Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2021/0058/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Б.А,

Шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Ц.Л-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ц.Л,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Л  нь согтуурсан үедээ 2020 оны 01 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих Дархан-Уул аймгийн Дархан сум, 9 дугаар баг, ........ тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Б.А-ийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, дал, баруун шуунд цус хуралт, баруун дал, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.А-гийн “...манай нөхөр 00 цагийн үед нилээд согтуу орж ирсэн. Орж ирэнгүүтээ хэрүүл маргаан хийж агсамнаж байгаад 02 цагийн үед хэрүүл улам даамжирч том өрөөний буйдан дээр сууж байхад үсдэж татаж босгоод буйдан руу 2-3 удаа түлхэж унагасан. Тэгэхээр нь би түүнийг яах гээд байгаа юм бэ гээд цээж рүү нь түлхсэн чинь манай нөхрийн зүүн гарын шуу хэсэг нь миний хумсанд маажигдчихсан. Тэгсэн чинь чи муу яах гээд байгаа юм бэ гээд миний цээж болон толгой руу гараа атгаж байгаад олон удаа цохиж зодсон. Би яг хэдэн удаа цохисоныг хэлж мэдэхгүй байна. Ингээд намайг олон удаа толгой, цээж рүү цохисных нь дараа уур хүрч юнивишний кабель утсыг сугалж татаж аваад нөхрийнхөө гар руу нь 2-3 удаа ороолгосон. Тэгсэн чинь Ц.Л тухайн кабель утсыг гараараа барьж аваад толгойг минь доош нь дарж гараараа цохиод байсан. Тэгэхээр нь доошоо харчихсан байхдаа зүүн гарынх нь шуунаас хазчихсан. Тэгсэн чинь миний толгойг дарсан байсан гараа тавихад нь би зугтаад ванны өрөө рүү орж цоожилсон чинь араас хүрч ирээд хаалгыг гадна талаас нь хэд хэд хүчтэй угзарч татахад хаалганы цоож эвдэрч, бариул нь хугараад уначихсан. Би босож ирээд жижиг өрөө рүүгээ ороход бас араас хүрч ирээд  дахин үсдэж аваад буйдан руу түлхэж унагаасан. Энэ байдлаар 4-5 удаа намайг үсдэж татаад буйдан руу түлхэж унагаасан. Тэгж байхдаа бөөлжис нь хүрээд ванны өрөө рүү бөөлжихөөр явж улмаар намайг зодохоо больсон. Тухайн үед миний охидууд болох 11 настай С, 5 настай Ө “болиоч ээ” гээд уйлаад байхад тоохгүй намайг зодсонд гомдолтой байна. Нөхөр Л зодуулснаас болж миний ар нуруу шалбарсан, хоёр хацар хавдсан, толгойн орой, дагз хэсгээр их өвчтэй, баруун гарын шуу орчимд хөхөрч цус хурсан байдалтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

 

Насанд хүрээгүй гэрч Л.С “...ээжийг гаргаж явуулахгүй гээд аав, ээж хоёр хоорондоо маргалдаад, зодолдоод байсан. Тухайн үед аав ээж хоёр хоёулаа бие биеэ цохиод, маажилцаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Гэрч Б.С “...шөнийн 03 цагийн орчимд миний төрсөн эгч Б.А залгаад манай нөхөр Лхагвадорж намайг зодоод байна гээд ярихаар нь одоо тэгээд хаана байгаа юм бэ гэж асуухад Б.Аэгч гэрээсээ гараад ирлээ гэж ярихаар нь тэгвэл манайд гэрт хүрээд ир гээд дуудахад удалгүй манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад Лхагвадорж согтуу гэртээ орж ирчхээд намайг элдэв үгээр хэлээд цохиж зодсон гэж хэлсэн. ....Тухайн үед Б.А эгчийн хоёр хацар нь бага зэрэг хавдчихсан, баруун дал, баруун гарын шуу хэсэгт цус хуралт үүсчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Гэрч О.Б “... юу болсон талаар асуухад Б.А эгч өөрийн нөхөр болох Л гэртээ согтуу орж ирчхээд хэрүүл маргаан үүсгээд цохиж зодоод байхаар нь арай гэж аргалж унтуулчхаад гараад ирлээ гэж хэлээд ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай “Б.А биед тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, дал, баруун шуунд цус хуралт. Баруун дал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн хүчин үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хуудас \хх-ийн 20-21\

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 5 оноо буюу дунд түвшинд байна гэх дүгнэлт /хх-ийн 52-53/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Ц.Л, хохирогч Б.А нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Л нь үл яли зүйлээс шалтаглан хэрүүл маргаан үүсгэж улмаар үснээс нь зулгаах, түлхэж унагаах, олон удаа толгой, цээж рүү цохих зэргээр хэрцгийгээр зодож буй үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Лхагвадоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.А нь эрүүл мэндэд гэм хор учирсны хохирол нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Лхагвадоржоос гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, хохирогчийн “бага хэмжээгээр торгож өгнө үү гэх” хүсэлт зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Ц.Л-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С овогт Ц.Л-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГЭРЭЛТ-ОД