| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0077/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,
улсын яллагч П.Даваасүрэн,
хохирогч Ю.М, П.Т,
шүүгдэгч Ю.М, П.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.М, П.Т нарт холбогдох 2034000000662 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ю М, Монгол улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, касчин мэргэжилтэй, Төв аймгийн Архуст сумын малчин, ам бүл 6, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 84 дүгээр байр 50 тоотод оршин суух хаягтай гэв.
П Т, Монгол улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Зоотехникч мэргэжилтэй, ам бүл 1, Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч П.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн Цагаан нуур гэх газрын орчимд хохирогч Ю.Мтай маргалдаж түүний биед баруун дээд 4 дүгээр шүд үгүй, тархи доргилт ховдлын өргөссөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ю.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манайх намаржаандаа буух гээд байж байхад. Эдний мал манай гадаа ирээд манай хүү цааш нь тууж байсан чинь хүмүүс ирээд манай хүүг 6, 7-н талаас нь цохиод байсан. Тэгээд ямар учиртай хүмүүс вэ гээд очтол зодоон болсон би зүрх муутай хүн. Тухайн үед намайг нэг нь өрөөсөн тал руу аймар хүчтэй цохисон. Тэгээд намайг хэн цохисон бэ гэсэн чинь би цохисон гэж Т надад хэлсэн. Манайд хугарсан унь байдаг намайг цохисон гэхээр нь тэр униар толгой нь хүзүү хэсэг рүү нэг удаа цохисон ийм л зүйл болсон. Би юу ч болоогүй байж байгаад танихгүй хүнд цохиулсан. Шүүх эмнэлгийн эмч томографын зураг аваад ямар аймар болчихсон юм бэ гэж хэлсэн. Тэгээд зургаа авхуулсан чинь шүд эдгэрэхгүй болсон байна гээд шүдээ авхуулсан. Юм идэж чадахгүй дотор муухайраад байсан. Тэгээд 2 сарын дараа намайг Төв аймгийн эмнэлэгт үзүүл гээд би үзүүлсэн. Надад гомдол байхгүй түрүүлж хүнийг цохичихсон тэр нь миний буруу” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, П.Тийн гаргасан гомдол/хх-02-03 тал/, хохирогч Ю.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-08-09 тал/, хохирогч П.Таас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-11-14 тал/, П.Таас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-15-17 тал/, гэрч Г.Баасансүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18-19 тал/, гэрч Р.Гандоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-20-21 тал/, Ю.Маас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-22-23 тал/, гэрч П.Бадам-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24-29 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №578 дугаартай дүгнэлт/хх-31-32 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №699 дугаартай дүгнэлт/хх-36-37 тал/, Ю.Маас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-48-50 тал/, П.Таас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-53-54 тал/, Ю.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-56 тал/, П.Тийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-56 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Ю.М нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн Цагаан нуур гэх газрын орчимд хохирогч П.Ттай маргалдаж түүний биед хамар ясны хугарал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн Цагаан нуур гэх газрын орчимд хохирогч Ю.Мтай маргалдаж түүний биед баруун дээд 4 дүгээр шүд үгүй, тархи доргилт ховдлын өргөссөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ю.Мын: “ ... Би Т гэх хүнийг танихгүй огт харж байгаагүй 2020 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр манайх намаржаандаа зуслангаасаа нүүж байсан замд манай өвөлжөөнд Пүрэвжал гуайн хүү Бадам-Очир хонио хариулж байхаар нь манай хүү Г.Төрболд хонийг нь эргүүлсэн тэгэхэд машинтай хүмүүс ирээд манай хүүг тойроод байх шиг байсан удалгүй Пүрэвжалын хүү Бадам-Очир мотоцикльтой очоод үгийн зөрүүгүй манай хүүг 2,3 удаа цохисон тэгэхээр нь нөхөр охинтойгоо холоос харж байсан яваад очсон очиход манай хүүг Бадам-Очир, Бадам-Эрдэнэ нар зодож байсан манай нөхрийг буугаад очиход Бадам-Эрдэнэ манай нөхрийг унагаагаад өшиглөн зодсон. Би яах учраа олохгүй зогсож байхад Т гээд огт танихгүй үгийн зөрүүгүй нүүр лүү цохисон нүүрнээс гал бутраад өгсөн. Би хэн цохисоныг мэдээгүй намайг хэн цохисон гэхэд махлаг настай эмэгтэй би цохисон гэсэн хэсэг манарч байгаад гайгүй болсон дахиад намайг цохих гэхээр нь машин руугаа гүйж портерийн ачаан дээр байсан гэрийн унийг авч Т гэх эмэгтэйн толгой руу нэг удаа цохиод маргаан дууссан” гэх мэдүүлэг/хх-9 тал/,
Хохирогч П.Тийн: “...Манайх Төв аймгийн Эрдэнэ суманд малтай малчин юм. Тэгээд манайх аймгийн Архуст сумын нутаг дэвсгэрт малаа отроор явуулсан байсан тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр малаа эргэх гээд Төв аймгийн Архуст сумын нутагт бэр Баасансүрэн манай хамаатан Түмэнхишиг нарын хамтаар явж байсан чинь цэнхэр будгаар тэмдэглэсэн хонь ширүүн туусан хүн явж байсан тэгэхээр нь би манай хонь мөн үү? гэсэн чинь цуг яваа хүүхдүүд арай цөөхөн юм биш байх гэсэн. Тэгээд дөхөж очоод харсан чинь манай хонийг нэг танихгүй залуу мотоцикльтой хүн ширүүн хөөгөөд байсан тэгэхээр нь бид нар очоод чи болиоч намрын өдөр хонь хөөж туугаад яаж байгаа юм гэсэн чинь тухайн залуу танай хонийг би хариулах ёстой юм уу гээд уурлаад манай хонийг илдэж туугаад байсан тэгтэл манай хүргэн Бадам-очир мотоцикльтой ирээд тухайн үед манай хонийг туугаад байсан залуутай маргалдаад барьцалдаж аваад би салгах гэсэн дийлэхгүй байсан. Тэгсэн машинтай хүмүүс ирээд би салгах байх гэсэн чинь машинаас хоёр эмэгтэй нэг эрэгтэй бууж ирээд үгийн зөрүүгүй тэр гурав манай хүргэн Бадам-Очир луу дайраад өшиглөөд байсан. Би наанаас нь болиоч гэсэн боловч хүч хүрэхгүй байсан. Нэг эмэгтэй нь татаад гараас нь барьж байгаад чи эмэгтэй хүн байна болиоч гэсэн боловч тэд нар болихгүй байсан юм. Тэгтэл ээж нь нэг эмэгтэй машин дээрээсээ унь барьж ирээд намайг арай цохихгүй байх гэсэн чинь шууд миний толгой руу нэг цохьсон. Миний дотор муухай оргиод толгой хавдаад өвдсөн юм. Би чи яаж байгаа юм гэсэн чинь цаашаа гүйгээд машин дээрээ намайг цохьсон унийг тавиад машиныхаа хажууд очиж зогсоод би очоод чи хүн алах гэлээ гэсэн чинь намайг цохьсон эмэгтэйгийн охин гэх хүн нь чи цаашаа гээд түлхээд байсан тэгэж байгаад тэд нар та нар буруу хүмүүсээрээ оролдсон та нар үхнэ гэх мэтээр ярьж байгаад машиндаа суугаад явцгаасан” гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Гэрч Г.Баасансүрэнгийн: “ ... 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай хадам эгч Оюунтуяагийн хүүхдийн төрсөн өдөр гээд Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэ сум Архуст сумын нутаг гэсэн газрын байрлалыг сайн мэдэхгүй байна хонь тоос татуулан хөөж байсан хажуугаар нь явж байхад хадам ээж Т энэ манай хонь байна гээд яваад очиход 20 орчим настай залуу мотоцикльтой хөөж байсан. Тэгээд хадам ээж чи яагаад намрын хонь ширүүн хөгөөд байгаа юм бэ гэхэд би танай хонийг хариулах естой юм уу энэ газар манай өвөлжөөний газар гээд дайраад байсан цааш хонийг үргэлжлүүлэн шороо татуулан хөөсөн цаанаас баз хүргэн Бадам-Очир цаанаас мотоцикльтой бас нэг хүн дагуулсан ирсэн. Хонь хөөж явсан нөгөө залуутай Бадам-Очирын хамт ирсэн залуутай маргалдаж байхад уулын бэлд байсан цэнхэр өнгийн портертой дунд эргэм насны эрэгтэй эмэгтэй 20 орчим настай эмэгтэй бууж ирсэн. Эрэгтэй ах салгах нь гэж бодтол машинаасаа трубай аваад Бадам-Очирыг цохих гээд хөөсөн дундуур нь Бадам-Очиртой хамт ирсэн залуу болон дүү Бадам-Эрдэнэ нар салгасан. Тэд нар хоорондоо маргалдаад больж байхад хонь тууж байсан залуу Бадам-Очирыг үзэх үү гээд хэсэг маргалдсан би ээжийг тэр эмэгтэйг цохино гэж бодоогүй. Тэгтэл дунд эргэм настай эмэгтэй ээжийг гэрийн унь модоор толгой руу нь нэг удаа цохисон тэнд байсан хүмүүс хүн аллаа гэхэд хүүхдээ явъя гээд машиндаа сууцгаасан явахдаа зүгээр явахгүй ээжийг чи 3 хоногийн дотор үхнээ бушуухан гэртээ очиж бөөгийнхөө юмыг хийе гээд байсан тэгээл л салсан” гэх мэдүүлэг/хх-19 тал/,
