Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/746

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ДБГ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Нэхэмжлэгч “ДБГ” ХХК

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ө, Л.З

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ө, Л.З нарын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-11210000055 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч С.Ө, Л.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 120/2022/0015/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0019 дүгээр шийдвэрээр:

“Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 12 дугаар зүйлийн 12.2, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйл 15.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ДБГ” ХХК-ийн Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ө, Л.З нарт холбогдуулан гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-11210000055 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 120/ШШ2022/0019 дугаартай шийдвэрийн 12 дугаар хуудас, Үндэслэх хэсгийн 3 дахь заалтад "Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий акт хууль бус болох үндэслэл тогтоогдсонгүй, уг актад тусгагдсан зөрчлүүд нь 2017-2020 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн журналын бичилт, ерөнхий данс, татварын программын татварын тооцооллын жагсаалт зэрэг баримтаар татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон гэж үзэхээр байна" гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны акт болох “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.З, С.Ө нарын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-11210000055 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах" актын үнийн дүнд маргадаг бөгөөд энэ талаар хэргийн материалд авагдсан Өмнөговь аймаг дахь Татварын маргаан таслах зөвлөлийн тэмдэглэл, тогтоолоор нотлогдоно.

2.2.Мөн нэхэмжлэгч нотлох баримтаар 2017-2020 онуудад "ДБГ" ХХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хийгдсэн аудитын тайлангуудыг хүргүүлсэн ба уг аудитын тайлангуудад тусгагдсан орлого, зарлага, ашгийн үзүүлэлтүүд маргаан бүхий актад дурьдагдсан үзүүлэлтүүдээс эрс зөрөөтэй байдаг.

2.3.Тийм байхад шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно" гэж заасны дагуу шинжээч томилох мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй.

Тодруулбал нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн аудитын тайлангууд, маргаан бүхий захиргааны акт, түүний хавсралтад заасан баримтуудыг өөр хооронд тулган нягтлахад зайлшгүй тооцоо, тоо бүртгэлийн нарийн тусгай мэдлэг шаардагдаж байгаа тул ийнхүү дүгнэхийн тулд зайлшгүй шинжээч томилох шаардлагатай байсан.

2.4.Мөн шүүхийн шийдвэрийн 16 дугаар хуудас, Үндэслэх хэсгийн 7-д “Татварын хяналт шалгалтын материал болон хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн баримтаас харахад татварын хяналт шалгалтын явцын ярилцлагын тэмдэглэл, татварын улсын байцаагчийн өдөр тутмын тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн бөгөөд хяналт шалгалтаар томилогдсон улсын байцаагч солигдсон талаарх баримт, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримт байхгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, татварын хяналт шалгалтад холбогдох тайлбар гаргуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх хэдий ч энэхүү процесс ажиллагаа зөрчигдсөн нь татварын зөрчлийг үгүйсгэх, татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй" гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

2.5.Учир нь Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа нь аж ахуй нэгжийн бүхий санхүүгийн болон татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бичиг баримтуудыг гаргуулан авдаг онцгой үйл ажиллагаа тул Татварын ерөнхий хууль болон Татварын ерөнхий газрын даргын  2019 оны А/264 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-аар тусгайлан зохицуулагддаг.

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ", гэж мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт "Татварын хяналт шалгалтыг хоёр болон түүнээс дээш татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэнэ" гэж хуульчилсан.

 Мөн Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.6 дахь хэсэгт" Татварын алба хяналт шалгалтын зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх..." гэж журамласан.

 Гэтэл хэргийн материалд авагдсан Татварын хяналт шалгалт хийх 11211902346 дугаар томилолт /Maргаан бүхий актад дурьдагдсан/-ын 3-д Татварын хяналт шалгалтын багийн улсын байцаагчдаар Б.Мягмарцэрэн, Л.З нарыг томилсон.

Гэвч маргаан бүхий захиргааны актыг татварын улсын байцаагч Л.З, С.Ө нар үйлдэж, гарын үсэг зурсан.

