| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/84 |
| Огноо | 2021-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0061/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Адъяа,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт Ч.Бт холбогдох эрүүгийн 2118000000067 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт Ч.Б /РД: /, 1968 оны 3 дугаар сарын 18-нд Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, монтёр ажилтай, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэртээ буюу Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Дэлгэрэх хорооллын 5 дугаар гудамжны 6 тоотод В.Эын зүүн мөрөнд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн мөрөнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...Миний бие нэлээн согтсон байсан учир Бмтэй юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Ямар ч байсан маргалдаж байхад Б болиулах гээд намайг хутгаар хатгачихсан. Би дээгүүрээ хувцасгүй байсан тул миний бие рүү хутга илүү нэвтэрсэн байх. Миний биеийн байдал одоо зүгээр байна. Хоёр ширхэг оёдол хийлгэснийг авхуулчихсан. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. Б миний багын найз, би архи ууж хүнтэй маргалдаж ийм асуудал болсон тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч В.Эын мэдүүлэг /хх-ийн 22-28/,
- ...В.Э нь мөр орчим ясанд гэмтэл авсан. Биеийн хувьд тогтвортой байгаа гэх гэрч С.Цы мэдүүлэг /хх-ийн 30/,
- ...Э нь Бм рүү агсам тавиад муудалцах гээд байхад Б Эыг болиулах гээд ширээ дээр байсан хутгыг аваад цээж рүү нь нэг удаа хатгачихсан... гэх гэрч Д.Жы мэдүүлэг /хх-ийн 35/,
- ...Бид нар нэг шил “Хараа” нэртэй архи уугаад нэлээн муудацгаасан. Маргааш нь Дарханд эрүүлжүүлэхэд сэрсэн ба Э надад агсам тавиад байхаар нь Б болиулах гээд цээж рүү нь хутгаар нэг удаа хатгачихсан юм байна лээ... гэх гэрч Г.Бмийн мэдүүлэг /хх-ийн 37/,
- ...Э Бмд агсам тавиад маргалдаад байхаар нь би Эт “боль” гэж хэлэхэд болихгүй миний үгийг тоохгүй Баянмөнх рүү дайраад байхаар нь айлгаж болиулах гээд ширээ дээр байсан бор өнгийн иштэй хутгаар зүүн мөрөнд нь нэг удаа хатгасан... гэх шүүгдэгч Ч.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 69/,
- Хэрэг болсон гэх Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Дэлгэр хорооллын ** дугаар гудамжны ** тоотод үзлэг хийхэд цагаан өнгийн сандлын суудал, хөл хэсэг, тухайн сандлын ойр орчим цус мэт зүйлээр бохирлогдсон байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10/,
- ... гэрч Д.Ж нь эгнүүлэн байршуулсан 4 ширхэг ижил төрлийн хутгаас 4 дугаартай хутгыг заав... гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/,
- Хэргийн газрын үзлэгээр хураан авсан АК-47 СССР гэсэн бичиглэлтэй бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/,
- В.Эын зүүн мөрөнд 3 сантиметр орчим хутганы хатгагдсан шархтай гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 42/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаартай “В.Эын биед зүүн мөрөнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч В.Эын эрүүл мэндэд зүүн мөрөнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч В.Эын “...Миний биеийн байдал одоо зүгээр байна. Хоёр ширхэг оёдол хийлгэснийг авхуулчихсан. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. Б миний багын найз, би архи ууж хүнтэй маргалдаж ийм асуудал болсон тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-28/, “...миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 126/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Бын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэртээ буюу Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Дэлгэр хорооллын ** дугаар гудамжны ** тоотод В.Эын зүүн мөрөнд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн мөрөнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Б нь монтёр ажилтай болох нь хэрэгт авагдсан “....................” ХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/267 дугаартай албан бичиг /хх-ийн 81/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 89/ зэргээр нотлогдож байх бөгөөд түүний цалин хөлс, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан АК-47 СССР гэсэн бичиглэлтэй бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Бт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдсан АК-47 СССР гэсэн бичиглэлтэй бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР