Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0648/З |
Дугаар | 221/МА2022/0772 |
Огноо | 2022-12-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0772
И.Цгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,
Нэхэмжлэгч: И.Ц,
Хариуцагч: Хил хамгаалах ерөнхий газрын дарга,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 638 дугаар шийдвэр,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дугаар тушаалын 1 дэх заалтыг илт хууль бусад тооцуулж, ... биеийн эрүүл мэндээр гэж засвар оруулах, 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгуулахыг тус тус хариуцагчид даалгах”,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 128/2022/0648/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 638 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч И.Цгийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дугаартай тушаалын 1 дэх заалтыг илт хууль бусад тооцож, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дахь хэсэг, мөн хэсгийн 2, 3 дахь заалт, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “тушаалд биеийн эрүүл мэндээр гэсэн засвар оруулах, 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг аваагүй хохирлыг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1.Шүүхээс гарсан шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 4.3. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дүгээр тушаалаар И.Цг “цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэх үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлөх үед тэрээр 39 нас, 9 сартай байж, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байсан тул энэхүү тушаалын 1 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” шийдвэр мөн байна” гэсэн атлаа мөн хэсгийн “... 4.6.Нэхэмжлэгч нь илт хууль бус захиргааны актын улмаас “хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх зөрчигдсөн” гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна”, “4.21.Нэхэмжлэгч И.Ц нь өвчний улмаас, биеийн эрүүл мэндээр цэргийн албанаас чөлөөлөгдөх ёстой байсан гэх үйл баримт нь шүүхэд нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, түүнд 2015 оны 01 дүгээр сараас хувь тэнцүүлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрх хуульд зааснаар үүсээгүй болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны авах ёстой байсан тэтгэврийг гэм хорын хохирлоор нөхөн олгуулахыг Хил хамгаалах ерөнхий газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн нь өөр хоорондоо зөрчигдсөн шинжтэй үндэслэлгүй шийдвэр болжээ.
2.2.Учир нь 2006 онд гарсан дээрх илт хууль бус тушаалын улмаас И.Ц нь 17 жил 6 сар хилийн цэрэгт ажиллаж байгаад /2018 оны Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр/ өнөөдөр 55 нас хүрсэн хэдий ч хувь тэнцүүлсэн тэтгэврээ авч чадахгүй, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхтэй нь холбоотойгоор үүссэн тэтгэвэр тэтгэмж тогтоолгон авах хууль ёсны эрх нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөөр өнөөдрийг хүрч байгаа юм.
2.3.Шийдвэрийн “... 4.10.Нэхэмжлэгч И.Ц цэргийн албанаас хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахдаа, өргөдөлдөө өөрийгөө “1960 онд төрсөн” гэж, бас “өвчний учир” гэж бичсэн нь илт худал мэдээлэл байсан гэж үзлээ” гэж дүгнэж буй нь үндэслэлгүй юм.
2.4.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан байх тул уг үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй юм.
2.5.Шийдвэрийн “4.13.Нэхэмжлэгч нь эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гаргуулж байгаагүй, ийм баримт байхгүй, гаргаж өгөөгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт, тайлбараараа няцааж чадаагүй болно” гэж дүгнэсэн боловч хариуцагч талаас тухайн баримтыг шаардсан талаарх нотлох баримтыг мөн адил гаргаж өгөөгүй тул энэхүү дүгнэлт нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэхээр байна.
2.6.Нэхэмжлэгч И.Ц нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэсэн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан хэдий ч Хил хамгаалах ерөнхий газрын буруутай үйл ажиллагааны улмаас хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөөр байгаа тул түүний хууль ёсны эрхийг сэргээн эдлэх боломжийг хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг үндэслэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 638 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгчээс Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 дүгээр тушаалын 1 дэх заалтыг илт хууль бусад тооцуулж, ... биеийн эрүүл мэндээр гэж засвар оруулах, 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгуулахыг тус тус хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгчээс “тушаал гаргахдаа хариуцлагагүй хандаж, уг тушаалын 1 дүгээр заалтыг “цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн” гэж утга агуулгын илэрхий алдаатай гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргаад гадаад улсад эмчилгээ хийлгэхээр явсан, маргаан бүхий актаас шалтгаалж тэтгэвэр зогсоох талаар мэдэгдсэн нийгмийн даатгалын байцаагчийн акт гарсан, 1 жил авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх нийгмийн даатгалын байцаагчийн акт гарсан, 17 жил 6 сар хилийн цэрэгт алба хаасан байтал өнөөдрийг хүртэл тэтгэвэргүй, амьдралын эх үүсвэр, амьжиргаагаа залгуулах боломжгүй болсон” гэж маргадаг.
3.Харин хариуцагчаас “тушаалын 1 дүгээр заалтад “цэргийн алба хаах нас хэтэрсэн тул” гэж илэрхий алдаа гаргасан байна, захиргааны акт алдаатай гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа, өөрийн хүсэлтээр гэсэн хэсгийг засаж өгөх боломжтой, эрүүл мэндийн шалтгаанаар гэж засах боломжгүй, цэргийн эмнэлгийн эмч нарын дүгнэлт, холбогдох материалыг хавсаргаж өгөөгүй, өргөдөл дэх насыг хараад цэргийн алба хаах нас хэтэрсэн гэсэн үндэслэлээр тушаал гаргаж хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоосон” гэж тайлбарлажээ.
4.Анх нэхэмжлэгчээс 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт хандан “И.Ц би 1960 онд төрсөн... Цаашид биеийн байдалдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай тул намайг хувь тэнцүүлж цэргийн албанаас тэтгэвэрт гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг[1] гаргасан.
5.Түүний хүсэлтэд “И.Ц-гийн эрүүл мэндийн байдлыг харгалзан эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул цэргийн албанаас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй болохыг илтгэе” гэж холбогдох эрх бүхий этгээдээс цохолт өгчээ.
6.Нэхэмжлэгч И.Ц-гийн гаргасан хүсэлтийг үндэслэн маргаан бүхий Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “И.Ц-г цэргийн албанаас халж тэтгэвэр тогтоолгох тухай” 540 дүгээр тушаалаар[2] 0*** дүгээр ангийн бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч И.Ц цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн тул 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлж, цэргийн албанаас халж, цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлж тогтоолгохоор материалыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт шилжүүлж, мөн И.Ц-д 15 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг зөвшөөрчээ.
7.Уг маргаан бүхий акт гарснаас хойш 9 жилийн дараа нэхэмжлэгчээс 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт[3] гаргасны дагуу Нийгмийн даатгалын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар тэтгэвэр тогтоолтын хуудсаар[4] цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэврийг тогтоожээ.
8.Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Илүү олгогдсон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 000119 дүгээр актаар[5] “Хил хамгаалах газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 540 тоот тушаалаар “*** дүгээр ангийн бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч И.Ц цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн тул 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлж, цэргийн албанаас халсан” байна.
Тухайн үед И.Ц нь 1967 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 39 настай байсан тул цэргийн албанаас чөлөөлсөн үндэслэл нь “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалт “Цэрийн алба хаах нас хэтэрч” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэж 2015 оны 03 дугаар сарын 13-наас 2016 оны 03 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд үндэслэлгүй олгогдсон 2,670,967 төгрөгийг И.Ц-гээр төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.
9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж заасан.
Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх” гэжээ.
10.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.”, 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.” гэж тус тус зохицуулсан.
11.Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд захиргааны шүүхээс захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосон тохиолдолд уг илт хууль бус актын улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол /субьектив эрх/ хамгаалагдаж, сэргэсэн байхыг хамтад нь шаардана.
Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий акт нь илт хууль бус болох нь тогтоогдсон байсан ч уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тохиолдолд түүнийг шүүхээс илт хууль бус гэж тогтоох хууль зүйн үндэслэлгүй, энэ нь хуулиар олгосон захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээ хязгаартай холбоотой юм.
12.Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий 540 дүгээр тушаалыг хэсэгчлэн буюу 1 дэх хэсгийг тодруулбал, тушаалын “0151 дүгээр ангийн бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч И.Ц цэргийн жинхэнэ алба хаах нас хэтэрсэн тул 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлж, цэргийн албанаас халсугай” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон.
Харин “биеийн эрүүл мэндээр гэж засвар оруулах, 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгуулахыг тус тус хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон.
13.Шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий актын 1 дэх хэсэг илт хууль бус болсноор тус акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болох тул энэхүү шүүхийн шийдвэрийн улмаас “*** дүгээр ангийн бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч албан тушаал”-аас нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн эсэхтэй холбоотой нөхцөл байдал, тодруулбал нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй болсон эрх зүйн үр дагавар бий болжээ.
14.Дээрхээс гадна нэхэмжлэгчээс маргаан бүхий актын утга агуулгыг зөвтгөж засуулах, уг актын улмаас зөрчигдсөн гэж үзэж буй “тэтгэврээ тогтоолгох, тэтгэврээ нөхөн олгуулах” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс тусад авч үзсэн нь үндэслэлгүй байна.
15.Нэхэмжлэгчээс “биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргаад гадаад улсад эмчилгээ хийлгэхээр явсан, маргаан бүхий актаас шалтгаалж тэтгэвэр зогсоох талаар мэдэгдсэн нийгмийн даатгалын байцаагчийн акт гарсан, 1 жил авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх нийгмийн даатгалын байцаагчийн акт гарсан” гэж маргаж байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой холбогдох баримтыг цуглуулаагүй, маргаан бүхий актад “цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлж тогтоолгохоор материалыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт шилжүүлж” гэж дурдсаны дагуу 2006 онд ийнхүү тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохоор хариуцагч холбогдох этгээдэд шилжүүлсэн эсэх, нэхэмжлэгч тухайн үед тэтгэврээ тогтоолгоогүй уг акт гарснаас хойш 9 жилийн дараа 2015 онд тэтгэвэр тогтоолгох хүсэлт өгсөн нөхцөл байдлыг тогтоогоогүй, хариуцагчаас актыг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг дахин тодруулж, хариуцагчийн зөвшөөрлийг шүүхээс батлах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна.
16.Иймд анхан шатны шүүхээс “биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргасан, гадаад улсад эмчилгээ хийлгэхээр явсан” гэх нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн үед нэхэмжлэгч холбогдох биеийн эрүүл мэндийн байдлыг нотлох баримтыг өргөдөлтэйгөө хамт гаргаж өгсөн эсэх, хариуцагч уг баримтыг нэхэмжлэгчээс шаардсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгчээс болон хариуцагчаас шаардан гаргуулах, уг цаг хугацааны байдлаас шалтгаалж уг нөхцөл байдал тогтоогдох боломжгүй гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тохиолдолд тухайн үед нэхэмжлэгчийн биеийн эрүүл мэндийн байдал нь хуульд заасан чөлөө авах үндэслэлд хамаарах эсэх, гадаадад эмчилгээ хийлгэхээр явсан эсэхтэй холбоотой баримтыг цуглуулах шаардлагатай.
Мөн нэхэмжлэгчээс биеийн эрүүл мэндийн улмаас ажлаас чөлөөлөх маргаан бүхий актыг гаргах ёстой байсан гэж маргаж байгаа атлаа маргаан бүхий актаар 2006 онд түүний тэтгэврийг тогтоож, холбогдох байгууллагад шилжүүлсэн байхад үүнээс хойш яагаад 9 жилийн дараа 2015 онд тэтгэврээ тогтоолгох хүсэлтийг гаргасан нь ойлгомжгүй, тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй байх тул үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дахин тодруулах, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэж, маргаан бүхий актыг зөвтгөх боломжтой эсэх нөхцөл байдлыг тодруулсны дараа хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 638 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