Тодруулбал Татварын улсын байцаагч С.Ө нь томилолтгүйгээр буюу дээр дурьдсан Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчиж, энэхүү маргаан бүхий захиргааны актыг гаргасан.

Түүний энэ үйлдэл нь хууль зөрчиж байгаа буюу ноцтой зөрчил болох талаар нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд удаа дараа тайлбарласан анхан шатны шүүхээс энэ талаар үгүйсгэсэн дүгнэлт хийж, шийдвэрт тусгаагүй.

2.6.Mөн тoмилолтын 7 дахь хэсэгт Татварын хяналт шалгалтад зарцуулах хугацааг 12 ажлын өдөр байхаар заасан ч хяналт шалгалтыг 2021.09.01-2021.12.31-ний өдрийн хооронд буюу 120 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Ингэхдээ Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.12-д “Томилолтын хугацааг хяналт шалгалт хариуцсан чиг үүрэг бүхий нэгжийн дарга ажлын цар хүрээ, удирдлагын шийдвэрээр өөр ажилд томилогдох, хүндэтгэн үзэх шалтгаан, мэдээлэл харилцан солилцох гэрээний дагуу гаргасан хүсэлт зэргийг үндэслэн сунгаж болно" гэж заасны дагуу сунгуулаагүй.

2.7.Мөн Татварын ерөнхий хууль болон Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам, Хяналт, шалгалтын ерөнхий удирдамжид заасны дагуу албан томилолт, удирдамж, эрх, үүргийг нь тайлбарлан өгч ярилцлага хийх, зөрчлийг баримтжуулах зорилгоор ярилцлага хийж тухай бүр ярилцлагын тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулах, илүү дутуу тооцоог нягтлан гарын үсэг зуруулах, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах, хяналт шалгалтын хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй ярилцлага хийж, тухай бүр "Ярилцлагын тэмдэглэл" хөтлөх, хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх;

Мөн 2021.09.01-2021.12.31-ний өдрийн хооронд хяналт шалгалтын хэрэгжүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д заасан албан ёсны итгэмжлэл бүхий "ДБГ"ХХК-ийн итгэмжлэгдсэн этгээдийг нэг ч удаа оролцуулаагүй.

Тодруулбал 2021 оны 12 дугаар сарын 28-нд утсаар холбогдоод 2021 оны 12 дугаар сарын 31-нд буюу бодит байдал дээр 3 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн.

2.8.Хариуцагч нар анхан шатны шүүхэд ярилцлагын тэмдэглэл болон бусад баримтыг гаргаж өгсөн хэдий ч түүн дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч гарын үсэг зураагүй буюу хариуцагч нар хуурамчаар нөхөн бүрдүүлсэн ярилцлагын тэмдэглэл, ажлын төлөвлөгөө зэргийг гаргаж өгсөн. 

Эдгээр үндэслэлүүд болон хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар "ДБГ" ХХК-д хийгдсэн татварын хяналт шалгалт нь Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам, Хяналт шалгалтын ерөнхий удирдамж.

Томилолт зэргийг ноцтой зөрчсөн, хариуцагч нар нь дээрх хууль журмуудаа үйл ажиллагаандаа огт баримтлаагүй, өөрсдийн дур зоргоор маргаан бүхий актыг үйлдсэн болох нь харагдаж байна.

2.9.Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс татварын улсын байцаагч нар болон Өмнөговь аймаг дахь Татварын хэлтсийн зүгээс дээрх процессын ноцтой зөрчил буюу нөхөн гүйцэтгэх боломжгүй Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам, Хяналт шалгалтын ерөнхий удирдамж заасан зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагаануудаа явуулж буюу зөрчил тус бүрээ нотолж, шалгуулагчаас тайлбарыг нь авч, нотлох баримт цуглуулж, албан ёсны томилолт бүхий байцаагч нараар гүйцэтгүүлсний үндсэн дээр шинээр акт гаргах ёстой гэж мэтгэлцсэн.

Тиймээс дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 120/ШШ2022/0019 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “ДБГ” ХХК-аас “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ө, Л.З нарын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-11210000055 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ө, Л.З нарт холбогдуулан гаргажээ.

