| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Т.Онон,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Б-д холбогдох эрүүгийн 2034000000616 дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Д Б. , Монгол улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг Өндөрширээт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багт хөдөө оршин суух хаягтай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-наас 2020 оны 10 дугаар сарын 03-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт алдуул мал болох П.Даваасүрэнгийн өмчлөлийн нэг тооны үхэр завшиж 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэлүүлэхдээ:
Шүүгдэгч Д.Б-гийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд оруулах талаар санал гаргаагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/,
Хохирогч П.Даваасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-04-05 тал/, хохирогч мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-09-10 тал/, гэрч С.Сэржмядагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-12 тал/, Эд зүйлийн үнэлгээ/хх-20 тал/, Д.Бгаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-29-31 тал/, Д.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-32 тал/, Д.Бгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-33-38 тал/, хохирогч П.Даваасүрэнгийн малын А дансны хуулбар/хх-44 тал/ зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
а/ гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-наас 2020 оны 10 дугаар сарын 03-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт алдуул мал болох П.Даваасүрэнгийн өмчлөлийн нэг тооны үхэр завшиж 700000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч П.Даваасүрэнгийн: “ ... Би 2019 оны 05 дугаар сарын дундуур байх яг өдрийг нь санахгүй байна. Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Дөш гэх уулын араас бэлчээрээс цасан шуурганаас өөрийн үхэр сүргээс өөрийн улаан зүстэй буруу чих нь хоёр хайчилбар имтэй сувиа үнээ алдсан юм тэгээд хайгаад олохгүй байсан юм саяхан буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-наас 2020 оны 10 дугаар сарын 03-нд цасан шуурга болж айлын мал их уруудсан юм тэгээд манай гэрийн зүүн ард байдаг тариан талбайд айлын үхэр их байсан би тухайн үед өөрийнхөө үхрийг туугаад гэрлүүгээ явж байхад үхрийн эвэр хар хөх будагтай үхэр талбайд байсан. Тэгээд би уг үхрээр санаандгүй ороод үхрээ шүүхэд 2019 оны хавар алга болсон улаан зүстэй сувай үнээ байхаар нь баярлаад манай нутгийн Эрдэнэбаатарын хүүхдийг нь байхаар нь энэ манай үхэр байна хар будагтай айлын эзэн нь ирвэл ахынхаа гэрийг зааж өгөөрэй намайг нэг үхэр аваад явлаа гэж хэлээрэй ах нь өнгөрсөн жилийн хавар алдсан юм алга болсон үхрээ олчихлоо гэж хэлээд өөрийн үхэртэй нийлүүлээд аваад явсан юм. Тэгээд хоёр хоногийн дараа Тариа гэх газарт очоод адуу, үхрээ бүртгэх гээд явж байхад манай сумын Хайрхан 2 дугаар багт мал маллаж амьдардаг Сэрээтэр гэх хүн над дээр ирээд надаас улаан зүстэй үнээ асуусан би таны хайгаад байгаа үхрийг өнгөрсөн жил алдсан юм яагаад та ямар замаар авсан юм бэ гэж асуухад Сэрээтэр гэх хүн нь би 2020 оны 02 дугаар сарын үеэр байх манай саахалт айлын Бгаас худалдаж авсан юм. 700 мянган төгрөгөөр гэж хэлсэн. Тэгэхээр нь би та Бд надтай утсаар ярь гэж хэлээд утсаныхаа дугаарыг Сэрээтэр гэж хүнд бичиж өгөөд хоёр тийш салсан. Тэгээд орой нь гэртээ байж байхад манай сумын Б нь надтай утсаар яриад Даваа ахаа би буруу юм хийчихсэн байна та авч явсан үхрээ буцаагаад өгчих Сэрээтэр гэж хүнд гэж хэлэхээр нь би за за чи харин ахдаа номхон морь өгчих гэж хэлээд утсаа салгасан. Маргааш өглөө нь Б нь ганцаараа мотоцикль унаж ирээд манай алга болсон улаан зүстэй үнээг туугаад явсан. Би тэгж байгаад ахдаа морио өгчөөрэй гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг/хх-04-05 тал/,
