Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0073/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч А.А,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Гт холбогдох эрүүгийн 2118000000071 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Г /РД: /, 1977 оны 4 дүгээр сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн ............... хотхоны ** дүгээр байрны ** тоотод согтуурсан үедээ А.Атай маргалдан хоолойг нь боож, нүүр рүү нь гараар цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга хэсэгт цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, шуу, баруун шуунд цус хуралт, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Гийн өгсөн: ... А 1 шил 0,75 граммтай архи авч ирсэн. Манайд 2 шил архи байсан. Түүнээс нэгийг нь задлаад бараг уугаагүй байсан. Тэгээд бид хоёр маргалдаад А ширээн дээр мах идэж байсан хутга аваад надад өгч байгаа юм шиг биш, маш эвгүй, хүүхэд байхгүй байсан бол намайг алах гэж тэр хутгыг авсан гэж би бодож байгаа. А гутлаа өмсөж байгаад эргэж хараад намайг барьж авсан, би гарыг нь тавиулах гэтэл үгийн зөрүүгүй хүзүүнээс хазсан. Баруун гараараа тохойлдож түлхээд ноцолдсон. Бид хоёрыг чанга дугараад байхаар манай хүүхэд цаад өрөөнөөс гарч ирсэн. Тэхэд А “май ахын дүү энэ хутгыг ав” гээд өгсөн. Ноцолдож байгаад босож ирэхэд Агийн хамраас цус гарчихсан байсан. Цусыг нь угаагаад харахад Аын хамар нь мурийсан байсан. А нь манайд зүгээр хамартай орж ирсэн. Энэ бол миний буруу. Түүнээс хойш надаас “хамраа янзлуулах гээд “Сонгдо” эмнэлэг дээр байна, 5.000.000 төгрөг өг” гэж над руу ярьсан. Гэтэл удаагүй Дарханы цагдаагаас залгаад гомдол ирсэн байна гэсэн. Би найзынхаа хамрыг цохисондоо гэмшиж байгаа, уучлал гуйгаад зурвас бичихээр хариу бичдэггүй. Цаашид миний буруугаас учирсан хохиролтой холбоотой зардал гарвал би хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

Хохирогч А.Аын өгсөн: ...Г гэнэт “...чи манай дүүд туслаагүй” гээд босоод ирсэн. Намайг “гадаа гаръя, алалцъя” гэсэн. Г урьд нь над руу хутга барьж дайрч байсан удаа байгаа, үүнийг ах нь ч мэдэж байгаа, би дуугүй өнгөрөөсөн. Би тухайн өдөр хутгыг нь аваад далд хий гээд хүүхдэд нь зүгээр өгсөн. Тэгээд би гутлаа өмсөх гэж байхад араас ирж барьж аваад намайг боож унагаад цохисон, дээрээс дарчхаад босгохгүй байхаар нь хүзүүнээс нь хазсан нь үнэн. Би “Бид” эмнэлэг ороод хамрыг маань сөхөж байгаад ажилбар хийсэн. Эмч гайгүй гэхээр нь би Г руу “гайгүй” гэж зурвас бичихэд Г эсрэгээрээ “...намайг ингэлээ, тэглээ, ална, хядна” гэсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд цагдаад хандсан. Би 4, 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Хэргийн материалд хавсаргасан бодит хохирол 342.150 төгрөгөө нэхэмжилж байгаа. Би Г руу “Сонгдо” эмнэлгийн гадаа байна. Чи надад 5.000.000 төгрөг шилжүүл” гэж яриагүй. Харин “чи “Сонгдо” эмнэлгээс судлаад үз” гэж хэлсэн. Г согтуу байгаад буруу ойлгосон байх гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Тгийн өгсөн: ...Цагдаагийн ерөнхий жижүүрт ирсэн дуудлагын дагуу очиход Хүслийн хотхоны 1 дүгээр байрны хамгийн наад талын орцны гадна 40 орчим насны эрэгтэй хамраас нь цус гарсан байдалтай хамар нь язарчихсан байсан. Юу болсон талаар асуухад “найзынхаа гэрт найзтайгаа маргалдаад хамар луугаа цохиулсан” гэж хэлсэн. Тэгээд би найзынх нь гэрийг заалгуулахад ........... хотхоны ** дүгээр байрны ** тоот байсан бөгөөд хаалгыг цохиход хаалгаа тайлж өгөөгүй... гэх мэдүүлэг /39/,

Гэрч Д.Бы өгсөн: ...Тэгээд Г утсаа цанга яригч дээр нь тавиад ярьтал эрэгтэй хүн мэнд ус мэдээд “Улаанбаатар хотод Сонгдо эмнэлэгт эмчилгээнд орох гэж байна. 5.000.000 төгрөг болох юм байна. Энэ мөнгийг чи надад гаргаж өг” гэж хэлсэн. Тэгэхэд Г тэр залууд “чи миний хүүхдийн хажууд над руу хутга бариад дайрахаар чинь би чамайг болиулах гэж түлхсэн. Хоёулаа адилхан эр улсууд зодоон цохион болоогүй” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

