Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 12021/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох 2134000000067 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Г, 1981 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан холбооны мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид холбооны эд хэрэгслийн нярав ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Цэргийн байрны 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч С.Г нь Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын22-ны өдөр М.Мөнхчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч С.Г нь Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

        Хохирогч М.Мөнхчимэгийн: “... Тэгээд маргааш өглөө нь чатан дээр Г миний хийх ажлыг шүүмжлээд байгаа хүмүүс өөрсдөө хийгээд үзээрэй би энэ албан тушаалыг өгөх саналтай байна хэлээд ойлгохгүй мал юм уу хайшаа юм дургүй хүрчихлээ гээд бичсэн байсан тэгээд ажил дээрээ өрөөндөө байж байтал өглөөний 10 цаг 30 минутын орчимд Г орж ирээд чи яагаад хүмүүсийг турхираад байгаа юм бэ гэсэн. Тэгэхлээр нь би санал бодолоо хэлсэн надад тийм эрх байгаа биз дээ гэтэл чам шиг ахлагч надтай юм ярихгүй миний өмнөөс юм ярих эрх байхгүй чам шиг декириттэй гэртээ сууж байгаад цол аваагүй гэж хэлэхээр нь би чам шиг 3 нөхрийн 3 хүүхэд гаргаагүй гэж хэлсэн. Тэгээд миний араас зодох гээд дайрахаар нь зугатаасан тэгээд араас үснээс зулгааж аваад өшиглөсөн тэгэхээр нь цонхны тавцан дээр дарж болиулсан юм. Тухайн үед бид хоёрыг зодолдож байхад хажууд хүн байгаагүй. Мөнгө өгөөгүй гэж л цохисон. Г миний зүүн хөлний өвдөг болон шилбэний булчин хэсэгт 3 удаа өшиглөсөн хөхөрсөн байсан мөн уруул хэсэгт бас цохисон байсан. Мөн хүзүү хэсэгт гурван газар маажсан сүүлд намайг зодох гээд байхаар нь би өрөөнөөсөө зугатааж гарсан. Би гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлмээр байна” гэх мэдүүлэг/хх-ийн 7 дугаар хуудас/ ,

      С.Ггийн гэрчээр мэдүүлсэн: “... Тэгээд өглөө нь ажил дээрээ очоод ажил руугаа орох гэж байтал манай ажлын энгийн эмэгтэй албан хаагч таараад танай ахлагч хүүхэн 8000 мянган төгрөг нь дээр хэл ам хийж байсан, мөрдөстэй албан хаагч нь өгөхгүй байгаа юм чинь би ч өгөхгүй гэж байсан. Тэгээд тухайн өдөр гал тогооны жижүүртэй байсан жижүүрээ хүлээж авчихаад Мөнхчимэгийн өрөөнд чи ганцаараа миний хийж байгаа ажлыг дэмжихгүй байж болно хамт олны грүпп чатан дээр битгий дургүйцлээ илэрхийлээд бай гэсэн хамт олны дийлэнх нь энэ ажлыг дэмжсэн гэдгийг хэлтэл миний урдаас хувийн амьдралыг минь хөндөж нөхөр сүүдрээсээ салчихаад чам шиг арчаагүй амьдрахгүй гэж хэлэхээр нь би өшиглөсөн. Тэгтэл Мөнхчимэг намайг зөрүүлээд өшиглөсөн тэгээд намайг заамдаж аваад цонхны тавцан дээр дараад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би Мөнхчимэгийн үсийг зулгаасан Мөнхчимэг ч бас миний үсийг зулгаасан байсан. Би зулгаасан байсан үсийг нь тависан Мөнхчимэг ч өрөөнөөсөө гарсан би араас нь нь гарсан юм. Мөнхчимэг 8000 төгрөгийг өгөхгүй гэж хэлсэнээс болоод маргаан үүссэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний толгой руу гараараа 2 удаа цохисон, мөн баруун чихний доор хөмсөгний голд маажсан мөн баруун гуяны урд өшиглөсөн хөхөрсөн байгаа. Гомдолтой байна шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэх мэдүүлэг/хх-ийн 10 дугаар хуудас/ ,

