Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 012

 

              Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Б.Б  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, тус салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулсан  төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг Сонгон шалгаруулах комисст холбогдох;

             “Төрийн албаны  зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоол, Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  01 дүгээр тогтоолын А.Жд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б Сонгон шалгаруулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч М.Н, гуравдагч этгээд А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгийн арга зүйч багшаар томилогдон ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/111 дүгээр захирамжаар шинээр байгуулагдсан Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож ажилласан. Надтай тухайн үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Х.Д томилогдсон өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан.Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс цэцэрлэгийн эрхлэгч нарын албан тушаалд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалт зарласан.Сонгон шалгаруулалт зарлах орон тоон дотор миний одоо хашиж байгаа 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоо байсан.Тэгээд би сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн ба 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагаас сорилтын шалгалт эхэлсэн. Шалгалт авах танхимд хоёр камер байрлуулсан байсан. 15 компьютер байсан, 3 дахь ээлжид нийт 15 эрхлэгч шалгалтад орсон байгаа. Танхимд ороход нарийн бичгийн дарга М.Н нь шалгалт өгөх хүмүүсийг нэрээр нь дуудан оруулж, шифр болон регистрийн дугаарыг тарааж өгсөн юм. Дээрээс нь суудлыг дугаарласан байсан ба миний бие 14 дэх хүн болж ороод 14 дэх суудалд суусан. Мөн компьютерын буланд вариант заасан байсан. Би 178333 кодоор хуваарилагдсаны дагуу   “D” вариант сонгон тестээ бөглөж сууж байхад 30 минут өнгөрсний дараа миний компьютер гацаж, миний бөглөж байсан тест алга болж, дэлгэцэн дээр “Таны компьютер гацсан байна. Комисст хандана уу” гэсэн бичээс гарч ирсэн. Энэ талаар шалгалт зохион байгуулах комисст ажиллаж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл, технологийн ажилтан С.Ед мэдэгдэхэд код, регистрээ дахин оруул гэсэн. Кодоо оруулсан боловч миний өмнө бөглөсөн бүх тест алга болсон байсан ба огт бөглөөгүй тест гарч ирсэн. Үлдсэн 10 минутын хугацаанд би бүх тестийг бөглөж амжаагүй. Тэгж байхад шалгалтын хугацаа дуусаж, “Та тэнцээгүй байна” гэсэн үг гарч ирсэн. Тэгээд миний компьютер унтарсан. Шалгалтын комиссын гишүүд сорилын шалгалтын дүнг танилцуулаагүй, үдээс хойш ирээрэй гэж гараад явсан. Тухайн  2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би С.Е руу утасдахад над руу  мессеж явуулсан ба 12:47 минутад С.Е өөрийн **** дугаараас миний **** дугаарын утас руу “Сүлжээ гацсан байна” гэсэн мессеж явуулсан. Би тэгэхээр нь “Худлаа, би бүгдийг бөглөсөн, амархан асуулт ирсэн, би тэнцсэн байсан” гэж мессеж явуулахад, С.Е нь “Шалгалтаас гарч байгаад залгая” гэсэн мессеж ирүүлсэн. Би 13 цагийн үед аймгийн Засаг даргын Тамгын газарт ирэхэд шалгалтын комиссын гишүүд бүгдээрээ явсан байсан. Жижүүрээс асуухад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулган болж байгаа учир 2 дахь шатны шалгалт маргааш явагдахаар болсон гэсэн. Би С.Е руу залгаж “миний өмнөх тест яагаад алга болсон бэ, чи шалгаад өгөөрэй” гэхэд С.Е “та сандраад өөр вариант сонгосон биш үү, регистрээ явуул, би асууж тодруулж өгье” гэсэн. Би тэгээд “миний компьютер яагаад гацсан юм вэ, шалгаад өгөөч” гэж мессеж явуулсан ба **** гэсэн регистрийн дугаарыг түүний утас руу мессежээр явуулсан. С.Е хариу өгнө гэсэн боловч хариу өгөөгүй, удаа дараа утасдсан боловч утсаа авсангүй. Тэгэхээр би маргааш нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өглөөний 08 цагт 2 дахь шатны шалгалт эхлэхээс өмнө   шалгалтын комиссын дарга М.Х-д өргөдөл бичиж өгсөн боловч ямар ч хариу өгөөгүй ба тэр өдөржингөө би Засаг даргын Тамгын газарт өргөдлийн хариуг хүлээгээд сууж байсан. Дараа нь салбар зөвлөлийн дарга Х.Т-д өргөдөл өгсөн ба  2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 148 дугаар албан бичгээр “...сорилтын шалгалтын үеэр хэд хэд хүний сүлжээнд доголдол гарсан ба тухай бүр хэвийн байдалд оруулсан байна.Тестийн шалгалтын дараа дүнгээ үзэхэд та ямар нэгэн гомдол гаргахгүй хүлээн зөвшөөрөөд шалгалтаас гарсан байна.Мөн шалгалт авах төв комисст утсаар ярьж тодруулахад тестийн 40 асуултыг бүгдийг бөглөсөн ба сүлжээний доголдлоос болж бөглөж амжаагүй асуудал гараагүй, сүлжээний доголдол гарах асуудал гарч байдаг бөгөөд үүнээс болж хугацаандаа тестээ бөглөж амжаагүй асуудал гараагүй гэсэн хариу өглөө.Иймд таны өргөдлийн дагуу шалгалтыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна” гэсэн хариу өгсөн.Би сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт авах гэж салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нд удаа дараа хандсан боловч холбогдох материалыг манайд ирүүлээгүй гэсэн хариу өгсөн.Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Тилегенд хандахад “шалгалтын дүн, тогтоол чамд ямар хамаатай юм вэ” гэсэн хариу өгсөн.Шалгалтын комисс нь шалгалтын бэлтгэлийг бүрэн хангаж, техник хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангаж шалгалтад оролцогчдыг адил тэгш боломжоор хангах ёстой.Энэ боломж хангагдаагүйгээс миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Ингээд би эрх ашгаа хамгаалуулахаар “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 9.5-д заасны дагуу танай шүүхэд хандаж байна.