Насанд хүрээгүй гэрч Г.Чий өгсөн: ...Эхэндээ А ах манай аав хоёр юм яриад нам гүм байснаа сүүлдээ хоорондоо хэрэлдээд чанга яриад байхаар нь жижиг өрөөнөөс гараад харахад А ах хутгаа толгой дээрээ барьчихсан байдалтай байсан. Тэгээд А ах барьж байсан хутгаа надад өгөөд “нуучих” гэхээр нь би жижиг өрөөнд нуусан. Тэгээд би гарч ирээд харахад А ах, аав хоёр үүдний өрөөнд ноцолдоод аав түрүүлж унаад А ах дээрээс нь унаад тэгээд босож ирэхдээ А ахын хамраас цус гарчихсан, аавын хүзүүнээс цус гарчихсан босож ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Гэрч Б.Бы өгсөн: 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бага зэргийн согтолттой, биеэ авч явах чадвартай, 40 орчим насны эрэгтэй, хамраас нь цус гарсан, хамрын баруун талд 2.5 сантиметр язарсан, зүүн талаасаа цөмөрсөн хугаралтай, хамар баруун тийш мурийсан хүн манай эмнэлэгт ирсэн. Тухайн хүний хамрын хугарлыг тэгшлээд чихээс хийгээд зөвлөгөө өгөөд явуулсан. А нь одоо хамрын хугарал тэгшлэх хамрын амьсгал сэргээх хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Үнийн хувьд манай эмнэлэгт 500.000-600.000 төгрөгөөр хийдэг хагалгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

Хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, ............... хотхон ** дүгээр байр, ** тоот бөгөөд хохирогч анх сууж байсан, Гт зодуулан газарт унасан, зодуулж гар нүүрээ угаасан гэх газруудыг зааж харуулав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/,

Хохирогч А.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн түүний хамар гэмтсэний дараах гэрэл зураг, шүүгдэгч Б.Гтой харилцсан зурвас /хх-ийн 12-16/,

Шүүгдэгч Б.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн хохирогч А.Атай харилцсан зурвас /хх-ийн 20/,

Хохирогч А.Аын эмчилгээтэй холбоотой 342.150 төгрөгийн баримт, толгойн томографын зураг /хх-ийн 23-25/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 150 дугаартай “Б.Гийн биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/,

Б.Гийн хүзүүний баруун талд хазагдсан тав тогтсон шархтай гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-54/,

Шүүгдэгч Б.Гийн хүзүүнд үүссэн хазагдсан шарх бүхий гэрэл зураг /хх-ийн 55/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 148 дугаартай “А.Аын биед хамрын хянга хэсэгт цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, шуу, баруун шуунд цус хуралт, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/,

А.Аын хамар ясны зүүн хажуу хананд болон хянга хэсэгт цөмөрсөн хугаралтай. Хамрын таславч урд 1/3 хэсгээр ялимгүй зөрүүтэй хугаралтай гэх “Саран элит” клиникийн эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 61/,

А.Аын хамрын хэлбэр муруй, таславч зүүн тийш муруй, хамар зүүн талд цөмөрсөн хугаралтай, баруун талд 2.5 сантиметр орчим зүсэгдэж язарсан шархтай гэх нүүр амны их эмч Б.Баярсайханы тодорхойлолт /хх-ийн 62/,

А.Аын хамрын баруун талд язарсан шархтай, хамар мурийсан, хавдсан гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 63-64/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн ............... хотхоны ** дүгээр байрны ** тоотод согтуурсан үедээ А.Атай маргалдан хоолойг нь боож, нүүр рүү нь гараар цохиж эрүүл мэндэд нь хамрын хянга хэсэгт цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, шуу, баруун шуунд цус хуралт, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тул шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Хохирогчийн нэхэмжилсэн 400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид хохирогчийн хамрын эмчилгээтэй холбоотой зардал гарвал нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гийн гэрт буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн ............... хотхоны ** дүгээр байрны ** тоотод 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хохирогч А.А ирж, тэд архи уусан. Ингэхдээ хоорондоо маргалдаж, харилцан ноцолдсоноор хохирогч А.А нь шүүгдэгч Б.Гийн хүзүүг хазаж зулгаралт үүсгэсэн, шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Аын эрүүл мэндэд нь хамрын хянга хэсэгт цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, шуу, баруун шуунд цус хуралт, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Аын эрүүл мэндэд хамрын хянга хэсэгт цөмөрсөн хугарал, хамрын таславчийн зөрүүтэй хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, шуу, баруун шуунд цус хуралт, хамрын нуруу, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч А.А нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 342.150 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгчээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

Шүүгдэгч Б.Г нь хохирол төлбөрт 400.000 төгрөг төлсөн болох нь хохирогчид хохирол төлбөр хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болох нь дурдвал зохино.

Харин хохирогч А.А нь цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.Г нь бага насны хүүхэдтэйгээ хамт амьдардаг өрх толгойлсон эцэг, эрхэлсэн тодорхой ажилгүй боловч хүний бараа зөөж 400.000 төгрөгийн цалин хөлс олдог. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдож байгаа тул торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Г нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хүү Б.Чий хамт амьдардаг, нийгмийн даатгалын сайн дурын даатгал төлдөг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 85-92/, Б.Чий төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 93/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ий 94/, багийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 193 дугаартай албан бичиг /хх-ийн 95/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 96/ зэргээр нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гт оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР