Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П. О-д холбогдох 2134000160035 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

. О. , Монгол улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймаг Лүн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг Лүн сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч П.О нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн 4 дүгээр бригад гэх газраас иргэн Г.Жамъянсүрэнгийн өмчлөлийн алдсан 19 тооны адуунаас тасарсан 2 тооны даагыг 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдийн хооронд Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг Хүрэн бугатын өвөр гэх газраас олж улмаар алдуул хар алаг, хонгор халзан зүсмийн 2 тооны даагануудыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж тамгыг нь сольж өөрийн тамгаар тамгалан завшиж Г.Жамъянсүрэнд 1219200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөр байна” гэв.

Шүүгдэгч П.О нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн 4 дүгээр бригад гэх газраас иргэн Г.Жамъянсүрэнгийн өмчлөлийн алдсан 19 тооны адуунаас тасарсан 2 тооны даагыг 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдийн хооронд Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг Хүрэн бугатын өвөр гэх газраас олж улмаар алдуул хар алаг, хонгор халзан зүсмийн 2 тооны даагануудыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж тамгыг нь сольж өөрийн тамгаар тамгалан завшиж Г.Жамъянсүрэнд 1219200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

Хохирогч Жамъянсүрэн: “ ... Миний хувьд Төв аймгийн Лүн суманд 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хар алаг, хонгор халзан зүсмийн 2 адуугаа алдсан учир хохирогчоор оролцож байгаа юм. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэгтэйгээ адил байна. Харин Бодого гэх хүнтэй 2020 оны 1-р дүгээр сарын 22-ны өдөр уулзаад 2 үрээгээ асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд анх харсан Хүрэн бугат гэх газраар 3 өдөр хайсан. Би хонгор халзан даагаа 5.000.000 төгрөгөөр үнэлж байна. Хар алаг шүдлэн үрээгээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг/хх-10 тал/,

Хохирогч Жамъянсүрэнгийн гэрчээр мэдүүлсэн: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн 4-р бригад гэх газраас азарга адуу буюу 19 тооны хүрэн халзан азаргатай адуугаа алдсан. Адуугаа алдаад хайж явсаар байгаад 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Хүрэн Бух гэдэг газраас хүрэн халзан азаргатай адуугаа олсон. Тэгсэн адуугаа тоолж үзэхэд 17 тооны адуу байсан тус адуун дотроос цагаан үсэн өлзий тамгатай хонгор халзан даага, хар алаг шүдлэн үрээ 2 байхгүй байсан. Сураг тавьж явсаар байгаад Бодого гэх хочтой залуугийн гадаа миний хайж яваа 2 адуутай төстэй адуу байна гэж дуулсан. Бодого гэх залууг хайгаад Лүн сумын төв дээр таарч уулзсан. Тэгсэн чинь тийм 2 адуу мэдэхгүй гэж хэлсэн. Таныг туугаад явсан гэж хүн хэллээ гэсэн чинь аан тийм би хоёр гурван удаа энд тууж авчирсан. Тэрнээс хойш одоо 4 хоночихсон би хаана байгааг нь мэдэхгүй байна. Чиний тэр 2 адуу Угтаалцайдамын наагуур байгаа байх тэндээс хөдөлдөггүй юм байна лээ гэж байсан. Бодого гэх залууг тэгж хэлэхээр нь тэр заасан газраар нь 2 өдөр хайгаад явж байсан чинь хүнтэй таараад асуусан чинь тэр 2 адууг Цагаан уул гэдэг газар луу Бодого ачиж явна гэж сураг гарсан шүү гэж хэлэхээр нь буцаад Лүн сумын төв ороод Бодого гэх залуугийн байдаг газрын айлын хүнтэй яриад Бодого Цагаан уулаас сумын төв явсан гэж хэлсэн. Бодогогыг хүлээж байгаад уулзсан чинь за яасан үрээгээ олсон уу гэж шууд хэлсэн. Тэгэхээр нь үгүй ээ олдсонгүй гэсэн чинь, таныг л хүмүүс авсан гээд байна гэсэн чинь би харин танай адууг урдуур хайж яваад сургыг нь гаргачихаад ирлээ хонгор халзан даага нь манай гэрийн гадаа Цагаан уулд байгаа, хар алаг үрээ нь адуунд холбоотой гэж хэлсэн. Тэгээд урагшаа Цагаан уул гэх газар луу явтал Эрдэнэчулуун гээд айлд очсон. Тэр Эрдэнэчулуун гэх хүн нь Бодого гээд хүний төрсөн ах нь юм шиг байна лээ. Тэгээд очсон чинь Эрдэнэчулууны хашаан дотор хонгор халзан даага маань байж байсан. Очоод зургыг нь авсан чинь хонгор халзан даага эргэж харсан, тэгсэн хонгор халзан дааганы тамгыг нь өөрчлөөд үсийг нь хайчлаад хүрээтэй чойндом тамга дарсан байсан. Тэгээд хар алаг үрээ маань хаана байна гэсэн чинь манай адуунд холбоотой байгаа адуугаа олоогүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-11-13 тал/,

Гэрч П.Эрдэнэчулууны: “ ... Лүн сумын төвөөс 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 1-р багийн шар үзүүрт байх гэртээ иртэл хашаанд хар алаг үрээ, хонгор халзан даага байсан энэ хэнийх юм бэ гэж хүү Ган-Эрдэнээс асуусан чинь Бодого ах тэжээгээд өг гэж хэлсэн гэсэн гээд тэгээд тоогоогүй дахин асуугаагүй 2 адуу байгаад байсан. Бодого гэж О миний төрсөн дүү Ган-Эрдэнэ гэж миний төрсөн хүү байгаа юм” гэх мэдүүлэг /хх-14-16 тал/,

Гэрч Э.Ган-Эрдэний мэдүүлсэн: “ ... Би Төв аймгийн Лүн суманд байсан эхнэр болох Т.Булганчимэгийг авах гээд сумын төв рүү Лүн сумын 1-р багийн нутагт байдаг гэрээсээ 1- цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн портер маркийн 5253ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Суман дээр очоод хадам аав болох Түвшинбатынд байсан. Тэгээд 15 цагийн үед авга ах болох О утсаар яриад хоёр даага байна тэжээгээд өгчих гээд ярьсан. Бодого ахын хадам ээжийнд 16 цагийн үед О ахыг гэрээс нь аваад очсон. Балжид гуайн гэрээс очиж хонгор халзан, хар алаг хоёр даагыг ачиж аваад Лүн сумын Төв сумын төв орж О ахыг гэрт буулгаад хоёр даагыг нь аваад хөдөө гэртээ ирсэн. Манай хоёр даага байгаа юмаа тэжээгээд өгчих гэж хэлсэн. 2020 оны 1- дугаар сарын 18-ны өдөр Лүн суманд авч ирээд машин дээр байхад О ах өөрийнхөө тамгыг дарчихъя гээд үсийг нь хайчаар хайчлаад тамгалсан. Төв аймгийн Лүн суманд О ахын хашаанд 17 цагийн үед тамгалсан” гэх мэдүүлэг /хх-17-19 тал/,

Гэрч Б.Бямбанямын: “ ... Би тэр хоёр даагыг харж байсан. Яг хэдний өдөр харсанаа санахгүй байна. Хар алаг, хонгор халзан даагыг малын тооллогоны үеэр Төв аймгийн Лүн сумын 2-р баг Өлийн давааны тэр хавиар хонио хариулж байгаад Балжид гэх айлын хашаанд байхыг нь харсан. Би Бодого гэх хүнтэй Угтаалцайдам сумын нутаг Харуул толгой гэдэг газар байхад нь хамгийн анх харж байсан. Тэгээд би Бодого гэх хүнтэй мотоцикльтой туугаад Балжид гуайн өвөлжөөний ард дээр орхисон. Тэрнээс хойш мал тооллогогын үеэр нэг харсан тэрнээс хойш хараагүй” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

Гэрч Д.Оюунчимэгийн: “ ... 12 дугаар сарын эхээр Дашаа гэх залуу Хүрэн бугат гэх газар хар алаг, хонгор халзан хоёр даага байна. Хонгор халзан даага нь нэлээд муудчихсан юм шиг байна та тэжээгээд онд оруулчих гэсэн. Тэгэхээр нь 12 дугаар сарын 14, 15-ны үед Хүрэн бугат гэх газар луу нөхөр О болон 3 хүүхэдтэйгээ машинтайгаа явж туугаад ээж болох Цэрэнбалжирынд аваачсан. 2020 оны 12 дугаар сарын 17, 18-ны үеэр Төв аймгийн Лүн сумын 3-р багт хашаандаа авчраад тэр оройдоо    манай нөхрийн дүү Ган-Эрдэнэд өгөөд явуулсан” гэх мэдүүлэг/хх-23 тал/,