Гэрч Р.Гандоржийн: “... 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манайх намаржаандаа зуслангаасаа нүүж байсан замд манай өвөлжих газар Пүрэвжал гуайн хүү Бадам-Очирын хонио хариулж байхаар нь манай хүү Г.Төрболд хонийг нь зргүүлсэн. Тэгэхэд жижиг машинтай хүмүүс ирээд манай хүүг тойроод байх шиг байсан. Удалгүй Пүрэвжалын хүү Бадам-Очир мотоцильтой ирээд үгийн зөрүүгүй манай хүүг 2,3 удаа цохиод авах шиг харaгдсан холоос харсан болохоор яваад очсон очиход манай хүү Төрболд Бадам-Очиртой зодолдож байсан. Би бууж очоод хүүгээ өмөөрөн Бадам-Очиртой маргалдан хэд хэд цохилцсон тэгэсгээд салцгаасан” гэх мэдүүлэг/хх-21 тал/,
Гэрч П.Бадам-Очирын: “... Би тухайн үед хонь хариулж явсан Абай гэх залуутай уулан дээр таарсан тэгтэл Гандорж гуайн хүү манай хонийг мотоциклоор илдэж байсан. Урьд өмнө бас илдэж байсан. Хонин дээр явж очиход Гандоржийн хүү танай хонь манай худаг дээр байна энэ манай худаг гэсэн. Тэгэхээр нь энэ танай худаг биш төслөөр баригдсан худаг ойр байдаг малчдын худаг чамд амны ус өгөхгүй малаа аваад зайл гэсэн. Нүүрээ миний духанд наагаад дайраад байсан удалгүй Гандорж эхнэр охинтойгоо ирсэн охин нь нялх хүүхэд байсан ирэхдээ Гандорж ачааны машин дээр ирсэн машин нь нилээн хурдтай ирсэн охин нь машин барьсан. Машин зогсоход Гандорж гартаа лоом бариад бууж ирсэн ирээд намайг цохих гэхэд лоомноос нь бариад нэлээн зууралдсан эхнэр охин нь намайг нуруу бөөрлүү их цохисон манай хэд хадам ээж П.Т, Баасансүрэн нар эхнэр хүүхдийг нь нилээн салгасан. Гандоржийг дийлэхгүй байсан хажуунаас Абай ирж лоомыг нь салгасан, Гандорж, Гандоржийн хүү эхнэр, охин нь намайг хавирч унагаан тал талаас цохиод байсан. Би толгойгоо дараад хэвтсэн 2 настай хүүхдээс нь бусад нь цохисон. Абай хажуунаас ороод салгаж дийлэхгүй байсан удалгүй манай дүү Бадам-Эрдэнэ ирээд салгасан малгайгаа газраас авах гэхэд нэг юм таг гэж дугарах шиг болсон тэгэхэд Гандоржийн эхнэр манай хадамыг униар цохиод униа бариад зогсож байсан тэгээд л зодоон зогссон” гэх мэдүүлэг /хх-21 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №578 дугаар “1.П.Тийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-36-37 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №699 дугаар “1.Ю.Мын биед баруун дээд 4-р шүд үгүй, тархи доргилт, ховдолын өргөссөн гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.5.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 5%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлт/хх-36-37 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Ю.М нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн Цагаан нуур гэх газрын орчимд хохирогч П.Ттай маргалдаж түүний биед хамар ясны хугарал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн Цагаан нуур гэх газрын орчимд хохирогч Ю.Мтай маргалдаж түүний биед баруун дээд 4 дүгээр шүд үгүй, тархи доргилт ховдлын өргөссөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Шүүгдэгч Ю.М, П.Т нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ю.М, П.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ю.М, П.Т нар нь холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ю.М, П.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М, Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М, П.Т нарыг 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М, П.Т нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.М, П.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ю.М, П.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.М, П.Т нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ю.М, П.Т нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