Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 010

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч А.Д ы нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

            “аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “А.Дыг ажлаас чөлөөлөх тухай” Б/43 дугаар, “Т.Ныг ажилд түр томилох тухай” Б/44 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт нийт 4,665,043 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлтдээ:

Монгол улсын иргэн А.Д би Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б\475 дугаартай захирамжаар тус аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг  Орон нутгийн өмчийн газрын даргаар томилогдон ажлын байранд үр дүнгийн гэрээ байгуулан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Гэтэл тус аймгийн Засаг дарга А.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б\43 дугаартай захирамж гарган А.Д намайг үүрэгт ажлаас чөлөөлж, Б\44 дугаартай захирамжаар Т.Н миний ажиллаж байсан албан тушаалд томилсон байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б\43, Б\44 дугаартай захирамжуудыг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

1. Аймгийн Засаг даргаас 2018 оны 01 дүгээр сарын 01- ний өдөр А.Д надтай 2018 оны үр дүнгийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл буюу 1 жилийн хугацаагаар байгуулсан юм. А.Д би үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан юм. Гэтэл үр дүнгийн гэрээний хугацаа дуусаагүй байхад үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн асуудлыг хууль бус гэж үзэж  байна.

2. Аймгийн Засаг дарга А.Д намайг үүрэгт ажлаас чөлөөлөхөд Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй байна.

3. Аймгийн Засаг дарга А.Д намайг үүрэгт ажлаас чөлөөлөх үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн би өвчний учир 14 хоногийн эмнэлгийн магадалгаатай байсан ба Улаанбаатар хотод эмнэлгийн шинжилгээ хийлгэх, онош тогтоолгохоор 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр онгоцоор явах гэж байсан юм. Гэтэл энэ асуудлыг бүрэн гүйцэт судлахгүйгээр, надтай уулзахгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1. 35.1.3 эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд буюу ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах ёстой гэсэн заалтыг зөрчиж байна.

4. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэврийн эрх үүсэх насыг 65-иар тогтоосон байна. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 24.3 дахь хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан А.Д би 1957 онд төрсөн одоо 61 настай боловч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай аймгийн Засаг даргад хүсэлтээ гаргаагүй юм. А.Д миний бие 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Засаг даргад Төрийн албаны тухай хуулийн 24.2-д зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл буюу 65 нас хүртэл ажиллах талаар албан ёсны хүсэлт гаргаж байсан юм. Ингэхээр А.Д би төрийн жинхэнэ албанд 65 нас хүртэл ажиллах эрх маань нээлттэй гэж үзэж байна. Нөгөө талаас төрийн жинхэнэ албан хаагч би Төрийн албаны тухай хуульд зааснаар нэг удаагийн буцалтгүй тэтгэмж аваагүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй юм.

5. Миний албан тушаалд түр томилогдсон Т.Н нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Б гэгчийн эхнэр бөгөөд өнгөрсөн жилийн эцсээр нөхөр Х.Б нь аймгийн Засаг даргыг огцруулах ажлыг гардан зохион байгуулан жилийн эцсийн аймгийн ИТХ-ын хуралдаанаас аймгийн Засаг даргыг огцруулах санал өгсөн билээ. Тийм учраас энэ жилийн эцсээр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас аймгийн Засаг дарга А.Г ажилд дахин үнэлэлт, дүгнэлт өгөх учраас аймгийн  Засаг дарга өөрийн хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилгоор буюу ажлаа хангалттай дүгнүүлэхийн тулд зориуд санаатайгаар хууль бус томилгоо хийсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Т.Н нь Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байгааг тус аймгийн Засаг дарга мэдсээр байж Монгол улсын хуулийг уландаа гишгэж байгаа явдалд гомдолтой байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай, ...зөвшилцөн томилж, чөлөөлнө”, мөн хуулийн 53.4-т “төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон нэгжийн дарга нь ял шийтгэлгүй, төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байна” гэж тус тус заасан байна.

Гэтэл тус аймгийн Засаг дарга А.Г нь Т.Н уг албан тушаалд томилохдоо төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй, Т.Н нь худалдан авах чиглэлээр нэг ч өдөр ажиллаагүй байна. Ер нь төрийн удирдах албан тушаалтан буюу төрийн жинхэнэ албанд түр томилох гэсэн хууль зүйн ойлголт байхгүй ба хэрвээ сул орон тоо гарсан тохиолдолд уг албан тушаалд заавал сонгон шалгаруулалт явуулах зарчимтай юм.

Иргэн А.Д би Баян-Өлгий аймгийн Засаг даргын хууль бус захирамжуудыг хүчингүйд тооцуулахаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018 оны 11 дүгээр сарын 14- ны өдөр гомдол гаргасан боловч 2018 оны 12 дугаар сарын 06- ны өдөр гомдлыг хангах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/43,  Б\44 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүйд тооцож, А.Д намайг аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна.

Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт нийтдээ 4,665,043 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгах гэж өөрчлөн тодруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 38 жил төрийн албанд ажиллаж байгаа ба түүний дотор сүүлийн 16 жил төрийн жинхэнэ албан тушаалд удирдах албан тушаалтан хашиж байгаа мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч юм. Би 2013 оноос аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байгаад Орон нутгийн өмчийн алба нь газар болж байгуулагдсан тул 2016 оноос хойш аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар үргэлжлүүлэн ажиллаж байхад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч намайг үндэслэлгүй ажлаас халсан тул хариуцагчийн хууль бус захирамжуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан цалин хөлснийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Мөн намайг ажлаас чөлөөлөхөөс өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд миний бие 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн албан ёсоор ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралтын хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусах ёстой байсан юм. Тэгээд ээлжийн амралтын хугацаа дуусах үед бие өвдсөн учраас эмнэлэгт очиж үзүүлэхэд, Улаанбаатар хотод очиж нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлага гэж эмчийн зөвлөснөөр 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн акт авсан. Эмчид үзүүлж байсан талаар өвчний түүх, акт, амбулаторийн карт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу явахаар онгоцны билет авсан байсан. Энэ үед Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгт аймагт ирж удирдамжийн дагуу ажилласан бөгөөд уг удирдамжид манай байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхээр тусгасан байсан.

Тэгээд бямба гаригт буюу ажлын бус өдөр ажлынхан залгаж Авлигатай тэмцэх газрын дүнгийн хурал ням гаргийн орой болох юм байна, удирдамжид нэр заасан байгууллагын дарга нар заавал оролцох ёстой гэж мэдэгдсэн. Нэгэнт төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албаны хаагч учраас дүнгийн хуралд оролцохоор болж онгоцны билетийг сунгасан байсан юм. Гэхдээ ням гаригт дүнгийн хурал болоогүй, маргааш нь өглөө 9 цагт ажил дээр ирээд нягтлан бодогч болон газрын бусад ажилтнуудыг өрөөндөө дуудаж,  шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэхээр би маргааш хот руу явахаар болсон гэдгийг хэлээд ирсэн бичиг, явуулах бичиг болон бусад яаралтай хийх ажил байгаа эсэхийг бичиг хэргийн эрхлэгчээс тодруулж, актыг та байлгаж байгаарай гэж нягтлан бодогчид өгөөд 11 цаг өнгөрөөд гэр лүүгээ явсан. Үдээс хойш гарын үсэг зурах, баталгаажуулалт хийх бичиг баримт байсан учраас дахиад ажилдаа ирэх үеэр миний араас 3-4 хүн орж ирээд таны ажлыг авахаар ирлээ, Засаг даргаас захирамж гарсан гэсэн.

Тэгэхээр нь надад захирамж гаргах талаар урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, би ээлжийн амралт эдэлж байгаа, дээрээс нь эмчилгээ хийлгэхээр хот руу явах гэж байгаа гэж актыг гаргаж өгөхөд, нөгөө ажлын хэсгийнхэн бид нар захирамжийг биелүүлэх үүрэгтэй хүмүүс учраас заавал таны ажлыг авах ёстой гэж гарахгүй миний ажлын өрөөнд суусаар байгаад орой 18 цагийн үед явсан. Тэгээд билетийн хугацааг хоёр хоногоор дахиад хойшлуулсан. Учир нь, намайг хууль бусаар ажлаас халсан тул Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах, эрх ашгаа хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авах шаардлага гарсан.

Хэрэв би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн эмчилгээ хийлгэхээр акт аваагүй байсан бол 11 дүгээр сарын 11-ний өдөр билет бичүүлэхгүй байх байсан. Би ажлаас гэнэт халагдсан гэж бодоогүй явж байсан ба хотоос ирсний дараа эмчид учир байдлаа хэлж актыг засваргүй болгож бичүүлээд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрээс нь Засаг дарга захирамж гаргахаас өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, хэрэв намайг сонсож тайлбар гаргах боломжоор хангасан бол миний ээлжийн амралтын хугацаа дуусаагүй, мөн эмчилгээ хийлгэхээр акт авсан байсныг хэлэх байсан. Тийм учраас сонсох ажиллагаа хийгээгүйн  улмаас миний эрх ашиг зөрчигдсөн юм.

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн захиргааны албан хаагч 65 нас хүртэл ажиллах ёстой байсан тул би 65 нас хүртэл ажиллах эрхтэй гэж бодож байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн алба хаах дээд хязгаар хүртэл ажиллах тухай хүсэлтээ Засаг даргад гаргаж байсан юм. Ингээд үргэлжлүүлэн ажиллахаар болж үр дүнгийн гэрээ байгуулсан ба тухайн үед миний үр дүнгийн гэрээний хугацаа дуусаагүй байсан.

Ингэснээр намайг цаашид ажиллуулахыг ажил олгогч хүлээн зөвшөөрч үр дүнгийн гэрээ байгуулсан ба миний төрийн алба хаах дээд хязгаар хүртэл ажиллах эрх маань нээлттэй болсон гэж үзэж байгаа юм. Түүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэрт гарах эрх 65 нас гэж шинэчлэн тогтоосон байгаа. Би тэтгэмж аваагүй, тэтгэвэр тогтоолгоогүй, тэтгэвэр тогтоолгох эрх ч үүсээгүй байхад намайг ажлаас чөлөөлсөн байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худлан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай, ... зөвшилцөн томилж, чөлөөлнө...” гэж заасныг аймгийн Засаг дарга илт зөрчсөн байдаг. Тэгэхээр ерөөсөө намайг ажлаас гэнэт чөлөөлсөн нь хууль бус, энэ нь улсын төрийн шалтгаантай асуудал байсан гэж үзэж байгаа юм.

Намайг ажлаас чөлөөлсөн өдрийн маргааш нь буюу 11 дүгээр сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн дүнгийн хурал болсон ба би уг хуралд оролцож, Засаг дарга шийдвэр гаргах эрхтэй этгээд боловч түүний гаргасан шийдвэр нь хуулийг зөрчсөн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндсөн, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа гэдгийг хэлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ө.Хуралай уг хуралд байсан. Ер нь манай аймгийн удирдлагууд сүүлийн 2-3 жил хуулийг маш их зөрчиж байгаа гэж тодорхой хэлсэн байгаа. Аймгийн Засаг дарга өөрийгөө хамгаалахын тул хэдэн төлөөлөгч нарын хүрээнд ажлаа явуулж байгаа юм.

Миний оронд томилогдсон Т.Н нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Б эхнэр нь байгаа. Х.Б төлөөлөгчийн хувьд өнгөрсөн 2017 онд аймгийн Засаг даргыг огцруулах ажлыг зохион байгуулж байсан. Харин энэ жил аймгийн Засаг дарга гэрээгээ дүгнүүлэхээс өмнө өөрийгөө хамгаалахын тул ийм зүйл хийсэн гэж бодож байна. Т.Н урьд өмнө хэд хэдэн албан тушаалд томилох гэж амлаж байсан боловч тэдгээрийн ажлуудын нэгийг ч хийгээгүй юм. Тодруулбал, хүүхдийн байгууллагын даргаар томилох гэсэн боловч очоогүй, Дотоод аудитын албаны даргаар томилох гэсэн боловч очоогүй байгаа. Ийм байдлаар Т.Н нөхөр нь аймгийн удирдлагуудыг нэг жил зовоосныг Ө.Х болон Тамгын газрын жижүүрээс эхлэн бүх албан хаагчид сайн мэдэж байгаа юм.

Аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод  төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, түүний дотор худалдан авах чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн заасан байх ба Т.Н нь тэр шаардлагыг хангаагүй байгаа. Учир нь, худалдан авах ажиллагааны чиглэлээр нэг ч өдөр ажиллаагүй юм.

Дээрээс нь Т.Н томилсон захирамжид Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримталсан байх бөгөөд 22.1 дэх хэсгээр түр орлон гүйцэтгэгчийг томилоход баримтлах заалт биш юм. Харин Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ыг үндэслэсэн байна. Гэхдээ уг Засгийн газрын 62 дугаар тогтоолоор батлагдсан дээрх журамд зохицуулснаар байгууллагын даргыг дэд даргаар эсхүл чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан тушаалтнаар гүйцэтгүүлэхээр байгаа. Гэтэл аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 62 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчиж гаднаас хүн томилсон байдаг юм. Тийм учраас маргаан бүхий захиргааны акт нь хуулийг илт зөрчсөн үндэслэлгүй захиргааны акт гэж үзэж байна.

Иймд хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг болон нийгмийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2002 оны Төрийн албаны тухай хуулийн хуулиар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх тул уг хуулийн дагуу хэргийн талаар дүгнэлт хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Төрийн албаны тухай хуульд төрийн албаны зарчмыг маш тодорхой зохицуулж өгсөн. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ч гэсэн ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн гэж Төрийн албаны хуульд тодорхой зааж өгсөн. Гэтэл хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж, төрийн албан хаагчийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн  гэж дүгнэж байгаа юм. Хариуцагч буюу аймгийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйл болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж, төрийн албаны хаагчийн эрхэд халдсан асуудал гарсан гэж  үзэж байна.

Юуны түрүүнд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг хариуцагч хэрхэн яаж зөрчсөн бэ гэдэгт дараах тайлбарыг хэлмээр байна. Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныхаа дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан эсэх болон 65 нас хүртэл ажиллах тухайн хүсэлт гаргасан эсэхийг бид нар маш сайн анхаарах ёстой. Ажилтан тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц, төрийн алба хаах дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ гаргана гэж заасан байдаг. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах ёстой байсан.

Ажилтны хувьд энэ талаарх хүсэлтээ хэзээ хэрхэн гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Нэхэмжлэгч 2016 оноос хойш тэтгэвэр тогтоолгох насанд хүрсний дараа үр дүнгийн гэрээ байгуулаад ажиллаж байсан ба 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлээд 2017 онд дахин үр дүнгийн гэрээ байгуулсан. 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулаад 2018 оны үр дүнгийн гэрээг тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулж байсан юм.

Нэхэмжлэгч дээрх байдлаар ажиллаж байх явцад таны гаргасан хүсэлтийг бид нар одоо шийдвэрлэж байгаа, таныг бид нар цаашид ажиллуулах боломжгүй боллоо, таныг ажлаас чөлөөлөхөөр болсон гэсэн асуудлыг хөндсөн байдаг. Харин үүнийг бид нар үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд эдгээр гэрээ байгуулах асуудлыг Иргэний хуульд заасан хэлэлцэлтэй холбоотой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Д нь төрийн албаны дээд хязгаар хүртэл ажиллах талаар гаргасан хүсэлт нь гэрээ байгуулах санал гэж үзэж байна. Тухайн саналыг боломжит хугацаандаа зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэхийг саналыг хүлээж авсан этгээд мэдэгдэх, хариу өгөх ёстой байсан.

 Ажил олгогчийн хувьд дээрх хүсэлтийг гаргаснаас хойш гэрээ байгуулж төрийн албанд ажиллуулж байгаа байдлаас нь үзэхэд, ажил олгогч нь ажилтны төрийн алба хаах дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтийг хүлээж авсан гэж дүгнэж байгаа юм. Тодруулж хэлэхэд, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч А.Дыг төрийн алба хаах дээд хязгаар хүртэл ажиллуулахыг зөвшөөрсөн гэж ойлгож байгаа юм. Хариуцагч ингэж хүлээн зөвшөөрсөн мөртлөө үр дүнгийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Улсын дээд шүүхээс 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх тухай” зөвлөмжийн “Б” хэсэгт “...24.2-т зааснаар Төрийн албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтэй гаргасан эсэх, түүнийг захиргааны байгууллага, албан тушаалтан хэрхэн шийдвэрлэсэн, хариу өгсөн эсэхийг шүүх нотолсон байвал зохино” гэж заасан. Үүний дагуу шүүхийн зүгээс нэхэмжлэгч төрийн алба хаах дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлт гаргасан эсэхийг шалгаж, тогтоосон байна. Хариуцагчийн хувьд ажилтны дээд хязгаар хүртэл ажиллахыг хүссэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч ажиллуулж байгаа гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг хариуцагч ноцтой зөрчиж, захирамжид хууль буруу хэрэглэж, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэд нь халдсан байна. Нэхэмжлэгч А.Д нь төрийн алба хаах хугацаандаа эмнэлгийн чөлөө, эмчийн магадалгаатай байхад ажлаас нь чөлөөлөгдсөн байсан.

Үүнээс гадна нэхэмжлэгч ээлжийн амралтын хугацаа нь дуусаагүй амралттай байхад ажлаас нь чөлөөлөгдсөн хүн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг бид нар харах ёстой. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг ажил олгогч ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч өвтэй байсан эмнэлгийн магадалгаагаар нотлогдох бөгөөд А.Ды ажлыг хүлээлцүүлэхээр ирсэн ажлын хэсэгт нэхэмжлэгч би эмнэлгийн магадалгаатай учраас намайг өнөөдөр ажлаас чөлөөлж болохгүй гэж магадалгааг гаргаж өгөөд ажлын хэсгийн хүмүүст танилцуулж байсан.

Дээрээс нь тухайн эмчийн магадалгаа хэрэгт авагдсан, уг магадалгааг бичсэн эмчийг гэрчээр асуусан байдаг. Харин ээлжийн амралтын хугацааг ажлын өдрүүдээр тооцох ёстой байсан ба энэ нь тухай байгууллагын нягтлан бодогчийг гэрчээр асуусан мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа юм. Харин ээлжийн амралтыг буруу тооцоолсноос нэхэмжлэгчийн эрх зөрчигдөх ёсгүй юм. Нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хоногийг ажлын өдрүүдээр тооцож үзэх юм бол 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажилд орох ёстой байсан нь тодорхой байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар 35.1.3-д заасан эмнэлгийн магадлаагаатай, захиргааны чөлөөтэй байсан үед тухайн албан тушаалтны ажлын байрыг хэвээр хадгалахгүйгээр чөлөөлсөн нь ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нэхэмжлэгч А.Д нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу томилогдсон албан тушаалтан бөгөөд  тухайн хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөх учиртай.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай, ... зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан байх тул зөвхөн томилохдоо биш чөлөөлөх асуудлыг ч мөн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөх ёстой байсан.

 Харин нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөөгүй асуудал гаргасан нь тодорхой байгаа. Төрийн албаны хаагчийн аливаа үйлдэл зөвхөн хуулиараа зохицуулагдах ёстой, хуульд нийцсэн байх ёстой. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөөгүйгээс болж маш олон зөрчил гаргаж байгаа бөгөөд уг зөрчлүүдийн талаар дурдаж хэлэхэд, хамгийн түрүүнд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй хүн тухайн ажлын байранд ажиллаж хууль зөрчсөн байдаг.

 Үүнээс гадна үр дүнгийн гэрээг Засаг даргад хэлэлцүүлэхгүйгээр тайлан тавиулахгүйгээр А.Дыг 11 дүгээр сард чөлөөлсөн асуудал бол зөвхөн нэхэмжлэгчийн бус тухайн байгууллагын эрх ашгийг зөрчсөн асуудал байгаа юм. Ядаж тухайн жилийн гэрээг дүгнэж, тайлангаа хэлэлцүүлж сонсохгүйгээр ажлаас чөлөөлж, оронд нь шаардлага хангахгүй хүнийг томилсон нь хуульд нийцэхгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрчлөлт орж байсан ба уг өөрчлөлт нь 10 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн байгаа.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Даатгуулагч нь  нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.  Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд  60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж гэж тэтгэвэр тогтоолгох насыг 65 насаар заасан өгсөн юм. Тэгэхээр 65 нас хүрээгүй хүнийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрх нь үүсээгүй байхад ажлаас чөлөөлсөн байна. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хэрэглэх Захиргааны ерөнхий хууль байдаг ба уг хуулийн 4 дүгээр бүлэгт сонсох ажиллагааны талаар тодорхой бичсэн байдаг. Сонсох ажиллагаа явуулахдаа оролцогчийг тодорхойлж, тухайн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж, боломжит хугацаа тогтоож тайлбар авах ёстой байсан боловч ийм ажиллагаа хийгээгүйгээс болж нэхэмжлэгч ээлжийн амралттай байсан, мөн эмчийн магадалгаатай байсан үед ажлаас чөлөөлсөн байдаг. Мөн 65 нас хүрээгүй, тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсээгүй байхад нь ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар томилогдох үед А.Д нь өөрөө хоёр жилийн хугацаагаар ажиллах санал гаргасан ба уг хугацаа дууссан гэж үзсэн байна. Мөн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх үед эмнэлгийн магадалгаатай байсан нь эргэлзээтэй, Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн дүнгийн хурал болсон үед ирж хуралд оролцсон, Т.Н ажилд томилоход хууль зөрчөөгүй, А.Дыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 30 дугаар зүйлийн 30.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэх агуулгаар хариуцагч тайлбар ирүүлсэн байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, маргааны зүйл нь хариуцагчийн нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг утгаар түүнийг ажлаас чөлөөлсөн  асуудал болжээ. Миний бие өмгөөлөгчийн хувьд Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа 5 хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд, Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өвчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг зөрчсөн гэж дүгнэж байгаа юм. Тэгэхээр хариуцагчийн татгалзалтай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д заасныг баримтлан тайлбар хэлж, дүгнэлт гаргахыг зорьж байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана...” гэж заасан нь урьдчилсан нөхцөл байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч 2017 онд төрийн  албан хаах дээд хязгаар хүртэл ажиллах санал, хүсэлтийг гаргаж байсан байна. Мөн хуулийн 24.2-д “...Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана...” гэж заасан ба шийдвэр хэрэгт авагдсан уу гэдэг асуудал байгаа. Хэрэгт үр дүнгийн гэрээ авагдсан бөгөөд үр дүнгийн гэрээний 4 дүгээр хуудаст аймгийн Засаг дарга ажил олгогчийн хувьд ажилтантай гэрээ байгуулаад, тамга дарж баталгаажуулсан байдаг. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг тухайн албан тушаалд ажиллуулах шийдвэр мөн.

Энэхүү үр дүнгийн гэрээний 4 дүгээр заалтаас үзэхэд тухайн гэрээний үйлчлэх хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байна. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэдэгт хоёр урьдчилсан нөхцөл байгаа. Үүнд  ажилтан 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн, төрийн албан хаах дээд хязгаарт хүрсэн гэх хоёр ойлголт гарч байгаа.

Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 8 дугаар тогтоолын 9 дэх хэсэгт “Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” эсэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн иргэний үнэмлэх дээр бичигдсэн он, сар, өдрөөр тодорхойлно” гэж заасан. Хэргийн 21 дүгээр хуудаст нэхэмжлэгчийн нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар авагдсан бөгөөд уг үнэмлэхээр нэхэмжлэгч А.Д нь 1957 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн нь нотлогдож байгаа юм. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч өнөөдрийн байдлаар 61 настай, 65 нас хүрээгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт нь “хуульд өөрөө заагаагүй” гэж эхэлж байгаа ба үүнийг бид нар анхаарах ёстой.  Энэ нь бусад салбар хуулиудад ийм зохицуулалт байна уу гэдгийг хараарай гэсэн ойлголт юм. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай дээр 65 нас гэж өөрөөр заасан байна.  Хариуцагчийн Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл нь дээрх байдлаар нотлогдон тогтоогдож байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлгээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохицуулсан байдаг. Үүгээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлэх, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, оролцогчийг тодорхойлох, хугацаа тогтоох нөхцөл, журмыг зохицуулсан. Харин захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дуусгавар болгоход тухайн эрх зүйн актыг гаргасан, гаргахаас татгалзсан эсхүл захиргааны гэрээ байгуулснаар дуусгавар болох юм. Үүнээс улбаалан Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийг уншиж судлах шаардлагатай бөгөөд уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино” гэж заасан. Өөрөөр хэлбэл, холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахаас өмнө ямар ажиллагаа хийх ёстойг Захиргааны ерөнхий хуулиар нарийвчлан зохицуулжээ.

Тодруулж хэлэхэд, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд урьдчилсан нөхцөл байгаа эсэхийг шалгах, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, төсөл бэлтгэх болон түүнийг батлан гаргахад хамаарах эрх ашиг нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, сонсох зэрэг бүхий л үйлдлийг хамруулан ойлгоно гэж заасан байдаг. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой асуудлыг мөн хуулийн  Зургаадугаар бүлэгт зааснаар зохицуулна гэж заасан байдаг. Хариуцагчийн хувьд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 14-54 зүйл хүртэлх бүх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл хэргийн 139-148 дугаар хуудаст ажил хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл авагдсан ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч ажлын хэсэгт хандаж би ээлжийн амралттай байгаа, мөн өвчтэй байгаа, та нар энэ асуудлыг ажил олгогчид хэлээрэй  гэж удаа дараа хэлсэн боловч бид таны ажлыг заавал  чөлөөлнө гэж нэхэмжлэгчийн саналыг хүлээж аваагүй байна.

 Үүнээс үзэхэд маргаан бүхий захиргааны актыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шууд гарсан байна. Хариуцагчийн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт бид нар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шууд шийдвэр гаргасан гэж тусгасан байдаг. Тэгэхээр тухайн өдөртөө хариуцагч тал Захиргааны ерөнхий хуульд заасан бүх ажиллагааг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байгаа. Хамгийн наад зах нь нэхэмжлэгчид гаргах шийдвэрийн талаар тайлбар өгөх боломжит хугацаа ч олгоогүй юм байна.

Монгол улсын Үндсэн хуулийн арван долоодугаар зүйлийн 2 дахь заалтад Монгол улсын иргэн бүр хөдөлмөрлөх нь тухайн иргэний журамт үүрэг мөн, Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд Монгол улсын иргэн хөдөлмөрлөх эрхтэй гэж тус тус заасан байдаг. Үүнийг хариуцагч зөрчсөн гэж үзэж байгаа. Хавтаст хэргийн 28, 29, 53, 32, 34, 104 дүгээр хуудаст авагдсан эмнэлгийн хуудаст, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмчийн магадалгаа зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эмчид хандсан гэдэг нь нотлогдож байгаа. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдөр өвчтэй байсан нь, 11 дүгээр сарын 11-ний өдөр онгоцны билетээ бичүүлсэн нь бас нотлогдсон юм. Дараа нь онгоцны билетийн хугацааг 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгаж өөрчилсөн нь мөн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байдаг.

Хэрвээ нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх юм бол нэхэмжлэгч яагаад 11 дүгээр сарын 10-ны өдөр  тийз бичүүлсэн юм вэ гэдэг асуудал гарч ирдэг. Ажил олгогч дээрх байдлаар хууль зөрчсөн, ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах ёстой байтал ажилтан өвчтэй байхад эсрэгээр ажлаас нь халсан нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа юм.

Маргаан бүхий актын бас нэг төрөл нь болох аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар дараагийн хүнийг томилсон тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан учраас энэхүү актын талаар тайлбар хэлье. Хавтаст хэрэг маргаан бүхий ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ авагдсан ба ажлын байрны тодорхойлолтод зааснаар тус газрын даргаар төрийн албаныд 10-аас доошгүй жил, тэр дундаа удирдах албан тушаалтнаар 5-аас доошгүй, худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг.

Гэтэл ажил олгогч эдгээр ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй Т.Н гэдэг хүний томилж, нэхэмжлэгч А.Дыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үйлдэлд гомдолтой байгаа. Хамгийн сүүлд дүгнэж хэлэхэд, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр  нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргад хандаж гаргасан хүсэлтийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байх тул ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Өлгий сумын 5 дугаар багийн иргэн А.Ды гаргасан нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. А.Д нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул өндөр насны тэтгэвэрт гаргаж ажлаас нь чөлөөлсөн болно.

  1. А.Д нь анх Орон нутгийн өмчийн газрын даргаар томилогдох үед хоёр жилийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж байсан ба хоёр жилийн хугацаа нь дууссан юм.
  2. А.Д нь ажлаас чөлөөлөгдөх үед эмнэлгийн магадлалтай байсан гэсэн байна,  үүнийг зөвшөөрөх боломжгүй,  учир нь, тухай үед Авлигатай тэмцэх газраас төлөвлөгөөт шалгалт ирж байсан ба А.Д ажлын байран дээр сууж ажлаа шалгуулан дүнгийн хуралд дээр сууж байсан тул эмнэлгийн магадлалтай гэдэг нь эргэлзээтэй асуудал юм.

4. Орон нутгийн өмчийн газрын даргаар Т.Н томилоход Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай, дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн даргыг дүүргийн Засаг дарга нийслэлийн Засаг даргатай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө”, мөн хуулийн 53.4-т “төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон нэгжийн дарга нь ял шийтгэлгүй, төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байна” гэж заасныг зөрчиж төрийн захиргааны төв байгууллагаа буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргатай зөвшилцөж томилоогүй гэсэн нь үндэслэлгүй юм.

Т.Н одоогоор түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба жинхлэн томилох үеэр төрийн захиргааны төв байгууллага буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргатай зөвшилцөж томилно. Түр томилох үед зөвшилцөхгүй юм. Одоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу томилохоор төрийн захиргааны төв байгууллагад зөвшилцөхөөр бичгийг хүргүүлсэн ба хариу ирсний дараа төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтээр жинхлэн томилох шийдвэр гаргана.  Т.Н нь төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллаж байсан аймгийн ЗДТГ-ын  Санхүү төрийн сангийн хэлтэст дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагч байсан ба ажилласан жил туршлагыг нь  харгалзан үзэж тус газрын даргаар томилсон юм.  

А.Дыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 30 дугаар зүйлийн 30.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгон ажлаас нь чөлөөлсөн   тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин болох 4665043 төгрөг болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.  А.Д нь анх 2016 онд томилогдоход хууль бус томилогдсон. Учир нь,  А.Д  урьд нь тус байгууллагад ажиллаж байсан ч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Төрийн албаны тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.1-д, мөн Монгол улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын 3 дугаар зүйлийн 14 дэх заалтын “а”-д заасны дагуу сонгон шалгаруулалтад орох, эсхүл салбар зөвлөлийн дүгнэлтээр томилогдох журамтай ба уг журмын дагуу Төрийн албаны зөвлөлөөс  2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 482 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжөөр газрын дарга буюу нэгдүгээр гарын үсэг зурдаг албан тушаалтнууд бүгд нээлттэй сонгон шалгаруулалтад  орох тухай чиглэл өгсөн, харин  А.Д нь дээрх хууль, журам, зөвлөмжийг зөрчиж томилогдсон гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Дыг өндөр насны тэтгэвэрт гаргах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гаргах талаар хариуцагч буюу аймгийн Засаг дарга өөрт нь удаа дараа мэдэгдэж байсан. Мөн нэхэмжлэгч ээлжийн амралтад явахаас өмнө бас мэдэгдэж байсан учраас нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа явуулаагүй, би мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Учир нь, нэхэмжлэгч А.Дд ажлаас чөлөөлөх талаар өмнө нь мэдэгдэж байсан нь гэрч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Т мэдүүлгээр давхар нотлогдож байгаа.  Нэхэмжлэгчийн хувьд миний бие 65 нас хүртэл ажиллах ёстой гэж маргаж байгаа ба нэхэмжлэгчийг анх 2016 оны 09 дүгээр сард тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан. Төрийн албаны зөв зөвлөлөөс ирсэн зөвлөмжийг би хэрэгт гаргаж өгсөн.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ажилтан нь жинхлэн томилогдоход, дүгнэлт гаргуулж сонгон шалгаруулалтын замаар томилогдох ёстой. А.Дыг жинхлэн томилох талаар эрх бүхий байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй, маргаан бүхий албан тушаалд шууд томилогдсон юм. Яагаад гэвэл нэхэмжлэгч тухайн үед хүсэлт гаргаж би хоёр жилийн дараа ажлаас чөлөөлөгдөнө тэр хүртэл намайг жинхлэн томилж өгнө үү гэсний дагуу бид нар А.Дыг Төрийн албаны тухай хуулийн шилжүүлэн томилох зохицуулалтаар томилсон байдаг.

Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжид зааснаар аливаа байгууллагын нэгдүгээр гарын үсэг зурдаг бүх албан тушаалтнууд нээлттэй сонгон шалгаруулах журмаар томилогдохоор байна. Гэхдээ нэхэмжлэгч нь тухайн үед жинхлэн томилогдохдоо уг журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Үүнтэй холбогдуулан  бодит жишээ хэлэхэд, миний бие ТЗ-6-гаас ТЗ-9 руу шилжүүлэн томилогдоход сонгон шалгаруулалтаар томилогдож байсан ба нэхэмжлэгч үүнтэй адилхан сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилогдох ёстой байсан юм. Мөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр нөхөж томилсон ба аймгийн Орон нутгийн өмчийн газар нь  мөн  Засаг даргын дэргэдэх агентлаг учраас адилхан нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар дарга нар нь томилогдох ёстой байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс миний бие 2017 онд төрийн алба хаах дээд хязгаар хүртэл ажиллах ёстой гэсэн хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй гэх тайлбарт холбогдуулан  тайлбар хэлэхэд, нэхэмжлэгч хүсэлт гаргах үед бүртгэх баримт байхгүй байсан учраас бүртгэлийн дэвтэрт засвар хийж дундуур нь оруулаад бүртгэсэн гэсэн тайлбарыг бүртгэл хариуцсан ажилтнуудаас хэлж байсан. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тухай өргөдөл нь өргөдөл, гомдлын бүртгэл дээр бүртгэгдсэн эсэх нь эргэлзээтэй гэдгийг давхар хэлмээр байна. Ажил хүлээлцүүлэх комисс нь нэхэмжлэгчийн ажлыг хүлээлгэж авахаар очих үед нэхэмжлэгчээс би өвчтэй байгаа гэж ажлаа өгөхөөс татгалзсан байсан. Гэхдээ нэхэмжлэгч А.Д нь ээлжийн амралтаас орж ирээд ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ мэдэж байсан учраас эмнэлгээс акт авсан байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв өвчтэй байсан бол анхнаасаа ээлжийн амралттай байх үед эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой байсан юм. Үүнээс өмнө ч гэсэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхөөр болж өөрт нь мэдэгдээд чөлөөлөх захирамжийн төслийг боловсруулж гаргах гэж байхад би өвчтэй байгаа, ээлжийн амралт авна гэж чөлөөлөхгүй байхыг хүссэн учраас түүнийг харгалзан үзээд ажлаас нь чөлөөлөөгүй байсан.

 А.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба тухайн үед эмчийн магадалгаатай байсан гэж маргаж байгаа боловч 11 дүгээр сарын 13-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дүнгийн хуралд оролцсоноос үзэхэд нэхэмжлэгч тухайн үед өвчтэй байсан эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа. Дээрээс нь нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэгч өвчтэй тул хотод очиж эмчилгээ хийлгэх болсон талаар тус газрын ажилтнууд болон нягтлан бодогчид мэдэгдэж эмнэлгийн магадалгааг өгсөн гэж тайлбарлаж байгаа. Хэрэв нэхэмжлэгч өвчтэй байсан эсхүл бусад асуудлаар чөлөө авах асуудал гарсан бол заавал ажил олгогч буюу аймгийн Засаг даргад мэдэгдэх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч аймгийн Засаг даргад мэдэгдэхгүйгээр өвчтэй байсан гэж ажилтнуудад хэлээд хот руу явах гэж байсан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж хэлмээр байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг үндэслэл нь миний оронд шаардлага хангаагүй Т.Н томилсноор миний хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа юм. Нэхэмжлэгч А.Д нь тус газрын даргаар томилогдоход худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй байсан. 2012-2016 оны хооронд одоогийн Орон нутгийн өмчийн газрын нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд ажилладаг нэг л хүний орон тоогоор үйл ажиллагааг явуулж ирсэн алба байсан юм. 2009 оны 9 дүгээр тогтоолын дагуу өөрчлөлт орж Орон нутгийн өмчийн газар болж байгуулагдсан. Тэгэхээр тус газрын даргаар зөвхөн Т.Н бус өөр хэн нэгэн хүнийг томилж болно. Харин Т.Н нь аймгийн Засаг даргын Санхүү, төрийн сангийн хэлтэст төрийн сангийн шилжүүлгийн мэргэжилтнээр олон жил ажилласан, дараа нь дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Түүний энэхүү албан тушаал нь төрийн захиргааны 6 дугаар зэрэглэл, дэс түшмэлд хамаарах албан тушаалтан юм. Тийм учраас түүнийг удирдах албан тушаалтан гэж үзэх боломжтой юм.

Тийм учраас нэхэмжлэгчийн миний оронд Т.Ныг томилсноос болж миний эрх ашиг хөндөгдсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Т.Н нь “А-3” сертификат аваагүй гэх үндэслэлээр тухайн албан тушаалыг гүйцэтгэх боломжгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа юм шиг байна. Төрийн өмчийн хорооноос ирсэн албан бичигт “А-3” сертификатыг авсан тохиолдолд зөвшилцөх бичгийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэсэн зүйл дурдсан байдаг.

Т.Ныг аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар томилсон үндэслэл нь, байгууллагын даргын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагын даргад чиг үүргийн хувьд хамгийн ойр хамааралтай албан тушаалтнаар уг албан тушаалыг гүйцэтгүүлнэ гэсэн журмын зохицуулалтын дагуу өмнө нь төрийн сангийн хэлтэст ажиллаж байсан, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан хүний хувьд Т.Ныг томилсон байгаа. Дараа нь аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль, журмын дагуу нөхөж томилох болно. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 30 дугаар зүйлийн 30.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь түүний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед тэтгэмж нь батлагдаагүй байсан ба 2018 он орон нутгийн давсан хэсгээс нэхэмжлэгчийн тэтгэмжийн мөнгийг гаргуулахаар баталсан байгаа. Ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг нэхэмжлэгчид очиж ажлаа авах үеэр би маргааш бичиг баримтаа янзалж өгөөд ажлаа хүлээлцүүлнэ гэж нэхэмжлэгч хэлж байсан нь гэрч Д.Ерболын мэдүүлэг болон ажил хүлээлцүүлэх комиссын тэмдэглэлээр нотлогдож байна.

Цалин хөлстэй холбоотой шаардлагын талаар тайлбар хэлэхэд, нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд анхнаасаа хууль бусаар томилогдсон байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргаж өгөх боломжгүй юм. Дээрээс нь нэхэмжлэгч А.Д нь ажлаас чөлөөлөгдсөний дараа байгууллагын тамга, тэмдэг, албаны унааг аваад явсан, ажлын өрөөнийхөө түлхүүрийг сольсон зэрэг зөрчил гаргаж байсан юм. Дараа нь бид нар аймгийн Цагдаагийн газар, улсын бүртгэлийн хэлтэс зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хандаж байгаад албаны  унаа, тамга, тэмдгийг нэхэмжлэгчээс гаргуулж авсан.

Нэхэмжлэгч А.Ды хувьд Төрийн албаны тухай хуульд зааснаар нэгэнт 60 нас хүрсэн байх тул уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг баримтлан түүнийг өндөр насны тэтгэвэр гаргасан. Тэтгэвэр тогтоолгосон албан тушаалтанд тэтгэмж олгохоор зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг захирамжид давхар баримталсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэж нэхэмжлэгч А.Даас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “А.Дыг ажлаас чөлөөлөх тухай” А/43 дугаар захирамжийг[1] хүчингүй болгож, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 857.136 төгрөгийг аймгийн Орон нутгийн өмчийн газрын төсвөөс  гаргуулан нэхэмжлэгчид  олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг[2] хүчингүй болгуулах,  Орон нутгийн өмчийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд  3.807.907 төгрөгийг гаргуулах, мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-аас хойших  хугацааны  нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Хариуцагч нь нэхэмжлэгч А.Дыг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б/475 дугаартай захирамжаар[3] аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар томилж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б/43 дугаар захирамжаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Засаг дарга намайг ээлжийн амралтын хугацаа дуусаагүй, мөн эмчийн магадалгаатай байхад ажлаас чөлөөлж хууль зөрчсөн, би хуулийн хугацаанд  65 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах тухай хүсэлтээ гаргасан, ажлаас чөлөөлөх үед Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, 2018 онд ажил олгогчтой байгуулсан үр дүнгийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн, мөн түр орлон гүйцэтгэгчээр томилсон Т.Н нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй” гэж  маргажээ.

Хариуцагч талаас маргаан бүхий захиргааны актын  болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд  “А.Д нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд  хүрсэн, анх энэ албан тушаалд  2016 онд томилогдоход хууль бус томилогдсон, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.1, мөн Монгол улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын 3 дугаар зүйлийн 14 дэх заалтын “а”-д заасны дагуу сонгон шалгаруулалтад орох, эсхүл салбар зөвлөлийн дүгнэлтээр томилогдох журамтай байсан боловч түүний Засаг даргад гаргасан 2 жил ажиллана гэсэн хүсэлтийн дагуу энэ албан тушаалд томилсон, эмчийн магадалгаа нь хуурамч,  2018 оны 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд ажил дээр байсан” гэж тайлбарлажээ. 