П.Оын гэрчээр мэдүүлсэн: “ ... Би анх 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Төв аймгийн Лүн сумын 2-р багийн нутаг Худгын ам гэх газар хар алаг шүдлэн үрээ, хонгор халзан халзан даага байгаад байна гэж Даш гэх хүнээс сураг сонсоод очсон. Тэгээд 12 дугаар сарын эхээр Бямбаа гэх хүнтэй мотоцикльтой очиж Хүрэн бугатын пойлноос Худгын ам гэх газар луу хөөгөөд аваачсан. Тэгээд маргааш өглөө нь тэр хоёр даага орхисон газарт байхгүй байхаар нь Хүрэн бугатад өвөлждөг компанийн малчинаас асуусан чинь өнөө өглөө манай гадуур гараад хойшоо пойлруу гэсэн. Тэгээд 12 дугаар сарын 15-нд ахиад компанийн малчинаас утсаар асуусан чинь Угтаалын 3-р тасгийн пойлонд оччихсон, хонгор халзан даага нь нэлээд муудчихсан байна лээ гэж надад хэлсэн. Тэгээд би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу маргааш нь Угтаалын 3-р тасгийн баруун урд пойлноос хар алаг шүдлэн үрээ, хонгор халзан даагыг  олж аваад Төв аймгийн Лүн сумын 2-р баг Худгийн ам гэх газар хадам ээж болох Цэрэнбалжид гэх хүний хашаанд аваачих тавьсан. Тэнд 2 хоног байлгаад ахын хүүхэд болох Ган Эрдэнэ эхнэрээ авах гээд суманд ирцэн байхаар нь хөдөө байдаг гэр лүү нь тэжээгээд өгөөч гээд ачаад явуулсан. Тэгээд би энэ талаар ярихаар цагдаагийн байгууллагад ирсэн. Би 2020 оны 12 дугаар 22-ны өдөр уурын зуухны баруун талд уулзсан. Жамъянсүрэн хар алаг даага, хонгор халзан даагаа надаас сурсан. Тэгэхээр нь би мэдэхгүй ээ хойно Хүрэн бугатын пойлоор хар алаг, хонгор халзан даага чинь байсан гэж хэлчихээд утасны дугаараа өгөөд Лүн сумын 1-р баг Цагаан уул руу Эрдэнэчулуун ахынд очиж 2 хоночоод 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 17 цагийн үед Лүн суманд ирсэн. Намайг ирэхэд гэрийн гадаа Жамъянсүрэн машинтайгаа хүлээж байсан. Тэгээд бууж ирээд гэрийн гадаа Жамъянсүрэн та манай хоёр даагыг ачаад явсан байна гэхээр нь тэгсэн ачаад явчихсан гэж хэлсэн. Би тухайн хоёр дааганы цагаан үсэн тамгатай хэсгийн үсийг нь хяргаж байгаад өөрийн дугуй хүрээтэй чойндон тамгаар давхарлаж дарсан. Би тэр талаараа цагдаа болон сумын засаг даргын тамгын газарт мэдэгдээгүй. Би тэр хоёрыг тэжээгээд өгсөн. Миний хоёр даага байгаа юм гэж хэлсэн. Би өөр дээрээ хонь ямаа нийт 200 гаруй, үхэр 6, адуу 13 тооны малтай. Би өөрийнхөө нэр дээр тоолуулсан” гэх мэдүүлэг/хх-24-26 тал/,

Гэрч Д.Нарантуяагийн: “ ... 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр тэр хоёр даагыг гэрийнхэнтэйгээ  өөрийнхөө машинтай Лүн сумын 2-Р баг Дондогжав гэх өвөлжөөнд байдаг ээж Цэрэнбалжидынд тууж ирсэн. Тууж ирчихээд 2 хоног хашаанд байлгаж байгаад машинтай ирээд ачаад  аваад явсан. Манай ээжийн өвөлжөөний хойно явж байхаар нь аваад ирлээ. Онд оруулчихъя. Эзэн нь сураг тавиад олоод ирэх байхаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-27-28 тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/хх-31-37 тал/, зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.О нь 2021 оны 2 сарын 05-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-575 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 2 сарын 19-ны өдөр 11 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-79 тал/ 2021 оны 2 сарын 19-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч П.Оод холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч П.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч П.О-од холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О-ыг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ыг 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сарын/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.О-д нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