Миний гомдлыг зохих журмын дагуу хянаж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн сонгон шалгаруулалт явуулсан дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт баталсан тогтоолын А.Жд холбогдох хэсэг,Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А.Жийг Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг тус тус  хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            Сонгон шалгаруулах комисс нь энэхүү сонгон шалгаруулалтыг “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулах ёстой. Уг журмын 4.4 дэх хэсгийн 5-д зааснаар сонгон шалгаруулах байр, бусад шаардагдах нөхцөлийг хангах үүргийг комисс хүлээсэн байдаг. Хэргийн үйл баримтаас харахад Сонгон шалгаруулах комисс нь шалгалт зохион байгуулахад шаардагдах бусад нөхцөл байдлыг бүрэн хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Бийн шалгалт өгч байсан компьютероос сүлжээний доголдол гарсныг аль аль тал хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт компьютероос доголдол гарсан бол уг доголдлыг ямар хугацаанд хэвийн байдалд оруулсан бэ гэдгийг комисс анхаарч үзэх ёстой.  Компьютерын доголдлыг засахад ямар хугацаа зарцуулсан бэ гэдгийг шалгалтын явцыг баталгаажуулсан камерын бичлэгийг  хариуцагч тал баримтаар гаргаж өгөөд доголдол арилгахад 1 минут ч хүрэхгүй хугацаа зарцуулсан гэх тайлбарыг нотлох ёстой байсан. Шалгалт өгч байгаа хүн 40 тестийг 40 минутын дотор бөглөж дуусах ёстой ба нэгэнт доголдол гарсан бол үүнийг засаж янзлахад тодорхой хэмжээний хугацаа алдагдсан байдаг. Харин энэ хугацааг нөхөж өгсөн үү, үгүй үү гэдэг асуудал энэ дээр яригдах ёстой. Компьютерыг богино хугацаанд хэвийн байдалд оруулсан гэж хариуцагч тал тайлбарлах боловч ямар хугацаанд хэвийн байдалд оруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа. Шалгалтыг онлайнаар авсан байх ба энэ талаар Төрийн албаны зөвлөлийн шүүхэд ирүүлсэн албан бичигт тодорхой дурдсан. Дүнгийн асуудал  2 дахь маргаантай асуудал юм.  Комиссын зүгээс нэхэмжлэгч Б.Б нь 40 тестийг бөглөсөн ба үүний 15 тестийг зөв бөглөсөн гэж тайлбарлаж байна. Харин нэхэмжлэгчийн хувьд компьютерыг янзалсны дараа вариант солигдож, шинэ тест гарч ирсэн учраас үлдсэн хугацаанд бөглөж амжаагүй гэсэн тайлбар хэлж байгаа. Нэхэмжлэгч 40 тестийн 15 тестийг зөв бөглөсөн , үүнийг тэмдэглэж авсан гэж комисс тайлбарлаж байгаа. Хэрвээ үнэхээр ийм байвал үүнийг комисс албан ёсоор баталгаажуулах ёстой байсан боловч ийм зүйл огт хийгдээгүй байна. Тестийн шалгалтыг онлайнаар авсан учраас сүлжээнд хадгалагдаж байгаа гэсэн тайлбар хэлж байна. Хадгалагдаж байгаа бол түүнийг хэвлэж нотлох баримтаар яагаад гаргаж өгч болохгүй юм вэ гэдэг асуудал байгаа. Тестийн шалгалт дууссаны дараа комиссын гишүүд үдийн цайнд гараад явсан, үдээс хойш орж ирэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чуулган болж байгаа учраас шалгалтын дараагийн шат маргааш эхэлнэ гэж хэлсэн тул тэр даруй гомдол гаргаж амжаагүй гэсэн тайлбар хэлсэн. Харин нэхэмжлэгчийн энэ тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй байгаа. Дээрээс нь шалгалт зохион байгуулах журамд зааснаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсролын газар зохион байгуулах ёстой. Гэтэл энэхүү шалгалтыг Төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулсан юм. Энэ нь шалгалтын дүнд нөлөөлөөгүй ч гэсэн журам тодорхой хэмжээгээр зөрчигдсөн асуудал байгаа гэдгийг хэлмээр байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрийн албанд баримтлах зарчмыг зохицуулсан байх бөгөөд 4.2.2-д зааснаар сонгон шалгаруулалт ил тод байх, 4.2.4-д зааснаар  иргэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу төрийн албанд орох тэгш боломжоор хангагдах ёстой. Компьютерын доголдлыг засахад 1 минут гарсан ч гэсэн түүнийгээ нөхөж өгөөд шалгуулагчийг тэгш боломжоор хангах ёстой. Тийм учраас энэхүү сонгон шалгаруулалтын дүнгээр нэхэмжлэгч Б.Бийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бекжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс томилогдсон сонгон шалгаруулах комисс  холбогдох хууль, журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлж, төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хараат бусаар, хуульд заасан журмын дагуу явуулж, шалгалтын дүнг аймгийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, олонхийн саналаар дэмжигдэж зохих шийдвэр гарсан зэрэг нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Б нь төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад өмнө нь 2 удаа орж тэнцээгүй, өөрөө хариуцлагагүй хандаж энэ удаа мөн өрсөлдөж тэнцээгүй унасны дараа гомдол гаргаж, тэнцсэн иргэнтэй маргаж байгаа юм байна. Нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А. Ж-г Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Сонгон шалгаруулах комиссын шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзэж байна.

1.Комиссын дарга, Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Х:

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын даргаар М.Х, нарийн бичгийн даргаар  М.Н, гишүүдээр Б.М,Д.Е, З.Б, Х.З,Х.З нар томилогдсон. Сорилын шалгалтын комиссын даргаар Х.З, гишүүнээр Х.З, М.Н нар томилогдсон. Сонгон шалгаруулах комиссын гишүүд нь холбогдох хууль, журамд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж  сонгон шалгаруулалтыг хараат бусаар, хуульд заасан журмын дагуу явуулж, шалгалтын дүнг аймгийн салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, салбар зөвлөлийн олонхийн саналаар дэмжигдэж, зохих шийдвэр гарсан болно. Нэхэмжлэгч Б.Б нь Төрийн албаны зөвлөлөөс шууд онлайнаар авсан тестийн шалгалтад тэнцээгүй мөртлөө компьютер гацсанаас болж шалгалтаас унасан гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Сорилын шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авсан бөгөөд миний бие сорилын шалгалтын комиссын бүрэлдэхүүнд байхгүй, сорилын шалгалтад ороогүй. Ерөнхий комиссын даргын хувьд шалгалт дуусах бүрд очиж танилцан, ямар нэгэн гомдол гарсан эсэхэд хяналт тавьж ажилласан. Сорилын шалгалтад нийт 45 оролцогч өрсөлдсөнөөс 24 иргэн тэнцсэн. Сорилын шалгалтын үеэр хэд хэдэн хүний сүлжээнд доголдол гарсан ба тухай бүр шалгалтын төв комисстой холбогдож хэвийн байдалд оруулж ажилласан байна. Мөн 2 дахь ээлжийн сорилын шалгалтын дүн гарах үед иргэн М.Б компьютер гацсан тул 3 дахь ээлжид дахиж оруулсан байна. Өөр ямар нэгэн асуудал гараагүй байна. Шалгалтад орсон хүмүүс бүгд шалгалтын дүнг хүлээн зөвшөөрсөн тул шалгалтыг Төрийн албаны зөвлөлд танилцуулж хаасан гэж комисс надад танилцуулсан. Гэтэл маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Б нь надад ирж “..өчигдөр миний компьютер гацсанаас болж би шалгалтаас уналаа. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн өргөдөл авч ирж өгсөн. Би “чи өчигдөр тухайн үед яагаад хэлээгүй бэ. Тэгвэл бид Төрийн албаны зөвлөлтэй ярьж дахиад шалгалтад оруулж болох байсан.  Гэхдээ би өргөдлийг чинь авч Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл технологийн ажилтнаас тодруулж өгье” гэсэн. Тэгээд үдээс өмнө Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл технологийн мэргэжилтэнтэй утсаар ярих гэсэн боловч холбогдох боломжгүй байсан. Үдээс хойш ярилцлагын шалгалтад ороод шөнө 12 цаг хүртэл ажилласан учир өргөдөлд нь хариу өгөх зав гараагүй. 12-ны өдөр Б.Б Төрийн албаны салбар зөвлөлийн дарга  Х.