  1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тухайд:

Аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гарах үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрүүдэд нэхэмжлэгч эмнэлгийн магадалгаатай байсан нь, мөн 2018 оны 10 дугаар сарын 1-ээс ажлын 29 хоногийн ээлжийн амралттай байсан нь хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эмнэлгийн магадалгаа[4], эмнэлэгт өвчтөн илгээх хуудас[5], эмнэлгээс өвчтөн илгээх хуудас[6], 1208064 дугаартай эмнэлгийн хуудас[7], гэрч Б.Анаргүлийн мэдүүлэг[8], амбулаториор эмчлүүлэгсдийн карт[9], ээлжийн амралт олгосон  Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/738 дугаар захирамж[10]зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ээлжийн амралтын хугацааг захирамжид 2018 оны 10 дугаар сарын 1-ээс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийг дуустал гэж тогтоосон боловч 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нь Эзэн Чингис хааны өдөр буюу  бүх нийтээр амрах  өдөр, энэ өдөр нь Пүрэв гаригт тохиосон,  үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлын өдөр шилжүүлэх тухай “ 337 дугаар тогтоолоор 2018 оны 11 дүгээр сарын 09-ний Баасан гаригийн ажлын өдрийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөрт шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн амралтын хугацааг ажлын 29 хоногоор тоолоход 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл   байна.

Хариуцагч нь  маргаан бүхий захиргааны актыг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу  нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байсан өдөр гаргасан, ээлжийн амралтын өдөр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дууссан боловч үргэлжлүүлээд 14 хоног  эмнэлгийн магадлагаатай байсан, хэрэгт авагдсан  эмнэлгийн магадлагааг болон бусад эмнэлгийн бичиг баримтуудыг  эрх бүхий байгууллагаас хуурамч  гэж тогтоогоогүй тул нэхэмжлэгчийг тухайн үед хуульд заасан үндэслэлээр чөлөөтэй байсан гэж үзэх үндэслэлтэй.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн  6-д “ Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”,  35.1.2-т “... ээлжийн амралттай байгаа”, 35.1.3-т “...эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэж тус тус заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд болон эмнэлгийн магадлагаатай байх үед ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгчийн цалин хөлс авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс дүгнээд маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “А.Дыг ажлаас чөлөөлөх тухай”  Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч А.Ды эмчийн магадлагааны хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дуусах ёстой ба дээрх байдлаар хууль зөрчиж ажлаас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор  түүний 14 хоногийн цалин хөлс авах эрх сэргээгдэх боловч харин ажилд эгүүлэн тогтоох үр дагавар үүсэхгүй, хариуцагч нь  маргаан бүхий ажлын байрыг хэвээр хадгалах хуульд заасан үндэслэл нь арилсан хугацаанд нэхэмжлэгчийг чөлөөлөх захирамжийг зөвтгөж дахин гаргаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхээр хангах боломжтой болохыг  дурдах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 4.665.043 төгрөг гаргуулахыг хүссэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг  хэрэгт авагдсан НДД№0004679 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр[11] дэх  бичилтийг үндэслэн  857.136 төгрөгийг олгохоор,  мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар 14 хоногийн цалинд ногдох хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг  хэрэгсэхгүй болгосон тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 24 дүгээр зүйлийн 24.1.1-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” бол төрийн албанаас чөлөөлөхөөр тус тус заажээ.

Нэхэмжлэгч А.Д нь 1957 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбараар[12] нотлогдож байгаа ба  маргаан бүхий захиргааны акт гарах үед 61 нас, 7 сар, 20 хоногтой байсныг нь  тэтгэвэр тогтоолгох хуульд заасан  насанд хүрсэн  гэж  шүүхээс дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь   Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  даатгуулагч нь  нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна, 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар 65 нас хүртэл ажиллах хүсэлтээ Засаг даргад өгсөн, шийдвэр гаргаагүй гэж маргасан.

Маргаан бүхий албан тушаалд 2016 оны 09 дүгээр сарын 05-нд   томилохоос өмнө 2016 оны 09 дүгээр сарын 02-нд нэхэмжлэгч нь томилох эрх бүхий этгээдэд маргаан бүхий албан тушаалд 2 жилийн хугацаагаар  ажиллах өргөдлийг[13], дараа нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 65 нас хүртэл ажиллуулах хүсэлтээ[14] тус тус гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах дээд хязгаар хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана...” гэж заасан.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч нь 60 нас хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл  төрийн алба хаах  насны дээд хязгаар  буюу 65 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд  гаргана, харин тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь 65 нас хүртэл ажиллуулах эсэхийг  ажлын зайлшгүй шаардлага,  тухайн албан хаагчийн мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй ба хүсэлт гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг заавал үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хүлээхгүй.

 Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудаар төрийн жинхэнэ албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлийг нарийвчлан зохицуулсан,  эдгээр зохицуулалтуудыг баримтлан өөрт   олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч А.Дыг   өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн, цаашид үргэлжлүүлэн ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг нь хууль бус гэж үзэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний хугацаа дуусаагүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлүүдээр  түүнийг маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоох   хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагчаас  тухайн үед  шийдвэрлээгүй орхигдуулсан нь хариуцагчийн алдаа боловч  энэхүү  эс үйлдэхүйг  нэхэмжлэгчийг 65 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм.

 Нэгэнт нэхэмжлэгчээс гаргасан  маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоох үндсэн шаардлагыг хангах боломжгүй тул уг албан тушаалд Т.Ныг түр томилсон аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/44 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан  хугацааны цалин хөлс гэж илүү нэхэмжилсэн 3.807.907 төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч А.Даас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны олговор 857,136 төгрөгийг аймгийн Орон нутгийн өмчийн газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, олговорт ногдох хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Орон нутгийн өмчийн газрын даргаар эгүүлэн тогтоолгох, илүү нэхэмжилсэн олговор 3.807.907 төгрөгийг гаргуулах, илүү нэхэмжилсэн олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     З.ГҮЛБАРША

 

 

 

 

 


[1] Хэргийн 7 дугаар хуудас

[2] Хэргийн 8 дугаар хуудас

[3] Хэргийн 6 дугаар хуудас

[4] Хэргийн 28 дугаар хуудас

[5] Хэргийн 29 дүгээр хуудас

[6] Хэргийн 30 дугаар хуудас

[7] Хэргийн 53 дугаар хуудас

[8] Хэргийн 80-81 дүгээр хуудас

[9] Хэргийн 162-164 дүгээр хуудас

[10] Хэргийн 156 дугаар хуудас

[11] Хэргийн 159 дүгээр хуудас

[12] Хэргийн 21 дүгээр хуудас

[13] Хэргийн 47 дугаар хуудас

[14] Хэргийн 23 дугаар хуудас