| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 147/2018/00182/И |
| Дугаар | 001/ХТ2018/01764 |
| Огноо | 2018-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/01764
Б гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 147/ШШ2018/249 дүгээр шийдвэр,
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар магадлалтай,
Б гийн нэхэмжлэлтэй,
Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох
Өмгөөллийн хөлс 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзахгүй, эвлэрэхгүй. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Аззаяа нь 2017.06.08-ны өдөр Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын А/06 тоот захирамжаар А.Лхагва-Очирын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт, 2017.06.23-ны өдрийн А/10 тоот захирамжаар Ц.Нямжавын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус тус итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож уг хэргүүдэд намайг өмгөөлөгчөөр авч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллуулсан боловч өмгөөллийн хөлсийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын шийдвэрээр Н.Аззаяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, хуралдаанд оролцуулах эрх олгосноос биш өмгөөлөгч авч оролцох талаар эрх олгоогүй. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд 500,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөө олгоно гэж тохиролцсон боловч олгогдоогүй өдий хүрсэн байгаагаас гадна төрийн байгууллага өмгөөллийн хөлсөнд төлөх төсөв байдаггүйгээс гадна өмгөөлөгч авах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 147/ШШ2018/249 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б д олгож шийдвэрлэжээ.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. А.Лхагва-Очир, Ц.Нямжав нарын хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Н.Аззаяа нь аймгийн ИТХ-ын даргатай ярилцаж зөвшилцөлгүй өөрөө дур мэдэн иргэний хэрэгт өмгөөлөгч авч оролцсон. Хэрэв аймгийн ИТХ-ын даргын зүгээс өмгөөлөгч авах шаардлагатай гэж үзвэл ИХШХШТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно” гэж зааснаар би өөрөө хүсэлтээ илэрхийлэх байтал Н.Аззаяа дур мэдэн өмгөөлөгч авч оролцсон нь буруу юм. Мөн аймгийн ИТХ-ын төсөв бага энэ мөнгийг гаргах ямар ч бололцоо байхгүй. Мөн өмгөөлөгч авах асуудлыг зөвшөөрсөн бол тухайн цаг хугацаанд хууль зүйн туслалцаа авах гэрээний 1.3-т заасны дагуу гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаа 500,000 төгрөгийг өмгөөлөгчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлэх байсан. Тэгээд ч Н.Аззаяа нь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаад одоо ажлаа өгчихсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан үзэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б нь Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэрээний үндсэн дээр хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 2,000,000.00 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аззаяад өмгөөлөгч авах эрхийг олгоогүй учраас хөлс төлөх үндэслэлгүй, Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол төрийн байгууллага учраас өмгөөлөгчийн хөлс төлөх төсөв гэж байдаггүй гэж маргажээ.
Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат 2017 оны 06 сарын 08-ны өдрийн А/06 дугаартай захирамжаар иргэн А.Лхагва-Очирын ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилдаа эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт, мөн 2017 оны 06 сарын 23-ны өдрийн А/10 дугаартай захирамжаар иргэн Ц.Нямжавын ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Аззаяаг томилсон байна.
Хариуцагчаас Н.Аззаяад олгосон шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг тодорхойлсон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, захирамжийн 2 дахь заалтаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж оролцохыг зөвшөөрсөн гэж үзэх баримт хэрэгт авагджээ.
Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аззаяа дээрх хоёр хэрэгт өмгөөлөгчөөр Б г ажиллуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь хэрэгт авагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь “...тухайн үед өмгөөлөгч авахыг нь зөвшөөрөөгүй” гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аззаяаг өөрт олгогдсон эрхийн дагуу өмгөөлөгч авсан, өмгөөлөгч Б тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсныг үндэслэлгүй байна гэж үзэх боломжгүй, гэрээгээр тохиролцсон өмгөөллийн хөлс 2,000,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахдаа талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж хууль хэрэглэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д нийцсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймээс хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 147/ШШ2018/249 дүгээр шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН