| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0140/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/68 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,
Хохирогч М.Бурмаа,
Шүүгдэгч А.Л, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1934011140101 дугаартай, 1 хавтас хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л, 1980 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Баянцогт гэр хороололд оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Л нь Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Баянцогт гэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн эхнэр М.Бурмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж “Утсаар байнга залгаллаа” гэдгээр шалтаглан хохирогч М.Бурмааг мөнгөн аяга төмөр, галын хайч зэргээр толгой мөр хөл хэсэгт нь цохиж зулай хэсгийн дотогш цөмөрсөн хугарал, зулайд шарх, баруун бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт, гэмтлүүд учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч А.Л-ийн өгсөн:”Бурмаа бид хоёрын хэрүүл үүсэх болсон шалтгаан нь мал хариулахаас болсон. Би хэрүүл маргаан болох үед ширээн дээр байсан цайны аягыг аваад Бурмаа руу шидсэн толгой хавьд нь цохих шиг болсон гараараа мөр хэсэг рүү нь нэг удаа цохисон, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн өөр зүйл болоогүй. Урд өмнө нь нэг удаа гар хүрч байсан. Бид хоёрыг хэрэлдэж маргалдах үед өөр хүн байгаагүй. М.Бурмаатай 12 жил ханилж байна 10-11 насны хүүхэдтэй М.Бурмаагийн биед би аяга шидэж толгой тус газарт мөн гараараа газарт нь нэг удаа цохиж хөлөөрөө гуя хэсэгт нь өшиглөж гэмтэл учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Бид 2 хамт амьдарч байгаа одоо эхнэр маань 5 сартай жирэмсэн” гэв.
Хохирогч М.Бурмаагийн өгсөн: “Би нөхөр А.Лтой гэр бүл болоод 12 жил хамт амьдарч байна. Нөхөр намайг урд нь зодож байгаагүй тухайн өдөр л согтуу ирээд хэрүүл гарч намайг зодсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бид 2 хамт амьдарч байгаа. Би одоо 5 сар гарантай жирэмсэн.” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
гэрч М.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.Бурмаа нь миний төрсөн дүү. Миний дүү М.Бурмаа нь нөхөр Лийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын Баянцогт гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр нөхөр Лид зодуулсан байна гэж сонссон. Сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зодсон байна гэх мэдүүлэг /хх-14/,
Гэрч Н.Цэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний охин М.Бурмаа 2007 онд Лтой гэр бүл болсон 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр би Бурмааг нөхөр Лид зодуулсан байна гэдгийг мэдсэн тэгээд би Бурмаатай уулзахад 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр Лдоо зодуулсан толгойдоо 12 оёдол тавиулсан гэж байсан. Тэгээд би охин Бурмаагийн хамт сумын хамтарсан багт өргөдөл гаргаж өгсөн юм. Би гомдолтой байна. нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-15-16/,
Гэрч М.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бурмааг нөхөр Л нь зодсон байна гэдгийг мэдсэн тэгээд би Бурмаатай уулзахад 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хөдөө гэртээ байж байхад нь нөхөр Л нь согтуу ирээд тархи толгойг нь хагартал зодчихоод сумын төв орж ирсэн тэгээд сумын эмнэлэгт үзүүлж толгойдоо 12 оёдол тавиулсан гэж байсан нүүр нь бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан. Бурмаагийн толгой нь хагарсан 12 оёдол тавиулсан байсан, хамар нүүр хэсгээр хөхөрсөн байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Гэрч Н.Лхамжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 5 хүү, 1 охин төрүүлж өсгөсөн. Л миний 5 дах хүүхэд, миний хүү Л нь Бурмаатай 2007 онд гэр бүл болсон гэр бүл болоод хоёр охинтой болсон. Манай бэр Бурмаа нь нэг дагавар охинтой байсан тэр охин нь Бурмаагийн ээж дээр байдаг юм. Л Бурмаа хоёр хэн хэн нь түргэн ууртай ер нь бие биенийхээ үгийг хүлээж авах чадвар муутай хүмүүс байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны орой Л манайд хүүхдээ хүргэж ирэхдээ Бурмаа бид хоёр муудалцаад би Бурмааг зодчихлоо гэсэн тэгхээр нь би яагаад зодолдох юм болчихов гэсэн чинь надад хэлэхдээ би намар мал махны ченжээс мөнгө зээлж аваад дагавар охиныхоо сургалтын төлбөрт өгсөн байсан юм. Тэгээд мал махны ченжид малаа аваачиж өгхөөр саахалтын айл Бооёо гэх айлд очоод байж байтал Бурмаа зогсоо зайгүй утсаар залгаад байсан тэгээд гэртээ ирээд хэрүүл боллоо гэж байсан. Тэгээд Л гэрлүүгээ харилаа гээд манайхаас гараад явсан. Лийг явснаас 40 орчим минутын дараа Бурмаа манай гэрт ороод ирсэн юугаар ирэв, юу болов гэсэн чинь би явган ирлээ Л намайг зодчихлоо гэсэн тэгээд би толгойг нь хагарсан байхаар нь сумын эмнэлэгт аваачиж оёдол тавиулсан. Бурмаагийн толгой нь хагарсан байсан би эмнэлэгт аваачиж оёдол тавиулсан хэдэн оёдол тавиулсан хэдэн оёдол тавьсан талаар би мэдээгүй. Өөр ил харагдах шарх мэдэгдээгүй надад үзүүлээгүй. Бурмаа хааяа надад ярихдаа бид хоёр маргалдсан, муудалцсан, хэрэлдсэн гэж ярьдаг байсан талаар би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 19-20/,
Гэрч Ц.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Л манай гэрт хонь туучихсан ирсэн. Манай гэрт ирээд 1 шил 0.5 грамм шилтэй Хараа нэртэй архи 3 уулаа хувааж уугаад байж байтал миний утасруу Лийн эхнэр Бурмаа залгаад хонь байхгүй байна. гээд 3 удаа ярисан тэгээд Л гэрлүүгээ явсан. Тэр хоёр утсаар ярихдаа хэрэлдэж маргалдаагүй. Л тухайн үед согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч П.Идэрцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 27-ны орой 21 цаг 30 минутад Төв аймгийн Сүмбэр иргэн Монтгор овогтой Бурмаа нь толгойн орой хэсэгт язарсан шархтай сумын эмнэлэг дээр хадам ээж Лхагважавынхаа хамт ирсэн үзлэг хийхэд биеийн байдал дунд, хэсэг газрын үзлэгээр толгойн оройн хэсэгт ойролцоогоор 10 орчим сая язарсан шархтай байсан анхдагч шарх цэгцлэлтээр 10 ширхэг оёдол тавьсан. Бурмаагийн хадам ээж Лхамжавын хэлснээр бол хашааны хажуугаар явж байтал толгой дээрээс нь төмөр унаж толгой нь хагарсан гэж байсан. Бурмаа өөрөө ямар нэгэн юм хэлээгүй. Иртэй зүйлийн улмаас үүссэн зүсэгдэж язарсан шарх байсан.” гэх мэдүүлэг /хх 26-27/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №824 дугаартай шинжээчийн ДҮГНЭЛТ:
"1.М.Бурмаагийн биед зулай хэсгийн дотогш цөмөрсөн хугарал, зулайд шарх, баруун бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд авултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна." гэжээ /хх 29-30/,
Шинжээч эмч Б.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2019 оны 12 сарын 3-нд хохирогчийн биеийг үзэхэд Бурмаагийн биед зулай хэсэг нь дотогш 0,4 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугарлыг шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Эдгэрэлт нь эмчилгээ болон өөрийн биеийн байдлаас шалтгаалж эдгэрэх бөгөөд эргэж хэвэндээ орох хугацааг тодорхойлох боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-23/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7/, яаралтай тусламжийн хуудас /хх 43/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 52-53/, Зарлагын маягт /54-56/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай.
Мөн яллагдагч хохирогч, гэрч шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Л-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, гэм буруугийн зарчмийг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
а/Гэм буруугийн талаар.