2.Хариуцагч улсын байцаагч нараас “ДБГ” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалт явуулж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-11210000055 нөхөн ногдуулалтын актаар [1] нийт 2,076,448,757 төгрөгийн зөрчил илрүүлж, уг зөрчилд 207,640,375.7 төгрөгийн нөхөн татвар, 62,292,113.5 төгрөгийн торгууль, 32,224,023 төгрөгийн алданги, нийт 302,156,512.2 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

3.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 8 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тус зөрчлүүд нь дараах баримтуудаар тогтоогдсон гэж үзжээ. Үүнд:

3.1.Хэрэгт нотлох баримтаар авагдсан “ДБГ” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар[2] 2017 онд 3,195,00 төгрөг, 2018 онд 241,012,892 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал тусгасан болох нь,

3.2.“ДБГ” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар[3] 2019 онд 4,177,500 төгрөгийн урсгал засварын зардлыг илүү тооцож татвар ногдох орлогоос хасч тооцсон болох нь,

3.3.“ДБГ” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар[4] 2020 онд 461,085,100 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасч тооцсон болох нь,

3.4.“ДБГ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар[5], 2020 онд 1,046,328,509.05 төгрөгийн борлуулалтын орлого, 91,689,090.91 төгрөгийн худалдан авалтыг тайлагнаагүй, 954,639,418 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тайлагнаж ногдуулаагүй, төлөөгүй болох нь,

3.5.“ДБГ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар[6] 2018 онд “Буурал трейд” ХХК-иас 227,272,727.27 төгрөгийн худалдан авалт хийсэн боловч, хий бичилттэй нь тогтоогдсон болох нь,

3.6.“ДБГ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар[7] 2018 онд 811,915 төгрөг, 2019 онд 3,887,159 төгрөг, 2020 онд 1,132,122 төгрөгийн ажиллагсдын болон хувийн хэрэгцээний зардлыг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан болох нь,  

3.7.“ДБГ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2019 онд 161,962,197.25 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэх болон худалдан авсан зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон болох нь,

3.8.“ДБГ” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд 17,272,727 төгрөгийн суудлын авто машин худалдан авсан зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон болох нь тус тус тогтоогджээ.

 4.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:”,  12.2-т “Энэ хуулийн 12.1.6-д заасан албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно” гэж,

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 15 дугаар зүйлийн 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж тус тус заасан.

5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:”, 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.”,  14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:” 14.6.1-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг”, 14.6.2-д “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус заажээ.

6.Хэрэгт авагдсан баримтуудаас нэхэмжлэгч компани нь дээр дурдсан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудын холбогдох заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхээр байх бөгөөд тус компанийн гаргасан татварын хууль тогтоомжийн зөрчилд 207,640,375.7 төгрөгийн нөхөн татвар, 62,292,113.5 төгрөгийн торгууль, 32,224,023 төгрөгийн алданги, нийт 302,156,512.2 төгрөгийн төлбөрийг ногдуулсан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн “актад тусгагдсан зөрчлүүд нь 2017-2020 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн журналын бичилт, ерөнхий данс, татварын программын татварын тооцооллын жагсаалт зэрэг баримтаар татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон гэж үзэхээр байна” гэх дүгнэлт үндэслэлтэй.

7.Нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч талаас “хяналт шалгалтын томилолтоо танилцуулж тэмдэглэл үйлдээгүй, хяналт шалгалтын ажиллагаанд оролцуулаагүй, зөрчилтэй холбоотой тайлбар, тодруулга аваагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх эрхийг хангаагүй, залруулах хүсэлтийг хүлээн аваагүй, хуулийг өөрийн хүссэнээр бичиж төлбөр ногдуулсан, солигдсон байцаагч нь удирдамжгүйгээр хяналт шалгалт явуулсан” зэрэг үндэслэлээр маргажээ.

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд[8] нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “актын тэдэн төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг ч юм уу хэсэгчилж хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй,...Хэрвээ аль нэг хуудсыг хүчингүй болгуулах гэсэн бол бид нар холбогдох баримтаа өгөөд шинжээч томилуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байсан” гэж тайлбарлажээ.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч талаас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй буюу процессын хувьд маргасан харин үнийн дүн, тооцооллын зөрүүтэй байдлын талаар анхан шатны шүүхэд маргаагүй, тооцооллын зөрүүтэй асуудлаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байгаагүй, энэ талаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах ажиллагаа явагдсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргахгүй”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу  анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй нотлох баримт бүрдүүлээгүй гэх гомдол болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “актын үнийн дүнд маргадаг бөгөөд энэ талаар хэргийн материалд авагдсан Өмнөговь аймаг дахь Татварын маргаан таслах зөвлөлийн тэмдэглэл, тогтоолоор нотлогдоно.”, мөн “нэхэмжлэгч нотлох баримтаар 2017-2020 онуудад "ДБГ" ХХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хийгдсэн аудитын тайлангуудыг хүргүүлсэн ба уг аудитын тайлангуудад тусгагдсан орлого, зарлага, ашгийн үзүүлэлтүүд маргаан бүхий актад дурьдагдсан үзүүлэлтүүдээс эрс зөрөөтэй байдаг. Тийм байхад шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ... заасны дагуу шинжээч томилох мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй.” гэх гомдолд давж заалдах шатны шүүхээс аливаа дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.

8.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Татварын хяналт шалгалт хийх 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1121902346 дугаар томилолтын[9] дагуу Өмнөговь аймгийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Мягмарцэрэн, Л.З нарыг “ДБГ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаан дахь эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлын 12 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэхээр томилжээ.

Нэхэмжлэгч компанид хариуцагчаас эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх ...", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д "Татварын хяналт шалгалтыг хоёр болон түүнээс дээш татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэнэ" гэж заасныг зөрчиж томилолтгүйгээр хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин хяналт шалгалтын явцад хяналт шалгалт явуулж байсан улсын байцаагч Б.Мягмарцэрэн солигдож улсын байцаагч С.Ө шалгалтыг үргэлжлүүлэн хийсэн нөхцөл байдлыг хариуцагчаас “ДБГ” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаан дахь эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг томилолтгүйгээр хийсэн гэж үзэх үндэслэлгүй, байцаагч солигдох нөхцөл байдал нь тухайн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой, байцаагч солигдсоноос шалтгаалж өмнөх томилолт хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймээс нэхэмжлэгч талын “татварын улсын байцаагч С.Ө нь томилолтгүйгээр буюу дээр дурьдсан Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчиж, энэхүү маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Түүний энэ үйлдэл нь хууль зөрчиж байгаа буюу ноцтой зөрчил” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

9.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.2. “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:” 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх”, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.”

10.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг ...шаардлагатай тохиолдолд ...шуудан, ... бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.”, 43.3-д “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, ... өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.”, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ.”, 42.8-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.7-д заасны дагуу илгээсэн өдрөөс хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан хугацаанд гардуулсанд тооцно.” гэж тус тус зохицуулсан.

11.Хариуцагч Л.З нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн [email protected] цахим мэйл хаягаар нэхэмжлэгчийн [email protected] хаягт “ДБГ” ХХК-ийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хоорондох 4 жилийн хугацааны баримтын хяналт шалгалтад орох болсон талаар мэдэгдэж[10], баримт бичгийн хүсэлтийг явуулсны дагуу нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч холбогдох баримтуудыг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн[11] байна.

12.Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандин-Эрдэнийн “... Баянтөр нь Монголд байхгүй байсан”[12], хариуцагч Л.Згээс “... материалаа өгөхдөө ирсэн. 22-ны өдөр ярилцлага хийхэд нягтлан Жүгдэрнамжил захирал машинд байгаа гээд ярилцлага хийсэн”[13] гэж тус тус тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч компанийн “...хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

13.Нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч Б.Жүгдэрнамжилаас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Л.З, С.Ө нар ярилцлага авч, хяналт шалгалтын томилолт, удирдамжийг танилцуулан, холбогдох баримтуудыг хүлээн авч 19279 дугаар ярилцлагын тэмдэглэл[14] үйлдсэн, захирал нь машиндаа энэ үед байсан талаар нягтлан бодогч Б.Жүгдэрнамжилаас хариуцагч нарт тайлбарласан нөхцөл байдал тогтоогдож байна.