      С.Г яллагдагчаар мэдүүлсэн: “... Би гэртээ орой нь хариад эмэгтэйчүүдийн грүппд цэцэг тарих ажил маань дэмжигдсэн учир цалин цалин буухаар мөнгөө хурдан хураалгаарай цэцэг тарих ажил маань хоног хугацааны ажил тийм болохоор 3 дугаар сарын 18-ний өдөр цэцэг маань сайхан ургасан байна шүү гэсэн мэссэж бичсэн. Тэгээд тэр орой би фэйсбүүкдээ орж чадаагүй. 2021 оны 01 дүгээр сарын 22-ний өглөө фэйсбүүкэд орсон тэгэхэд эмэгтэйчүүдийн зөвлөлийн чатанд Мөнхчимэгийн дургүйцсэн чат мэссэж байсан. Мөнхчимэгийн чатнаас үндэслээд дургүйцлээ илэрхийлсэн 4-5 хүн бас чат бичсэн байсан. Тэгэхээр нь би доор нь тухайн ажлыг хийж чадахгүй байгаа бол намайг солих хэрэгтэй, хүн зөндөө тайлбарлаж байхад хүний тайлбар ойлгохгүй гээд Мөнхчимэг болон бусад хүмүүсийн нэрийг нь бичээд мал юм уу гэсэн мэссэж чат бичсэн. Тэр өглөө би ажилдаа очихдоо нэлээн их гомдолтой очсон. Ангийн шалганаас ороод явж байтал манай ангийн энгийн эмэгтэй албан хаагч таараад, танай ахлагч эмэгтэй 8000/найман мянган/ төгрөг дээр ингэж их хэрүүл хийж байхад энгийн бид нар мөнгө өгөхгүй гэж хэлэхэд татгалзах зүйл байхгүй байна гэж хэлчихээд яваад егсөн. Tухaйн өдөр би гал тогооны жижүүртэй байсан. Жижүүрээ хүлээж авах гээд гал тогоонд ороход манай 1 бүлгийн дарга, Мөнхчимэгийн найз Баянжаргалаас ээлж хүлээж авахад цалин буучихлаа бүлгийн хүмүүстээ хэлээрээ хурдан мөнгө хурааж өгөөрэй гэж хэлсэн. Тэгтэл ахлагч Баянжаргал дандаа бид нараас мөнгө татаж байх юм тэр зөвлөлөөсөө мөнгөө аваад энэ ажилаа хийчихэж болдоггүй юмуу гэж хэлээд гарсан. Тэр үед би их гомдон жижүүрээ хүлээж авчихаад Мөнхчимэгийн өрөөнд орсон. Намайг Мөнхчимэгийн өрөөнд ороход ахлагч Сүрэн, Мөнхчимэг хоёр байсан ба Сүрэн надтай зөрөөд өрөөнөөс нь гараад явсан. Би Мөнхчимэгт хандан үнэхээр чамд 8000/найман мянган/ төгрөг байхгүй бол олон нийтийн сүлжээнд хамт олныг турхирсан ажил битгий хийгээд бай чамайг сүлжээнд санал бодлоо илэрхийлхээр хүмүүс дагаж санал бодол нь хувираад байна чи 3 дахь удаагаа миний хийж байгаа ажлыг эсэргүүцэж байна шүү гэж хэлсэн. Тэгээд Мөнхчимэгт зүүсэн ахлагч цолондоо эзэн нь бай энгийн хүмүүст үлгэр дуурайлал болж яв гэж хэлсэн. Би Мөнхчимэгт уг нь цахим сүлжээнд битгий ийм зүйл бичээд бай гэдгийг ойлгуулах гэж хэлсэн юм. Тэгтэл Мөнхчимэг сууж байсан сандлаасаа босч ирээд надад хандан би чам шиг 3 эрийн 3 хүүхэд гаргачихаад арчаагүй амьдардаггүй гэж хэлэхээр нь би уур хүрээд Мөнхчимэгийн гуя хэсэгт нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн тэгтэл Мөнхчимэг эргэж над руу хараад миний баруун гуя хэсэгт өшиглөөд намайг заамдаж авсан ба бид хоёр цонхны тавцанд ойрхон байсан учир намайг цонхны тавцан дээр дараад миний толгой хэсэгт 2 удаа цохихоор нь би Мөнхчимэгийн үснээс нь зулгаагаад босч иртэл Мөнхчимэг зөрүүлээд миний толгойны үснээс зулгаасан. Би Мөнхчимэгт хандан намайг тавь гэж хэлэхэд Мөнхчимэг чи өөрөө тавь гэж хэлэхээр нь би барьсан байсан үсийг нь тавьсан. Тэгээд Мөнхчимэг өрөөнөөсөө гараад явсан ба өрөөнөөсөө гараад коридорт гарчихаад Г намайг зүгээр байхад цохьлоо гэж хашгирсан тэгэхээр нь би тэндээс гарч өөрийнхөө өрөөнд орсон. Би өрөөндөө жаахан байж байгаад гарч штабын даргын өрөөнд ороод даргад хандан зөвлөлийн даргаас намайг болиулаад өг урьд нь ийм хэл ам гарч байсан одоо миний хувийн амьдралыг ажил дээр ярьдаг боллоо гэж хэлтэл дарга маань за одоо тайвшир жижүүрийн ажлаа хий би Мөнхчимэгийг дуудаж уулзана гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэндээс гарч ангийн эмнэлэгт гарч байсан ээлжийн сувилагчаасаа эм авч ууж байж ээлжийн үүргээ гүйцэтгэсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Төв аймаг шүүхийн шинжилгээний шинжээч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №68 дугаартай “1.2. М.Мөнхчимэгийн биед дээд уруулын дотор салстанд шарх, хүзүү, баруун хацарт зулгаралт, зүүн шилбэ, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г нь 2021 оны 2 сарын 22-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-60 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 3 сарын 18-ны өдөр 24 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг/хх-70 тал/ 2021 оны 3 сарын 18-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч С.Г-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч С.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч С.Г-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-г 500/таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Г-д  урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