Т-д бас өргөдөл гаргасан байна. Комиссын нарийн бичгийн дарга М.Н бид хоёр 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн мэдээлэл технологийн ажилтан А гэдэг хүнтэй ярьж Б-н өргөдлийг танилцуулсан. А  шалгаж үзээд бидэнд “Б нь 40 асуултыг бүгдийг бөглөсөн байна Компьютер гацсан боловч тухайн үед хэвийн байдалд оруулсан байна.Үүнээс болж бөглөж амжаагүй асуудал гараагүй байна. Ер нь сүлжээний доголдол гарах, компьютер гацах асуудал гарч л байдаг бөгөөд тухайн үед хэвийн байдалд оруулдаг. Үүнээс болж шалгалт хүчингүй болох гэсэн асуудал байхгүй” гэсэн хариуг утсаар өгсөн. Төрийн албаны зөвлөлөөс авсан хариуг бичиж Х.Т даргын нэрээр Б.Бийн 2 өргөдлийн хариуг нэгтгэж 2018.10.12-ны 148 тоот албан бичгээр хариу өгсөн болно гэжээ.

2. Комиссын гишүүн, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.З, мэргэжилтэн Х.З:

Сорилын шалгалтын комиссын дарга, гишүүнээр томилогдон ажилласан. Сорилын шалгалтын үеэр хэд хэдэн хүний сүлжээнд доголдол гарсан ба тухай бүр шалгалтын төв комисстой холбогдож хэвийн байдалд оруулж ажилласан болно. Мөн 2 дахь ээлжийн сорилын шалгалтын дүн гарах үед иргэн М.Б-ы компьютер гацсан тул 3 дахь ээлжид дахиж оруулсан. Б.Бийн компьютер шалгалтын үед гацсан боловч мэдээлэл технологийн ажилтан С.Е  тухайн үед нь хэвийн байдалд оруулж өгсөн. Компьютер гацсан үед 1 минутын дотор төв сервертэй холбогдож хэвийн байдалд оруулж өгч байсан болно. Шалгалтын дараа шалгалт өгсөн хүмүүс бүгд шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч явсан. Ямар нэгэн гомдол, зөрчил гараагүй.Б.Б нь үнэхээр тэгж компьютер нь гацаж тестээ бөглөж амжаагүй бол тухайн үед комисс бидэнд хандаж хэлэх хэрэгтэй байсан юм. Бид Төрийн албаны зөвлөлтэй яриад дахиад шалгалтад оруулж өгөх боломж байсан юм. Б.Б нь шалгалтын үед асуудлаа яриагүй, шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч явчхаад маргааш нь гомдол гаргаж явж байгаа нь ямар ч үндэсгүй гэж үзэж байна гэжээ.

3.Комиссын гишүүн,аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  дарга Б.М, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Е, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Б:

Сорилын шалгалтын комиссын бүрэлдэхүүнд ороогүй учраас Б.Бийн өргөдөлд дурдсан асуудал бид нарт  хамааралгүй байна. Гэхдээ сорилын шалгалтын дараа комисс бидэнд ямар нэгэн гомдол, зөрчил гараагүй гэсэн мэдээлэл өгсөн. Тестийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс шууд онлайнаар авдаг. Комисст ямар ч хамааралгүй гэжээ.

