| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-т холбогдох 21340000000009 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт Д Г, Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 2-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч нь Д.Г нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Баянголын эх гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Бүрэн Майнин” ХХК-ний гүйцээн баяжуулах цехийн туслах ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус баяжуулах цехээс 16,87 грамм алтыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдэж, “Бүрдэл Майнинг” ХХК-нд 2,871,328.6588 төгрөгийн хохирол санааттай учруулсан болох нь:
Гэрч Ж. Мөнхжаргалын: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Сонор" ХХК-ны ажилчид болох ээлжийн ахлах Тулга, хэсгийн дарга Мөнхцогт болон миний өөрийн бие “Бүрдэл майнинг” ХХК-ны Заамар сумын Баянгол гэх газарт үйл ажиллагаа явуулдаг уурхайн гүйцээн баяжуулах хэлтсийн амьдрах байранд дотоод шалгалтыг хийхэд туслах ажилтан Г, угаагч Цэдэнбал, туслах ажилтан Очирхуяг, туслах ажилтан Сайханбилэг нарын гэрт шалгалт хийж байхад эзэнгүй орны доороос хуванцар сав гарч ирсэн, тэр хуванцар савны дотор талыг харсан чинь ханан дээр нь шлюз буюу алттай шороо, алтны тоос наалдсан байсан. Тэгээд тэр гэрт байсан хүмүүстэй уулзаж тайлбар авах үед Г 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би энэ уурхайн гүйцээн баяжуулах цехээс хулгай хийсэн, хулгай хийхдээ гүйцээн баяжуулах цех дотроос бээлийн дотроо бага хэмжээний шороо хийж тамхи татах нэрийдлээр гадагшаа гарахдаа бээлийгээ гаргачихаад буцаж ороод, орой тарахдаа тамхины цэг дээрээс бээлийгээ аваад амралтын байрандаа очиж хуванцар саванд угаасан гэж хэлсэн, тэгэхээр нь угаагаад ямар хэмжээний алт гарсан бэ, угаасан алт чинь хаана байна гэсэн чинь гэрт нуусан байгаа гээд аваад ирсэн. Тэгээд хэмжээд үзтэл 0,2 грамм алт байсан. Энэ тухайгаа шалгалтын тэмдэглэлд тэмдэглэж үлдээгээд удирдах албан тушаалтнуудад мэдэгдсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гыг ажлаас чөлөөлөн Улаанбаатар хот руу явуулах гээд дотоод журамд заасны дагуу металл илрүүлэгч сканнэр төхөөрөмж ашиглан шалгалт хийхэд “LD" гэх бичигтэй 2 тамхины хайрцагнаас нь 2 хуваачихсан алт буюу металл гарч ирсэн. Тухайн металлыг нийлүүлж хэмжиж үзэхэд 16.87 грамм алт байсан. Тэгээд тухайн ажилтантай уулзаж тайлбар авах үед гүйцээн баяжуулах, баяжуулах 2 хэлтсээс металл хулгай хийсэн гэж хэлсэн. Мөн угаагч Цэдэнбал, туслах ажилтан Очирхуяг нар Гаас тусдаа иймэрхүү үйлдэл хийж удаа дараа хулгай хийж байсан, намайг алтаа тушаах уу гэдэг байсан, Заамар сумын Хайлааст 3 дугаар багт алтаа тушаадаг талаар ярьсан” гэх мэдүүлэг.../хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Б.Очирхуягийн: ”... 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр миний амралтын ээлжийн өдөр байсан. Булган аймгийн Бүрэгхангай сумын “Бүрдэл майнинг” ХХК-ний байр луу явах гээд шалгуулж дуусаад цуг ажилладаг туслах ажилтан Г шалгуулсан чинь тамхины хайрцагнаас нь металл буюу алт гараад ирсэн. Тэр өдөр ээлжинд 15 цагаас гараад 18 цаг гээд ажлаас буусан. Хоолонд орчихоод гэртээ очоод хэвтэж байгаад 20 цаг гээд дотоод хяналтын ажилтны гэрт очиж кино үзсэн. Тэгээд буцаад гэрт 20 цаг 50 минут гээд очсон. Очих үед гэрийн хаалга түгжээтэй байсан, хаалга нүдсэн чинь Ганбаа онгойлгосон. Тэгээд байж байтал шалгалт явж байна гээд хүмүүс орж ирээд хуванцар савыг олж хараад шалгаад эхэлсэн. Тухайн сав ямар учиртай сав болохыг нь мэдээгүй. Өмнө нь уул нь тэр саванд цай хийж уудаг байсан. Тэгээд шалгалтын хүмүүс Ганбаа, Цэдэнбалт хоёртой уулзсан. Тэгээд гэр дахиж шалгаад амарцгаасан” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч С.Цэдэнбалын: “12 дугаар сарын 08-ны өдөр 15 цагт ажилдаа гараад 18 цагт буугаад хоолондоо ороод гэртээ орж ирээд утсаа оролдоод орон дээр 20 цагт мэдээ үзэх гээд зурагттай айл руу яваад эргээд 21 цагийн үед амралтын байранд ирэхэд удаагүй шалгалтын хүмүүс орж ирээд цай уудаг байсан хуванцар савыг юy болох талаар асуугаад байсан. Тэгээд тэр савыг нь харсан чинь ёроолд нь жоохон шороо байсан. Тэгээд гэрээ шалгуулаад орой нь хамгаалалтын ажилчдад тайлбар өгсөн” гэх мэдүүлэг ... /хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч А.