Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2021/0078/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018004920024 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Д-д туслах ажилчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум... түр оршин суудаг гэх, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг .... орших хаягтай, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сар, 145-р зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хугацаагаар хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил, 5 сар, 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, А.Б, РД:,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчим Б.Г-ны хүсэлтийн дагуу түүний Д.Н-оос худалдан авсан***** улсын дугаартай Тоёота аксио маркийн тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-т  “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-т, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна, 3.4а эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.4б/ хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэх заалтуудыг зөрчин, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг, Малын удмын сангийн урд талын чулуулаг ихтэй шороон зам дээр хурдаа тохируулж яваагүйн улмаас осол гаргаж, уг тээврийн хэрэгслийн урд суудалд сууж явсан зорчигч Б.Г-ны эрүүл мэндэд сээрний 4.5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Г-ы “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр фейсбүүк дэх Дархан зарын группт жолооч авч явна гэж зар тавиад зарын дагуу тэр залууг олж авсан. Би нэрийг нь мэдэхгүй байна. Тэр оройгоо Дарханаас 16 цагаас 17 цагийн үед жолооч бид хоёр***** улсын дугаартай тоёота аксио маркийн машинтай гарсан. Машины жолооч залуу жолоодож явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

Гэрч Э.С-ын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 17 цаг 20 минутын үед Аксио королла ***** улсын дугаартай машинтай Улаанбаатар хот руу гарах гээд фейсбүүк зарын дагуу хот явах жолооч байна уу гэж зар тавьсан чинь нэг залуу ирээд би бариад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь аксио королла маркийн машинаа бариулаад явсан юм. Би түрүүлээд Хонгор суманд очоод бензин аваад нөгөө машинаа хаана явж байгаа талаар асуухад Дархан-2 өнгөрч байна гэж хэлэхээр нь хүлээж байтал удалгүй гар утас дуугарч нөгөө жолооч банди машины дугуй хагараад онхолдчихлоо гэж хэлэхээр нь би буцаж машин дээр очиж дотор явж байсан жолооч хажуу талд байсан зорчигчийг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

 

Гэрч Д.Н-ын “...Би***** улсын дугаартай Тоёота королла аксио маркийн тээврийн хэрэгслийг 2018 онд худалдаж аваад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Д.Г гэж хүнд 11,250,000 төгрөгөөр зарсан. Б.Г-ны дүү Э.С гэж хүний нэр дээр итгэмжлэл хийлгээд авсан юм. Б.Г миний данс руу 11,250,000 төгрөг шилжүүлсэн одоо надад ямар нэгэн мөнгөний үлдэгдэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

 

Шүүх эмнэлгийн 133090 дугаартай “...Б.Г-ны биед сээрний 4.5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/,

 

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №17 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 45-46/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 041 дугаартай  “...Техникийн хувьд бүрэн бүтэн, тухайн тээврийн хэрэгсэлд үйлдвэрийн зөвшөөрөгдсөн 185/70/R14 маркийн дугуй тавигдах байсанд 205/60R-16-тай дугуй тавьж зам тээврийн хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна. А.Б нь***** улсын дугаартай Тоёота аксио маркийн  хэрэгслийн баруун хойд дугуй ослын өмнө, хойно нөхцөлд хагараагүй, осол үйлдэгдэх үед хойд тэнхлэгийн баруун гар талын хойд дугуйны хий гарсан байна, ... ослыг зургаас харахад замын дээд хэсэг чулуулаг хөрстэй байсан, автомашины жолооны хүрдийг зүүн гар тал руу огцом дарснаас автомашины бүх жин төвөөс зугтах хүчний үйлчлэлээр баруун гар талын дугуйнуудад өгсөн. Тухайн үед жолооны хүрдийг зүүн гар тал руу дараастай, автозамыг хөндлөн огтолж хөдөлгөөн үргэлжлэх баруун гар талын хойд талын дугуйн хээний газарт тулах хэсэгт ямар нэгэн хатуу биет /чулуу, хатуу биет, тэгш биш гадаргуу, овгор хэсэг/ гэх мэт зүйлсэд тулснаас дугуй, дугуйны обуд хоёрын завсраар дугуйн хий гарч осол болоход нөлөөлсөн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54/,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн “...уг дугуйг авто засварын газар аваачиж хийлж үзэхэд хий орж, хий гарч байгаа эсэхийг усанд хийж үзэхэд хий гарахгүй байв” гэх тэмдэглэл /хх-ийн 21-22/,

 

       Гэмт хэргийн талаарх гомдол мэдээл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-19/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухайн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20/,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 21-22/ болон хэрэгт авагдсан бусад  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.3 дэх хэсэгт “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгохоор заасан.

 

Иймд шүүгдэгч А.Б-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгмийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Г нь ослын улмаас учирсан хохирлыг үнэлгээг  2,160,000 төгрөгөөр тогтоосон “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/, мөн “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн учирсан хохирлыг үнэлгээг  360,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн нэмэлт дүгнэлт /хх-ийн 121-122/-ийн дагуу эд хөрөнгөд учирсан хохиролд 2,520,000 төгрөг баримт нэхэмжилснийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч А.Б нь бүрэн хэмжээгээр төлөхөө илэрхийлж, гэм буруугийн шүүх хуралдааны дараа 500,000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн байх тул шүүгдэгчээс  үлдэх 2,020,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Ослын улмаас хохирогч Б.Г-ы биед сээрний 4.5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдох баримтаа ирүүлээгүй боловч уг зардлаа гэм хор учруулсан этгээдээс хэдийд ч нэхэмжлэх эрхтэй тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №17 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар /хх-ийн 45-46/ дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн боловч энэ нь осол гарахад шууд нөлөөлсөн байдал тогтоогдохгүй, уг тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн талаар бүртгэгдээгүй боловч***** улсын дугаартай Тоёота аксио маркийн автомашиныг Д.Н-оос хохирогч Б.Г эзэмшилдээ шилжүүлэн авч өөрийн хүсэл зоригийн дагуу А.Б-аар жолоодуулсан байх тул энэ хэрэгт Д.Н-ыг иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь үндэслэлгүй байна

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэмжээг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна..

 

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч А.Б-ыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар, 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялд 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг багтааж, нийт эдлэх ялыг 05 жил 01 сарын тогтоож шийдвэрлэсэн байх ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ХМШЗ/26 дугаартай шүүгчийн захирамжаар А.Б-ыг 01 жил, 06 сар, 14 хоногийн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, уг хугацаатай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ, 5 дахь хэсэгт “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч А.Б нь хэдийгээр хяналт тогтоосон хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх боловч уг гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг хамаарч байгаа, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчид хамгаалах бүс зүүхийг сануулсан боловч уг сануулгыг хүлээн авалгүй хамгаалах бүс хэрэглэлгүйгээр зорчиж явсан нь ослын улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учрахад нөлөөлсөн зэрэг байдлыг харгалзан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

 

Шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, орлого олох боломжтой, орлогын хэмжээ зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 205 /60/R16 хэмжээтэй  1 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Б-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 60,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-аас 2,020,000 /хоёр сая хорин мянга/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот, ***** тоотод оршин суух Г.Б /РД: , утас /-д олгож, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 205 /60/R16 хэмжээтэй  1 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Г-д буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГЭРЭЛТ-ОД