14.Хариуцагчаас татварын хяналт шалгалт цахим хэлбэрээр явагдсан, хяналт шалгалтын явцад улсын байцаагч Л.З, С.Ө нар нь Короновирус өвчний улмаас эмнэлэгт хэвтсэнтэй холбоотойгоор хяналт шалгалт хойшилсон.

15.Мөн хариуцагч Л.Згээс нэхэмжлэгч компаниас нэмэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн [email protected] цахим мэйл хаягаар нэхэмжлэгчийн [email protected] хаягт 1. 2017 оны дансны хуулга болон бусад баримтууд, 2. 2017-2020 оны ерөнхий журнал, гүйлгээ бланс, 3. гэрээнүүд, 4. Хавсралтаар худалдан авалтуудын төлөлтийг хэрхэн хийсэн талаар баримтуудыг илгээж[15], нэмэлт материал ирүүлэх[16], шаардсан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд шийдвэрээ гаргах болохыг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн[17] байна.

Нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дээрх баримтуудыг цахим хаягаараа хүлээн авсан болохоо мэдэгдэж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “... яг одоо нэг асуудалтай байна. Би тань руу удахгүй залгая” гэх хариуг өгсөн, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр түүнд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар хариуцагчаас мэдэгдэж, нэмэлт материал өгөх талаар мэдэгдсэн, захиралтайгаа утсаар ярин зөвшөөрөөгүй талаар мэдэгдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

16.Хариуцагч Л.З нь “... компаниудтай холбоотой гэрээнүүдээ ирүүлсэн. Нэмэлтээр худалдан авалттай холбоотой ч юм уу зөрчлүүд байна. Үүнтэй холбоотой баримт материал байна уу гэхэд бол харилцагч хувь хүмүүс дараа нь манай дээр ажил гүйцэтгэхээ больчихно. Тийм учраас би мэдээллүүдийг нь гаргаж өгөх боломжгүй, нэмэлт материал байхгүй”[18] гэж нэхэмжлэгч компаниас хэлсэн болохыг тайлбарлажээ.

17.Мөн хяналт шалгалт дууссаны дараа хариуцагчаас нэхэмжлэгчид маргааны бүхий нөхөн ногдуулалтын актыг гардуулах үеэр ирж аваагүй тул баталгаат шуудангаар[19] хүргүүлсэн гэдэг нь тогтоогдов.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийн “... албан томилолт, удирдамж, эрх үүргийг нь тайлбарлан өгч ярилцлага хийх, зөрчлийг баримтжуулах зорилгоор ярилцлага хийж тухай бүр ярилцлагын тэмдэглэл хөтлөх, ... мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гаргуулан авч зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

18.Түүнчлэн хариуцагч улсын байцаагч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргахаас өмнө болон гаргасны дараа нэхэмжлэгч компанийн захирал нягтлан бодогч нарт мэдэгдэж, тайлбар мэдүүлэг гаргах боломжоор хангасан байна. Харин татварын зөрчлийг шалгах ажиллагаанд нэхэмжлэгч компанийг оролцуулаагүй, мэдэгдэхгүйгээр акт үйлдсэн, гаргасан актаа мэдэгдээгүй гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                                      С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 10-13 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 47-48 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 49 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 50 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 24 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 25 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 54-55 дахь тал

[8] Хэргийн 212 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 165 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 103 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 105 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 187 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 185 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 170 дахь тал

[15] Хэргийн 1-р хавтас 105 дахь тал

[16] Хэргийн 1-р хавтас 109 дэх тал

[17] Хэргийн 1-р хавтас 110 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 188 дахь тал

[19] Хэргийн 1-р хавтас 85 дахь тал