| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/52 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж ,
улсын яллагч Э.Билгүүн ,
шүүгдэгч И.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И. Э-од холбогдох 2034006250670 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт И Э Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Оросын холбооны их сургуулийн Эрхүү хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үнэдс халх, бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт, Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, Манзушир өргөө хорооллын 3 дугаар байр 42 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Архи уугаад л ийм зүйл боллоо” гэв.
Шүүгдэгч нь И.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт 2020 оны 10 дугаар сарын 09-ны шөнө М.Пүрэврагчааг цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь дээд, доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч М.Пүрэврагчаа: “...2020 оны 10 сарын 09-ний өдер би Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг гэх газарт ажил хийж байгаад Төв аймгийн төв орж ирээд найз Бат-Эрдэнэ лүү залгасан чинь Хүрд нэртэй бааранд байна гэсэн тэгээд би Хүрд нэртэй бааранд очсон чинь Бат-Эрдэнэ сууж байсан бид хоёр пиво уугаад сууж байrаад Бат-Эрдэнэ явлаа гээд гараад явсан. Би тэгээд баар хаагаад би баарнаас гараад одоо хот явна гэж юу байхав гээд Зүүндэлгэрт байх ээжийнд очих гээд ойр орчимоор унаа хайсан боловч унаа олдохгүй байсан. Тэгтэл баарны найз Төмөрхуяг намайг хүн зодсон гээд сууж байсан. Би тэгэхээр нь хэн зодсон юм хаана байна гэсэн чинь Төмөрхуяг намайг зодсон хүмүүс холдоогүй байгаа гээд урагш заасан тэгээд Төмөрхуяг бид хоёр нэг цэг үйлчилгээний төвийн урд руу тойрсон чинь цагаан өнгийн приус машин байсан. Тухайн тээврийн хэрэгслийн цаад талд машин хашаа хоёрын хооронд нэг хүн сууж байсан. Би тухайн хүнийг та нар яахаараа хүн зоддог юм гээд мөрөн дээр гараа хүргэтэл миний зүүн шанаа тус газарт нэг хүн цохиод миний толгой манраад хэн бэ гээд хартал хажуугаас мөн нэг хүн цохих гээд би хаасан. Тэгтэл гарт цохисон тэгтэл тухайн хүмүүс наадах чинь цус гарсан байна гай болно явъя гээд тэгээд тухайн хүмүүс машиндаа суугаад яваад өгсөн юм. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгөх гэсэн миний утас цэнэггүй болсон байсан болохоор би өөрийн биеэр Төв аймгийн Цагдаагийн газарт ирж дуудлага өгсөн юм. ... Тухайн үед намайг өшиглөсөн хүнийг хэн гэдгийг мэдээгүй дараа нь сураглаж байхад манай доод үеийн төгсөлтийн Э гэх залуу байсан. .../хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч И.Хишигсүрэнгийн: “...Би одоо өдрийг нь сайн санахгүй байна 2020 оны 10 сарын эхээр байсан байх Төв аймгийн Зуунмод сумын төвд Шүрээгийн гэх бааранд сууж байгаад Э болон найз нартай нь таараад тэгээд тэд нартай юм ярьж сууж байгаад гараад баарны үүдэнд Э хүмүүстэй маргалдаад зууралцаад тэгэхээр нь би салгасан юм. Тэгээд цааш явж байтал араас манай найз нарыг хэн зоддог юм гээд хувцас хунараа тайлаад орилоод нэг залуу яваад ирсэн Э зууралцаад газар өнхрөөд тэгэхээр нь би салгаад бид нар цааш явсан юм” .../хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч Т.Төмөрхуягийн: ”... Би одоо өдрийг нь санахгүй байна 2020 оны 10 сарын эхээр байсан байх Төв аймгийн Зуунмод сумын төвд Шүрээгийн гэх нэртэй бааранд найз нарын хамтаар сууж байгаад баарнаас гараад явтал үүдэнд нь Э хүмүүстэй зогсож байсан. Тэгтэл нэг нь намайг мөрлөөд би яаж байна гэсэн чинь Э яадаг юм гээд Этой маргалдаад бид хоёр зууралцаад намайг цохиод би газарт унасан тэгэхэд Э нүүр хэсэгт өшиглөсөн юм. Тэгээд салаад тэд нар цаашаа явсан баарнаас найз Пүрэврагчаа араас нь очоод мөн зууралцаад зодуулсан юм.” .../хх-ийн 8 дугаар хуудас/,
Гэрч Б.Хаш-Эрдэнийн: ... “Би одоо өдрийг нь сайн санахгүй байна 2020 оны 10 сарын эхээр байсан санаж байна. Э болон найз нарын хамтаар Төв аймгийн төвд Шүрээгийн гэх нэртэй бааранд пиво ууж байгаад гараад гадаа үүдэнд Хуягаа гэх залуу согтуурахаад Э руу дайраад маргалдаад барьцалдаж аваад зодолдох гээд тэгэхээр нь би салгаад тэгтэл цаанаас нь нэрийг нь мэдэхгүй нэг залуу манай найзыг яаж байна гээд дайраад Этой маргалдаад барьцалдаж аваад зодолдох гээд байсан мөн би салгаад тэгтэл цуг явсан манай дүү намайг та яах гээд байгаа юм гээд холдуулсан юм.” ... /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч И.Эын яллагдагчаар мэдүүлсэн: ... “Тухайн орой Шүрээгийн гэх баарнаас найз нарын хамтаар гараад ирсэн чинь Хуягаа таараад Хуягаатай маргалдаад Хуягааг цохиж зодсон. Тэгээд салаад цаашаа явж байсан чинь араас Пүрэврагчаа дуудаад Пүрэврэгчаатай маргалдаад зодолдсон юм. Төв аймгийн Зуунмод сумын төвд нэг цэгийн үйлчилгээний орчимд 2020 оны 10 дугаар сарын 09-ний орой хохирогч М.Пүрэврагчааг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг... /хх-ийн 27 дугаар хуудас/,
Шүүгдэгч И.Эын гэрчээр өгсөн: “ ... “Би одоо өдрийг нь сайн санахгүй байна. 2020 оны 10 сарын эхээр би Төв аймгийн Зуунмод сумын төвд найз нарын хамтаар Шүрээгийн гэх нэртэй бааранд ороод пиво ууж байгаад гараад ирсэн чинь Хуягаа гэх залуутай таараад юм ярьж байгаад бид хоёр маргалдаад хоорондоо зодолдсон юм. Тэгээд салаад найз нарын хамтаар тухайн газраас урагш нэг цэгийн урд явж байсан чинь араас хүн дуудаад байсан тэгээд хүлээгээд байж байсан чинь надтай маргалдсан. Хуягаагийн найз Пүрэврагчаа ирээд манай найзыг яахаараа зоддог юм гээд дайраад байсан тэгэхээр нь би цохиж зодсон юм. “... /хх-ийн 10 дугаар хуудас/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №619 дугаартай “1. М.Пүрэврагчаагийн биед дээд доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-14 дугаар хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нь И.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт 2020 оны 10 дугаар сарын 09-ны шөнө М.Пүрэврагчааг цохиж, эрүүл мэндэд нь “дээд, доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Шүүгдэгч И.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч И.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.Э-од холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт И Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэхь хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэйтэнцнх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Э-од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Э нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