4.Комиссын нарийн бичгийн дарга,аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга  М. Н:

Энэхүү шалгалтыг бид аймгийн аймгийн Засаг даргын захиалгаар “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны  дагуу ерөнхий 3, нийт 9 төрлөөр тус тусад нь ажлын хэсэг байгуулж үнэлгээ өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь хамгийн эхний шалгалт болох сорилын шалгалттай маргаж байгаа юм. Энэ нь ямар нэгэн хүний оролцоогүйгээр Төрийн албаны зөвлөлөөс шууд онлайнаар авагдах шалгалт юм. Миний бие уг сорилын шалгалтын комиссын гишүүнээр томилогдон ажилласан. Сорилын шалгалтын үеэр хэд хэдэн хүний компьютерт сүлжээний доголдол гарсан ба тухай бүр шалгалтын төв комисстой холбогдож хэвийн байдалд оруулж ажилласан. Мөн 2 дахь ээлжийн сорилын шалгалтын дүн гарах үед иргэн М.Бы компьютер гацсан тул 3 дахь ээлжид дахиж оруулсан. Яагаад гэвэл дүн нь гарах үед М.Бы шалгалтын дүн дэлгэцэд гарч ирээгүй. Бид төв рүү залгахад цагаан байна,энэ хүнийг дахин оруулъя гэсэн. Ингээд иргэн М.Б дахин орсон юм. Харин Б.Б тестийн шалгалтын дараа дүнгээ үзээд ямар нэгэн гомдол хэлээгүй, дүнгээ хараад хүлээн зөвшөөрөөд гараад явсан ба маргааш нь буюу 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “шалгалтын үеэр миний компьютерт сүлжээний доголдол гарч бүх тестээ бөглөж амжаагүй тул шалгалтад дахиж оруулах, хүчингүй болгох” талаар өргөдөл ирүүлсэн байсан. Б.Бийн компьютерт сүлжээний доголдол гарах үед миний бие төв комисстой холбогдож тухайн хүний шифрийг хэлсэн. Төвөөс дахин нэвтрүүл гэж зөвшөөрөл өгсний дараа бид нэвтрэх товчийг дардаг. Утсаар ярьж байх хооронд тухайн хүний шифр, регистрийн дугаарыг дахин оруулж, вариантыг нь сонгож бэлэн болгосон байдаг юм. Төвөөс одоо нэвтрүүл гэсэн команд өгсний дараа бид нар нэвтрэх товчийг дардаг ба уг үйлдлийг хийх явцад 1 минут ч хүрэхгүй хугацаа зарцуулдаг. Тухайн өдөр сорилын шалгалтад нийт 45 оролцогч өрсөлдсөнөөс 24 иргэн тэнцсэн ба 35 ажлын байр байсан юм. Шалгалтад орсон хүмүүс бүгд шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч гарсан. Шалгалтын явцыг Төрийн албаны төв зөвлөлөөс “ZOOM” гэдэг программаар хяналтын камераар хянаж байсан ба шалгалт шударга, хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Дахин хэлэхэд тестийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс шууд онлайнаар авдаг тул комисст ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч сая С.Етай утсаар холбогдсон, түүнд мессеж бичсэн гэж тайлбарлаж байгаа. Би шалгалтын комиссын нарийн бичгийн даргаар ажилласан ба тухайн хүнд  асуудал гарвал тухайн өдөр яагаад надад хандаагүй юм вэ, шалгалтын дүн дэлгэцэд шууд гарч  ирдэг ба “тэнцээгүй” гэж гарч  ирснийг би ч харсан, та ч харсан. Та тэгээд хүлээн  зөвшөөрөөд яваад өгсөн гэв.

