| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2021/0071/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0076 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0071/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Хохирогч П.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт С.Ст холбогдох 2118000000090 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт С.С /РД:/, 1979 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс казак, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, Урьд:
-1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
-2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.С нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн ** дүгээр байрны ** тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Бийн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун талын нэг хавирганы хугарал, нүүр, хүзүү, нуруу, зүүн гар, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч С.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Март тэмдэглэхээр орой гарч явсан юм. Би 10 цагийн үед залгахад одоо очлоо гээд ирээгүй, 12 цагийн үед дахин залгахад утас нь холбогдоогүй. Тэгээд өглөө 6 цагт ирсэн.
...Гараараа цохисон, аяга авч шидсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч П.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би баяр тэмдэглэж гадуур хоноод, өглөө 6 цаг өнгөрөөд нөхөр лүүгээ залгахад нөхөр ууртай байсан. Тэгэхээр нь би айгаад утсаа салгачхаад ээжийнх рүү очсон. 12 цаг өнгөрч байхад ээж надад “хувцаснуудыг чинь хашаа давуулаад шидээд байна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр намайг 15 цагийн үед “...хүрээд ир, надаас уучлал гуй” гэхээр нь очиход намайг зодсон. Гэхдээ ямар ч хүн эхнэрээ гадуур хоноход уурлах байх, миний ч буруу бас байгаа.
...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8/,
-“Аюулын зэргийн үнэлгээ 2 буюу бага” гэх 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11/,
-Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний том охин Б нь С гэж казак хүнтэй 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа, тэр хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр намайг ажил дээрээ байж байх үед манай охин Б утсаар яриад “С хүүхдээ ирээд ав гэхээр нь ирсэн чинь намайг зодоод, архины шилээр цохиж, хоолой боож зодсон, би арай гэж гарч ирлээ, одоо 9 давхар байрны орцны гадаа хөл нүцгэн зогсож байна, та намайг ирээд аваач ээж ээ.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлаасаа шууд гараад Дархан сумын 8 дугаар багт байдаг ** дүгээр байрны 1 дүгээр орцонд яваад ортол тэнд хэдэн хүмүүс цуглачихсан байхаар нь хартал манай охин Б өөрийн хүүхдийн хамт 1 давхрын шатны хажууд зогсож байсан. Тухайн үед Б хөл нүцгэн байсан, намайг хараад ухаан алдаад уначихсан. Би тэр даруй түргэн тусламж, цагдаа дуудаад түргэн ирээд авч явсан.
...Аягаар толгой руу нь цохисон, нуруу руу нь архины шилээр цохиод газар унагаачхаад өшиглөөд, толгой руу нь гараагаа цохиод хоолойг нь боогоод “нэг бол би амиа хорлоё, нэг бол чи амиа хорло” гэж хэлээд байсан гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,
-“...Д.Бийн биед тархи доргилт, баруун талын нэг хавирганы хугарал, нүүр, хүзүү нуруу, зүүн гар, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Бийн биед илэрсэн дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Бийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28/,
-П.Бт эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 29-30/,
-П.Бийн “...гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 82/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч С.С нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн ** дүгээр байрны ** тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Бийн эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун талын нэг хавирганы хугарал, нүүр, хүзүү, нуруу, зүүн гар, цээж, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хохирол учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 27-28/ нотлогдож байна.
Шүүгдэгч С.С, хохирогч П.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч Б.Энхтунгалаг нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч С.Сийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч С.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт С.Сийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С.Ст 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С.Ст оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд эхний сар 200000 төгрөгөөр, сүүлийн 2 /хоёр/ сард сар бүр 150000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.Ст үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.Ст анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