| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0070/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0070/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,
Иргэдийн төлөөлөгч С.Цэцэгбал,
Улсын яллагч Б.Батсүх,
Хохирогч Н.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Л.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Л.Жд холбогдох эрүүгийн 2118000000058 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Л.Ж /РД: /, 1994 оны 01 дүгээр сарын 12-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Жыг 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** багийн ** байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт мэргэжилтэн Н.Бийн хоолойнд хутга тулган хүч хэрэглэж бэлэн 2.345.710 төгрөгийг дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт, дээрх хэргийг үйлдэхдээ Н.Бийн гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун 1, 2 дугаар хурууны завсарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хуруу, зүүн 2 дугаар хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Л.Жын өгсөн: Өмнө нь бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Би барилгын тоног төхөөрөмж болох юүлкийг 3.000.000 төгрөгөөр зарсан. Түүгээр өр зээлээ төлөх ёстой байсан боловч покер тоглоод мөнгөө алдсан. Тэгээд тэр өглөө л ломбард дээрэмдэх талаар бодсон. Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийг би учруулсан. Гэхдээ яаж учруулснаа санахгүй байна. Хохирол төлбөрийг барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Бийн өгсөн: 2021 оны 2 сарын 18 өглөө 9 цаг 45 цагийн үед би ажлаа эхлээд ажил хэвийн үргэлжилж байсан. 10 цаг өнгөрөөд 10:55, 56 минут орчимд гаднаас нэг хүн орж ирсэн. Би үйлчлүүлэх гэж байгаа хүн гэж бодсон. Тэгтэл энэ Ж гэх хүн ширээний хажуугаар шууд орж ирээд хутга гаргаж ирээд хоолойд тулгасан. Тэгээд мөнгө чинь хаана байна, мөнгөө гаргаад ир гэхээр нь би айгаад мөнгө байгаа газрыг зааж өгсөн. Тэр надад “амь чинь хэрэгтэй юм уу? мөнгө чинь хэрэгтэй юм уу” гээд намайг хойш татаж унагаагаад гар хөлийг маань туузан цаас /скоч/-аар хүлээд мөнгийг аваад хаалганы түрхүүрийг авч гаднаас түгжсэн. Гарахдаа “10 минут дуу гаргаж болохгүй шүү” гэсэн би явсны дараа нь дарга руугаа залгаж болсон явдлыг хэлсэн. Жын авч явсан 2.345.710 төгрөг нь байгууллагын мөнгө гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Иргэний нэхэмжлэгч Б.Богийн өгсөн: Өнөөдөр өглөө миний ажиллуулдаг “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн мэргэжилтэн Б над руу залгаад “Болороо эгчээ би халдлагад өртчихлөө, айгаад байна, яаралтай ирээч” гэж ярьсан. Тэгэхээр нь би Дархан сумын 4 дүгээр багийн 1б байрны 1 давхрын 3 дугаар орцны 0 тоот өрөөнд байрлах өөрийн эзэмшлийн барьцаалан зээлдүүлэх газарт очиход нэг цагдаа болон энгийн хувцастай хүн байсан. Тэгээд нөгөө ээлжийн ажилтан Энхмаагаар түлхүүр авчруулж орсон. 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** багийн ** байрны нэг давхарт байрлах барьцаалан зээлдүүлэх газраас тухайн гэмт этгээд 2.345.710 төгрөгийг авсан байсан. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр миний ХААН банкны 5119****** тоот данс руу тухайн гэмт этгээдийн аав нь 2.346.000 төгрөгийг шилжүүлж төлсөн байгаа. Хохирлоо барагдуулж авсан. Санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85, 115-116/,
Гэрч Ё.Эы өгсөн: ...”Буян” зах руу явах гээд 5 дугаар худаг уруудаад хар зам руу нийлэх гээд явж байх үед цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн цүнх үүрсэн битүү масктай, дундаж нуруутай, дунд зэргийн махтай, 25-30 орчим насны эрэгтэй “1500 төгрөг өгье. 18-н буудал хүргээд өгөөч” гэж гуйгаад суусан. Тухайн үед 10 цаг 40-50 минут хавьцаа болж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104/,
Гэрч У.Мийн өгсөн: 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Ж 10:00 цагийн үед байх “барилгад ашигладаг юүлкний мотор засаад Сэлэнгэ аймгийн хүнд зарна” гэж хэлээд гарсан. Тэгээд 15:00 цагийн үед ирээд “нөгөө юүлкээ 2.500.000 төгрөгөөр зарчихлаа. Одоо хадам ээж Богийн данс руу мөнгө орох байх” гэж хэлээд гэрт сууж байгаад гараад явсан. Удалгүй Ж гэрт орж ирээд өөрийн ХААН банкны 5045****** тоот данснаас миний ХААН банкны 5045****** тоот данс руу 1.500.000 шилжүүлээд “зээлээ төлнө биз дээ. 500.000 төгрөгийг аав, ээж хоёрт өгчихлөө шүү” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106/,
Гэрч Х.Лын өгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүү Ж гаднаас орж ирээд “өөрийнхөө хэрэглэдэг барилгын шатыг хүнд зарна” гэж яриад авах хүмүүс нь ирээд уулзаад явсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “нөгөө барилгын шатаа зарчихсан, мөнгө нь орж ирж байгаа” гэж ээждээ хэлсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108/,
Гэрч Л.Агийн өгсөн: 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд миний төрсөн ах Ж 2.000.000 төгрөг бэлнээр өгөөд “энэ мөнгийг дансандаа хийчих. Ах нь юүлк зарсан мөнгө юм шүү” гэж хэлсэн. Тэгээд гарч яваад удалгүй буцаж орж ирээд надад 270.000 төгрөг өгөөд “энэ мөгөөр барьцаалан зээлдүүлэх газраас зөөврийн компьютероо аваарай” гэж хэлээд урьд нь өгсөн 2.000.000 төгрөг, миний ХААН банкны картыг аваад явсан. Ж ах миний ХААН банкны 5055****** тоот данс руу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийн орлого хийгээд буцаагаад авсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/,
Гэрч Л.Оын өгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 18-ны 14 цагийн үед манай эхнэр Энхмаа над руу залгаад “Бийг 18-н буудал дээр байх барьцаалан зээлдүүлэх газар дотроо байхад нь дээрэмдчихсэн байна” гэж ярьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122/,
Гэрч Ч.Бы өгсөн: Би 43-07 ДАХ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслээр Дархан дотроо таксинд явдаг бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 18-ны 10:00 цаг өнгөрч байсан байх хуучин Дарханы 18-ын автобусны буудал дээр ирж зогсоод удаагүй байтал 25-35 орчим насны эрэгтэй хүн миний машины баруун хойд талын суудалд нэлээн амьсгаадаж яарсан байдалтай орж ирж суугаад “ахаа хурдан Толгойт яваарай, миний эхнэр төрөх гээд байна” гэхээр нь би хөдлөөд явсан. Түүний хэлснээр 18-н буудлаасаа хойшоо төв зам руугаа зах зүглэж яваад “Буян” захын хажуу талын замаар ороод хойшоо засмал замаараа даваад нэг их хол явалгүй зүүн гар тийш эргээд жоохон яваад баруун гар тийшээ эргээд гудамжны үзүүрт очоод тэр залуу 5.000 төгрөг өгөөд буусан. Тэр хавийг юу гэдэг газар болохыг мэдэхгүй бөгөөд биржийн арын Толгойт гэдгээр нь л мэднэ. Тэр залуу хар өнгийн богино хүрэмтэй, амны хаалт зүүсэн байсан шиг санагдаж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-129/,
Гэрч Л.Эийн өгсөн: ...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай эзэн Бо “гадна хаалганы түлхүүр аваад ир” гэж ярихаар нь түлхүүр аваад очтол Бо эгч нэлээн олон цагдаагийн хүмүүстэй барьцаалан зээлдүүлэх газрын үүдэнд зогсож байсан. Тэгээд хаалгыг онгойлгоход зээлийн мэргэжилтэн Б хяналтын камерын дэлгэцийн өмнө зогсож байсан. Тэгээд цагдаа дотогшоо орсон. Бо эгчээс “Бийг дээрэмдчихсэн юм уу?” гэж асуухад “тийм ээ” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-132/,
Хэрэг болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын ** багийн ** байрны нэг давхарт байрлалтай “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт орж үзлэг хийхэд зээлийн ажилтан Н.Б нь чичирсэн байдалтай байх ба мөнгө байсан гэх хайрцаг, түүнийг хүлсэн гэх скоч, түүний хэвтэж байсан гэх газар зэргийг Н.Бээр заалгуулав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг /1-р хх-ийн 5-11/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хоорондоо наалдсан скочийг салгаж нэг бүрчлэн үзлэг хийхэд 8 ширхэг хэсэг болж салсан, 50 сантиметрээс 2 метр 10 сантиметр хүртэл урттай скоч байв... гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-16/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 8 ширхэг скоч, “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын дотор талын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди, шүүгдэгч Л.Жын өмсөж явсан гэх хар саарал өнгийн цэнхэр өнгийн дотортой хүрэм 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, хар өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн амны хаалт 1 ширхэг, нэг хос бээлий, хар өнгийн цүнх 1 ширхэг, хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан 1 ширхэг хутга, хохирогч Н.Бийн биед хийсэн үзлэгээр хураан авсан 11 ширхэг хэсэг болж салсан скоч, амны хаалт 1 ширхэг, цагаан хар өнгө хосолсон даашинз 1 ширхэг, цайвар өнгийн алчуур 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 17-18, 34, 42, 55/,
...үзлэгээр 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 57 минут 30 секундэд хар өнгийн амны хаалттай, хар саарал өнгийн дотор тал нь цэнхэр өнгийн хүрэмтэй, ноосон хар өнгийн малгайтай, хар өнгийн цүнхтэй, дундаж нуруутай 25-30 орчим насны эрэгтэй хүн ганцаараа орж ирэх, барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан руу чиглэж, толгой хүзүүнд хүч хэрэглэн хутга тулгах, гараараа амыг нь дарж сууж байгаа газраас нь хойш чиглэлд чирэх, ширээ дээр байгаа цагаан өнгийн хайрцгаас мөнгийг нь авч цүнхэндээ хийж байгаа зэрэг үйлдлүүд бичигдсэн байв... гэх “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19/,
...тооцооны дэвтрийн 11 дэх хуудаст 18 FEB 2021 гэсэн он, сар, өдрийн тэмдэглэлийн доор V1=2665710 гэсэнтэй бичиглэлтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлж, хуулбарлан авав... гэх “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын тооцооны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тооцооны дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 20-23/,
Шүүгдэгч Л.Жын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-28/,
Шүүгдэгч Л.Жын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан Л.Жын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гэх хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 32-33/,
Шүүгдэгч Л.Жын мэдүүлгийг шалгах ажиллагаагаар зааж өгсөн Дархан сумын 8 дугаар багийн Дэвшилийн 2 дугаар гудамжинд үзлэг хийж Л.Жын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн иштэй хутгыг хайж олж хураан авав... гэх хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 35-36/,
Хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийхэд нийт урт 26 сантиметр, ажлын хэсэг 14.5 сантиметр, бариул хэсэг 11.5 сантиметр, ажлын хэсэгт Хортиця гэж бичиж сийлсэн, бариул хэсэг нь шар бор өнгө хосолсон хутга байв гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 40-41/,
Яллагдагч Л.Ж нь 1-3 хүртэл дугаартай хутгануудаас 1 дугаартай бор шар өнгө хосолсон хутгыг зааж “энэ хутга хэрэг үйлдэхдээ ашигласан миний хаясан хутга мөн байна” гэв гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 43-44/,
...Н.Бийн баруун зүүн гарын хуруунууд завсар, алганы ар хэсгээр цус мэт улаан өнгөөр бохирлогдсон, баруун гарын эрхий, долоовор 2 хурууны завсарт зүсэгдсэн шархтай... гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 45-48/,
Хүний биед хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийхэд 11 ширхэг болж салсан скоч, цайвар өнгийн алчуур 1 ширхэг, цагаан хар өнгө хосолсон ар талдаа цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон даашинз 1 ширхэг, амны хаалт 1 ширхэг байв... гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 52-54/,
...Соната-6 маркийн 4*-0* ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр баруун хойд хаалганы гадна бариул хэсэг дээрээс 1 ширхэг, гадна бариулын хойд хэсгээс 1 ширхэг, гадна бариулын дотор талаас 1 ширхэг, баруун хойд хаалганы ирмэг хэсгээс 2 ширхэг, уг хаалганы бариулын доод хэсгээс 1 ширхэг гарын мөрүүд илэрснийг бэхжүүлэв... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 56-58/,
“Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээнд 1990-1995 оны хооронд төрсөн иргэд тус барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлсэн эсэхийг тодруулахаар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 59-62/,
Шүүгдэгч Л.Жын 8*-6* УБЕ улсын дугаартай, Ниссан Адван маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 63-65/,
Шүүгдэгч Л.Ж иргэний нэхэмжлэгч Б.Бод 2.346.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 69/,
Шүүгдэгч Л.Жын “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлж байсан талаарх жагсаалт, зээлийн гэрээний хуулбарууд /1-р хх-ийн 72-74/,
Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “Б......... х..........” ХХК-ийн барьцаат зээлийн 5376 дугаартай гэрээний хуулбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 77-79/,
Гэрч Л.А, У.М нарын ХААН банкны дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 81-82/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 126 дугаартай “Н.Бийн биед баруун 1, 2 дугаар хурууны завсарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун 1 дүгээр хуруу, зүүн 2 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц иртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 140-141/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 1а байрны 1 давхарт байрлах “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтэн Н.Бт хүч хэрэглэн дээрэмдэж 2.345.710 төгрөг авсан, дээрэмдэх явцдаа зэвсэг буюу хутга хэрэглэж Н.Бийн биед хөнгөн зэргийг гэмтэл учруулсан, гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас төлөвлөж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанаар шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар мэтгэлцэх маргах зүйлгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Жыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ж нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** багийн ** байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар очин зээлийн мэргэжилтэн Н.Бийн хоолойнд хутга тулгах, түүний гар, ам зэргийг наалдамхай тууз буюу скочоор хүлж, бэлэн 2.345.710 төгрөгийг авч явсан, хохирогч Н.Бийн гар, амыг хүлэхдээ түүний гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун 1, 2 дугаар хурууны завсарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хуруу, зүүн 2 дугаар хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байгаа ба уг үйл баримтыг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Л.Жын 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** багийн ** байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын мэргэжилтэн Н.Бийн хоолойнд хутга тулгах, түүний гар, ам зэргийг наалдамхай тууз буюу скочоор хүлж, бэлэн 2.345.710 төгрөгийг авч явсан үйлдэл нь зэвсэг хэрэглэн, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахаар заналхийлж, эд хөрөнгийг нь авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг, Н.Бийн гар, амыг хүлэхдээ түүний гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун 1, 2 дугаар хурууны завсарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хуруу, зүүн 2 дугаар хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.