Гуравдагч этгээд А.Ж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр гаргасан шийдвэрээр Баян-Өлгий аймгийн орон нутгийн төсөвт байгууллагууд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын буюу зарим удирдах албан тушаалтны сул орон тоонд сонгон шалгаруулалтыг улс орон даяар зарласан юм. А.Ж би Төрийн албаны зөвлөлийн цахим мэдээлэлд зарлагдсан Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сул орон тоонд өрсөлдөхөөр тухайн удирдах албан тушаалтны ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн ханган улмаар ажлын хэсэгт холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр  өгснөөр ажлын хэсэг А.Ж намайг уг сул орон тооны сонгон шалгаруулалтад орохыг зөвшөөрч албан ёсоор бүртгэсэн. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөл болон Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн  сонгон шалгаруулалтад орж, эхний сорилын шалгалтын  40 асуултаас 31-ийг зөв бөглөж, нийт онооны нийлбэрээр 72 оноогоор тэнцэж эхний байр эзлэн, Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаар тогтоолоор Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд албан ёсоор нэр дэвшүүлсэн юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т зааснаар А.Ж миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж үзэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх байдал тогтоогдохгүй байгаа талаар аймгийн Засаг даргад Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирсэн юм.Иймд А.Ж би Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд хууль ёсоор ажиллах ёстой гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч Б.Б нь Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд тус аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 22- ны өдрийн Б\111 дүгээр захирамжаар түр томилогдсон, өнгөрсөн хугацаанд тухайн албан тушаалд 2 удаа сонгон шалгаруулалт явагдан Б.Б нь 2 удаа орж, шалгалтаас унаж байсан, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд өрсөлдөж эхний сорилтын шалгалтад тэнцээгүй учраас дараачийн шалгалтад орох эрх нь хаагдсан, түүнчлэн Б.Б нь тухайн ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлага болох “сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 ба түүнээс дээш жил багшилсан, удирдах ажилтнаар ажилласан дадлага туршлагатай байх” гэсэн шаардлагыг хангаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг дараах  үндэслэлээр  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллага болох цэцэрлэгийн эрхлэгчийн албан  тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон  хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан   тушаалд томилогдох  ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар зохицуулсан байна.

Уг журмын “Хоёр”-ын 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу  сул орон тоо гарснаас хойш  ажлын 14 хоногийн дотор  тухайн ажлын  байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг  ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөл  болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт  харьяаллын дагуу ирүүлнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь тус аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/111 дүгээр захирамжаар маргаан бүхий орон тоо болох Өлгий сумын  16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд түр томилогдсон байх ба ингэж түр томилогдохоос өмнө 2016 оны 01 дүгээр сард болон дараа нь 2016 оны 05 дугаар сард  зохион байгуулагдсан уг албан тушаалын сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орсон боловч  тэнцээгүй байна. Улмаар томилох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргаас тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд ирүүлсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан, үүний дараа  дээрх журмын “Дөрөв”-ийн 4.1-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулсан, нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээд А.Ж нар  нь холбогдох баримт бичгийг бүрдүүлж Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд бүртгүүлснээр сонгон шалгаруулалтад  орсон, сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эхэлж тухайн өдөр  сорилын, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн болон бичгийн шалгалт явагдсан байх ба эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдсон болно.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Б.Б нь Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан  тушаалд томилогдох  ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу томилогдоогүй байх тул томилох эрх бүхий этгээдээс уг орон тоог сул орон тоо гэж үзэн  тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалга өгсөн нь үндэслэлтэй бөгөөд  журмын 2.1, 8.4 дэх заалттай тус тус нийцсэн байна гэж үзлээ. Мөн  нэхэмжлэгч нь  маргаан бүхий  албан тушаалд  аймгийн Засаг даргын захирамжаар түр томилогдсоны дараа уг ажлын байрыг нөхөх  сонгон шалгаруулалтад 2016, 2018 онуудад 2 удаа орсноос үзэхэд тухайн орон тоог сул орон тоо  болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

“Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын “Зургаа”-ын 6.1-д зааснаар сонгон шалгаруулалтыг боловсролын түвшин, туршлага, мэргэшсэн байдал, сорилын шалгалт, бичгийн шалгалт, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалт, хөтөлбөр, төсөл бэлтгэсэн байдал, өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдөл ирүүлсэн байдал, ярилцлагын шалгалт гэсэн хэлбэрээр зохион байгуулахаар, 6.2-т зааснаар комисс нь уг 9 төрлийн  шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу үнэлэхээр, 6.4-т зааснаар сонгон шалгаруулалтын дүнг нэгтгэн, онооны дарааллаар байр эзлүүлэн нэрсийн жагсаалт үйлдэхээр  тус тус зохицуулжээ.  Мөн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын “Дөрөв”-ийн 4.2-т “...сорилын шалгалтын нийт асуултын 60 ба түүнээс дээш хувийг зөв хариулсан нөхцөлд сонгон шалгаруулалтад оролцогч тус шалгалтад тэнцсэнд тооцогдож, дараагийн шалгалтад орох эрхтэй болно”, “Зургаа” –ийн 6.1-д “Комисс шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж,сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан нэг иргэнийг уг албан тушаалд томилуулахаар  нэр дэвшүүлэх тухай саналаа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон  аймаг, нийслэлийн Боловсролын газарт харьяаллын дагуу гаргана” гэж тус тус  заасан. 