Сайханбилэгийн: “2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орой 21 цагийн үед ажлаас буугаад гэртээ ирээд амарч байхад Г шороо угаагаад байсан, ямар учиртай юун шороо угаагаад байгааг нь би мэдээгүй. Тухайн үед би оррн дээрээ хэвтэж байсан, Г юу ч хэлээгүй. Тэгээд гайхаад байж байтал гаднаас шалгалт орж ирээд Ганбааг шороо угаасныг шууд мэдсэн. Г шороогоо угаачаад удаагүй байж байтал шалгалт орж ирээд тэр дороо баригдсан” гэх мэдүүлэг... /хх-ийн 26-27 хуудас/,
Гэрч Д.Дархийн: “...2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байруудад гэрүүдэд гэнэтийн үзлэг хийж байхад контейнерын орон доороос 5 килограммын хуванцар савны хананд шороо наалдсан байсан учраас захиралд хэлээд тухайн байранд үзлэг хийхэд өөр зүйл илрээгүй тэгээд тухайн байранд байсан нэг туслах ажилтан нэг угаагчаас захирал өөрөө тайлбар аваад явсан, сүүлд тухайн байранд байсан нэг туслах ажилтан ажлаас чөлөөлөгдөөд явахад нь харуулын байранд үзлэг хийхэд тухайн хүний биеэс алт гарч ирсэн тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэж сонсгосон, өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг... /хх-ийн 32-33 хуудас/,
Шүүгдэгч Д.Гын яллагдагчаар мэдүүлсэн: "...Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би үйлдсэн хэргийнхээ талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор нэмж ярих зүйл алга байна...Би авсан 16,87 гр алтаа буцаагаад компанидаа өгсөн болно” гэх мэдүүлэг... /хх-ийн 90-92 хуудас/,
Шүүгдэгч Д.Г-ын гэрчээр мэдүүлсэн: "...Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Баянголын эх гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ний гүйцээн баяжуулах хэлтэст туслах ажилтан буюу ажил үүргийн хувьд гүйцээн баяжуулах цех дотор металлтай шороо шлизнээс угааж байхад нь шороог нь би доор нь сав тосч авдаг байгаа. Би 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өглөө 10 цагт ажилдаа гарсан, ажлын дундуур металлийг үйлдвэрээс аваад цех рүү зөөдөг, цех рүү зөөж аваачсаны дараа шороо тосч байх үед бээлий рүү орсон шороог цех дотор очоод бээлийндээ боогоод ажлын өрөөнөөс гаргаж тавиад, орой ажил тарах үед гаргаж тавьсан бээлийгээ аваад байрлаж буй гэр лүүгээ явсан. Гэрт очоод бээлийнд авсан металлтай шороогоо угаагаад гарсан алтыг нь өөрийн цүнхэнд тамхины хайрцаг дотор нуусан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр уурхайн харуул, хамгааалтаас шалгалт яваад металлтай шороо угаасан хуванцар савыг харуул, хамгаалалтын ажилчид тодруулахаар нь үнэнээ хэлээд, харин металл гаргаж өгөхдөө дутуу гаргаад өгчихсөн юм, тэгсэн чинь өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг ажлаас халсан, тэгээд Хөвсгөл аймаг явах болоод уурхайн бүсээс гарах үед металл илрүүлэгч сканнерээр шалгуулаад тамхины хайрцаганд нуусан байсан алт байгаагаа баригдаад тухайн уурхайн ажилчдад буцааж хүлээлгэж өгсөн. Тэгээд цагдаа дээр ирсэн...Намайг шороо авсан талаар шалгалт иртэл хүн мэдээгүй байсан...ажлын 5 хуруутай цагаан цээлийний бүх шороог бээлий руу чихэх юм бол чигчий хуруу нь дүүрэх хэмжээний шороо байсан бөгөөд угаагаад гарсан алтыг нь хэмжиж үзээгүй бөгөөд хамгаалалтын ажилчдад хүлээлгэн өгсөн...анх удаа гаргаад баригдчихсан. Баригдаад шууд үнэнээ хэлээд уучлал гуйсан. Хөвсгөл аймагт машин янзлуулж өгөх өрөнд орчихоод яаралтай мөнгөний хэрэг гараад ийм үйлдэл хийчихсэн” гэх мэдүүлэг../хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 02 сарын 04-ны өдөр 05 дугаартай “Хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-136 тал/ 2021 оны 02 сарын 04-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г-т холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй боло.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Д.Г-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Д.Г-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г нь шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