Шүүгдэгч Л.Жын хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлж, өмчлөх эрхэд нь халдах явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан 1 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээр тус тус зүйлчилж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бийн биед баруун 1, 2 дугаар хурууны завсарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 1 дүгээр хуруу, зүүн 2 дугаар хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол, “Б......... х..........” ХХК-нд 2.345.710 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч нь “Б......... х..........” ХХК-нд учирсан 2.345.710 төгрөгийг нөхөн төлсөн, тус байгууллагын захирал буюу иргэний нэхэмжлэгч Б.Бо нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний “...2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** багийн ** байрны нэг давхарт байрлах барьцаалан зээлдүүлэх газраас тухайн гэмт этгээд 2.345.710 төгрөгийг авсан байсан. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр миний ХААН банкны 5119****** тоот данс руу тухайн гэмт этгээдийн аав нь 2.346.000 төгрөгийг шилжүүлж төлсөн байгаа. Хохирлоо барагдуулж авсан. Санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85/, шүүгдэгч Л.Ж иргэний нэхэмжлэгч Б.Бод 2.346.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны хуулга /1-р хх-ийн 69/ зэргээр нотлогдож байна.
Харин хохирогч Н.Б нь хохирол төлбөрийн талаар нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 219/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 37/21 дугаартай магадалгаа /1-р хх-ийн 191/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувьд 3-5 насны 2 хүүхэдтэй, барилгын ажил хувиараа эрхэлж амьдарлаа залгуулдаг байсан, хохирогч санал гомдолгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг ашиглан ялыг хөнгөрүүлж шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Л.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрхийн амьжиргааны түвшний босго шугамаас доогуур орлоготой, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 211/, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /1-р хх-ийн 217-218/, Ж.Т, Ж.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 221-222/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Л.Жын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Л.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Жын хөрөнгө орлого, хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг скоч, шүүгдэгч Л.Жын өмсөж явсан гэх хар саарал өнгийн цэнхэр өнгийн дотортой хүрэм 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, хар өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн амны хаалт 1 ширхэг, нэг хос бээлий, хар өнгийн цүнх 1 ширхэг, хохирогч Н.Бийн 1 ширхэг амны хаалт, түүний хоолойд байсан 11 ширхэг скоч зэргийг устгаж, цагаан хар өнгө хосолсон даашинз 1 ширхэг, цайвар өнгийн алчуур 1 ширхэг зэргийг хохирогч Н.Бт буцаан олгож, “Б......... х..........” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын дотор талын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жын цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 45.000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цагаан хар өнгө хосолсон даашинз 1 ширхэг, цайвар өнгийн алчуур 1 ширхэг зэргийг хохирогч Н.Бт буцаан олгож, 8 ширхэг скоч, хар саарал өнгийн цэнхэр өнгийн дотортой хүрэм 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, хар өнгийн малгай 1 ширхэг, хар өнгийн амны хаалт 1 ширхэг, нэг хос бээлий, хар өнгийн цүнх 1 ширхэг, хохирогч Н.Бийн 1 ширхэг амны хаалт, түүний хоолойд байсан 11 ширхэг скоч зэргийг устгасугай.
9. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Жд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧИД Г.ГЭРЭЛТ-ОД
З.ТӨМӨРХҮҮ