Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0078

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0039/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Гэрч Б.Эрдэнэбилэг,

Шүүгдэгч Д.З- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З-д холбогдох эрүүгийн 2118000000040 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.З- 1985 оны  10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай эрэгтэй, дээд боловсролтой, модон эдлэлийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.З- нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4а байрны 17 тоотод оршин суух Л.О-т гал тогооны тавилга захиалгаар хийж өгөхөөр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захиалгын урьдчилгаанд 3500000 төгрөг авч, гэрээгээр халхавчлан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Д.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд захиалга авахдаа анхнаасаа залилъя гэсэн санаа байгаагүй. Эрдэнэбилэгтэй би жаахан асуудалтай байсан. Хохирогч Л.О-т миний утасны дугаарыг тавилгын дэлгүүрт Солонгосоос матраас нийлүүлдэг хүн өгсөн байсан. Одончимэгээс 2020 оны 12 сарын 8-ны өдөр захиалга аваад 12 сарын 9-ний өдөр урьдчилгаа 3500000 төгрөг миний дансанд орсон. Тухайн үед материал ирээгүй байсан бөгөөд материал ирвэл 2-3 хоногт хийдэг. 2020 оны 12 сарын 26-ны өдөр ээж яриад “эмээ чинь бурхан болчихлоо.” гэж хэлсэн. Тэр үед би Л.О-тэй яриад “тавилгыг чинь он гараад хийе” гээд хэлсэн. Тэгээд хөдөө сүлжээгүй газар байсан болохоор дахин ярьж чадаагүй. Эрдэнэбилэгт гэрээг нь үлдээгээд явсан.” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Улаанбаатар хотод манай тавилгын төв байгууллага байдаг байсан. Тухайн үед 3-4 жилийн өмнө Д.З- манай байгууллагаас хавтан түүхий эд авдаг байсан юм. Тэгээд таньдаг болоод 2019 онд “Амжилтын Зүг” ХХК-ын захирал буюу миний төрсөн ах Эрдэнэбаатар нь Дарханд салбараа байгуулахаар болж миний бие хариуцаж ажиллахаар болсон юм. Тэгээд манай ах Д.З-ыг таньдаг болохоор менежерээр ажиллуулахаар болсон юм. Д.З- манай компанийн менежерээр ажиллаж, захиалга авч айлуудаар явж хэмжээ авч, гэрээ байгуулдаг ажилтан гэсэн үг.

...Энэхүү харж байгаа гэрээний маягт нь манай “Амжилтын зүг” ХХК буюу “Gucina Furniture” тавилгын үйлдвэрийн захиалга авах гэрээний маягт мөн байна. Д.З-ыг таньдаг болохоор хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилд авсан, тушаал байхгүй. Сарын цалин хийснээрээ 2.000.000-2.500.000 төгрөгийн хооронд цалин авдаг, манай байгууллагад 2019 оны 08 дугаар сараас эхлэн ажиллаж байгаа.

...Д.З- нь надад Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 4а байрны 17 тоотод оршин суух хаягтай иргэн Лувсанцэрэн овогтой Одончимэгээс 3.500.000 төгрөгийн урьдчилгааг өөрийн 5018362433 тоот дансаар авсан гэж надад огт хэлээгүй. Саяхнаас энэхүү иргэн “танай захиалагч Д.З- гэгчид мөнгө өгсөн, тавилгаа авмаар байна” гэж гомдол гаргасан. Тухайн мөнгийг юунд зарцуулсан талаар би мэдэхгүй байна. Д.З- тухайн 3500000 төгрөгийг манай байгууллагад өгөөгүй учраас өөртөө зарцуулсан юм байна лээ. Д.З- өөрийнхөө дансаар захиалгын мөнгө авдаг байсан би харин захиалгыг нь бүртгэдэг байсан юм.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7/,

-Хохирогч Л.О-ээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8/,

 

-Хохирогч Л.О-ийн Хаан банкин дахь 5055327652 дугаарын харилцах данснаас Д.З-ын Хаан банкин дахь 5018362433 дугаарын харилцан данс руу 3500000 төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 09/,

 

-Ажил гүйцэтгэх гэрээ /хавтаст хэргийн 10/,

-Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13/,

 

-Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14/,

-Л.О-ийн 99173219 дугаарын утасны ярианы дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 22-31/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37/,

-“Амжилтын зүг” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 40-41/,

 

-“Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар ФД85102211 регистрийн дугаартай Д.З-, Crown 6448 УНИ улсын дугаартай тээврийг хэрэгслийг шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгээр нэвтрэх зөвшөөрөл олгов.” гэх Дархан-Уул аймгийн Онцгой комиссын нэвтрэх зөвшөөрөл /хавтаст хэргийн 50/,

 

-Хохирогч Л.О-ээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Их дэлгүүрийн 1 давхарт байрлах Солонгос гал тогооны тавилгын “Gucina Furniture” гэдэг нэртэй газарт гэртээ гал тогооны тавилга захиалах зорилготой очиход тухайн газарт хүн байхгүй байхаар нь хаяг дээр байрлах 8666-тай дугаар луу залгасан чинь эмэгтэй хүн Д.З- гэдэг залуугийн утасны дугаарыг өгөөд “энэ манай тавилгын захиалга авдаг хүний дугаар байгаа юм аа, ийшээ залга” гэж хэлээд 88036768 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би Д.З-ын дугаар луу залгаад “тавилга захиалах гэсэн юм” гэхэд “гэрийн хаягаа өгчих, гэрт чинь очоод үзье” гэж хэлсэн юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 08-ны 18 цагийн орчим манай гэрт Д.З- ганцаараа ирээд тавилгын загвар, үнэ хөлсөө ярилцаад тавилгаа захиалахаар болоод гэрээгээ байгуулсан юм. Нийт 5000000 төгрөгийн тавилга хийлгэхээр болоод 3500000 төгрөг урьдчилгаа хийсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно гэж Д.З- надад хэлсэн юм. Тэгээд Д.З- “тавилга чинь 2020 оны 12 дугаар сарын 20 гэхэд эцсийн байдлаар гарах болно” гэж хэлээд өөрийнхөө 5018362433 тоот дугаарын дансыг үлдээгээд явсан. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өглөө Д.З-ын 5018362433 дугаарын данс руу өөрийн 5055327652 тоот дугаарын данснаас 3500000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “тавилга бэлэн болсон уу?” гэж Д.З-аас асуухад “20-нд амжихаа байсан, 5 хоног хойшлуулж өгөөч ээ, танай мөнгөн дүнгээс 400000 төгрөг хасаж өгье. Манай ажилчид идшинд явсан хийх хүнгүй болчхоод байна найдвартай гаргаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуучин тавилгаа зараад Д.З- руу ярьсан чинь “25-нд бас амжихаа байлаа, дахиад хүлээчих” гэж хэлсэн. Тэгээд 26-ны өдөр ярьсан чинь “28-ны өдөр хүртэл хүлээчих, угсрах хүн байхгүй байна” гэж хэлсэн. “Надад угсардаг найз байна, би угсруулчихъя” гэж хэлэхэд “манай тавилгыг хэр баргийн хүн угсарч чадахгүй ээ, бид нар асуудалгүй угсраад өгчихнө” гэж хэлсэн юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 29-ний орой “за ёстой танай тавилгыг хийж чадахгүй болчихлоо, уучлаарай мөнгөө буцааж авах уу? гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “мөнгө төгрөг аваад ир” гэж хэлсэн. Тэгсэн чинь “оны дараа болох уу?” гэхээр нь би “үгүй” гэж хэлсэн чинь гэрээн дээр заасан 0.5% хүүтэй алданги тооцоод 3750000 төгрөг над руу шилжүүлэхээр болсон. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 29-ний орой над руу “би буяны ажлаар хөдөө ирчихсэн байна, банк онгойхоор шилжүүлье.” гэж мессеж бичсэн байсан. Тэгээд тэр өдрөөс хойш утас нь холбогдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд гэрээн дээр байгаа өөр дугаар луу нь залгасан чинь тус тавилгын үйлдвэрийн дарга нь гэсэн залуу утсаа аваад “наад залуу чинь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр чөлөө аваад Улаанбаатар хот руу явсан. Манайд ямар ч 4а гэсэн захиалга ирээгүй. Манай байгууллага 2020 оны бүх захиалгаа хийж дуусаад 29-ноос эхлээд амарчихсан. Наад залуу чинь айлуудаас мөнгө авчихсан байна лээ, та тэгэхээр цагдаад хандаад асуудлаа шийдчих.” гэж хэлсэн.

...Одоо надад гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54, 198-199/,

 

-Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сард “Gucina Furniture” тавилгын үйлдвэрт тавилга угсрагчаар ажилд орсон. Манай тавилгын үйлдвэр таван мужаантай, захирлаар Эрдэнэбилэг ажилладаг. Захиалга хүлээн авагч менежерээр Д.З- гэдэг хүн ажилладаг байсан. Д.З- айлаас захиалга авчирч өгдөг байсан.

...Д.З- 2020 оны 12 дугаар сарын 14-нд тавилгын үйлдвэр ажиллах зөвшөөрөл гарсны дараа ажилдаа ирээгүй.

...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 4а байрны 17 тоотод оршин суух хаягтай Л.О-ээс 5000000 төгрөгийн тавилгын захиалга авсан урьдчилгаа мөнгө 3500000 төгрөг авсан талаар хэлээгүй, тийм захиалга манай тавилгын үйлдвэр хийгээгүй, би анх удаа сонсож байна. Уул нь тавилгын захиалга авсан бол бид нарт зургаа өгөөд хийлгэдэг юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67/,

 

-Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2012 оноос хойш тавилгын үйлдвэрлэл, худалдааны “Амжилтын зүг” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.

...Би дүү Эрдэнэбилэгт Дархан-Уул аймагт “Gucina Furniture” ХХК-ийг  байгуулах дэмжлэг үзүүлсэн. Манай компанитай “Gucina Furniture” ХХК нь ямар нэгэн хамааралгүй.

...Г.Э нь миний төрсөн дүү, харин Д.З- гэх залууг дүүдээ туслуулах зорилгоор хамт ажиллуулж байсан юм.

...Д.З- нь “Gucina Furniture” ХХК-д ажилладаг байсан. Эрдэнэбилэг ажил олгогч нь юм.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 80-81/,

 

-Гэрч Т.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр Эрдэнэбилэг бид хоёр Дархан-Уул аймагт анх 2019 онд тавилгын үйлдвэр нээж худалдаа эрхлэх, ахуй амьдралаа дээшлүүлэх зорилготой анх ирсэн. Тухайн үед хадам ах Эрдэнэбаатар маань дүүдээ туслах зорилготой тоног төхөөрөмж худалдаж авч өгч дэмжлэг үзүүлээд “чи өөрөө өөрийгөө авч яв” гэж хэлж байсан юм. Тийм болохоор одоо манай тавилгын цех нь манай нөхөр Эрдэнэбилэгийн өмч хөрөнгө юм. “Амжилтын зүг” ХХК-аас тусдаа юм.

...Д.З- анхнаасаа манай тавилгын цехэд захиалга авч, борлуулалт хийж нэг ёсондоо менежер хийх замаар цалин аваад ажиллаж байсан. Тэрнээс хувь нийлүүлсэн, тоног төхөөрөмж, ажлын байраар хангасан асуудал бол байхгүй. Одоо Д.З- манай тавилгын цехэд ажиллахгүй байгаа. Оны өмнө бид нарт мэдэгдэлгүйгээр айлаас захиалга аваад мөнгийг нь хувьдаа хэрэглээд тухайн айлыг хохироогоод залилсан байна лээ. Мөн өөр бусад айлуудаас захиалга аваад хийж өгөөгүй мөнгийг авсан асуудал байсныг бид нар айлуудад тавилгыг хийж өгч хохиролгүй болгож өгсөн. Тиймээс бид нар цаашид Д.З-ыг ажиллуулахгүй, цаашид манай цехийн нэрийг барьж хүнээс мөнгө авч залилах юм бол бид нар байгууллагын нэр хүндэд халдсан гэж гомдол гаргах болно. Манай тавилгын цех нь байгуулагдаад удаагүй учраас дотоод дүрэм журам, ажилд авсан тушаал, ажлын байрны тодорхойлолт зэргийг хийж амжаагүй яваад байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86/,

 

-Д.З-ын Хаан банк дахь 5018362433 дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 116-121, 184-188/,

-Д.З-ын Хас банк дахь 5000739197 дугаартай харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 125/,

 

-Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Одончимэг “Дархан Их дэлгүүр дээр гайгүй тавилга хийдэг хүн байна” гэхээр нь “чи өөрөө мэдээд захиалгаа өгөөд тавилгаа хийлгэчих” гэж хэлсэн. Тэр өдрөө манай гэрт Д.З- гэх залуу ирээд тавилгын хэмжээ аваад “2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сүүлийн хугацаа” гэж хэлсэн.Тэгээд манай эхнэр 2020 оны 20-ны өдөр залгасан чинь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хүлээчих гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай эхнэр ярьсан чинь хугацааг нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хойшлуулаад тэрнээс хойш “за яг маргааш өглөө, за яг орой.” гэж хэлдэг байсан. Тэгээд эхнэр бид хоёр шинэ тавилга хийлгэх юм чинь гээд хуучин тавилгаа зарчихсан, шинэ жил болох гээд байдаг тавилга байхгүй, “2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүлээчих, амжина” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “манай үйлдвэр захиалгаа дийлэхгүй байна, материал нь ирээгүй байна.” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш утас нь холбогдохгүй болчихсон. Тэгээд он гаргаад эхнэр бид хоёр ярилцаж байгаад энэ залуу бид хоёрыг хулхидчихсан байна гэж ярилцаад бэлэн тавилга авчихъя гэж хэлээд “Говь хангай”-гаас тавилга аваад гэртээ угсруулсан юм. Тэгээд би эхнэрээ хүнээс мөнгөө авч чадахгүй байхаар нь үйлдвэр дээр нь очоод захирлын дугаарыг нь аваад ярьсан чинь “наад залуу чинь олон хүнээс захиалга аваад байна, бид нар бас залилуулсан, бид нарт хэлэлгүйгээр захиалга аваад яваад байгаа юм байна лээ.” гэсэн. Тэгээд “энэ хүнтэй чинь яаж холбогдож өгсөн мөнгөө авах вэ?” гэж хэлсэн чинь “утас руу нь залгаж учраа ол.” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байж мөнгөө гаргуулж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 210/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.З-ыг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4а байрны 17 тоотод оршин суух Л.О-т гал тогооны тавилга захиалгаар хийж өгөхөөр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захиалгын урьдчилгаанд 3500000 төгрөг авч, гэрээгээр халхавчлан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Д.З- нь бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй боловч амаар тохиролцон “Амжилтын зүг” ХХК буюу “Gucina Furniture” тавилгын үйлдвэрийн захиалга хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4а байрны 17 тоотод оршин суух Л.О-т гал тогооны тавилга захиалгаар хийж өгөхөөр харилцан тохиролцож “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр захиалгын урьдчилгаанд 3500000 төгрөг авч, энэ талаар тавилгын үйлдвэр хариуцсан Г.Эрдэнэбилэгт мэдэгдээгүй бөгөөд тухайн тавилгын урьдчилгаанд авсан 3500000 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан боловч 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Л.О-т 3750000 төгрөг буцаан төлсөн үйл явдал болжээ.

 

Шүүгдэгч Д.З-ын гаргасан энэхүү үйлдлийг  гэрээгээр халхавчлан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Д.З-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудыг үндэслэн дүгнэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

 

Гэмт хэрэг нь объект, объектив тал, субъект, субъектив тал гэсэн үндсэн дөрвөн шинжээс бүрдэх бөгөөд гэмт хэргийн үндсэн шинжийн аль нэг нь үгүйсгэгдвэл уг үйлдлийг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх, эсвэл хариу төлбөрийн хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилготойгоор хохирогчийн  эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр энэхүү гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагддаг.

 

Шүүгдэгч Д.З- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Л.О- нь гал тогооны бэлэн тавилга худалдан авч, улмаар Д.З-д захиалгын урьдчилгаа болгож өгсөн 3500000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилсэн бөгөөд Д.З- нь мөнгөө өгөхгүй байсан учир хохирогч Л.О- нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргажээ.

 

Улмаар гомдол, мэдээлэл шалгах хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч Д.З- нь хохирогч Л.О-т мөнгийг нь буцаан өгөхдөө гэрээний дагуу алданги тооцож, нийт 3750000 төгрөг /хавтаст хэргийн 47/ төлж, хохирогч Л.О-ийг ямар нэгэн хохиролгүй болгосон байна.

 

Шүүгдэгч Д.З-ын хувьд хохирогч Л.О-т гал тогооны тавилга хийж өгөхөөр харилцан тохиролцож, “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, захиалгын урьдчилгаанд 3500000 төгрөг авсан боловч хохирогч Л.О-ийн мөнгийг авахдаа тухайн тавилгыг огт хийж өгөхгүй байх, эсвэл мөнгийг буцаан төлөхгүй байх гэсэн залилах гэмт хэргийн субъектив талын шинж шүүгдэгч Д.З-ын үйлдэлд байсан гэдгийг хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Залилах гэмт хэргийн хувьд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогч ямар нэгэн хохирол төлбөргүй болсны дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Д.З-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118000000040 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.З-ыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З-д холбогдох эрүүгийн 2118000000040 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.З-ыг цагаатгасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3,  2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Я.ТУУЛ