Улсын яллагч шүүгдэгч А.Л-ийг “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр М.Бурмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй” гэх дүгнэлтийг,
Хохирогч “Гэм буруутайд хэлэх зүйлгүй” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ”Хэргийн зүйчлэл тохироогүй, А.Лийн хэргийн зүйчлэлийг хүндрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон, дарамталсан үйлдэл нь 3 буюу түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн бие даасан үйлдэл байхыг шаардах ба хэрэгт А.Л нь гэр бүлийн хамаарал бүхий хамааралтай эхнэрээ урьд нь зодсон дарамталсан үйлдэл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дуудлага өгч байсан баримт ч хэрэгт авагдаагүй. Тухайн өдөр гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тохиолдлын шинжтэй 1 удаагийн үйлдлээр хохирогчийн Эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь нотлолдсон тул хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 11.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү, ” гэх дүгнэлтийг,
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ биед хүнд хохирол учруулсан гэм буруутай байна.” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
Төв аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Баянцогт гэх газарт 2019 оны 11 сарын 27-ний өдөр шүүгдэгч А.Л нь өөрийн эхнэр М.Бурмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “утсаар байнга залгалаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг мөнгөн аяга, галын хайч зэргээр зодож, “зулай хэсгийн дотогш цөмөрсөн хугарал” бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
хохирогч М.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би нөхөр А.Лтой гэр бүл болоод 12 жил хамт амьдарч байна. Тэр өдөр Л руу залгаад би хонио олохгүй байна гэсэн чинь нэг их удалгүй Л согтуу гэртээ ирсэн тэгээд би согтуу байхаар нь чи хоолоо идчихээд унтчих би хонио харчихаад ирье гээд аяганд хоол хийгээд өгсөнчинь аягтай хоолоо над руу шидсэн тэгээд намайг чи миний араас яасан их утсаар залгадаг юм гээд миний толгойруу галын хажууд байсан хавтгай төмрөөр цохиод би газар унасан чинь намайг босгож ирээд дахиад галын хайчаар гарлуу нэг удаа цохисон. Л нь тухайн үед өөрийгөө хянах чадвартай байсан. Миний баруун гарын тохой, зүүн хөлийн булчин хэсэги хөхөрч хавдсан, толгой хагарсан сумын эмнэлэгт үзүүлж толгойдоо оёдол тавиулсан. Намайг зодох үед өөр хүн байгаагүй. Одоо миний толгой өвддөг, зулайн орой хэсгээр хөндүүр толгой эргэж дотор муухайрдаг болсон цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,
шүүгдэгч М.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.Бурмаа нь миний төрсөн дүү. Миний дүү М.Бурмаа нь нөхөр Лийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын Баянцогт гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр нөхөр Лид зодуулсан байна гэж сонссон.”гэх мэдүүлэг /хх 14/,
гэрч Н.Цэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний охин М.Бурмаа 2007 онд Лтой гэр бүл болсон 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр би Бурмааг нөхөр Лид зодуулсан байна гэдгийг мэдсэн тэгээд би Бурмаатай уулзахад 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр Лдоо зодуулсан толгойдоо 12 оёдол тавиулсан гэж байсан. Би гомдолтой байна. нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 15-16/,
гэрч М.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бурмааг нөхөр Л нь зодсон байна гэдгийг мэдсэн тэгээд би Бурмаатай уулзахад 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хөдөө гэртээ байж байхад нь нөхөр Л нь согтуу ирээд тархи толгойг нь хагартал зодчихоод сумын төв орж ирсэн тэгээд сумын эмнэлэгт үзүүлж толгойдоо 12 оёдол тавиулсан гэж байсан нүүр нь бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан. Бурмаагийн толгой нь хагарсан 12 оёдол тавиулсан байсан, хамар нүүр хэсгээр хөхөрсөн байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх 17-18/,
гэрч Н.Лхамжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 5 хүү, 1 охин төрүүлж өсгөсөн. Л миний 5 дах хүүхэд, миний хүү Л нь Бурмаатай 2007 онд гэр бүл болсон гэр бүл болоод хоёр охинтой болсон. Манай бэр Бурмаа нь нэг дагавар охинтой байсан тэр охин нь Бурмаагийн ээж дээр байдаг юм. Л Бурмаа хоёр хэн хэн нь түргэн ууртай ер нь бие биенийхээ үгийг хүлээж авах чадвар муутай хүмүүс байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны орой Л манайд хүүхдээ хүргэж ирэхдээ Бурмаа бид хоёр муудалцаад би Бурмааг зодчихлоо гэсэн тэгхээр нь би яагаад зодолдох юм болчихов гэсэн чинь надад хэлэхдээ би намар мал махны ченжээс мөнгө зээлж аваад дагавар охиныхоо сургалтын төлбөрт өгсөн байсан юм.Тэгээд мал махны ченжид малаа аваачиж өгхөөр саахалтын айл Бооёо гэх айлд очоод байж байтал Бурмаа зогсоо зайгүй утсаар залгаад байсан тэгээд гэртээ ирээд хэрүүл боллоо гэж байсан. Тэгээд Л гэрлүүгээ харилаа гээд манайхаас гараад явсан. Лийг явснаас 40 орчим минутын дараа Бурмаа манай гэрт ороод ирсэн юугаар ирэв, юу болов гэсэн чинь би явган ирлээ Л намайг зодчихлоо гэсэн тэгээд би толгойг нь хагарсан байхаар нь сумын эмнэлэгт аваачиж оёдол тавиулсан. Бурмаагийн толгой нь хагарсан байсан би эмнэлэгт аваачиж оёдол тавиулсан хэдэн оёдол тавиулсан хэдэн оёдол тавьсан талаар би мэдээгүй. Өөр ил харагдах шарх мэдэгдээгүй надад үзүүлээгүй.” гэх мэдүүлэг /хх 19-20/,
гэрч Ц.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Л манай гэрт хонь туучихсан ирсэн. Манай гэрт ирээд 1 шил 0.5 грамм шилтэй Хараа нэртэй архи 3 уулаа хувааж уугаад байж байтал миний утасруу Лийн эхнэр Бурмаа залгаад хонь байхгүй байна. гээд 3 удаа ярисан тэгээд Л гэрлүүгээ явсан. Тэр хоёр утсаар ярихдаа хэрэлдэж маргалдаагүй. Л тухайн үед согтуу байсан” гэх мэдүүлэг /хх 21/,