Энэхүү журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулан Сонгон шалгаруулах комиссоос 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай” 01 дүгээр тогтоол гаргасан[2], тогтоолын 1 дэх заалтаар төрийн үйлчилгээний удирдах  албан  тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсан байх ба хавсралтын дэс дугаарын 22-д Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд өрсөлдсөн А.Ж 72 оноогоор 1 дүгээр байр эзэлсэн талаар тусгасан, 2 дахь заалтаар А.Жийг Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлжээ. Уг тогтоолыг  үндэслэн Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор[3] А.Жийг Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж,  томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн  байна.

Нэхэмжлэгч Б.Б нь Сонгон шалгаруулах комисс  болон салбар зөвлөлийн  дээрх тогтоолуудын А.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагаас сорилын шалгалт эхэлсэн. Тестээ бөглөж сууж байхад 30 минут өнгөрсний дараа компьютер гацаж, кодоо дахин оруулсан боловч  миний өмнө бөглөсөн бүх тест алга болж, огт бөглөөгүй тест гарч ирсэн. Үлдсэн 10 минутын хугацаанд би бүх тестийг бөглөж амжаагүй. Шалгалтын комисс шалгалтын бэлтгэл,техник хэрэгслүүдийн  бүрэн бүтэн байдлыг хангаж, шалгалтад оролцогчдыг адил тэгш боломжоор хангах ёстой. Энэ  боломж хангагдаагүйгээс миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна” гэж тодорхойлжээ.

Уг  сонгон шалгаруулалтад оролцогчид 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөө сорилын шалгалт өгсөн байх ба сорилын шалгалтыг  Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын “Гурав”-ын 3.1.1-д зааснаар цахим сүлжээ ашиглан авсан,ингэхдээ сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн 45 иргэнийг 09, 10,11 цагт буюу 3  хувааж  сорилын шалгалтад оруулахаар Сонгон шалгаруулах комиссоос зохион байгуулсан байна. 

Нэхэмжлэгч   Б.Б нь  3 дугаар ээлжид  буюу 11 цагт сорилын шалгалтад орсон байх ба түүний ажиллаж байсан компьютерын сүлжээнд доголдол гарсан  боловч тухайн доголдлыг 1 минут хүрэхгүй хугацаанд янзалж хэвийн байдалд оруулсан, улмаар нэхэмжлэгч тестээ үргэлжлүүлэн бөглөснөөр тестийн 40 асуултын бүгдийг бөглөсөн, үүнээс 15 асуултыг зөв бөглөсөн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч С.Еы мэдүүлэг[4], Төрийн албаны зөвлөлийн албан бичгүүд[5] болон бусад бичмэл нотлох баримтуудаар[6] тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б нь тухайн доголдлоос болж тестээ бөглөж амжаагүй гэж үзэх  үндэслэлгүй буюу дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн  “...огт бөглөөгүй  тест гарч ирсэн, үлдсэн хугацаанд бүх тестийг бөглөж амжаагүй”  гэх тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

Үүнээс гадна  нэхэмжлэгч  Б.Б нь аймгийн Засаг даргын Тамгын газрын сүлжээний инженер С.Ед “...би бүгдийг бөглөсөн” гэж мессеж  явуулсан[7], түүнчлэн сорилын шалгалт явагдаж байх  үед болон сорилын шалгалтад “тэнцээгүй” гэсэн дүн гарч ирсний дараа  бөглөөгүй  шинэ тест гарч ирсэн гэх асуудал болон хугацааны талаар, мөн сорилын шалгалтад дахин орох талаар санал, хүсэлт гаргах боломж байсан боловч гаргахгүйгээр тухайн өдөр сорилын шалгалтын дараа зохион байгуулагдсан мэдээлэл технологийн мэдлэгийн түвшингийн шалгалтаас өмнө явсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байна гэж  дүгнэлээ.

Сонгон шалгаруулах комисс нь  “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын “Дөрөв”-ийн 4.4-ийн 5-д зааснаар  “сонгон шалгаруулалт явуулах байр, бусад шаардагдах нөхцөлийг хангах” чиг үүрэгтэй ба нэхэмжлэгч талаас Сонгон шалгаруулах комисс уг чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, шалгалтад оролцогчдыг адил тэгш боломжоор хангаагүй гэж маргасан.