Хохирогч Д.Сэрээтэрийн: “ ... Би 2020 оны 09 дүгээр сарын 30-нд Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Будин саарны араас үхэр алдаад маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 01-нд үхрээ хайж яваад Уянга 3 дугаар багийн нутаг Тариа гэх газарт очиход “Мөнх талх” ХХК-ийн хашаанд манай үхэр хашигдсан байсан. Тэгээд би үхрээ асуухад Даваасүрэн гэх хүн манай үхэр байна гэж хэлээд аваад явсан байсан. Тэгээд би өөрийн үхрээ туугаад гэртээ ирсэн мөн маргааш өглөө нь манай үхэр алга болцон байсан. Тэгээд Тариа гэх газарт очоод үр тарианы талбайд үхрээ туугаад явж байхад Даваасүрэн гэх хүнтэй таараад чи яагаад манай улаан зүстэй сувиа үнээг аваад явчихваа гэж асуухад Даваасүрэн гэх хүн 2019 оны 05 дугаар сард би шуурганаар алдсан юм. Харин та яагаад эзэн суусан юм ямар хүнээс авсан юм би алга болсон үхрээ танилгүй яадаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би саахалт айлын Б гэх хүнээс 2020 оны 02 дугаар сарын эхээр 700 мянган төгрөгөөр худалдаж авсан юм гэж хэлээд чи Бтай учраа ол чи аваад явсан юм чинь гэж хэлээд яваад өгсөн. Би үхэр тууж явах замдаа Бгийн гэрт нь очоод Б гэртээ эхнэртэйгээ хамж байж байхад нь чиний надад 2 дугаар сарын эхээр зарсан үхэр чинь хүний үхэр байна чи учрыг нь олж өг гэж хэлээд Даваасүрэн гэх хүний утасны дугаарыг өгсөн. Тэгээд би гэрлүүгээ явсан маргааш өглөө нь Б нь мотоцикльтой надад зарсан улаан зүстэй үхрээ тууж ирсэн. Би одоо Бгаас худалдаж авсан үхрээ авахгүй мөнгөө авмаар байна” гэх мэдүүлэг /хх-07-08 тал/,
Гэрч С.Сэржмядагийн: “ ... 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай ээж Галбадрах нь утсаар яриад өнгөрсөн өвөл буюу 2020 оны 02 дугаар сарын эхээр Бгийнхаас худалдаж авсан үхэр хүний үхэр байсан байна саяны шуурганаар Даваасүрэн гэх эзэн гарч ирээд тарианы талбайгаас аваад явсан байна чи учрыг нь олж өг гэж хэлсэн. Тэгээд би Даваасүрэн гэх хүний дугаарыг аваад Даваасүрэн гэх хүнтэй утсаар ярих гэж залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би маргааш Бгийнхантай холбоо барих гээд утсаар залгасан боловч өөрсдийнхөн утас болохгүй байсан тэгээд 98840020 гэсэн дугаар луу залгаад Бгийн эхнэр Даваасүрэнтэй утсаар ярьсан юм. Тэгтэл Даваасүрэн нь өнгөрсөн намар эзэнгүй улаан зүстэй үхэр манай үхэрт нийлсэн юм. Тэгээд тэжээж байгаад танай хоёр хөгшинд зарсан юм. Тэжээлийнхээ мөнгийг гаргаж авах гэж хэлсэн тэгэхээр нь би ажил дээрээ байна орой залгаж энэ асуудлыг шийдий гэж хэлэхэд Даваасүрэн нь юу шийдэх юм гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг /хх-12 тал/,
Шүүгдэгч Д.Бгийн гэрчээр мэдүүлсэн: “ ... 2020 оны 02 дугаар сарын эхээр саахалт айлын Сэрээтэр ахад өөрийн үхэр сүргээс улаан зүсмийн үнээ зарсан юм. Яг насыг нь мэдэхгүй би уг үхрийг Сэрээтэр ахад 700 мянган төгрөгөөр зараад мөнгөөр өөрийн малдаа тэжээл авсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад Сэрээтэр ах машинтай ирээд надад чиний манайд зарсан улаан зүсмийн үхрийг Уянга 3 дугаар багийн иргэн Даваа гэх хүн манай үхэр гэж хэлээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар сонин юм бэ би уг Даваа гэх хүнтэй уулзаад таньд эргээд хэлье гэж хэлээд явуулсан юм. Сэрээтэр ахад 700 мянган төгрөгөөр зарсан үхэр нь 2019 оны 08 дугаар сарын дундуур манай үхэртэй нийлсэн юм. Тэгээд салгаад явуулахаар эргэж манай үхэртэй нийлээд салахгүй байсан юм. Тухайн үхрийг нутгийн хүмүүст хэлж эзнийг нь олох гэж хайж байсан. Тэгээд огт эзэн гарч ирэхгүй болохоор би Сэрээтэр ахад зарсан юм. Би тэгээд Даваа гэх хүн дээр очоод уулзахад Даваа ах нь энэ үхэр бол манай үхэр 2019 оны зун алдаад олохгүй байсан юм гэж хэлсэн. Тэгээд би болсон явдалыг Даваа ахад хэлэхэд Даваа ах чи аваад зарсан хүндээ өг өг гэж хэлээд харин надад оронд нь орлох үхэр өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд уг улаан зүсмийн үхрийг туугаад Сэрээтэр ахын үхэрт нийлүүлсэн тэгээд Сэрээтэр ахад нөгөө хүн имээ буруу танисан байна гэж хэлээд үхрийг нь өгсөн өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг/хх-09-10 тал/,
Эд зүйлийн үнэлгээ/хх-20 тал зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
б/ Эрүүгийн хариуцлагын талаар.
Бусдын алдуул мал завших гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-наас 2020 оны 10 дугаар сарын 03-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт алдуул мал болох П.Даваасүрэнгийн өмчлөлийн нэг тооны үхэр завшиж 700000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон,
Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барадуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт Д.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д Бг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /гурав сар/ хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт Д.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