээ тархины томографик зураг авхуулсан тэр нь 100.000 төгрөг болсон. Зодоонд оролцсон гурван хүүхдийн ар гэр нь хувааж төлсөн. Томографикийн зургийг үзээд хамар нь хоёр хугаралтай байна гэж хэлсэн. Тэрний маргааш нь Жагийн ар гэртэй хамт чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхээр болсон. Энэ явдлаас болоод хичээлдээ ирэхгүй байгаа. Баянхонгор аймгийн Жаргалант суманд эмнэлэгт хэвтэж байгаа. Зүрхний ховдол цоорхой гээд эмнэлэгт хэвтэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Д.Ичинхорлоогийн: “ ... Одоо Ж нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг цэргийн хотхон 201 тоотод манай гэрт амьдардаг юм. Миний үгэнд их сайн ордог юм. Төлөв даруу сайн хүүхэд байгаа юм. 2020 оны 09 дүгээр сард л Төв аймаг Баянчандмань суманд байдаг сургуульд сурах гэж очоод л хүүхдүүдтэй маргалдсан асуудал бий болсон. Тэгээд гэмтсэн Баяржаргалыг нь эмнэлэг домлогоор хүртэл дагуулж явсан гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн шүдний зураг  авхуулсан машинд нь хүртэл бензин хийж өгсөн” гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Насанбаатар: “ ... Би дансруу мөнгө хийлгэж авах гээд гадуур явж байгаад өрөөндөө орсон чинь Баяржаргал зодуулаад цамц нь урагдаад хамраа арчаад сууж байсан. Баяржаргалаас асуусан чинь Жа, Төгөлдөр нар орж ирээд зодсон гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/,

          Төв аймаг шүүхийн шинжилгээний шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрйин №84 дугаартай “1.Т.Баяржаргалын биед хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-26 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 181 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-40 тал/ 2020 оны 12 сарын 08-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.Ж-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.Ж нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч С.Жадамбыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч С.Ж-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

            Харин насанд хүрээгүй хохирогч нь шүүхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй хавтаст хэрэгт хохирлын баримт хавсаргагдаагүй байх тул насанд хүрээгүй хохирогч Т.Баяржаргалын хууль ёсны төлөөлөгч Т.Туул нь хамрын хагалгаанд орох зардлаа /нотлох баримтаа/ бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт С Ж-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-г 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Туул нь хамрын хагалгаанд орох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ж-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ж нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