Дээр дурдсанаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сорилын шалгалтыг  Төрийн албаны зөвлөлөөс цахим сүлжээ ашиглан явуулсан ба нэхэмжлэгч бүх тестээ бөглөсөн буюу компьютерын сүлжээний доголдлоос болж тестээ бөглөж амжаагүй гэх тайлбар нь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа, түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Бийн ажиллаж байсан компьютерын сүлжээнд доголдол гарсан нь техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаагүйтэй шууд хамааралтай гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл Сонгон шалгаруулах комисс нь шалгалтад оролцогчдыг адил тэгш боломжоор хангаагүй гэж үзэх  үндэслэл тогтоогдоогүй болно.  

Мөн нэхэмжлэгч Б.Б нь  маргаан  бүхий албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан  “сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 түүнээс дээш жил багшилсан байх” гэсэн туршлагын талаарх шаардлагыг хангаагүй гэж гуравдагч этгээдээс маргасан.  Нэхэмжлэгч Б.Б  нь 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Өлгий сумын 8 дугаар цэцэрлэгт арга зүйч багшаар томилогдон ажилласан байх ба маргаан бүхий орон тооны сонгон шалгаруулалтад орох үед буюу 2018 оны 10 дугаар  сарын 10-ны өдрийн байдлаар ажлын байрны тодорхойлолтод заасан туршлагын талаар тавигдсан шаардлагыг хангаагүй байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[8] тогтоогдож байна. Гэтэл тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй Б.Бийг бүртгэж сонгон шалгаруулалтад оруулсан нь Төрийн албаны тухай  хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж заасныг, мөн дээрх журмын “Тав”-ын 5.2 дахь заалтыг   зөрчсөн  ба­йгааг  дурдах нь зүйтэй байна

Нэхэмжлэгч Б.Б нь Өлгий  сумын 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн  албан тушаалд томилогдох ажилтны  сонгон шалгаруулалтад ороод дээрх байдлаар сорилын шалгалтын 40 асуултаас 15 асуултад зөв хариулж тус шалгалтад тэнцээгүй  тул  дараагийн шалгалтад орох эрх үүсээгүй байх ба гуравдагч этгээд А.Ж нь  тухайн сонгон шалгаруулалтад орж тэнцэн, хамгийн өндөр оноо авсан тул тухайн сонгон шалгаруулалтын дүнг гаргаж, түүнийг уг албан тушаалд томилуулахаар  нэр дэвшүүлэх тухай санал гаргасан, томилуулахаар  нэр дэвшүүлсэн Сонгон шалгаруулах комисс болон Төрийн албаны  зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол нь  Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчим, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, дээрх журмын 6.4, 8.1.3 дахь заалттай  тус тус нийцсэн, мөн уг тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...уг сонгон шалгаруулалтыг аймгийн Боловсролын газар зохион байгуулах ёстой байтал   салбар зөвлөл зохион байгуулсан нь журмыг зөрчсөн “ гэж маргасан.

Журмын “Нэг”-ийн 1.4.3-т “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг  тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар  энэхүү журамд заасны дагуу зохион байгуулна” гэж заасан боловч нэхэмжлэгчийн хувьд анх уг сонгон шалгаруулалтыг  зарлах  үед энэ асуудлаар маргаагүй, тухайн үед салбар зөвлөлөөс зохион байгуулж байгааг хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад оролцсон,  мөн Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2 албан тушаалтан  оролцсон байх тул салбар зөвлөлөөс уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай” 01 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан  тушаалд  нэр дэвшүүлэх тухай“ тогтоолын А.Жд холбогдох хэсгийг тус тус хүчингүй  болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн  4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг тус тус баримтлан  нэхэмжлэгч Б.Бийн  “Төрийн албаны  зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр тогтоол, Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  01 дүгээр тогтоолын А.Жд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЕРКЕШ

 

 

 


[1] Хэргийн 8, 53-63,64-71,72,77-79, 111,113-117,147-р хуудас

[2] Хэргийн 74-76-р хуудас

[3] Хэргийн 89-р хуудас

[4] Хэргийн 153,176-р хуудас

[5] Хэргийн 108,147,188-р хуудас

[6] Хэргийн 84-86-р хуудас

[7] Хэргийн 1-2,153,162-р хуудас

[8] Хэргийн 157-160,163-р хуудас