гэрч П.Идэрцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 27-ны орой 21 цаг 30 минутад Төв аймгийн Сүмбэр иргэн Монтгор овогтой Бурмаа нь толгойн орой хэсэгт язарсан шархтай сумын эмнэлэг дээр адам ээж Лхагважавынхаа хамт ирсэн үзлэг хийхэд биеийн байдал дунд, хэсэг газрын үзлэгээр толгойн оройн хэсэгт ойролцоогоор 10 орчим сая язарсан шархтай байсан анхдагч шарх цэгцлэлтээр 10 ширхэн оёдол тавьсан. Бурмаагийн хадам ээж Лхамжавын хэлснээр бол хашааны хажуугаар явж байтал толгой дээрээс нь төмөр унаж толгой нь хагарсан гэж байсан. Бурмаа өөрөө ямар нэгэн юм хэлээгүй.Иртэй зүйлийн улмаас үүссэн зүсэгдэж язарсан шарх байсан” гэх мэдүүлэг /хх 26-27/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №824 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.М.Бурмаагийн биед зулай хэсгийн дотогш цөмөрсөн хугарал, зулайд шарх, баруун бугалга, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд авултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна." гэжээ /хх 29-30/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7/, яаралтай тусламжийн хуудас /хх 43/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 52-53/, Зарлагын маягт /54-56/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Тухайлбал энэ хэргийн хувьд А.Л нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр өөрийн эхнэр М.Бурмаад хүнд хохирол учруулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч болон иргэдийн төлөөлөгчийн “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч , харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарагдахаар хуульчлагдсан шүүгдэгч А.Л, хохирогч М.Бурмаа нар нь гэр бүлийн хамааралтай бүхий харилцаатай эхнэр нөхөр хоёр мөн боловч шүүгдэгч А.Л нь урьд нь эхнэр М.Бурмааг зодож, дарамтлах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байнгын үйлдэл хийж байгаагүй, тухайн өдөр “утсаар байнга залгалаа“ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас нэг удаагийн үйлдлээр эхнэр М.Бурмаагийн эрх чөлөөнд нь халдаж хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт гэрч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарагдахаар хуульчлагдсан бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг шаарддаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцааны буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг удаагийн үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйчилж Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул А.Лийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Бурмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нэг удаагийн үйлдлийг /байнгын шинжтэй/ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэргийн зүйчлэлийг хүндрүүлэн зүйчлэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл улсын яллагчийн тайлбарлаж байгаагаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр нөхөр байх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрийнхээ эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж хүндрүүлэн дүгнэх боломжгүй бөгөөд хууль тогтоогч гагцхүү гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хувиарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гурав буюу түүнээс дээш бие даасан шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Л нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр М.Бурмааг зодсон, дарамталсан, догшин авирласан, тарчлаан зовоосон гэх байнгын шинжтэй үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтэл учруулсан гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаар шүүхэд гаргасан хууль зүйн дүгнэлт нь үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэргийн хэмжээнд нотлох баримтаар хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг үндэслэн Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүлийн 2 хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйчилж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйчлэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Бурмаа нь “ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
б/Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас:
шүүгдэгч А.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:
шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба өмгөөлөгчийн шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг улсын яллагч дэмжсэн болно.
Шүүгдэгч А.Л нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, шүүхээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналүй гэснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч А.Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул, Эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу 3 хүүхдийн хамт амьдардаг одоо эхнэр М.Бурмаа нь /5 сар гарантай/ жирэмсэн, хор уршгийг нөхөн төлсөн, /эдийн засгийн хувьд торгуулийн ял төлөх боломжтой 1000 гаран толгой малтай/ шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах дүгнэлтийн талаар буюу торгох ял, ялын хэмжээний талаар улсын яллагч маргаж, мэтгэлцээгүй зэргийг харгалзан А.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Эрүүгийн 1934011140101 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийг Прокурорын газраас шүүгдэгч А.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Л-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасаар А.Л-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихийг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч А.Л-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
7.Эрүүгийн 1934011140101 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л-д урьд бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ш.ГАНДАНСҮРЭН
Ю.ЭНХМАА