Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0072

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0065/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт А.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018004880085 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,1996 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Эм Жи Эл сүши” ХХК-д ахлах тогооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хөтөл, ........ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт А.Э,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Э нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2-р баг, 7-р бригад гэх газарт иргэн И.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч И.Б “...Би эмчилгээний зардал гэж 800,000 төгрөг, 3 портер өвс авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Гэрч Ч.Ц “...Би 2020 оны 10-р сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Төмсөн толгой гэх газар И.Б хүнд зодуулчихлаа гэхээр нь ганцаараа гэрээсээ очтол толгой хэсэг нь хагарсан, цус гарсан байсан газарт сууж байсан. Би юу болсон талаар асуухад хэдэн хүмүүстэй муудалцаад зодуулчихлаа гэсэн, би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Гэрч Г.М “...Э над руу залгаад би Б гэх хүнийг цохисон юмаа, одоо байцаагч дээр хэзээ очиж үнэнээ хэлэх вэ? гэж ярьсан, шинжилгээ өгөөд байцаагч дээрээ бүгдээрээ Дархан очиж уулзаж хэлье, за тэгий гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

 

Гэрч Г.З “...Би өвс хийж байгаа бригад дээр ажиллаж байсан чинь манай хамт ажиллаж байсан залуу М хүрээд ир гэж дуудсан, вонго машинтай Зоригоо ах суугаарай гэхээр нь машинд суугаад очсон чинь хоорондоо зодолдсон байдалтай Б гэх хүний толгойноос цус гарсан байсан, тэр Б гэх хүн үсчээд байсан би сайн ойлгоогүй тэгээд тарцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Гэрч Ш.Ж “...Би 7-р бригад гэх газарт нэг том машинтай 600 боодол өвс ачиж дуусаад байрлаж байсан гэртээ ирээд байж байсан чинь М дуудаад хүрээд ир, зодоон болох гэж байна гээд Н хэлсэн. Вонго машинтай очтход согтуу, толгой нь цус болсон шалдан ах үсчээд дайраад байсан. М, Б хоорондоо зууралдаад Н салгасан, нэг бүдүүн ах Б ахыг дараад авсан, та нар явцгаа гэсэн тэгээд бүгд машиндаа суугаад явсан М араас ирсэн өөр зүйлгүй тарцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

Гэрч О.Б “...Би 7-р бригад гэх газарт 600 боодол өвс ачиж дуусаад байрлаж байсан гэртээ ирээд цаашаа яваад машинаа чирж асаах гээд байсан чинь М дуудаад байна гэж Н хэлсэн, тэгээд бид нар очиход М, Б гэх хүн хоорондоо зууралдаад Н салгасан Б гэх согтуу толгойн баруун шанаанаас цус гарч байсан. М ахыг салгаад гэртээ ирсэн өөр зүйл болоогүй, цусаа гойжуулж байсан ах утсаар яриад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

Гэрч Т.Э “...Мэндбаяр ах нэг ахтай маргаад хэрэлдээд байж байсан, би очоод М ахыг болиулах гэсэн чинь намайг М ах түлхээд холдуулсан, нөгөө Б гэх ахыг салгах гэсэн чинь намайг татаад газар унагасан, тэгтэл манай найз Э машины ачаан дээрээс бууж ирээд Б ахын толгой хэсэгт өшиглөсөн чинь толгойноос нь цус гараад газар хэвтээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

 

Гэрч Г.Н “...Э над руу залгаад би Б гэх хүнийг цохисон юмаа, толгой руу нь өшиглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 889 дугаартай “...И.Б биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны шарх, баруун шанаа, бугалган дахь цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. И.Б биед илэрсэн гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой. И.Б биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 45-46/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т овогт А.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай. 

 

  1.  Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГЭРЭЛТ-ОД